Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 06 сарын 09 өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР

БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.1.23 дахь заалт:

“5.1.23. “ерөнхий гэрээ” гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг.”

2/8 дугаар зүйлийн 8.11, 8.12 дахь хэсэг:

“8.11. Бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно.

8.12. Ерөнхий гэрээ байгуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

3/28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалт:

“28.7.5. эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.”

4/34 дүгээр зүйлийн 34.1.7 дахь заалт:

“34.1.7. хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим онцгой эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах шаардлагатай гэж үзсэн бол.”

5/36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэг:

“36.6. Дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлэх хугацааг ажлын 7-оос доошгүй өдрөөр тогтооно.“

6/36 дугаар зүйлийн 36.17 дахь хэсэг:

“36.17. Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдолд зөвлөхийн хураангуй жагсаалтыг дахин гаргаж, санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба түүнээс дээш өдрөөр тогтооно.”

7/39 дүгээр зүйлийн 39.15 дахь хэсэг:

“39.15. Бага үнийн аргыг хэрэглэх тохиолдолд санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба түүнээс дээш өдрөөр тогтооно.”

8/44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг:

“44.3. Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно.”

9/46 дугаар зүйлийн 46.1.9 дэх заалт:

“46.1.9. гүйцэтгэгч компанийн товч танилцуулга, харилцах утас, гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээний гэрээний үнийн дүн, санхүүжилтийн хуваарь, ажил эхлэх, дуусах хугацаа болон авто зам, инженерийн шугам сүлжээний хувьд дайран өнгөрөх маршрут зэргийг багтаасан мэдээллийн самбарыг төв, суурин бүрийн олон нийтэд үзэгдэхүйц газар уг ажил, үйлчилгээний баталгаат хугацааны туршид заавал байрлуулахыг шаардах.”

10/47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэг:

“47.5. Энэ хуулийн 47.4-т заасан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилох, ажиллах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

11/52 дугаар зүйлийн 52.1.15 дахь заалт:

“52.1.15. захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийх журмыг тогтоох.”

12/52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэг:

“52.3. Хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагыг энэ хуулийн 35-39 дүгээр зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж, захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийлгэж болно.”

13/521 дүгээр зүйл:

Хэвлэх

“521 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч

521.1. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.

521.2. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

521.2.1. энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;

521.2.2. энэ хуулийн 57.2-т заасан зөрчил гаргасан албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлүүлэх тухай дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

521.2.3. энэ хуулийн 42 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээг цуцлах;

521.2.4. гэрээний үүргийг гуравдагч этгээдэд захиалагчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн, тендерийн баримт бичигт урьдчилан заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн төлбөр хийсэн гэрээг цуцлах.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “бүрт” гэсний дараа “шалгараагүй үндэслэлийн хамт” гэж, 52 дугаар зүйлийн 52.1.11 дэх заалтын “үзүүлэх” гэсний дараа “мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулах журмыг батлах;” гэж, 55 дугаар зүйлийн 55.3, 55.4 дэх хэсгийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэсний өмнө “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг:

“24.5. Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.”

2/29 дүгээр зүйлийн 29.4, 29.5 дахь хэсэг:

“29.4. Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно.

29.5. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ.”

3/32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг:

“32.2. Хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулахдаа захиалагч энэ хуулийн 52.1.12-т заасан вэб хуудсанд тендерийн урилгыг нийтэлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.”

4/45 дугаар зүйлийн 45.2-45.7 дахь хэсэг:

“45.2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд захиалагч байна:

45.2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Yндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн захиргааны төв болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өөрийн хэрэгцээнд худалдан авах бүх бараа, ажил, үйлчилгээний хувьд;

45.2.2. аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд.

45.3. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна.

45.4. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 45.5-д заасан улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна.

45.5. Тухайн төсвийн жилд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх улсын болон бүс нутгийн чанартай төсөл, арга хэмжээний жагсаалтыг улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор Засгийн газар батална.

45.6. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь шаардлагатай гэж үзвэл сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт энэ хуулийн 45.2.2-т заасан эрхээ шилжүүлж болно.

45.7. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, хил хамгаалах байгууллага болон хорих байгууллагын өөрийн хэрэгцээний ажлыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.3, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120.5-д заасны дагуу гүйцэтгүүлэх нь үр ашигтай гэж захиалагч үзвэл төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр энэ хуулийн 7.1.1-д заасан нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхгүй байж болно.”

5/47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалт:

“47.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.”

6/47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг:

“47.4. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна.”

7/47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг:

“47.9. Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.”

8/48 дугаар зүйл:

Хэвлэх

“48 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааг төлөвлөх

48.1. Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг шаардлагатай бол техник, эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

48.2. Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг нэгтгэн гаргаж, төсвийн төслийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

48.3. Төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 45.4-т заасан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ.

48.4. Төсвийн ерөнхийлөн захирагч болон худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

48.5. Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

48.6. Худалдан авах ажиллагааг төлөвлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

9/53 дугаар зүйл:

Хэвлэх

“53 дугаар зүйл.Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага, түүний чиг үүрэг

53.1. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.

53.2. Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжтэй байна.

53.3. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын даргатай, дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.

53.4. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна.

53.5. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь энэ хуульд заасан захиалагчийн эрх, үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

53.5.1. худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;

53.5.2. худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

53.5.3. худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, саналаа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

53.5.4. худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх вэб хуудас хөтлөх, түүнд тендерийн урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг тогтоох, боловсронгуй болгох;

53.5.5. захиалагч болон тендерт оролцогчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд сургалт зохион байгуулах;

53.5.6. худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чадавх, техник техонологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;

53.5.7. энэ хуулийн 5.1.23-т заасан ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

53.5.8. худалдан авах ажиллагааны үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан бусад чиг үүрэг.

53.6. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

53.7. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь өөрийн гүйцэтгэх ажлын тодорхой хэсгийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нийт зарлах тендерийн 20-оос доошгүй хувийг цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулна.”

10/55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэг:

“55.1. Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана.

55.2. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.”

11/56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг:

“56.1. Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно.”

12/57 дугаар зүйл:

Хэвлэх

“57 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

57.1. Энэ хуульд заасан журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг шүүх, эсхүл эрх бүхий улсын байцаагч ногдуулна:

57.1.1. нээлттэй тендер шалгаруулалтын журам хэрэглэх худалдан авах ажиллагаанд уг журмыг хэрэглээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.2. тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо энэ хуулийн 8.4, 8.5, 8.7.1-д заасныг зөрчсөн бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.3. энэ хуулийн 9.2-т заасныг зөрчиж, гадаадын этгээдийг тендер шалгаруулалтад оруулахыг хязгаарласан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.4. давуу эрхийн зөрүүг үнэлгээнд хэрэглэхдээ энэ хуулийн 10.1-10.3-т заасныг зөрчсөн үнэлгээний хэсгийн гишүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.5. тендерийн урилга, баримт бичгийг бэлтгэхдээ төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журам, заавар, жишиг баримт бичгийг үндэслэл болгоогүй нөхцөлд албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.6. энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасныг зөрчиж тендерийн баримт бичгийг боловсруулалгүйгээр урилга нийтлүүлсэн, тендер шалгаруулалт явуулсан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.7. тендерийн урилгыг зарлан мэдээлэхдээ энэ хуулийн 21.3, 21.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.8. энэ хуулийн 22.2-т заасныг зөрчиж тендерийн баримт бичгийн үнийг үндэслэлгүйгээр өндөр тогтоосон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.9. нээлттэй тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 24.3-т заасныг зөрчиж тендер хүлээн авах эцсийн хугацааг 30-аас бага хоногоор тогтоосон, эсхүл зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох үед энэ хуулийн 36.10-т заасан санал ирүүлэх доод хугацааг мөрдөөгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.10. энэ хуулийн 24.5, 29.4-т заасан хугацаанд захиалагчаас хамаарах шалтгаанаар гэрээ байгуулаагүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.11. энэ хуулийн 26.6-д заасныг зөрчсөн бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.12. энэ хуулийн 27.1, 30.1-д зааснаас бусад үндэслэлээр тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.13. энэ хуулийн 28.2-т заасныг зөрчиж тендерийн үнэлгээг үндэслэлгүйгээр тендер хүчинтэй байх хугацаанд хийгээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.14. захиалагч тендер шалгаруулалтыг шударга бус явуулж, энэ хуулийн 29.1-д заасныг зөрчиж, “хамгийн сайн” үнэлэгдээгүй тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон, энэ хуулийн 29.4-т заасныг зөрчиж гэрээний хугацааг сунгасан албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.15. энэ хуулийн 29.2-т заасныг зөрчиж гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын 5 өдрийн дотор гэрээ байгуулсан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.16. энэ хуулийн 32.1, 33.1, 34.1-д зааснаас бусад нөхцөлд тендер шалгаруулалтын онцгой журам хэрэглэсэн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.17. энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.18. энэ хуулийн 47.1-д заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулаагүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.19. энэ хуулийн 47.2.2-т заасан үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчилсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.20. энэ хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасныг зөрчиж худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг зарлаагүй, тухайн тендер шалгаруулалтад холбогдох хавтаст хэрэг бүрдүүлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.21. энэ хуулийн 48.2, 49.5-д заасныг зөрчиж худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг хуульд заасан хугацаанд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.22. энэ хуулийн 54.4-т заасныг зөрчиж гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

57.1.23. улсын ахлах байцаагч, байцаагч нь энэ хуулийн 57.1-д заасныг зөрчиж захиргааны шийтгэл оногдуулсныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

57.2. Энэ хуулийн 57.1-д заасан зөрчлийг давтан гаргасныг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол захиалагчийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал, үнэлгээний хорооны гишүүнийг төрийн албанаас халах шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан хүлээлгэнэ.

57.3. Энэ хуулийн 50.1-д заасныг зөрчсөн албан тушаалтныг тухайн албан тушаалаас нь халах сахилгын шийтгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээлгэнэ.

57.4. Энэ хуулийн 521.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй улсын ахлах байцаагчид эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг хүлээлгэнэ.

57.5. Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна.”

Хэвлэх

4 дүгээр зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6 дахь заалтын “эрх бүхий байгууллага” гэснийг “энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч” гэж, мөн зүйлийн 14.5 дахь хэсгийн “эрх бүхий байгууллагын” гэснийг “энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “үйлчилгээ” гэснийг “зөвлөхийн бус үйлчилгээ, 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй зөвлөх үйлчилгээ” гэж, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн “1.000.000.001” гэснийг “10.000.000.001” гэж, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсгийн “36.8.3-т” гэснийг “36.9.3-т” гэж, 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь заалтын “1 сарын 15-ны дотор” гэснийг “төсөв батлагдсан даруйд” гэж, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн “гишүүдийн олонхи нь” гэснийг “гишүүд” гэж, 36 дугаар зүйлийн 36.6-36.15 дахь хэсгийн дугаарыг “36.7-36.16” гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийн дугаарыг “44.4” гэж, 47 дугаар зүйлийн 47.5-47.7 дахь хэсгийн дугаарыг “47.6-47.8” гэж, 52 дугаар зүйлийн 52.1.15 дахь заалтын дугаарыг “52.1.16” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн “энэ хуулийн 8.1.5-д заасан босго үнээс дээш өртөгтэй” гэснийг, 55 дугаар зүйлийн 55.3, 55.4 дэх хэсгийн “Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь заалт, мөн зүйлийн 34.4 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.1.9, 52.1.10 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.5-55.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ