Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

ХУВЬ ХYНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай 271 дугаар зүйл нэмсүгэй:

“271 дугаар зүйл. Албан татварт хасалт хийх, буцаан олгох

271.1.Хувь хүн энэ хуулийн 16.1.12-т заасны дагуу албан татвар ногдох орлогын чөлөөлөлт, 24.6-д заасны дагуу албан татварын хөнгөлөлт эдлэх бол тухайн хувь хүний холбогдох төсөвт төлөх албан татвар, албан татвар ногдох орлогыг хасч тооцож болно.

271.2.Энэ хуулийн 271.1-д заасны дагуу тухайн жилд хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараахь байдлаар зохицуулна:

271.2.1.дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох;

271.2.2.хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн албан татварын төлбөрт шилжүүлэн тооцох.

271.3.Энэ хуулийн 271.1-д заасны дагуу тухайн жилд хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд албан татвар ногдвол зохих хувь хүний орлогын дүнгээс их байвал татварын алба дараагийн сар, улирал, жилд ногдох албан татвар ногдох орлогын дүнд шилжүүлэн тооцно.

271.4.Илүү төлсөн албан татварыг дор дурдсан журмаар албан татвар төлөгчид буцаан олгоно:

271.4.1.албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах;

271.4.2.харьяалах татварын алба энэ хуулийн 271.4.1-д зааснаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлон, энэ тухайгаа албан татвар төлөгчид бичгээр мэдэгдэж, албан татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, харилцагч банкны дансны дугаар, буцааж олгох албан татварын хэмжээг тодорхойлсон саналыг ажлын 5 өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлэх;

271.4.3.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж энэ хуулийн 271.4.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох.

271.5.Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

271.6.Буцаан олгох албан татвар нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 20 хувиас хэтрэхгүй байна.”

           

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх