МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

2012 оны 05 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

    БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

  ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах бүлэг, зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

 

                        1/3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 14 дэх заалт:

 

                        “14/”байгаль орчны аудит” гэж  байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг.”

 

                        2/5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

 

                        “5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах.”

 

                        3/6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

             “5.Засаг дарга энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг эрх бүхий мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн[1] 32.2-т заасан арга хэмжээ авна.”

 

                        4/101 дүгээр зүйл:

 

            “101 дүгээр зүйл.Байгаль орчны аудит

 

1.Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ  эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.

 

2.Байгаль орчны аудит хийх зардлыг төлөвлөгөөт хугацаанд хийж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага, төлөвлөгөөт бус хугацаанд Засаг дарга, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд  захиалагч тал хариуцна.

 

3.Байгаль орчны аудитын үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.  

 

4.Байгаль орчны аудит хийх аргачлал, эрх олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

5.Төрийн аудитын байгууллагаас байгаль орчны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийхтэй холбогдсон  харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.”

 

                        5/15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12 дахь заалт:

 

                        “11/нөхөрлөлийн  менежментийн төлөвлөгөөг боловсруулах, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;

 

                        12/энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан аргачлалыг батлах;”

 

                        6/16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

 

                        “6/шинээр томилогдсон Засаг даргад тухайн нутгийн байгалийн нөөцийн санг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-6 дахь заалтад заасан үзүүлэлтээр бүртгэж хүлээлгэн өгөх бөгөөд түүний өөрчлөлтийн тайланг жил тутам хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч байна.”

 

                        7/16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-10 дахь заалт:

 

                        “7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг баталж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

 

                        8/нөхөрлөлийн үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ батлагдсан төсвийн хүрээнд дэмжин хөгжүүлэх мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

 

                        9/тухайн жилд нөхөрлөлийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх;

 

                        10/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах.”  

 

                        8/17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт:

 

                        6/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан үнэлэлт, дүгнэлт өгч байх;

 

                        7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлах, хэрэгжилтийг хянах.”

 

                        9/17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-10 дахь заалт:

 

                        “8/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах;

 

                        9/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн  хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх;

 

                        10/нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн сургалт явуулж үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.”

 

                        10/18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

 

                        “4/нөхөрлөл байгуулах талаар багийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх.”

 

                        11/18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

 

                        “5/нөхөрлөлийг байгуулах болон түүний үйл ажиллагаатай холбогдсон саналыг иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж хэлэлцүүлэх.”

 

                        12/28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт:

 

                        “7/хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллах нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.”

 

                        13/28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

           

            “3.Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох бөгөөд эрх олгох журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтарч батална.”

 

                        14/30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 9 дэх заалт:

 

                        “9/байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох.”

 

                        15/31 дүгээр зүйлийн 8,9,10 дахь заалт:

 

                        8/гэм буруутай этгээдийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэхийг Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчаас шаардах;

 

                        9/өөрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг арилгах, холбогдох байгууллагад мэдэгдэх, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ногдуулсан нөхөн төлбөрийг ажлын 14 хоногт багтаан төлөх;

 

                        10/байгаль орчинд хохирол учруулж болох аливаа үйлдлээс татгалзах.”

 

                        16/35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 21, 22 дахь заалт:

 

                        “21/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээлэл;

                         22/байгаль орчны холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл.”

 

                        17/36дүгээр зүйл:

 

“36дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн

                                         төлбөрийн мэдээллийн сан

           

            1.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

 

                        1/байгаль орчинд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухай мэдээлэл;

 

            2/байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, ногдуулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ;

 

            3/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлсөн, хохирлыг арилгасан тухай тайлан.”

 

            18/НАЙМДУГААР БҮЛЭГ:

 

“НАЙМДУГААР БҮЛЭГ

байгалийн нөөцийн хамтын 

менежмент

 

45 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежмент

 

1.Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан нутгийн иргэдэд байгалийн нөөцийг дундаа хариуцан хамгаалах, зохистой ашиглах болон нөхөн сэргээх эрхийг олгож, нутгийн иргэд нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс нийгэм, эдийн засгийн ашиг тусыг хүртэж байх үйл явцыг байгалийн нөөцийн хамтын менежмент гэнэ.

 

 

46 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн зарчим

 

1.Байгалийн нөөцийн хамтын менежментэд дараах зарчмыг баримтална:

 

            1/байгалийн нөөцийн ашиглалт нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх  бодлоготой нягт уялдаатай байх;

 

            2/байгалийн нөөцийн хамтын менежмент нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх;

 

            3/тухайн шатны төрийн байгууллага, иргэдийн нөхөрлөл байгалийн нөөцийн менежментийг явуулах эрх, үүргийг тэдгээрийн хооронд байгуулсан хамтын гэрээгээр энэ хуулийн хүрээнд тодорхойлсон байх;

 

            4/нөхөрлөлд төр, нөхөрлөлөөс гадна сонирхогч бусад талуудын оролцоог бүрэн хангах.

 

47 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн

                                      хамрах хүрээ

 

1.Нөхөрлөлийн хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх объектэд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн нөөцөөс гадна дэлхийн болон үндэсний байгаль, соёлын өвд хамаарагдах газар нутаг орно.

 

48 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн

                                     үйл ажиллагаанд оролцогч талууд

 

            1.Байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаанд дараах талууд оролцоно:

 

           1/энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан хэлбэрээр байгуулагдсан нөхөрлөл;

 

            2/нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга;

 

           3/тухайн суманд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжлийн байгууллага.

 

  2.Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцогч тал байж болно.

 

49 дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх

 

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль хамгаалах сангаас буцаан олгоно.

           

            2.Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна:

 

                        1/ойн санд учруулсан хохирол;

                        2/амьтанд учруулсан хохирол;

            3/ургамалд учруулсан хохирол;

            4/усны  нөөцөд учруулсан хохирол;

            5/газарт учруулсан хохирол;

            6/газрын  хэвлийд учруулсан хохирол;

            7/хөрсөнд учруулсан хохирол.

 

            3.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны  хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.

 

4.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн  дор дурдсан хэмжээгээр тогтооно:

 

                        1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

 

              2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

 

              3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын  экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

 

              4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны  экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

 

              5/газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.

 

5.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн  дор дурдсан хэмжээгээр тогтооно:

 

             1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

 

              2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг  гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

 

6.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.

 

7.Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно.

 

8.Нөхөн төлбөрийг  ногдуулсан байгаль орчны  хяналтын улсын  байцаагч  ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.

 

            50 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл

 

1.Байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаанд тухайн орон нутгийн иргэд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдан оролцож болох бөгөөд гэрээний үндсэн дээр хамтын менежментээр хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ тодорхой төрлийн байгалийн нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу зохистой ашиглах давуу эрхтэй байна.

 

2.Иргэдийн нөхөрлөлийн гишүүн нь 18 нас хүрсэн, тухайн сум дүүрэгт байнга оршин суугч Монгол Улсын иргэн байна.

 

3.Тодорхой төрлийн байгалийн нөөцийг гэрээний дагуу  нөхөрлөлд хариуцуулахдаа нөхөрлөлийн гишүүдийн тоо, хариуцуулах талбай, баялгийн нөөц, хэмжээ, онцлог зэргийг харгалзана.

 

4.Сум дүүргийн Засаг дарга дараах баримт бичгийг үндэслэн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдийн нөхөрлөлтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна:

 

                        1/баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

 

                        2/нөхөрлөлийн байгалийн нөөцийн менежмент явуулахыг хүссэн өргөдөл;

 

                        3/нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах менежментийн төлөвлөгөө;

 

                        4/нөхөрлөл байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээ болон иргэний үнэмлэхний хуулбар.

 

5.Энэ хуулийн 50 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлсэн нөхөрлөлтэй  сум, дүүргийн Засаг дарга үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.

 

6.Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ болон гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

7.Нөхөрлөл нь оролцогч талуудтай Иргэний хуулийн[2] 481.1-д заасны дагуу бичгээр гэрээ байгуулж ажиллана.

 

8.Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг дараах тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцална:

 

                        1/нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;

 

                        2/гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш зургаан сар байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй;

 

                        3/бүх гишүүдийн хурлаар нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гарсан;

 

                        4/энэ хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй;

 

9.Нөхөрлөл нь энэ хуулийн 31 дүгээр зүйл, тодорхой төрлийн байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэхийн зэрэгцээ, тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлнэ.

 

10.Нөхөрлөл нь өөрийн дотоод дүрэмтэй байх бөгөөд дүрмэндээ бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ахлагч, гишүүний эрх, үүрэг, хариуцлага, дундын өмч хөрөнгийн харилцааны асуудлыг хуульд заасны дагуу тусгасан байна.

 

           11.Нөхөрлөл байгалийн нөөцийн менежментийн талаарх тайланг жил бүр тухайн сум, дүүрэг, баг, хорооны Хуралд тайлагнах бөгөөд түүнд байгалийн баялгийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхэд зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, түүний үр дүн, нөөц баялгийн төлөв байдал, түүний өөрчлөлт зэргийг тусгасан байна.  

 

12.Нөхөрлөл нь өөрсдийн эрх ашгаа хамгаалах, хамтын ажиллагаагаа зохицуулах үүрэг бүхий нөхөрлөлүүдийн холбоотой байж болох бөгөөд холбооны дүрэм, үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар[3] зохицуулна.

 

13.Нөхөрлөл нь өөрийн эзэмшлийн газар болон байгалийн нөөц бусад эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.

 

14.Нөхөрлөл нь тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд данстай байж болно.

 

            51 дугаар зүйл.Нөхөрлөлийн дундын сан

 

1.Нөхөрлөл нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, гишүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор дундын сан байгуулж болно.

 

2.Дундын санг бүрдүүлэх, зарцуулах журмыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батална.

 

             3.Дундын санг байгууллага хамт олны хандив, тусламж, нөхөрлөлийн гишүүдийн оруулсан хөрөнгө, дундын сангийн зээлийн хүү, нөхөрлөлийн эд хөрөнгийн ашиглалтын түрээс, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан орлогын мөнгөн дүнгийн тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлж болно.

 

              4.Дундын санг байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлын байр бий болгох, нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих, байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг багасгах, нөхөрлөлийн гишүүдийн хурлаас тогтоосон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

 

52 дүгээр зүйл.Нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө

 

1.Нөхөрлөл нь бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан менежментийн төлөвлөгөөтэй байна.

 

2.Менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:

 

                        1/хариуцаж байгаа байгалийн нөөц, баялгийн мэдээлэл, нутаг дэвсгэрийн хил  хязгаарыг баталгаажуулсан зураг;

 

                        2/байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах нөхөрлөлийн ашиглах байгалийн нөөцийн тархацын хил хязгаар, тоо хэмжээ, даац, чанар зэрэг үзүүлэлт;

 

                        3/ эдийн засаг, нийгмийн хувьд ашиг тусаа одоо, ирээдүйд үзүүлж байх нөхцөл, арга хэмжээ;

 

                        4/тухайн төрлийн байгалийн нөөцийн онцлог шинж чанарт тохирсон менежмент явуулах арга, хэлбэр;

 

                        5/нөхөрлөлийн ашиглаж, эзэмшиж байгаа байгалийн нөөцийн төлөв байдлыг хянах хяналт-шинжилгээний хөтөлбөр;

 

                        6/менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нөхөрлөлийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх үүрэг болон оролцогч талтай хамтрах ажил;

 

                        7/санхүүгийн төлөвлөгөө;

                        8/бүх гишүүдийн хурлаас тогтоосон бусад зүйл.

 

           2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэсний өмнө “байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах,” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “төрийн бодлого” гэсний өмнө “, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын “байгаль орчныг хамгаалах” гэсний дараа “, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “байгаль орчныг хамгаалах” гэсний дараа “, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтын “нөхөн сэргээх” гэсний дараа “, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “байгаль орчныг хамгаалах” гэсний дараа “, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтын “үйл ажиллагаанд хяналт тавьж,” гэсний дараа “байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,” гэж, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “олон нийтийн байгууллага” гэсний дараа “болон байгалийн нөөцийн хамтын менежмент эрхлэн явуулах нөхөрлөл” гэж,  50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “шаардлагыг биелүүлээгүй” гэсний өмнө “, 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтын “албан тушаалтныг” гэсний өмнө “, энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 17 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 4 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт  заасныг  биелүүлээгүй” гэж тус тус нэмсүгэй.

 

           3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дор дурдсан хэсэг, заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:

 

                        1/3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалт:

 

                        “8/“байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл” гэж /цаашид “нөхөрлөл” гэх/ нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах,  зохистой ашиглах,  нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөлийг;”

 

                        2/6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

 

 “1.Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй  байна.”

 

                        3/15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

 

                        “3/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхийн хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах;”

 

                        4/15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

 

                        “7/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг  үзүүлэх;”

 

                        5/26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

 

            “3.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ болон байгаль хамгаалагч тус тус ажиллана.”

 

                        6/27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

 

                         “7/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийг барагдуулах;”

 

4 дүгээр зүйл. 6 дугаар зүйлийн гарчгийг “6 дугаар зүйл.Байгалийн баялгийг өмчлөх, байгаль орчныг хамгаалах” гэж, Хоёрдугаар бүлгийн гарчгийг “ХОЁРДУГААР БҮЛЭГ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, АУДИТ” гэж, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” гэснийг “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” гэж, 31 дүгээр зүйлийн 7 дахь заалтынбайгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний” гэснийг “байгаль орчны менежментийн төлөвлөгөөний” гэж, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “100000-200000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын “20000-40000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн заалтын “150000-250000“ гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний”  гэж, 3 дахь заалтын “25000-50000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн заалтын “200000-250000“ гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний“ гэж, 4 дэх заалтын “30000 - 60000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, 5 дахь заалтын “20000-60000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй  тэнцэх хэмжээний” гэж, мөн заалтын “100000-200000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, 6 дахь заалтын “20000-50000” гэснийг “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй  тэнцэх хэмжээний” гэж, мөн заалтын “30000-60000” гэснийг  “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй  тэнцэх хэмжээний” гэж,  мөн заалтын “150000-250000” гэснийг  “нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж , 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12, 13, 14 дэх заалтын дугаарыг “13, 14, 15, 16” гэж, Наймдугаар бүлгийн дугаарыг “Есдүгээр бүлэг” гэж, 45-51 дүгээр зүйлийн дугаарыг “53-59”  гэж тус тус өөрчилсүгэй.

 

5 дугаар зүйл.Байгаль  орчныг  хамгаалах тухай  хуулийн 311 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

                                                  

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                Д.ДЭМБЭРЭЛ

 

 

 

 

 



[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ”Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[2] Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[3] Төрийн бус байгууллагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 3 дугаарт нийтлэгдсэн.