/Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр                                      Дугаар 37                                                        Улаанбаатар хот

Тушаалын хавсралтуудыг шинэчлэн батлах тухай

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10, 15.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

Хоёр. Хавсралтууд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын 2,3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төрийн сангийн газар /С.Наранцогт/, Татварын ерөнхий газар /Л.Зориг/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

САЙД                                                      Б.ЧОЙЖИЛСҮРЭН                                          

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлт.

 

 

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН

АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ

/Шинэчилсэн найруулга/

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч (цаашид “албан татвар төлөгч” гэх)-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид “албан татвар” гэх)-ын 20 хүртэлх хувийг буцаан олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэ журамд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нэр томьёог хэрэглэнэ.

Хоёр. Хамрах хүрээ

 

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зориулалтаар бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан хувь хүнд энэ журам хамаарна.

2.2.Энэ журмын 2.1-д заасан зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь албан татвараас чөлөөлөгдсөн бол энэ журамд хамаарахгүй.

 

Гурав. Албан татварыг буцаан олгох нөхцөл

 

3.1.Албан татварыг буцаан олгоход дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай:

3.1.1.албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зориулалт нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх;

3.1.2.албан татвар суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх;

3.1.3.татварын албанд бүртгэгдсэн худалдан авалтын мэдээлэл нь төлбөрийн баримтын агуулгаар бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, нэгдсэн болон хэрэглэгчийн системд бүртгэгдсэн байх;

3.1.4.албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх; /Тайлбар: төлбөрийн баримтын мэдээлэл баталгаажсан гэдэг нь нэгдсэн систем дэх худалдан авалтын бүртгэлийн мэдээллийг албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн оруулсан мэдээлэл харилцан нийцэж бүртгэгдсэн байхыг ойлгоно./

3.1.5.албан татвар төлөгч нь нэгдсэн системд бүртгэгдсэн байх.

 

Дөрөв. Албан татвар төлөгч буцаан олголтод хамрагдах

 

4.1.Албан татвар төлөгч нь энэ журмын зорилгоор төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэг (цаашид “хэрэглэгчийн хэсэг” гэх)-т нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийгкирилл үсгээр бүртгүүлж, баталгаажуулна. (Энэхүү хэрэглэгчийн хэсгийн тусламжтайгаар албан татвар төлөгч нь төлсөн албан татвар болон буцаан авах албан татварын хэмжээгээ хянах боломжтой).

4.1.1.хэрэглэгчийн овог, нэр;

4.1.2.регистрийн дугаар;

4.1.3.цахим шуудан /имэйл/-ийн хаяг;

4.1.4.утасны дугаар;

4.1.5.албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.

4.2.Албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна:

4.2.1.албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх;

4.2.2.төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна;

4.2.3.албан татвар төлөгчийн энэ журмын 4.1.5-д заасан мэдээлэл зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг арван тав /15/ хоногийн дотор засварлах.

4.3.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.1-т заасан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажихгүй бол энэ талаар нэгдсэн системээр дамжуулан татварын албанд мэдэгдэнэ.

4.4.Төлбөрийн баримтын дүнд өөрчлөлт орсон тохиолдолд 15 хоногийн хугацаанд багтаан холбогдох өөрчлөлтийг албан татвар төлөгч хэрэглэгчийн хэсэгт, харин албан татвар суутган төлөгч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг оруулсан байна.

4.5.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.1-д заасан мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

4.6.Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна.

 

Тав. Албан татвар суутган төлөгчийн эрх, үүрэг

 

5.1.Албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн системийг заавал ашиглана.

5.2.Албан татвар суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрт албан татвар төлөгчид стандартын шаардлага хангасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал өгч, мэдээллийг тухай бүр нэгдсэн системд дамжуулна.

5.3.Албан татвар суутган төлөгчийн техникийн нөхцөлөөс хамаарч энэ журмын 5.2-т заасан мэдээллийг тухай бүр дамжуулах боломжгүй бол 3 хоног тутам дамжуулах үүрэгтэй.

5.4.Татварын албанаас төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн системд дамжуулахыг шаардсан тохиолдолд албан татвар суутган төлөгч ажлын 3 хоногийн дотор холбогдох мэдээллийг нэгдсэн системд дамжуулна.

5.5.Албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн систем ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс нэгдсэн системд шууд мэдээлэл дамжуулах боломжгүй болсон буюу төлбөрийн баримтыг хэвлэх, мэдээлэл дамжуулах боломжгүй болсон тохиолдолд холбогдох гүйлгээний мэдээллийг албан татвар төлөгчид бүрэн хүргүүлж, 7 хоногийн дотор уг мэдээллийг нэгдсэн системд дамжуулна.

 

Зургаа. Албан татвар буцаан олгох

 

6.1.Тухайн жилд буцаан олгох албан татварын хувь, хэмжээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.13-д заасныг үндэслэн тухайн жилийн төсвийн төсөлд тусгасан хувь, хэмжээгээр тооцож олгоно.

6.2.Албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварын буцаан олголтыг жилд нэг удаа түүний хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн буцаан олголт авах харилцах болон хадгаламжийндансанд олгоно.

6.3.Татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг энэ журмын 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасантай нийцэж байгаа эсэхийг хянаж, тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.4.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олгох татварын хэмжээний саналыг ажлын 7 өдөрт багтаан хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ.

6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг буцаан олголтыг Монголбанк болон Төрийн сангийн тусгай дансаар дамжуулан гүйцэтгэж болно.

6.6.Төрийн сангийн газарсанхүүжилтийг Монголбанк болонТөрийн сан дахь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд ажлын 45 хоногийн дотор санхүүжүүлнэ.

6.7. Татварын асуудал эрхэлсан төрийн захиргааны байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтыг Монголбанк болон Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан хүлээн авагчийн дансанд шилжүүлнэ.

6.8. Монголбанк дахь тусгай дансаар дамжуулан гүйцэтгэх албан татварын буцаан олголтыг тусгайлсан гэрээгээр зохицуулна.

6.9.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь санхүүжилт орсоноос хойш ажлын 3 өдөрт багтаан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу Төлбөрийн хүсэлт /ТТ1 маягт/ болон файлыг Төрийн санд ирүүлж гүйлгээг хийнэ. Төлбөрийн хүсэлтэд доорх мэдээллийг үнэн зөв, гүйцэд бөглөсөн байна.

- Хүлээн авагчийн нэр;

- Хүлээн авагчийн регистерийн дугаар;

- Хүлээн авагчийн банк;

- Хүлээн авагчийн дансны дугаар;

- Мөнгөн дүн.

6.10.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Төлбөрийн хүсэлтийн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

6.11.Албан татвар төлөгчийн буцаан олголт хүлээн авах банк, дансны дугаар зөрүүтэйн улмаас гүйлгээ хийгдээгүй тохиолдолд нэгдсэн системээс албан татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлнэ.

6.12.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь албан татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа залруулгын гүйлгээний хүсэлтийг Төрийн санд хүргүүлнэ.

6.13.Төрийн сан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн татварын 20 хүртэл хувийн албан татварын буцаан олголтын мөнгөн дүн, бүртгэгдсэн банкны дансны мэдээллийг хариуцахгүй болно.

6.14.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улирал бүрийн эцэст тооцоо хийж тусгай данс үлдэгдэлтэй бол санхүүжилт хийсэн дансруу буцаан төвлөрүүлнэ.

6.15.Албан татвар төлөгч нь буцаан авалтаа авсаны дараа энэ журмын 4.4-т заасны дагуу төлбөрийн баримтын дүнд өөрчлөлт орсоны улмаас буцаан авалтын дүнд өөрчлөлт орж, албан татвар төлөгчид татварын өр үүсч байгаа бол татварын алба энэ талаар албан татвар төлөгчид мэдэгдэж илүү авсан буцаан олголтыг буюу шинээр үүссэн өрийг нөхөн төлүүлэх эсхүл дараагийн хугацаанд буцаан авах албан татвараас суутган тооцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.16.Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:

6.11.1.“хянагдаж байгаа”-буцаан олгогдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;

6.11.2.“баталгаажуулалт”-хянасан дүнг баталгаажуулсан;

6.11.3.“урамшууллыг шилжүүлсэн”-баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлхээр Төрийн санд шилжүүлсэн;

6.11.4.“урамшууллыг олгосон”- татвар төлөгчид урамшууллыг олгосон;

6.11.5.“буцаагдсан”- татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан;

6.11.6.”Системд хянагдаж буй” - хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж байгаа.” гэсэн төлөвтэй байна.

6.17.Нэгдсэн системээс баталгаажуулж гаргасан мэдээлэл татварын хууль тогтоомжийн дагуу үнэн бодитой тооцоологдож боловсруулагдсан эсэхэд татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

 

Долоо. Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

7.1.Журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй;

7.2.Албан татвар төлөгчид  нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

 

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРАМ/Шинэчилсэн найруулга/

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Сугалаа явуулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид “хууль” гэх) болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

 

Хоёр. Хамрах хүрээ

 

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-т заасан хэрэглэгчийн системтэй этгээдээс (цаашид “борлуулагч” гэх) хуулийн 5.1-д заасан зориулалтаар худалдан авалт хийсэн хувь хүнд (цаашид “сугалаанд оролцогч” гэх) энэ журам хамаарна.

 

Гурав. Сугалааны тохирлын урамшуулал олгох нөхцөл

 

3.1.Сугалаанд оролцогч нь дараах нөхцөлийг хангасан байна:

3.1.1.Хуулийн 4.1.20-д заасан нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт (цаашид “хэрэглэгчийн хэсэг” гэх) өөрийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг кирилл үсгээр бүртгүүлж баталгаажуулсан байх;

3.1.2.Борлуулагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх;

3.1.3.Энэхүү журмын 3.1.2-т заасан худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримтыг (цаашид “сугалааны тасалбар” гэх) авсан байх;

3.1.4.Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх;

3.1.5.Татварын алба нь албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зориулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,15 дугаар зүйлийн 15.3 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянах.

3.2.Сугалааны тасалбар дараах шаардлагыг хангасан байна:

3.2.1.Нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээллийг (цаашид “сугалааны дугаар” гэх) агуулсан байх;

3.2.2.Хуулийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан байх;

3.2.3.Нэгдсэн системээс олгосон шифрлэсэн нууцлалын QR кодтой байх.

3.3.Борлуулагч дараах үүрэгтэй байна:

3.3.1.Бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр хэрэглэгчийн системд бүртгэж нэгдсэн системээс олгогдсон төлбөрийн баримтыг сугалаанд оролцогчид олгох;

3.3.2.Сугалааны дугаарыг зөвхөн сугалаанд оролцогчид олгох сугалааны тасалбарын хувь дээр хэвлэх;

3.3.3.Сугалааны тасалбарын мэдээллийг тухай бүр, эсхүл 3 хоногийн дотор нэгдсэн системд үнэн зөв, бүрэн дамжуулсан байх.

3.4.Нэгдсэн системд бүртгүүлсэн тухайн төлбөрийн баримтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээг буцааж, нийт төлбөрийг хүлээн авсан татвар төлөгч буюу сугалаанд оролцогч нь нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт, нийт төлбөрийг буцаан олгосон татвар суутган төлөгч буюу борлуулагч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг энэ журамд заасан хугацаанд багтаан оруулсанаар тухайн сугалааны тасалбар бүхий төлбөрийн баримтыг хүчингүйд тооцно.

3.5.Нэгдсэн системд бүртгүүлээгүй тухайн төлбөрийн баримтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээг буцааж, нийт төлбөрийг буцаан олгосон татвар суутган төлөгч буюу борлуулагч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг энэ журамд заасан хугацаанд багтаан оруулсанаар тухайн сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг хүчингүйд тооцно.

3.6.Энэ журмын 3.4-д заасны дагуу сугалааны тасалбар хүчингүй болохоос өмнө сугалааны тохирол таарч урамшуулал хожсон бол сугалаанд оролцогчид урамшууллыг олгоно.

3.7.Энэ журмын 3.3.3-д заасан хугацаанд борлуулагч мэдээллээ нэгдсэн системд ирүүлээгүйгээс сугалааны азтан хонжвороо авах боломжгүй болсон бол гомдлоо энэ журмын 4.10-д заасан хугацаанд багтаан харьяалах татварын албанд гаргана.

3.8.Татварын алба сугалааны азтнаас ирүүлсэн гомдлын дагуу борлуулагчийн мэдээллийг нэгдсэн системд баталгаажуулах арга хэмжээг гомдол ирүүлснээс хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ.

 

Дөрөв. Сугалааны тохирол явуулах зарчим

 

4.1.Сугалааны тохирлыг сард нэгээс багагүй удаа явуулах бөгөөд сугалаа нь супер болон үндсэн урамшууллын тохиролтой байна.

4.2.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг хангасан байна.

4.3.Сугалааны тасалбарт агуулагдах сугалааны дугаарыг зөвхөн нэгдсэн системээс олгоно.

4.4.Сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын 2 үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ.

4.5.Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлөгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ.

4.6.Энэ журмын 4.5-д заасны дагуу Супер сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон тоон утгаараа тохирч байвал Супер сугалааны тохирлын урамшууллыг олгоно.

4.7.Энэ журмын 4.5-д заасны дагуу Үндсэн сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараах байдлаар тохирч байвал Үндсэн сугалааны тохирлоор урамшуулал олгоно:

4.7.1.Сугалааны дугаарын найман цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшууллыг;

4.7.2.Сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 2 дугаар зэргийн урамшууллыг;

4.7.3.Сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 3 дугаар зэргийн урамшууллыг;

4.7.4.Сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 4 дүгээр зэргийн урамшууллыг;

4.7.5.Сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 5 дугаар зэргийн урамшууллыг;

4.7.6.Сугалааны дугаарын аливаа сүүлийн гурван цифр нь энэ журмын 4.7-д зааснаар тодруулсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 6 дугаар зэргийн урамшууллыг.

4.8.Сугалааны урамшуулал болон сугалааны дугаарыг нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогчид олгоно.

4.9.Сугалааны тохирлыг зөвхөн өмнөх сард хэвлэгдсэн сугалааны тасалбаруудаас тодруулна. Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол тохирлыг тухайн сарын хугацаанд хамаарах сугалааны тасалбараас тодруулна.

4.10.Энэ журмын дагуу сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.

4.11.Супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгоно.

4.12.Супер урамшууллын тохирол тухайн жилд багтаж тодроогүй бол энэ журмын 4.11-д заасныг үл харгалзан дараагийн жилд уг урамшууллыг оны эхнээс дахин шинээр тодруулах зарчмаар зохион байгуулж, холбогдох урамшууллыг олгоно .

4.13.Сугалааны дугаарын сүүлийн орноос эхлэн сугалааны тохирлын дугаарыг тодруулна.

 

Тав. Сугалааны урамшуулал болон үйл ажиллагааны зардал

 

5.1.Сугалааны урамшуулал болон сугалаа явуулах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

5.2.Тухайн жилд олгох сугалааны урамшууллын хэмжээ, супер болон үндсэн сугалааны урамшууллын хэмжээг жил бүрийн эхний сард багтааж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Зургаа. Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаа

6.1.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүнийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батлана.

6.2.Хяналт тавих бүрэлдэхүүнд дараах байгууллагын төлөөлөл оролцоно.

6.2.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

6.2.2.Авлигатай тэмцэх газар;

6.2.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

6.2.4.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

6.2.5.Цагдаагийн төв байгууллага;

6.2.6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар;

6.2.7.Иргэдийн төлөөлөл.

6.3.Энэхүү журмын 6.2-т заасан төлөөллийг тухайн байгууллага болон иргэнээс бичгээр өгсөн хүсэлтийг үндэслэн бүрэлдэхүүнд томилно.

6.4.Хяналт тавих бүрэлдэхүүн нь сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд дараах хяналтыг хийнэ:

6.4.1.Холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэх;

6.4.2.Ил тод, шударга явагдаж байгаа эсэх;

6.4.3.Хөндлөнгийн нөлөө болон зөрчил байгаа эсэх;

6.4.4.Тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд.

6.5.Сугалааны тохирол тааруулах нэвтрүүлгийг орон даяар шууд дамжуулах нөхцөлийг хангасан байна:

6.5.1.Сугалааны тохирол явуулахаас 8-аас багагүй цагийн өмнө бэлэн болсон байх;

6.5.2.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүн ажиллах нөхцөлөөр хангасан байх;

6.5.3.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг шууд дамжуулах, хянах нөхцөлд 3-аас доошгүй талаас бичлэг хийх боломжтой камер болон дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулсан байх;

6.5.4.Сугалааны урамшуулалын тохирол тааруулах бөмбөлөг бүхий сугалааны машин суурилуулсан байх.

6.6.Сугалаа явуулах үйл ажиллагааг орон даяар сар бүрийн гурав дахь ням гаригт Улаанбаатар хотын цагын бүсийн 19:00 цагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Энэ журмын 4.1-д заасны дагуу сугалааны тохирлыг сард нэгээс дээш удаа зохион байгуулах бол энэ талаар сугалаа явуулахаас ажлын тав /5/-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээллэнэ.

6.7.Сугалааны тохиролыг энэхүү журмын 6.5.4-д заасан сугалааны машинаар тодруулна.

6.8.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг камер болон бусад тоног төхөөрөмжөөр бүрэн баримтжуулна.

6.9.Сугалааны машинаас гарах бөмбөлөг бүрийн цифрийн дугаарыг дэлгэцээр тодруулж харуулна.

6.10.Сугалааны тохирол явуулах машин нь тунгалаг хоргон бүтэцтэй байх бөгөөд тус хоргонд тэгээс ес хүртэлх цифрийн дугаарлалт бүхий бөмбөлгүүдийг байрлуулна.

6.11.Сугалааны тохирлын мэдээллийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим төлбөрийн баримт албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.

 

Долоо. Сугалааны тохирлын урамшуулал олгох үйл ажиллагаа

 

7.1.Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа энэ журмын 4.10-т заасан хугацаанд багтаан дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна:

7.1.1.сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ;

7.1.2.сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.

7.1.3.Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд энэ журмын 7.1.2-т заасан хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

7.2.Татварын алба нь энэ журмын 7.1-д зааснаар ирүүлсэн хүсэлтийг тулган баталгаажуулж, ажлын 7 хоногт багтаан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

7.3.Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.

7.4.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн санд сугалааны урамшуулал олгох тусгай данстай байна.

7.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллаар олгох мөнгөн дүн, мэдээлэл, хэмжээний саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

7.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн нэгж урамшуулалын санхүүжилтийг татварын асуудал эрхэлсан төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд санхүүжүүлнэ.

7.7.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай дансанд урамшуулалын санхүүжилт орсноос хойш ажлийн 3 өдөрт багтаан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу Төлбөрийн хүсэлт /ТТ1 маягт/ болон файлыг Төрийн санд ирүүлэн гүйлгээг хийнэ. Төлбөрийн хүсэлтэд доорх мэдээллийг үнэн зөв, гүйцэд бөглөсөн байна.

7.7.1.Хүлээн авагчийн нэр;

7.7.2.Хүлээн авагчийн регистерийн дугаар;

7.7.3.Хүлээн авагчийн банк;

7.7.4.Хүлээн авагчийн дансны дугаар;

7.7.5.Мөнгөн дүн.

7.7.6.Сугалааны дугаар.

7.8.Татварын асуудал эрхэлсан төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан сугалааны азтан тус бүрийн дансанд шилжүүлнэ.

7.9.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улирал бүрийн эцэст тооцоо хийн тусгай данс үлдэгдэлтэй бол санхүүжилт хийсэн дансруу буцаан төвлөрүүлнэ.

7.10.Сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно.

7.11.Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогч нь тус сугалааны анхны эзэмшигч байна.

7.12.Сугалааны тохирол тодруулах арга хэмжээний хүрээнд азтан тодроогүй бол тухайн сарыг азтанг нөхөн тодруулахгүй.

7.13.Тохирол таарсан сугалааны тасалбарыг хоёр буюу түүнээс дээш этгээд эзэмшиж байгаа талаар маргаан үүссэн тохиолдолд анхны эзэмшигч нь тохирол таарсан сугалааны хууль ёсны эзэмшигч байх ба түүнд холбогдох тохирлыг өгнө.

7.14.Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирол таарсан сугалаанд оролцогчийн /сугалааны азтан/ сугалааны тохирлын урамшуулал олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:

7.14.1.“хүсэлт ирүүлсэн” (Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч хүсэлтээ холбогдох журмын дагуу ирүүлсэн);

7.14.2.“хүсэлт баталгаажсан” (Ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулсан);

7.14.3.“хянагдаж байгаа” (Өргөдөл, гомдлын дагуу холбогдох мэдээллийг шалгаж байгаа);

7.14.4.“буцаагдсан” (мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас хүсэлтийг буцаасан);

7.14.5.“урамшууллыг шилжүүлсэн” (баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлхээр Төрийн сангийн газарт шилжүүлсэн);

7.14.6.“урамшууллыг олгосон” (сугалааны хонжворыг азтаны дансад шилжүүлсэн).

7.14.7."системд хянагдаж буй төлөв” (хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж байгаа).

7.15.Энэ журмын 7.14-т заасан мэдээллийн үнэн зөв байдлыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

7.16.Дараахь тохиолдолд сугалааны урамшууллыг олгохгүй:

7.16.1.Сугалаанд оролцогч энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангаагүй;

7.16.2.Сугалаанд оролцогч энэ журмын 4.10-д заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй.

Найм. Бусад

8.1.Сугалааг зогсоосон, сугалааны тохирол явуулах зарласан хугацаа хэтэрсэн нь сугалааны тохирлыг зохион байгуулах, урамшууллыг олгох үүргээс чөлөөлөхгүй.

8.2.Сугалаанд оролцогч нь сугалаа зохион байгуулагчаас дараах зүйлсийг шаардах эрхтэй:

8.2.1.сугалааны нөхцөлтэй холбогдуулан мэдээлэл шаардах;

8.2.2.сугалааны тасалбарыг үндэслэн хонжворыг олгохыг шаардах.

8.3.Сугалааны тохирол тодруулахаас татгалзсан тохиолдолд үндэслэлээ тайлбарлах бөгөөд сугалаатай холбоотой маргаан гарвал дараах газруудаас тодруулна.

8.3.1.Сугалаанд оролцогчийн худалдан авалтын мэдээлэл нэгдсэн системд 72 цагийн дотор ирээгүй тохиолдолд борлуулагчаас тодруулах;

8.3.2.Сугалааны урамшууллын зохион байгуулалттай холбоотой маргааныг сугалаа зохион байгууллагчаас тодруулах;

8.3.3.Урамшууллыг олгохтой холбоотой маргааныг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тодруулах.

8.4.Сугалааны тасалбарын мэдээллийг нэгдсэн системд илгээгээгүй, бүртгүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг борлуулагч, худалдан авагч хариуцна.

8.5.Сугалаанд оролцогч нь энэ журмын 3.1.1, 7.1-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.