БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН 

САЙДЫН ТУШААЛ 

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр                                                                                                              Дугаар 62                                                                                                                                                              Улаанбаатар хот 

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь: 

1. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 онд батлагдаж, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх харилцааг Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ээр зохицуулж байгаа болон Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 376 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны “Журам батлах тухай” 126 дугаар. тушаалыг хүчингүй болгосугай. 

2. Энэ тушаалын 1 дэх заалтын дагуу хүчингүй болсон “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын шаардлагатай зохицуулалтыг Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-д тусгах, цаашид барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлтийг хэрхэн зохицуулах асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Д.Гантулга/-т даалгасугай. 

3. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолыг биелүүлж барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргахгүй байхыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т үүрэг болгосугай. 

4. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хуулийн хэлтэс Б.Нямдорж/-т үүрэг болгосугай. 

 

САЙД                                                                               Б.МӨНХБААТАР