Хэвлэх DOC Татаж авах

 

Засгийн газрын 2019 оны 329 дүгээр
тогтоолын хавсралт

СТРАТЕГИЙН ХҮНСИЙГ ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хүнсний тухай хуулийн 3.1.6-д заасан стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг энэ журмын 5.1-д зааснаас бусад тохиолдолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох, стратегийн хүнсийг экспортлох, импортлохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Стратегийн хүнсний нэр төрөл, онцлогоос хамааруулан дараахь стратегийн хүнсийг дор дурдсанаар ойлгоно:

      1.2.1. “сүү” гэж шингэн болон хуурай сүүг;

      1.2.2. “малын мах” гэж үхэр, адуу, тэмээ, хонь, ямааны дулааны аргаар боловсруулсан, шинэ хөргөсөн, эсхүл хөлдүү махыг;

      1.2.3. “гурил” гэж улаан буудайн гурилыг;

      1.2.4. “ундны ус” гэж хүнсний зориулалтаар савласан усыг;

      1.2.5. “тарианы үр” гэж улаанбуудайн үрийг.

Хоёр. Экспортлох, импортлох стратегийн хүнсний
       нэр төрөл, тоо хэмжээг тогтоох

2.1. Тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг стратегийн хүнсний улсын хэмжээний нийт нөөц, хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ, эрэлт, нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл, бусад улс, бүс нутаг, хөрш орны хүнсний хангамж, тэдгээрийн дотоодын зах зээлд нөлөөлөх төлөв байдал, цаашдын таамаглал, бусад оронтой байгуулсан гэрээ, хэлэлцээрийн шаардлага, хүнс экспортлох стратегийн зорилт зэргийг харгалзан Хүнсний тухай хуулийн 6.7-д заасны дагуу тогтооно.

2.2. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх) тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-д хүргүүлнэ. Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор яамнаас Үндэсний зөвлөлд нэмэлт санал оруулж болно.

2.3. Үндэсний зөвлөл энэ журмын 2.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хэлэлцэж зөвлөмж гаргана.

2.4. Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 2.3-т заасан зөвлөмжийг үндэслэн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг БТКУС-ийн кодод нийцүүлэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор түүхий эд, бүтээгдэхүүн тус бүрээр тогтооно.

2.5. Тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоосон шийдвэрийг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан яамны цахим хуудаст байршуулна.

Гурав. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл
              олгох сонгон шалгаруулалт

3.1. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохион байгуулахаар хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэснээс бусад тохиолдолд стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр яам зохион байгуулна.

3.2. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулах бөгөөд Ажлын хэсэг ил тод, шударга байх зарчмыг баримтална.

3.3. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг энэ журмын 3.6-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

3.4. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын зар гаргах, урилга хүргэх, үр дүнг мэдээлэх, оролцогч гомдол гаргах, хариу илгээх ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.

3.5. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын зарыг яамны цахим хуудаст байршуулах бөгөөд уг зард энэ журмын 2.4-т заасан нэр төрөл, тоо хэмжээнд багтаан экспортлох, импортлох тоо хэмжээг түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр тусгана.

3.6. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хуулийн этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлж яаманд ирүүлнэ:

      3.6.1. импортлох, эсхүл экспортлох хүнсний нэр төрөл, багцын хэмжээг заасан албан бичиг;

      3.6.2. хуулийн этгээдийн нэр, байршил, утас, цахим хаяг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, эрхэлж байгаа хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр;

      3.6.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй тухай болон татварын өргүй болохыг нотолсон харьяалах Татварын албаны тодорхойлолт;

      3.6.4. аудитаар баталгаажсан сүүлийн жилийн санхүүгийн тайлангийн хуулбар;

      3.6.5. хуулийн этгээдийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд итгэмжлэл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр;

      3.6.6. стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрийн байртай болохыг нотолсон мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт;

      3.6.7. экспортлогч улсын үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ;

      3.6.8. шаардлагатай тохиолдолд импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн албаны эрх бүхий байгууллагаас итгэмжлэгдсэн байх;

      3.6.9. хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд яамтай бодлогын гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй талаар мэдэгдсэн албан бичиг.

3.7. Энэ журмын 3.6-д заасан материал хүлээн авах эцсийн хугацааг цахим зар гаргасан өдрөөс эхлэн тооцож, ажлын 10 хоногоор тогтооно.

3.8. Ажлын хэсэг хуулийн этгээдийн ирүүлсэн материалыг цахим зард заасан байршил, газарт оролцогчдыг байлцуулан материал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дараа нээнэ.

3.9. Ажлын хэсэг хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд дутуу материалыг нөхөн бүрдүүлэхгүй. Хуулийн этгээдийн тамга, тэмдэггүй, гарын үсэг зурагдаагүй, он, сар, өдөр тодорхойгүй, гаргацгүй, харагдахгүй байдалтай ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

3.10. Ажлын хэсэг нь хуулийн этгээдийн зөвшөөрөл авахаар хүссэн тоо хэмжээ болон холбогдох бусад материалыг судалж, уг хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох тоо хэмжээг тогтооно.

3.11. Ажлын хэсэг хуулийн этгээдээс ирүүлсэн материалтай холбоотой асуудлаар тайлбар, нэмэлт баримтыг сонгон шалгаруулалтад оролцогчоос шаардаж болно.

3.12.  Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг энэ журмын 3.8-д заасан хугацаанаас хойш ажлын 5 хоногт багтаан явуулж, сонгон шалгаруулалтын үр дүнг яамны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулна. Шаардлагатай тохиолдолд хугацааг 14 хоногоор сунгаж болно. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын дүнг яамны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсны дараа сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдэд импортлох, эсхүл экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээ бүхий зөвшөөрөл олгох тухай мэдэгдэл хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хуулийн этгээдэд шалгараагүй үндэслэлийг зааж хариу хүргүүлнэ. Мэдэгдэл болон хариуг албан бичгээр болон цахим хэлбэрээр явуулна.

3.13. Энэ журмын 3.12-т заасан мэдэгдэл болон хариуг оролцогч хуулийн этгээд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо энэ тухай мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын 1 хоногт хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд албан бичгээр гарган цахимаар хүргүүлж болно.

3.14. Оролцогч хуулийн этгээдийн ирүүлсэн гомдлыг ажлын 3 хоногт багтаан хянан үзэж хариуг албан бичгээр болон цахим хаягаар хүргүүлнэ.

3.15. Оролцогч хуулийн этгээдээс энэ журмын 3.14-т заасан хугацаанд гомдол ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж үзвэл яамны Төрийн нарийн бичгийн дарга шалгарсан хуулийн этгээдэд ажлын 5 хоногт багтаан зөвшөөрөл олгох шийдвэр гаргана.

3.16. Яам стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгохдоо зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 10 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлд нийлүүлэх, импортлох зөвшөөрлийг олгохдоо зөвшөөрөлд заасан тоо хэмжээний 50 хүртэл хувьд тухайн стратегийн хүнсийг дотоодын зах зээлээс худалдан авах шаардлагыг тавьж хуулийн этгээдтэй бодлогын гэрээ байгуулж болно.

3.17. Хуулийн этгээдийн энэ журмын 3.6-д заасны дагуу ирүүлсэн материал болон нэмж ирүүлсэн тайлбар, баримтыг архивын нэгж болгон хадгална.

3.18. Стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн жагсаалтыг яамны цахим хуудаст байршуулж, хүнсний хяналт хэрэгжүүлэх болон гаалийн байгууллагад хүргүүлнэ.

3.19. Ажлын хэсэг шаардлагатай бол стратегийн хүнсийг экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүү болон бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох тоо хэмжээний зөвшөөрлийн дээд хэмжээг тогтоож болно.

3.20. Шалгарсан хуулийн этгээд энэ журмын 3.12-т заасан мэдэгдэлд дурдсан тоо хэмжээг өсгөж, бууруулах эрхгүй.

3.21. Яам нь стратегийн хүнсийг экспортлох, импортлох үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохион байгуулах арга хэмжээ авч болно.

3.22. Энэ журмын 3.21-д заасан нэг цонхны бодлогыг дараахь этгээдтэй хамтран хэрэгжүүлнэ:

      3.22.1. барааны гэрчлэх тэмдэг эзэмшигч салбарын төрийн бус байгууллага;

      3.22.2. экспорт, импортын эрх бүхий хуулийн этгээдүүд хамтран байгуулсан нэгдэл;

      3.22.3. төрийн өмчит хуулийн этгээд.

3.23. Энэ журмын 3.22-т заасан нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж, хамтран ажиллана. Гэрээний загварыг гадаад худалдааны болон хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Дөрөв. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох

4.1. Энэ журмын 3.12-т заасан зөвшөөрөл олгох мэдэгдэл авснаас хойш      6 сарын дотор хуулийн этгээд зөвшөөрөлтэй стратегийн хүнсийг экспортолж, импортолно. Энэ хугацаа нь тухайн жилд хүчинтэй байна.

4.2 Хүн амын хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд яамнаас стратегийн хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээний хязгаар, тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх зохицуулалтыг хийж болно.

4.3. Хуулийн этгээд энэ журмын 4.1-д заасан хугацааны дотор стратегийн хүнсийг экспортлоогүй, импортлоогүй тохиолдолд яам зөвшөөрлийг хүчингүй болгож энэ тухай цахим мэдэгдлийг тухайн хуулийн этгээдэд хүргүүлэн гаалийн болон хүнсний хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

4.4. Энэ журмын 4.3-т заасны дагуу хүчингүй болгосон зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд ногдох стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг мөн журмын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгоно.

4.5. Хуулийн этгээд зөвшөөрлийг бусдад дамжуулах, шилжүүлэх, худалдахыг хориглоно.

4.6. Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлсэн стратегийн хүнсний экспорт, импортын мэдээг хуулийн этгээдийн нэр, экспортолсон, импортолсон хүнсний тоо хэмжээг нэвтэрсэн хилийн боомтын нэр тус бүрээр гарган, жил бүрийн 7 дугаар сар, дараа оны 1 дүгээр сард тус тус багтаан яаманд хүргүүлнэ.

4.7. Мэргэжлийн хяналтын байгууллага нь гадаад худалдааны түнш орны хорио цээрийн байгууллагын хянан магадлагаанд хамрагдаж, зохих зөвшөөрөл авсан дотоод, гадаадын үйлдвэрийн талаарх мэдээг яаманд тухай бүр ирүүлнэ.

Тав. Стратегийн хүнсийг онцгой нөхцөлд
     экспортлох, импортлох

5.1. Дараахь онцгой нөхцөл үүссэн тохиолдолд стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортолж, импортолж болно:

      5.1.1. зах зээлд шинээр нэвтрэх, бүтээгдэхүүний дээж хүргүүлэх, туршилтын ачилт хийх;

      5.1.2. Үндэсний зөвлөл энэ журмын 2.3-т заасан хугацаанд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаар зөвлөмж гаргаагүй.

5.2. Стратегийн хүнсийг нэг удаагийн зөвшөөрлөөр экспортлох, импортлох хуулийн этгээд энэ журмын 3.6.1-3.6.9-д заасан бичиг баримтыг бүрдүүлж яаманд хүргүүлнэ.

5.3. Стратегийн хүнсийг нэг удаа экспортлох, импортлох шийдвэрийг энэ журмын 3.1-д заасан яамны Ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн яамны Төрийн нарийн бичгийн дарга гаргана.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-----о0о-----