Хэвлэх DOC Татаж авах

Зам, тээврийн хөгжлийн сайд,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 16 –ны

өдрийн 269/А/271 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ,

МЭРГЭШСЭН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн шалгалт авах, усан замын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх (цаашид "жолоочийн үнэмлэх" гэх) олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.  

1.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан хуулийн этгээд усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн явуулна.   

1.3. Усан замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан жижиг, бага оврын ангилалын усан замын тээврийн хэрэгслийг ахуйн зориулалтаар ашиглаж буй тохиолдолд усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь төлбөртэй үйлчилгээ зорчигчид үзүүлэхгүй бөгөөд ачаа, аюултай ачаа, овор ихтэй, урт хүнд ачаа тээвэрлэхээс бусад ажил, үйлчилгээ буюу зөвхөн амин хувийн хэрэгцээний ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ.

1.4. Зорчигчид усан замын тээврийн үйлчилгээг зохих төлбөртэй үзүүлж буй усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч нь Усан замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан /том оврынхоос бусад/ ангиллын усан замын тээврийн хэрэгслийг /5 тонноос ихгүй даацтай чиргүүл болон усан замын тээврийн хэрэгсэл чирэх/ жолоодож ажил, үйлчилгээг гүйцэтгэх ба түүний дотор аюултай, овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх ажил үйлчилгээ багтана.

1.5. Усан замын тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх асуудлыг Усан замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан “Усан замын тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-аар зохицуулна. /ЗТАЖС 2006.04.05 №45. Улсын бүртгэл 2006.09.27 №2637    

1.6. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, 18 насанд хүрсэн, “В” ангиллын авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, Монгол Улсын иргэн усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж болно.

1.7. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж зөрчсөний улмаас усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа нь дуусаагүй этгээдийг энэхүү сургалтад элсүүлэхгүй.

1.8. Сургалтын төв нь суралцагч болон сургалтыг явуулах багш нартай гэрээ байгуулна.

1.9. Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг 3 сар, мэргэшсэн жолоочийг 1,5  хүртэл сарын хугацаагаар сургалтад хамруулна.

1.10. Энэ журмын 1.2-т заасан байгууллага болон Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т заасан байгууллагаас томилсон мэргэжлийн шалгалтын комисс энэ журмын дагуу сургалтын хөтөлбөрт бүрэн хамрагдсан суралцагчаас мэргэжлийн шалгалтыг авна.

1.11. Сургалтын төв нь төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлүүлэх, шалгуулах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах хүсэлтээ мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллагад 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Хоёр. Сургалтын төвд тавигдах шаардлага

2.1. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт явуулах сургалтын төв нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.1. Сургалт явуулах анги танхим нь хичээлийн зориулалтай, суралцагчдад хүрэлцэхүйц тооны ширээ, сандал, зохих үзүүлэн самбар, техник хэрэгслээр тоноглогдсон, нөхцөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, өөрийн болон түрээсийн байж болох ба Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага МNS 6541:2015 стандартын шаардлагад нийцсэн байна.

2.1.2. Мөн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

            2.1.2.1. Усан замын тээврийн тухай хууль болон дагалдах дүрэм, журмын шаардлагыг харуулсан үзүүлэх самбаруудтай байх;

            2.1.2.2. усан замын тэмдэг, тэмдэглэгээний тайлбар бүхий самбарууд;

      2.1.2.3. усан замын бүдүүвч зураг;

      2.1.2.4. сургалтын техник, хэрэгсэл;

      2.1.2.5. усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, хүч дамжуулах

болон сэнс, цахилгаан тоноглол, залуурын механизм, бусад шаардлагатай эд ангиудын ажиллагааны зарчмыг харуулсан макет, үзүүлэнтэй байна.

2.1.3. Онол /хууль, тогтоомж/-ын хичээл заах багш нь магистр, түүнээс дээш зэрэгтэй, тухайн мэргэжлээр ажиллаж байсан дадлага, туршлагатай, мэргэшсэн, усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй,  багшлах эрхтэй байна.  

2.1.4. Жолоодлогын дадлагын багш нь авто болон усан замын тээврийн хэрэгслийн инженер мэргэжилтэй эсхүл механикийн дунд болон түүнээс дээш боловсролтой, 3-аас доошгүй жил усан замын тээврийн хэрэгсэл жолоодож байсан туршлагатай байхаас гадна сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтыг удирдан явуулах чадвартай, хичээл заах аргын дараалал, төлөвлөгөөтэй, усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

2.2. Жолоодлогын дадлага хийх зориулалтаар ашиглах усан замын тээврийн хэрэгсэл нь тухайн ангилалд тохирсон байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.2.1. техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх;

2.2.2. “сургалтын тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдгийг усан замын тээврийн хэрэгслийн их биеийн хажуу талд байрлуулсан байх;   

2.2.3. жолоодлогын дадлага хийх зориулалтаар ашиглах усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн) байна.

Гурав. Сургалтын зохион байгуулалт

3.1. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр нь суралцагчдад усан замын тээврийн хэрэгслийг жолоодох ур чадварыг эзэмшүүлэх, жолоодох эрх авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

3.2. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлт гаргасан этгээдийг бүртгэж элсүүлэх асуудлыг сургалтын төв хариуцан зохион байгуулах бөгөөд суралцагчдын ирц, багшийн журнал, холбогдох бүртгэл хөтөлнө.

3.3. Хууль, тогтоомжийн хичээлийн хөтөлбөрийг “Усан замын тээврийн тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмын хүрээнд боловсруулна.

3.4. Жолоодлогын дадлагын хичээлээр дараах ур чадварыг эзэмшүүлсэн байна. Үүнд:

3.4.1. салхи, давлагааны хурд, хүч, чиглэлийг тодорхойлох, салхи, давлагаатай үед усан замын тээврийн хэрэгслийг зогсоол, эрэгт байрлуулах, усан замаар тээврийн хэрэгслийг жолоодох, зогсоох, холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, дохиог ашиглах, тайлбарлах ур чадвар гэх мэт.    

3.5. Аврах ажиллагааны дадлагын хичээлээр дараах ур чадварыг эзэмшүүлсэн байна. Үүнд:

3.5.1. усны мандал дээр хөвж буй “хиймэл хүн” рүү дөхөн очиж, аврах ажиллагааг зөв гүйцэтгэх;

3.5.2. ус руу унасан хүнд аврах цагиргийг шидэж өгөх;

3.5.3. усанд осолдсон хүнд эмнэлгийн анхны шатны тусламж үзүүлэх.

3.6. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллага болон усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын явцад хяналт тавина.

3.7. Сургалтын төв нь сургалтад хамрагдаж байгаа иргэний мэдээллийг /элсэгчдийн овог нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар бүхий бүртгэлийн жагсаалтыг/ сургалт эхэлснээс хойш ажлын 5 хоногийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн нэгдсэн санд бүртгүүлж, баталгаажуулна.

3.8. Жолооч бэлтгэх сургалтыг чанаргүй зохион байгуулсныг эрх бүхий байгууллага тогтоосон нөхцөлд хүний биед болон бусдын усан замын тээврийн хэрэгсэлд суралцагчийн учруулсан гэмтлийн хохирлыг уг сургалтыг зохион байгуулсан хуулийн этгээд хариуцан барагдуулна.

Дөрөв. Мэргэжлийн шалгалт авах үйл ажиллагаа

4.1. Мэргэжлийн шалгалт авах хөндлөнгийн үнэлгээний комиссыг энэ журмын 1.2-т заасан байгууллага болон усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон хуулийн этгээд хамтран байгуулна.

4.2. Мэргэжлийн шалгалтын хөндлөнгийн үнэлгээний комиссын гишүүн нь усан замын тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлагатай, "Усан замын тээврийн тухай" болон бусад холбогдох хууль, тогтоомжийн зохих мэдлэгтэй, далайн болон усан замын тээврийн мэргэжилтэй, эсхүл тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүн байна.  

4.3. Мэргэжлийн шалгалтын хөндлөнгийн үнэлгээний комисс нь усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх тухайн сургалтад хамрагдсан суралцагч тус бүрийн сургалтын дүнгийн хүснэгттэй танилцан сургалтад бүрэн хамрагдсан эсэхийг магадалсны дараа мэргэжлийн шалгалт авна.

4.4. Мэргэжлийн шалгалтын тестийг тухайн сургалтын стандартын дагуу мэргэжлийн зөвлөл боловсруулах бөгөөд тестийн асуулт, хариултын нууцлалыг хадгална.    

4.5. Мэргэжлийн зөвлөлийг Далайн захиргааны тушаалаар байгуулж, ажиллах журмыг батална.

4.6. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалтыг онолын болон жолоодлогын дадлага гэсэн хоёр шатлалаар авна. Үүнд:

4.7. Онолын шалгалтад тэнцсэн суралцагчийг жолоодлогын шалгалтад оруулна. 

4.8. Жолоодлогын шалгалтыг тухайн шалгалт өгч буй ангиллын тээврийн хэрэгслээр авна. Жолоодлогын шалгалтыг оноогоор дүгнэж, шалгалтын явцад тэмдэглэл хөтөлнө.

Тав. Үнэмлэх олгох

5.1. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох арга хэмжээг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон хуулийн этгээд зохион байгуулна.

5.2. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг загварын дагуу хэвлүүлэх ба нууцлалын шаардлагыг хангасан байна.   

5.3. Үнэмлэхийн загварыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

5.4. Дараах шаардлагыг хангасан усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно. Үүнд:

5.4.1. Жижиг оврын усан замын тээврийн хэрэгслийг 2-оос дээш жил осол, аюулгүй жолоодож, мэргэжлийн зохих дадал, туршлага хуримтлуулсан байх;  

5.4.2. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх;

5.4.3. Усанд сэлэлтийн дунд түвшний ур чадвар эзэмшсэн болон усчин аврагчийн үнэмлэх, гэрчилгээтэй байх. 

5.5.  Шинээр болон үнэмлэх нөхөж авах шалгалтад тэнцсэн суралцагч дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

            5.5.1. мэргэжлийн шалгалтын хөндлөнгийн үнэлгээний комиссын дүгнэлт;

            5.5.2. эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

            5.5.3. жолоочийн үнэмлэх олгох хуудас;

            5.5.4. 3х4 хэмжээтэй өнгөт гэрэл зураг 3 ш;

            5.5.5. үнэмлэхийн төлбөр төлсөн баримт;

            5.5.6. усан замын тээврийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт (нөхөн авах үед);

5.6. Гал түймэр, үер, усны аюул зэрэг байгалийн хүчин зүйлийн улмаас үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох байгууллагын баримт нотолгоог үндэслэн нөхөн олгож болно.

5.7. Энэхүү журмын 5.6-д зааснаас бусад шалтгаанаар мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн бол энэхүү журмын 4.3-т заасан шалгалтын дүнг үндэслэн нөхөж олгоно. 

5.8. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөний улмаас усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд хөвөлтөд гарах, усан замын тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

Зургаа. Бусад зүйл

6.1. Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон хуулийн этгээд нь усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочтой холбоотой мэдээллийг солилцох чиглэлээр Цагдаагийн болон төрийн бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана.

6.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.  

 

 

---о0о---