Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 335 дугаар

тогтоолын хавсралт

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг баталж хэрэгжүүлсний үр дүнд идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийн үзүүлэлт 2009 онд 11.7 хувь байсан бол 2013 онд 23.1 хувь болж      12.8 пунктээр өсөж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүн амын тоо 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. 

Цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд Монгол Улсын тамирчид олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд спортын тодорхой төрлүүдээр амжилттай оролцон, авсан медалийн тоо нэмэгдсэн. Түүнчлэн 2017 оны байдлаар улсын хэмжээнд зохион байгуулагдсан биеийн тамир, спортын тэмцээн, уралдаанд давхардсан тоогоор нийт 1,118,400 хүн оролцсон  нь 2011 оны (917,912) үзүүлэлтээс 17.9 хувиар өссөн байна.

Цаашид 2022 онд биеийн тамир, спортын үйл ажиллагаанд оролцох боломжтой 6-64 насны иргэдийн тоо 2,757,396 (давхардсан тоогоор) болж өсөх төлөвтэй байгаа тул хүн амын биеийн тамир, спортоор хичээллэх эрэлт хэрэгцээг хангахад спортын салбарын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүжилт, заал, талбайн хүртээмжийг сайжруулах шаардлага үүсэж байна.

Улсын Их Хурлаар 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангаж Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоолоор “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталсан.

Иймд биеийн тамир, спортын салбарт шинэчлэгдсэн хууль тогтоомж, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн бус санхүүжилтийг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, спортыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүх нийтийн хөдөлгөөн болгон хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, хяналтын механизмыг оновчтой бүрдүүлэх, биеийн тамир, спортын заал, талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авах шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа

2.1. Спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлж, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр дамжуулан төрөөс иргэдэд чанартай үйлчилгээг үзүүлэн, иргэд биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

       2.2.1. хүн амын зорилтот бүлгүүдийн сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх;

       2.2.2. спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог хөгжүүлж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэх, тамирчдыг олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын ёс зүйн хариуцлагыг сайжруулах;

       2.2.3. спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх суурь тогтолцоог бүрдүүлэх;

       2.2.4. биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төрийн зарим чиг үүргийг олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн спортын холбоо, түүний аймаг, нийслэл, дүүргийн салбар, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр гүйцэтгүүлэх;

      2.2.5. биеийн тамир, спортын санхүүгийн менежментийг сайжруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн бус санхүүжилтийг нэмэгдүүлэх.

2.3. Хөтөлбөрийг 2020-2023 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хүн амын зорилтот бүлгүүдийн сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн  биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
      3.1.1. хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийн бие бялдрын хөгжлийг тодорхойлох арга зүйг биеийн тамирын хичээлээр олгодог болох;

      3.1.2. ерөнхий боловсролын сургуулийн спортын дугуйлан (секц)-гийн сургалт, түүнийг удирдах багш, дасгалжуулагчдад тавигдах шаардлагыг тогтоож, хөдөлмөрийн хөлсний жишгийг тодорхойлох;

      3.1.3. биеийн тамир, эрүүл мэндийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш болон эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнаар дамжуулан хөдөлгөөний хомсдолтой, илүүдэл жинтэй иргэдэд хяналт тавих, биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийх арга зүй, жишиг хөтөлбөрийг боловсруулах, хүртээмжийг сайжруулах; 

       3.1.4. тусгай сургуулийн биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, ажиллах чадварт тохирсон спортын төрлүүдийг тусгаж хэрэгжүүлэх, багш, дасгалжуулагчийг мэргэшүүлэх, давтан сургах; 
 
      3.1.5. магадлан итгэмжлэлд хамрагдах спортын клубын тоо болон эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх;

      3.1.6. ерөнхий боловсролын сургуулиудыг стандартын спортын заал, талбайтай болгох, спортын хэрэглэлийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэрэглэлээр тоноглох, хяналт тавих;

      3.1.7. хүн амын ажиллах, амьдрах орчинд тэдний онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бий болгох, ерөнхий боловсролын сургуулиудын спортын заал, талбайг харьяа нутаг дэвсгэрийн иргэдэд ашиглуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх санал санаачилгыг өрнүүлэх, дэмжих.

3.2. Спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог хөгжүүлж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэх, тамирчдыг олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын ёс зүйн хариуцлагыг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
       3.2.1. спортын сургалт-дасгалжуулалтын (тамирчин бэлтгэх) тогтолцоог боловсронгуй болгож, сургалтын жишиг хөтөлбөр, дасгалжуулагчийн гарын  авлага  боловсруулж, мөрдүүлэх;

        3.2.2. спортын сургалт-дасгалжуулалтыг спортын төрөл бүрээр төлөвлөх нэгдсэн загварыг баталж, мөрдүүлэх;

        3.2.3. спортын холбоо, клубын байгууллагын соёл, менежментийг сайжруулах зорилгоор тамирчин, дасгалжуулагч, ажилтны ёс зүйн дүрмийг спортын холбоодтой хамтран боловсруулж, хэрэгжүүлэх.

3.3. Спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх суурь тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.3.1. биеийн тамир, спортын чиглэлийн мэргэжилтэн (бакалавр) бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтад олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлыг  судалж, хэрэгжүүлэх;

        3.3.2. төрийн захиалгаар гүйцэтгүүлэх судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох;

        3.3.3. биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчдын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, иргэдэд зориулсан спортын сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

        3.3.4. биеийн тамир, спортын ажил үйлчилгээнд тавих хяналтыг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

        3.3.5. спортын шинжлэх ухааны төвийг байгуулж, спортын анагаах ухааны үйл ажиллагааны стандартыг батлуулах;

        3.3.6. допингийн эсрэг үйл ажиллагааны үндэсний чадавхыг сайжруулах, хор хөнөөлийн талаарх  сурталчилгааг нэмэгдүүлэх.

3.4. Биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төрийн зарим чиг үүргийг олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн спортын холбоо, түүний аймаг, нийслэл, дүүргийн салбар, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.4.1. аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
   
       3.4.2. биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх;

       3.4.3. “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгийг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтэд зарцуулах механизмыг бүрдүүлэх.

3.5. Биеийн тамир, спортын санхүүгийн менежментийг сайжруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн бус санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.5.1. биеийн тамир, спортын арга зүйч, дасгалжуулагчдад мэргэшлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл хөлс олгодог болох;

        3.5.2. салбарын хэмжээний улсын төсвийн санхүүжилтийг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж тооцох норм, аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэх;

      3.5.3. биеийн тамир, спортын орчныг сайжруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах;

      3.5.4. хүн амд үзүүлэх биеийн тамирын ажил үйлчилгээ, спортын амжилтын үр дүнд суурилан төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх системийг бүрдүүлэх, хяналт тавих тогтолцоог сайжруулах.

Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

  4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин 2019 он

Зорилтот түвшин

2021 он

2023 он

1.

Хүн амын зорилтот бүлгүүдийн сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх

Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн үр дүнг бие бялдрын хөгжлөөр дүгнэх

Хэрэг-

жилтийн хувь

0

50

100

Спортын дугуйлан (секц)

тоо

1731

1850

2000

Бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсан иргэдийн А, В үнэлгээтэй хүн амын тоо

хувь

4.8

5.3

5.9

Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдаж байгаа хүн амын тоо

хувь

43

43.5

44

Магадлан итгэмжлэгдсэн спортын клуб

тоо

0

15

30

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авсан спортын клуб

тоо

0

7

15

Нэг хүнд ногдох спортын заалны талбайн хэмжээ

м.кв

0.23

0.24

0.24

Нэг хүнд ногдох гадаа спортын талбайн хэмжээ

м.кв

1.91

1.93

1.95

2.

Спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог хөгжүүлж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэх, тамирчдыг олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын ёс зүйн хариуцлагыг сайжруулах 

Аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид

тоо

1786

1939

2093

Залуучуудын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид

тоо

182

204

232

Насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид 

тоо

156

175

195

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан багийн спортын төрөл

тоо

1

2

3

Үндэсний шигшээ багийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан медаль

тоо

44

47

50

Үндэсний шигшээ багийн тамирчдын тивийн наадмаас авсан медаль

тоо

31

31

32

Үндэсний шигшээ багийн тамирчдын авсан олимпийн эрх

тоо

54

60

63

Үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн наадмаас авсан медаль

тоо

4

7

9

3.

Спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх суурь тогтолцоог бүрдүүлэх

Биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжилтэн (бакалавр) бэлтгэж байгаа их, дээд сургуульд нэвтрүүлсэн олон улсын сургалтын хөтөлбөр

тоо

0

5

10

Төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж,  мэргэжил дээшлүүлсэн (эрх авсан) ажилтан

тоо

0

100

200

Төрийн захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагаас хэрэгжүүлсэн судалгаа

тоо

3

4

5

4.

Биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төрийн зарим чиг үүргийг олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн спортын холбоо, түүний аймаг, нийслэл, дүүргийн салбар, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр гүйцэтгүүлэх

Сумдын биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн орон тооны ажилтан

тоо

10

21

299

Төрийн байгууллагын ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэсэн төрийн бус байгууллага

тоо

62

66

71

5.

Биеийн тамир, спортын санхүүгийн менежментийг сайжруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн бус санхүүжилтийг нэмэгдүүлэх.

 

 

 

 

Татварын хөнгөлөлт, эдэлсэн аж ахуйн нэгж, байгууллага

тоо

0

20

30

Улсын төсвийн санхүүжилтийг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж төлөвлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх

хэрэг-жилтийн хувь

0

0

100

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

      5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

      5.1.2. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;

      5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

      5.1.4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

      5.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн 
             хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Биеийн тамир, спортын газар нь жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор  тухайн жилд хийсэн ажлын тайлан, дүнг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн нэгдсэн тайланг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 11 дүгээр сарын    30-ны дотор биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн нэгдсэн тайланг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн             I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

6.4. Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг 2021 онд хийнэ. Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг улсын түвшинд биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн түвшинд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.

6.5. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жилд 2 удаа гүйцэтгэлийн хяналтыг хийнэ.

 

-----о0о-----