Хэвлэх DOC Татаж авах

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2019 оны 29 дүгээр тогтоолын хавсралт

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАРЫГ БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

Нэг.Ерөнхий зүйл

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь Монгол улсын Харилцаа холбоо, өргөн нэвтрүүлэг болон мэдээллийн технологийн салбарыг зохицуулах мэргэжлийн чиг үүрэг бүхий 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Харилцаа холбооны тухай Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байгууллага юм.

Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 20.3, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу Монгол Улсын зах зээлд нэвтэрсэн болон нийлүүлэгдэх харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгоно.

Тус баримт бичгийг бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр Олон улсын стандартчиллын байгууллага, Олон Улсын Цахилгаан техникийн комисс болон загварын туршилтын талаар Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллагаас боловсруулсан стандарт, арга зүйн удирдамжуудад нийцүүлэн боловсруулсан.

Энэхүү журмаар мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж /цаашид “бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмж” гэх/-ийн баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах ерөнхий харилцааг тогтооно.

Энэ журмын хамрах хүрээнд дараах 2 төрлийн баталгаажуулалтын үйл ажиллагаа зохицуулагдана. Үүнд:

  •  Заавал баталгаажуулалт
  •  Сайн дурын баталгаажуулалт

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан радио ба харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд нь заавал баталгаажуулалтад хамрагдана (Хавсралт 11). Тус жагсаалтад хамрагдаагүй үйлдвэрлэлийн болон гэр ахуйн зориулалттай цахилгаан тоног төхөөрөмжүүдийг сайн дурын баталгаажуулалтад хамруулж болно.

Хоёр.Зорилго

2.1.Тухайн бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаар холбогдох норматив техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг үнэн зөв нотлох;

2.2.Хэрэглэгчдэд зөв сонголт хийх боломж олгох, зах зээлд хуурамч болон стандарт шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах;

2.3.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн холбогдох заалтууд /13, 14-р зүйл/, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол /Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт/-ын хэрэгжилтийг хангах, “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, баталгаажсан бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

Гурав.Норматив ишлэл

3.1.Энэхүү баримт бичгийг боловсруулахад дараах баримт бичгүүдийг ашигласан. Эдгээр баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас иш татаж хэрэглэнэ. Үүнд:

  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль;
  • Харилцаа холбооны тухай хууль;
  • Радио долгионы тухай хууль;
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол;
  • MNS ISO/IEC 17065 Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага;
  • MNS ISO/IEC 17067 Бүтээгдэхүүний баталгаажуулалтын үндсэн асуудал ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар;
  • MNS ISO/IEC 17000 Тохирлын үнэлгээ - Тайлбар толь, ерөнхий зарчим;
  • MNS ISO/IEC TP 17026 Тохирлын үнэлгээ – Биет бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн загвар;
  • MNS OIML D 19:2007, Загварын туршилт ба баталгаа.

Дөрөв.Баталгаажуулах үйл ажиллагаа

Бүтээгдэхүүнийг баталгаажуулах, тохирлын гэрчилгээ олгох үйл явцыг энэхүү журмын хавсралт 1, бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийг хавсралт 2, заавал баталгаажуулах бүтээгдэхүүний жагсаалт болон дагаж мөрдөх стандартын жагсаалтыг хавсралт 11-д тус тус үзүүлэв.

Тав.Хүсэлт гаргах

5.1.Тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, импортоор нийлүүлэгч, Монгол Улс дах албан ёсны гэрээт борлуулагч эсвэл төлөөлөгч болох Монгол Улсад бүртгэлтэй иргэн эсвэл хуулийн этгээд /цаашид “хүсэлт гаргагч” гэх/ нь тухайн тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах хүсэлтээ энэхүү журмын Хавсралт 3, Хавсралт 4-д заасан өргөдлийн дагуу гаргаж дараах материалыг Монгол эсвэл англи хэл дээр бүрдүүлэн Зохицуулах хороонд цахимаар болон цаасаар ирүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт гаргасан албан бичиг;
  • Үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгчийн итгэмжлэл;
  • Үйлдвэрлэгч/нийлүүлэгчийн тохирлын мэдэгдэл;
  • Хүсэлт гаргахаас өмнө 6 жилийн дотор хийгдсэн Европын холбооны стандартын (EN) сорилтын дүн. Үүнд:

 

-Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа (Health & Safety)

-Цахилгаан соронзон зохицоо (Electromagnetic compatibility)

-Радио давтамжийн спектрийн үр ашигтай хэрэглээ (Effective use of radio frequency spectrum for radio communications equipment);

  • Ашиглалтын товч танилцуулга, тохиргоо хийх заавар;
  • Зураг (гадна болон дотоод бүтэц);
  • Хэрэглэгчийн гарын авлага /Англи эсвэл Монгол хэл дээр/;
  • Төхөөрөмж тус бүрт Зохицуулах хорооны гэрээний төслийг гарын үсэг, тамгаар баталгаажуулсан 2 хувь. Хавсралт 7;
  • Үнэн зөв бөглөсөн гэрчилгээний загвар. Хавсралт 8;
  • Шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргагчаас бүтээгдэхүүний загвар, блок схем, ажиллагааны зарчмын схем, гэх мэт нэмэлт мэдээлэл гаргуулж болно. 

5.2.Дээрх материалууд бүрдээгүй тохиолдолд тохирлын үнэлгээ хийхээс татгалзана.

5.3.Хүсэлт гаргагч нь нэгээс олон төхөөрөмжид тохирлын гэрчилгээ гаргуулах хүсэлтэй бол өргөдлийн маягтыг төхөөрөмж тус бүрт гаргана.

5.4.Хэрэв тухайн төхөөрөмж нь өмнө нь Зохицуулах хорооноос тохирлын гэрчилгээ авсан бөгөөд тохирлын гэрчилгээ нь хүчинтэй бол дахин тохирлын гэрчилгээг олгохгүй.

Зургаа.Тохирлын үнэлгээ

6.1.Тохирлын үнэлгээг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх авсан баталгаажуулалтын мэргэжилтэн хийнэ. Баталгаажуулалтын мэргэжилтэн тохирлын үнэлгээний удирдамж боловсруулж батлуулна. Шаардлагатай тохиолдолд үнэлгээний ажлын хэсэг байгуулж болно.

6.2.Ирүүлсэн материал, бүтээгдэхүүний онцлог, тавигдах техникийн шаардлагуудыг харгалзан баталгаажуулалтын үндсэн схемүүдээс дараах 2 чиглэлээр схем сонгоно. Үүнд:

  • Баримт бичигт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;
  • Баримт бичигт үнэлгээ хийхийн зэрэгцээ ирүүлсэн загварт сорилт хийх аргыг хослуулах;

6.3.Монгол Улсын стандарт, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт, Зохицуулах хорооноос баталсан радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага болон бусад холбогдох олон улсын стандарт, баримт бичгийг хангаж байгаа эсэхийг хянаж шалгана.

6.4.Радио долгион хяналтын төвийн баталгаажуулалтын үйл ажиллагаанд ашиглаж буй хэмжүүрийн багажууд нь шалгалт тохируулга хийгдэж баталгаажсан эсвэл нийлүүлэгч талын гаргасан баталгаат хугацаа нь хүчинтэй, сорьж турших ажил гүйцэтгэхэд батлагдсан стандарт аргын заавартай байна.

6.5.Өмнө нь туршилтад орж байгаагүй шинэ, дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн загварын сорилт туршилтыг Зохицуулах хорооны хүрээнд явуулах техникийн болон хүний нөөцийн хувьд боломжгүй нөхцөлд ижил статус бүхий Засгийн газрын бусад байгууллага, бие даасан сорилт, туршилтын байгууллага эсвэл их дээд сургуулийн лаборатори, гаднын улс орны төрөлжсөн эрх бүхий лаборатори, үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлтгэгдсэн боловсон хүчин ашиглан явуулж болно. Энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах сорилтын дүнгийн хуудаст лабораторийн болон баталгаажуулалтын байгууллагын эрх бүхий мэргэжилтнүүд тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

6.6.Баталгаажуулалтын шинжээч эсвэл үнэлгээний ажлын хэсэг нь баримт бичгийн үнэлгээ, болон сорилт туршилтын дүнг хамтатган санал дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд дараах зүйлс тусгагдсан байна. Үүнд:

  • Туршилтын нэгдсэн дүн;
  • Бүтээгдэхүүний тодорхойлолт;
  • Бүтээгдэхүүнийг баталгаажуулах, эсвэл туршилтад тэнцээгүй бол энэ тухай нэмэлт үндэслэл;
  • Бүтээгдэхүүнийг ашиглах хүрээ;
  • Суурилуулалт, хамгаалалт, магадлах болон давтан үнэлгээтэй холбогдсон шаардлага;
  • Санал болгож буй бүтээгдэхүүний баталгааны хүчинтэй хугацаа;

Долоо.Шийдвэр гаргах

7.1.Баталгаажуулалтын шинжээч эсвэл үнэлгээний ажлын хэсэг нь бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний үр дүн, тайланг Баталгаажуулалтын зөвлөлийн хуралд танилцуулж, тохирлын гэрчилгээ олгох, сунгах, татгалзах тухай шийдвэрийг гаргуулна.

7.2.Баталгаажуулалтын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэн Зохицуулах хорооны даргын батламжилсан гэрчилгээ олгоно.

7.4.Баталгаажуулалтын зөвлөл нь сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригт хуралдана.

7.5.Баталгаажуулалтын зөвлөлийн хуралдааныг цахимаар явуулж гарын үсгээр баталгаажуулж болно.

Найм.Тохирлын гэрчилгээ олгох, бүртгэх

8.1.Баталгаажуулалтын шинжээч нь бүтээгдэхүүний “Тохирлын гэрчилгээ”-нд бүртгэлийн дугаар олгож, бүртгэнэ.

8.2.Гэрчилгээнд баталгаажуулалт явуулахад үндэслэсэн баримт бичгүүдийг Хавсралт 8-ын дагуу тусгана.

8.3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу тохирлын гэрчилгээнд бичигдэх хүсэлт гаргагчид үйлдвэрлэгч, нийлүүлэгч эсвэл худалдан борлуулагчийн нэрийг бичиж болно.

8.4.Нэг ижил төрлийн төхөөрөмжүүд (загварын дугаарууд нь өөр боловч лабораторийн сорилт, үйлдвэрлэгчийн мэдэгдэл нь ижил), модуль болон эцсийн бүтээгдэхүүнийг баталгаажуулалтад хамруулна.

8.5.Хэрэв нэг ижил төрлийн төхөөрөмжүүдийг нэг гэрчилгээ дээр бичих бол зөвхөн 4 хүртэлх загварын нэр бичигдэнэ.

8.6.Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний үр дүн сөрөг гарсан тохиолдолд баталгаажуулалтын байгууллага нь гэрчилгээ олгохоос татгалзсан тухай шийдвэрийг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

8.7.Гэрчилгээний хүчинтэй хугацааг тухайн бүтээгдэхүүний зохион бүтээлт боловсруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний тогтвортой байдал, норматив техникийн баримт бичгийн хүчинтэй хугацаа зэргийг харгалзан 3 хүртэлх жилийн хугацаагаар тогтооно.

8.8.Бүтээгдэхүүний зохион бүтээлт эсвэл үйлдвэрлэлийн технологи болон норматив техникийн баримт бичгийн шаардлагад тохирох байдалд нөлөөлөхүйц өөрчлөлтийг хийвэл хүсэлт гаргагч нь энэ тухай Зохицуулах хороонд урьдчилан мэдээлнэ. Үүний дагуу Зохицуулах хороо нь уг бүтээгдэхүүний сорилтыг шинээр явуулах үйлдвэрлэлийг нь дахин үнэлэх талаар шийдвэр гаргана.

8.9.Тохирлын гэрчилгээний хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, хүсэлт гаргагчид үр дүнг мэдэгдэнэ.

8.10.Хүсэлт гаргагч нь гэрчилгээний төлбөрийг төлбөрийн нэхэмжлэлийн дагуу Зохицуулах хорооны дансанд шилжүүлж ресепшинд төлбөрийн баримтын хуулбарыг өгч тохирлын гэрчилгээг баталгаажсан гэрээний хамт авна.

Ес.Магадлах хяналт

9.1.Монгол Улсын зах зээлд нэвтэрсэн бүтээгдэхүүнд магадлах хяналтыг явуулна.

9.2.Бүтээгдэхүүний үзүүлж болох болзошгүй хохирлын зэрэг, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хэмжээ, ISO 9001 менежментийн тогтолцоотой эсэх зэргийг шалгуур болгож магадлах хяналтын давтамж ба хамрах хүрээг тогтооно.

9.3.Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээнд магадлан хяналтыг явуулахаар заасан бол гэрээнд заасан нөхцөлийн дагуу магадлах хяналт явуулна.

9.4.Магадлах хяналт нь дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ. Үүнд:

  • баталгаажуулсан бүтээгдэхүүний талаар ирж байгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
  • хяналт явуулах ажлын хэсэг байгуулах;
  • бүтээгдэхүүнийг сорилт туршилтад хамруулж түүний үр дүнд дүн шинжилгээ хийх;
  • хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дунд санал асуулга явуулах;
  • хяналтын дүнг нэгтгэн шийдвэр гаргах;

9.5.Магадлах хяналтын үр дүнг баримтжуулна. Баримтжуулсан мэдээллийн эх хувийг Зохицуулах хороонд хадгална. Хувийг хүсэлт гаргагчид болон магадлах хяналтад оролцсон байгууллагуудад хүргүүлнэ.

9.6.Магадлан хяналт явуулахаас өмнө тухайн хуулийн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ.

9.7.Магадлах хяналтын бүртгэлийг баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн бүртгэнэ. Магадлах хяналтын үр дүнгийн дагуу дараах тохиолдолд гэрчилгээг түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгоно. Үүнд:

  • Холбогдох баримт бичгийн шаардлагад нийцэхгүй байх;
  • Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн тэмдэг тэмдэглэгээ хэрэглэх;
  • Аюулгүйн тэмдгийг буруу хэрэглэх;
  • Бүтээгдэхүүний бүтээц, бүрдэлд өөрчлөлт орох;
  • Үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн горимд өөрчлөлт орох;

9.8.Хүсэлт гаргагч нь Зохицуулах хороотой зөвшилцөж, тогтоосон хугацаанд залруулах арга хэмжээ авч илэрсэн үл тохирлыг арилгаж, стандартын шаардлагад тохирсныг баталж чадах тохиолдолд дахин шинжилгээ хийлгүйгээр түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгоно.

9.9.Залруулсан арга хэмжээ нь шаардлагад нийцэхгүй тохиолдолд гэрчилгээ нь хүчингүй хэвээр үлдэнэ. Гэрчилгээг түдгэлзүүлсэн, эсвэл хүчингүй болгосон тухай шийдвэрийг хүсэлт гаргагч, хэрэглэгчид, Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, болон бусад сонирхогч талуудад мэдээлнэ.

Арав.Гэрчилгээ сунгах

10.1.Тохирлын гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээ сунгах хүсэлтээ гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 60 ба түүнээс дээш хоногийн өмнө энэ журмын 5.1-д заасны дагуу Зохицуулах хороонд гаргана.

10.2.Давтан үнэлгээг анхдагч үнэлгээ явуулахтай ижил зарчмаар хийнэ. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг хянаж биелүүлсэн тохиолдолд тохирлын гэрчилгээний хугацааг хүчинтэй хугацаанаас хойш 3 хүртэлх жилээр сунгаж, нэгдсэн бүртгэлд тэмдэглэж эзэмшигчид нь буцааж олгоно.

10.3.Тохирлын гэрчилгээнд сунгалт хийхдээ тоног төхөөрөмжийн загвар, бүтцэд өөрчлөлт ороогүй тохиолдолд сорилт туршилтын хугацааг харгалзахгүй байж болно.

10.4.Бүрдүүлж ирүүлсэн баримт бичигт үндэслэн шинээр олгох гэрчилгээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж болно.

Арван нэг.Гэрчилгээг хүчингүй болгох

11.1.Баталгаажуулалтын зөвлөл нь баталгаажуулалтын байгууллагаас явуулсан магадлах хяналтын дүн, холбогдох мэргэжилтэн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шаардлага, хэрэглэгч, сонирхогч бусад талуудаас ирүүлсэн гомдлыг үндэслэн тохирлын гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэр гаргана.

11.2.Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон боловч хугацааг сунгуулаагүй нөхцөлд энэхүү гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус болно.

11.3.Тохирлын гэрчилгээ олгох болон сунгах баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэр гарсан хэдий ч гэрчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд уг тохирлын гэрчилгээг хүчингүйд тооцно.

Арван хоёр.Сайн дурын баталгаажуулалт

12.1.Тус баримт бичгийн хавсралт 11-д тодорхойлогдсон заавал баталгаажуулалтад хамрагдах радио ба цахилгаан холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдээс бусад төрлийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийг хүсэлтийн дагуу баталгаажуулалтад хамруулж болно.

12.2.Сайн дурын баталгаажуулалтад бүтээгдэхүүний тохирлыг холбогдох норматив баримт бичгүүдээр тогтоосон шаардлагыг хангасан эсэхийг үнэлж тогтооно. Сайн дурын баталгаажуулалтыг заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн дагуу явуулна. Тохирлын үнэлгээнд хамрагдаж шаардлага хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгоно.

Арван гурав.Баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох

13.1.Зохицуулах хорооны тохирлын тэмдгийн загвар, ашиглах заавар, зөвлөмжийг Зохицуулах хорооноос боловсруулан баталж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Оюуны өмчийн газар, Стандартчилал, хэмжилзүйн газарт бүртгүүлнэ.

13.2.Зохицуулах хорооны тохирлын тэмдэг нь дотоодод үйлдвэрлэсэн эсвэл экспортлох радио ба харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдэд заавал тавигдах ба импортын төхөөрөмжүүдэд заавал тавигдах шаардлагагүй байна.

Арван дөрөв.Олон нийтэд мэдээлэх

14.1.Баталгаажуулалтын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь тухай бүр шинэ, нэмэлт, өөрчлөлт орсон баталгаажуулалтын баримт бичгүүдийг Зохицуулах хорооны цахим хуудаст байршуулна.

14.2.Баталгаажуулалтад хамрагдаж тохирлын гэрчилгээ олгогдсон төхөөрөмжүүдийн жагсаалтыг шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан энэхүү баримт бичгийн хавсралт 10-ын дагуу хавсралт 11-д тодорхойлсон төхөөрөмжүүдийн төрлөөр ангилан Зохицуулах хорооны цахим хуудсанд оруулан нийтэлнэ.

Арван тав.Хяналт

Энэхүү баримт бичгийн хэрэгжилт болон баталгаажуулалтын үйл ажиллагаанд Зохицуулах хорооны дотоод аудит, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч болон Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн байгууллага нь хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.