Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолын хавсралт

 

ХОНЬ, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРТ
ТУШААСАН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН
УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр, цех (цаашид “боловсруулах үйлдвэр” гэх)-д хонь, тэмээний ноос (цаашид “ноос” гэх) бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээд, өмчийн бүх хэлбэрийн цөм сүргийн аж ахуй (цаашид “малчин” гэх)-д мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанараас хамааран дор дурдсан урамшуулал олгоно:

      1.2.1. нарийн, нарийвтар болон энэ журмын 1.5-д заасан бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост хонины хэвийн үргэлж нэгдүгээр зэргийн ноос болон тэмээний эм ноосны кг тутамд 2000 төгрөг;

      1.2.2. энэ журмын 1.5-д зааснаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины MNS 0033:2007 стандарт шаардлагыг хангасан хэвийн үргэлж нэгдүгээр зэргийн ноосны кг тутамд            1500 төгрөг.

1.3. Боловсруулах үйлдвэр гэдэгт дараахь дамжлага бүхий ноосон бүтээгдэхүүний үйлдвэрийг хамруулна. Үүнд:

      1.3.1. хялгас ялгах, ээрэх, нэхэх эсвэл сүлжих иж бүрэн дамжлагуудтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр;

      1.3.2. эсгийлэх техник, технологи бүхий дамжлагуудтай эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр;

      1.3.3. ноосоор бордоо үйлдвэрлэх, дулаалгын материал зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр.

1.4. Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгохтой холбогдох харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж болон энэ журмыг харьяалах нутаг дэвсгэртээ сурталчлах, малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хөдөө аж ахуйн газар болон орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой (цаашид “холбоо” гэх) хамтран зохион байгуулна.

1.5. Энэ журмын 1.2.1-д заасан бүдүүвтэр ноост хонины ноосонд урамшуулал олгохдоо хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний (цаашид “сайд” гэх) баталсан “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд заасны дагуу мал сүрэг үржүүлж байгаа аймаг, сумын малчинд олгоно.

1.6. Сайдын шийдвэрээр зохицуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүргийг батална.

Хоёр. Урамшуулал олгох

2.1. Боловсруулах үйлдвэр нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тулгуурлан тухайн жилд бэлтгэх түүхий эдийн хэрэгцээг тодорхойлж, урамшууллын анхан шатны баримт (цаашид “баримт” гэх) авах хүсэлтээ 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор холбоонд гаргана.

2.2. Холбоо нь боловсруулах үйлдвэрүүдээс ирүүлсэн хүсэлтийг хянаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, хүчин чадалд нийцүүлэн баримтын тоог тогтоон жагсаалт гаргаж, үйлдвэрүүдийн худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухай болон өмнөх оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нэгтгэлийн хамт 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх)-д хүргүүлнэ.

2.3. Зохицуулах ажлын хэсэг нь Холбооноос ирүүлсэн боловсруулах үйлдвэрийн холбогдох материалыг хянан баталгаажуулж, боловсруулах үйлдвэрийн жагсаалт, баримт олгох шийдвэрийг 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор холбоонд хүргүүлж, яамны цахим хуудсанд байршуулна.

2.4. Холбоо нь 5 дугаар сард багтаан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яамнаас баталсан баримт олгох үйлдвэрүүдийн жагсаалтыг зарлана.

2.5. Холбоо нь баримтын загварыг боловсруулж, сайдаар батлуулан зохицуулах ажлын хэсгээс баталсан тоо хэмжээгээр хэвлүүлж, боловсруулах үйлдвэрт баримтыг олгоно. 

2.6. Холбоо нь ноосыг стандартын дагуу бэлтгэж, тушаах талаар малчдад сургалт явуулах чиг үүргийг орон нутгийн Засаг даргын Тамгын газар, боловсруулах үйлдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч (цаашид “төлөөлөгч” гэх)-тэй хамтран хэрэгжүүлнэ.

2.7. Холбоо нь боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчид итгэмжлэл олгоно. Төлөөлөгчид давхардуулж итгэмжлэл олгохгүй.

2.8. Үйлдвэрлэгч нь өөрийн төлөөлөгчид холбооноос авсан баримтыг хүлээлгэн өгнө. Баримтын үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг үйлдвэрлэгч хариуцах бөгөөд төлөөлөгчтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд үйлдвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

2.9. Боловсруулах үйлдвэр нь худалдан авсан ноосонд чанарын тордолт хийх, хэвийн хорогдлыг хариуцах талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулна.

2.10. Төлөөлөгч нь малчнаас ноос худалдаж авахдаа баримтыг засваргүйгээр 3 хувь үнэн зөв үйлдэж, энэ журмын 2.15-д заасан мэдээллийг малчнаар тэмдэглүүлэн 2 хувийг малчинд өгч, 1 хувийг өөртөө үлдээх ба ноосоо үйлдвэрт тушаахдаа үйлдвэрлэгчид хүлээлгэн өгнө.

2.11. Боловсруулах үйлдвэр нь баримтыг үндэслэн худалдан авалтын мэдээллийг урамшууллын цахим системд шивж оруулах ба баримтыг тооцооны тайлангийн хамт 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбоонд хүргүүлнэ.

2.12. Холбоо нь 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор худалдан авалтын мэдээ, боловсруулах үйлдвэрүүдээс ирүүлсэн баримт, түүний тооцооны тайланг үндэслэн урамшууллын цахим системд бүртгэж, хянан баталгаажуулж, тухайн жилийн худалдан авалтын тайлан, холбогдох мэдээллийг аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага болон зохицуулах ажлын хэсэгт хүргүүлнэ.

2.13. Малчин нь мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон арьсны шимэгчээс сэргийлэх арга хэмжээнд технологит хугацаанд нь тогтмол хамруулсан, эрүүл болохыг баталгаажуулсан тодорхойлолтыг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс авсан байна.

2.14. Малчин нь энэ журмын 1.2-т заасан шаардлагыг хангасан ноосыг төрөл, чанараар нь ангилан стандартын дагуу савлаж бэлтгэсэн байна.

2.15. Малчин нь арилжааны банкинд өөрийн нэр дээр данс нээсэн байх бөгөөд төлөөлөгчид нэр, регистрийн дугаар, дансны мэдээллийг үнэн зөв мэдүүлэн малчин өрхийн баталгааны тэмдгээр баталгаажуулна.

2.16. Малчин урамшуулалд хамрагдахдаа энэ журмын 2.10-т заасан баримтыг мал сүргийн эрүүл болохыг баталгаажуулсан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тодорхойлолтын хамт сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

2.17. Хөдөө аж ахуйн тасаг нь энэ журмын 2.16-д заасан баримт, тодорхойлолтыг хүлээн авч малчны овог нэр, хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг магадлан хянаж, жагсаалт үйлдэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулан мэдээллийг 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор урамшууллын цахим системд үнэн зөв оруулан, анхан шатны баримт, тайлан, нэгдсэн жагсаалтын хамт аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

2.18. Хөдөө аж ахуйн тасаг нь энэ журмын 1.3-т заасан үйлдвэрт ноосоо нийлүүлээгүй, 2.4-т заасан үйлдвэрийн жагсаалтад багтаагүй, мөн 2.13-т заасан шаардлагыг хангаагүй эсхүл материал хүлээн авах хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээлэл ирүүлсэн, материалыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй болон баримт бичиг нь засвартай тохиолдолд материалыг хүлээн авахаас татгалзаж буцаана.

2.19. Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь хөдөө аж ахуйн тасаг болон холбооны ирүүлсэн мэдээллийг холбогдох материалтай тулгаж, хянан баталгаажуулах бөгөөд тухайн аймаг, нийслэлд олгох урамшууллын төсвийн хэмжээ, тооцоо, мэдээлэл, нэгдсэн жагсаалтыг санхүүжилт хүссэн албан хүсэлтийн хамт 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор яаманд хүргүүлнэ.

2.20. Боловсруулах үйлдвэр нь зохицуулах ажлын хэсгээс баталсан маягтын дагуу өмнөх онд худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухай тайланг аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хамт дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор холбоонд хүргүүлнэ.

2.21. Холбоо нь үйлдвэрүүдийн худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухай мэдээлэл, санхүүгийн баталгаажсан тайланг нэгтгэн дараа оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор яаманд хүргүүлнэ.

2.22. Зохицуулах ажлын хэсэг нь энэ журмын 2.3-т заасан жагсаалтыг үндэслэн холбооноос ирүүлсэн энэ журмын 2.21-д заасан тайлан, мэдээлэлд дүгнэлт гаргаж яамны санхүүгийн асуудал хариуцсан нэгжид 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ.

2.23. Санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь зохицуулах ажлын хэсгийн дүгнэлт болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас урамшууллын баримтаар ноос бэлтгэн боловсруулах үйлдвэрүүдийн санхүүгийн тайлангийн мэдээлэл, татварын тайланг тулган хянаж, урамшуулал олгох тухай сайдын шийдвэрийг дараа оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргуулж, төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан малчдад олгоно.

2.24. Яам нь урамшуулалд шаардагдах хөрөнгийн зарцуулалт, урамшууллын санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж, аудит хийлгүүлэх ажлыг зохион байгуулна.

2.25. Зохицуулах ажлын хэсэг нь боловсруулах үйлдвэрүүдийн өмнөх оны урамшууллын баримтаар худалдан авсан ноос, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, урамшууллын үр дүнгийн талаарх тайланг 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, олон нийтэд мэдээлнэ.

Гурав. Урамшуулал олгохоос татгалзах үндэслэл

3.1. Дараахь тохиолдолд урамшууллын санхүүжилтийг олгохгүй:

      3.1.1. ноос тушаасан боловсруулах үйлдвэр нь энэ журмын 2.4-т заасан жагсаалтад багтаагүй;

      3.1.2. малчин нь овог нэр, регистрийн дугаар, арилжааны банкны нэр дансны дугаарын алдаатай мэдээлэл өгсөн;

      3.1.3. аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь энэ журмын 2.19-д заасан хугацаанд урамшуулал олгох санхүүжилт хүссэн албан хүсэлт, холбогдох материалыг яаманд бүрэн ирүүлээгүй, дутуу, алдаатай, зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн;

      3.1.4. холбоо нь энэ журмын 2.12-т заасан хугацаанд тухайн жилийн худалдан авалтын тайлан, мэдээ, урамшууллын цахим системийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулан баталгаажуулаагүй.

3.2. Талуудын ирүүлсэн мэдээлэл буруу, бүрдэл дутуу байдлаас шалтгаалан урамшуулал олгогдоогүй тохиолдолд яам хариуцлага хүлээхгүй.
 
Дөрөв. Урамшуулал олгох хөрөнгийг төлөвлөх

4.1. Мөнгөн урамшууллын хөрөнгийг сайдын тухайн жилийн батлагдсан төсвөөс төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан санхүүжүүлнэ.

4.2. Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь жилийн эцсийн мал тооллогын дүн, сүргийн эргэлтэд үндэслэн харьяа нутаг дэвсгэртээ дараа жилд бэлтгэх боломжтой хонь, тэмээний ноосны хэмжээ, нутаг дэвсгэртээ байгаа боловсруулах үйлдвэрийн жагсаалт, тэдгээрийн хүчин чадлыг сум, дүүрэг тус бүрээр гаргаж, жил бүрийн II улиралд багтаан яаманд хүргүүлнэ.

4.3. Холбоо нь боловсруулах үйлдвэр тус бүрийн дараа жил үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, худалдан авах ноосны хэмжээг нэгтгэн, жил бүрийн.     II улиралд багтаан яаманд хүргүүлнэ.

4.4. Яам нь энэ журмын 4.3-т заасан мэдээллийг харьцуулан судалж, дараа жилд боловсруулах үйлдвэрт ноосоо тушаах малчинд олгох урамшууллын хэмжээг төлөвлөн сайдын төсвийн багцад тусгуулна.

Тав. Хяналт тавих

5.1. Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, энэ журам болон эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг дарга хяналт тавина.

5.2. Улсын хэмжээнд энэ журмын хэрэгжилтэд сайдын тушаалаар томилогдсон зохицуулах ажлын хэсэг хяналт тавьж ажиллана.

5.3. Боловсруулах үйлдвэр худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэхийг дараахь байдлаар хянана:

      5.3.1. боловсруулах үйлдвэр нь тухайн жилд хүлээн авсан ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, татварт тайлагнасан тухай аудитын тайлан болон ажлын байр нэмэгдүүлсэн, хадгалсныг харуулсан харьяа нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан нийгмийн даатгалын сар бүрийн тайланг энэ журмын 2.20-д заасан хугацаанд холбоонд хүргүүлэх;

      5.3.2. холбоо нь боловсруулах үйлдвэр худалдан авсан ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа явцтай улирал бүр танилцаж, хяналт тавих ба тайланг энэ журмын 2.21-д заасан хугацаанд зохицуулах ажлын хэсэгт хүргүүлэх;

      5.3.3. зохицуулах ажлын хэсэг нь холбооноос ирүүлсэн тайлан мэдээнд дотоод аудит хийлгэж, дүгнэлт гаргуулах.

Зургаа. Хариуцлага

6.1. Боловсруулах үйлдвэр нь малчны нийлүүлсэн ноосны хэмжээ, чанар, ангиллын талаар буруу мэдээ ирүүлсэн эсхүл хуурамч баримт бүрдүүлсэн, журамд заасан хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна.

6.2. Энэ журмын 2.13-т дурдсан тодорхойлолтыг холбогдох журмыг зөрчиж, хуурамчаар үйлдэж олгосон мал эмнэлгийн нэгжид холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.3. Урамшуулалтай холбогдох мэдээллийг цахим бүртгэлийн системд буруу оруулсан, хугацаандаа хянаж баталгаажуулаагүй тохиолдолд учирсан хохирлыг тухайн бүртгэл хийсэн талууд хариуцаж, тухайн малчинд олгох урамшууллыг бүрэн барагдуулна.

6.4. Ноосны урамшуулал олгоход арилжааны банк дахь малчны овог, нэр, дансны мэдээлэл зөрсөн тохиолдолд аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь 14 хоногийн хугацаанд залруулах арга хэмжээг авна.

6.5. Энэ журамд заасан чиг үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох талууд үүссэн хохирлыг бүрэн хариуцаж арилгана.

6.6. Боловсруулах үйлдвэр нь ноосонд анхан шатны (угаах) боловсруулалт хийж экспортолсон тохиолдолд яамнаас урамшууллын мөнгийг нөхөн төлүүлж, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээг зохион байгуулна.

6.7. Төлөөлөгч нь малчнаас худалдан авсан ноосыг гэрээт боловсруулах үйлдвэрт тушаагаагүй бол тухайн малчинд олгох урамшууллыг хариуцаж, бүрэн барагдуулна.

6.8. Боловсруулах үйлдвэр нь тухайн жилд бэлтгэсэн ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухай мэдээллийг санхүүгийн тайланд тусгаж, бүртгэлийг үнэн зөв хөтөлсөн байна.

6.9. Сайд нь аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын даргатай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхдээ энэ журмын хэрэгжилтийг хангасан эсэхийг нэг шалгуур үзүүлэлт болгоно.

6.10. Энэ журмын дагуу үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчныг төрөөс мал аж ахуйн салбарт үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээ, тусламж, дэмжлэгт хамруулахад анхаарна.

 

-----о0о-----