Хэвлэх DOC Татаж авах

Эрчим     хүчний    сайдын 2019 оны 6 сарын 10-ны өдрийн

158 дугаар тушаалын хавсралт

 

“БАЙГАЛИЙН ГАМШИГ, ГЭНЭТИЙН БОЛОН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖТЭЙ НӨХЦӨЛ

БАЙДАЛ ҮҮСЭХ ТОХИОЛДОЛД ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР МӨРДӨХ ЖУРАМ”

/Шинэчилсэн найруулга/

 

Нэг: Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагаа алдагдах, түлш, эрчим хүчний хангамж тасалдах зэргээр улс нийгэмд ноцтой хохирол учирч болох онцгой байдал үүссэн үед түлш, эрчим хүчний үйлдвэр, байгууллагуудын болон орон нутгийн төр захиргааны байгууллага хоорондын ажлын харилцааг зохицуулах, мэдээллээр хангах, болзошгүй онцгой нөхцөл, байдлын үед түлш, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш болон тоног төхөөрөмж, сэлбэгийн аюулгүйн (аваарийн) нөөцийг бүрдүүлэхэд оршино.

1.2 Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх үед эрчим хүчний хангамжийн талаар авах зохион байгуулалтын болон бусад арга хэмжээг Нэгдсэн сүлжээний дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм болон холбогдох бусад дүрэм, журмаар зохицуулна.

1.3. Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх үед энэхүү журмын хавсралтад заасан схемийн дагуу уг үйл ажиллагааг зохицуулах шуурхай ажиллагаанд саад учруулахгүйгээр холбогдох албан тушаалтныг мэдээллээр хангана.

Хоёр: Онцгой нөхцөл

2.1 Эрчим хүчний хангамжийн тасалдалд хүргэж болох онцгой нөхцөлд дараах байдлыг тооцно.

2.2 Байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас бий болох нөхцөл:

2.2.1 Цаг агаарын хэт хүйтрэлт буюу гадна агаарын температур цельсийн хасах 35 хэм ба түүнээс доош орох;

2.2.2 Хүчтэй салхи, шуурганы улмаас цахилгаан, дулааны эрчим хүчний дамжуулалтын шугам сүлжээ, тоноглолд эвдрэл гэмтэл гарч эрчим хүчээр тасалдах;

2.2.3 Газар хөдлөх, усны үер болох, аадар бороо, мөндөр орох зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас түлш, эрчим хүчний салбарын түлш, цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалтын тоноглол, барилга байгууламжид гэнэтийн эвдрэл гэмтэл, нуралт, гал түймэр гарч, үйлдвэрлэл, дамжуулалт тасалдах.

2.3 Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дотоод хүчин зүйлүүдийн улмаас бий болох онцгой байдал нөхцөлүүдэд:

2.3.1 Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх нэг буюу хэд хэдэн гол шугамд эвдрэл гэмтэл гарч, тодорхой бүс нутаг, хот аймаг, сумын төв, дүүргийн хэмжээнд эрчим хүчний хангамж тасалдах;

2.3.2 Үйлдвэрийн дотоод гал түймэр эсэргүүцэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүчин чадлаас давсан гал түймэр гарах;

2.3.3 Эрчим хүчний систем хэд хэдэн хэсэгт тусгаарлагдах, зэрэгцээ ажиллаж байгаа бусад улсын эрчим хүчний системээс тусгаарлагдах.

2.4 Түлшний хангамжийн тасалдалд хүргэж болох онцгой байдалд дараах нөхцөлүүдийг тооцно:

2.4.1 Нүүрсний давхарга болон складад гал гарах;

2.4.2 Хөрс нүүрсний мөргөцгүүдэд доголын хана нурах, гулсалт гарах;

2.4.3 Технологийн дамжлага болон бусад машин механизмд ноцтой эвдрэл саатал гарах;

2.4.4 Уурхай болон ажлын мөргөцөг усны аюулд автах;

2.4.5 Технологийн дамжлагад хий, тоосноос шалтгаалсан тэсрэлт, эвдрэл гэмтэл, гал түймэр гарах;

2.4.6 Үйлдвэрийн талбайн усан хангамжийн системийн шугам хагарах, насос ажилгүй болж, усанд автах;

2.4.7 Төмөр замын станцын гол замд ноцтой аваари, саатал гарах;

2.4.8 Уурхайн цахилгаан хангамжид ноцтой гэмтэл гарах;

2.4.9 Үйлдвэрийн аль нэг хэсэг нэгж, тоног төхөөмжүүдэд хүний амь үрэгдүүлсэн болон бүлэг осол, техникийн томоохон эвдрэл, гэмтэл гарах;

2.4.10 Тэсрэх материалын агуулахын орчимд гал гарах.

2.5. Дизель цахилгаан станц бүхий аймгуудад байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас дизель түлш тээвэрлэх, хангах, хадгалахад хүндрэл үүсэх.

2.6. Гадны ямар нэгэн нөлөөллийн улмаас /терорист халдлага, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, олон улсын хөл хорио, хүн, малын гоц халдварт өвчний шинж илрэх буюу тархаж бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох гэх мэт/ түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдах, хэрэглэгчдийг түлш, эрчим хүчээр тасалдуулах.

 2.7. Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учирах, хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсэх.

Гурав. Онцгой байдал  үүссэн үед түлш, эрчим хүч үйлдвэр, компаниуд болон төрийн захиргааны байгууллагуудын хоорондын харилцан үйл ажиллагаа

3.1. Энэхүү журмыг үндэслэн түлш, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах байгууллага, түүний харьяа салбар нэгж бүр нь онцгой байдал бий болсон тохиолдол бүрт ажиллах горим, “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г гарган болзошгүй нөхцөл байдлын хувилбаруудыг боловсруулж, диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллагаар хянуулж, харъяа онцгой байдлын нэгж, хэсгээр  батлуулан мөрдөнө.

3.2. Эрчим хүчний үйлдвэр, байгууллагын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, горимын нэг хувийг диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллагад хадгална.

3.3. Үүсч болзошгүй тодорхой нөхцөл байдлын хувилбар бүрийн үед ажиллах төлөвлөгөө нь зарлан мэдээлэх, цугларах схем, тухайн нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зайлшгүй шааардагдах хүн хүч, машин механнизм, сэлбэг материалын жагсаалт зэргийг агуулсан байна.

3.4. Цахилгаан эрчим хүчний дамжуулалт, түгээлт, хангалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд болон аймаг, орон нутгийн үйлдвэрүүд эрчим хүчний хязгаарлалттай горимд ажиллах тухай ба эрчим хүчний аваарийн тасалдлын үед ажиллуулах зориулалттай бэлтгэл нөөц эх үүсвэрийг ажилд оруулах цаг хугацааг төлөвлөгөөндөө тусгасан байна.

3.5. Үйлдвэр, байгууллагууд нь өөрсдийн боловсруулсан үйл ажиллагааны журам, төлөвлөгөөг өвөл зуны горим, ажиллагаатай уялдуулж, жилд 2-оос доошгүй удаа дасгал, сургуулийн журмаар туршин шалгаж, нэмэлт тодотгол хийж мөрдөнө.

3.6. Үйлдвэрлэлийн дотоод үйл ажиллагаанаас үл хамаарах байгалийн болзошгүй гамшигт үзэгдлийн үед түлш, эрчим хүчний үйлдвэр, байгууллагуудад явагдах үйл ажиллагаа нь түүнийг урьдчилан мэдэж, бэлэн байдалд орох зарчмаар явагдана.

3.7. Диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллага нь ус, цаг уурын байгууллагаас байгалийн гамшиг, цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг хүлээн авч, цаг агаарын байдал нь энэхүү журмын 2.2., 2.2.2, 2.2.3-т заасан байдалд хүрч болох нутаг дэвсгэрт хамрагдаж буй түлш, эрчим хүчний байгууллагуудад энэ тухай шуурхай  мэдээллийн хэрэгслээр мэдээлж, онцгой байдалд ажиллах бэлэн байдлыг хангуулна.

3.8. Эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй эрчим хүчний эх үүсвэрээс хангагддаг аймаг, орон нутагт энэхүү журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн эрчим хүчний байгууллагын удирдлага нь орон нутгийнхаа байнгын онцгой байдлын комисст орон нутгийн холбоогоор мэдээлнэ.

3.9 Диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллагын диспетчер нь байгалийн гамшигт нөхцөл байдал үүсч болзошгүй тухай холбогдох байгууллагаас мэдээ хүлээн авмагц төрийн захиргааны эрх бүхий байгууллага болон тухайн нутаг дэвсгэрт хамрагдах үйлдвэр, байгууллагуудад мэдээлж, онцгой байдлын бэлэн байдалд орохыг мэдэгдсэн даруй удирдлагадаа мэдэгдэнэ.

3.10 Онцгой байдлын бэлэн байдалд орох тухай мэдэгдэл хүлээн авсан үйлдвэр, байгууллага нь “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, журмын дагуу яаралтай бэлэн байдалд орж ажиллан, энэ талаар Диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллагад цаг тутамд мэдээлнэ.

3.11 Онцгой нөхцөл, байдал үүссэн тохиолдолд тухайн үйлдвэр, байгууллагын хэмжээнд ажлын онцгой горим болон онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж болно.

Дөрөв: Онцгой байдлын үеийн үйл ажиллагааны удирдлага, мэдээлэл

4.1. Онцгой байдлын талаарх мэдээллийг шуурхай ажиллагааны холбооны хэрэгсэл ашиглан гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд үүрэн болон бусад холбооны хэрэгсэл ашиглаж болно.

4.2. Үүрэн холбооны хэрэгсэл ашиглан мэдээлэл хүргэхдээ “мессэж” үйлчилгээг ашиглах бөгөөд ингэхдээ аваари, саатлыг тогтворжсоны дараа хүргүүлнэ.

4.3. Мэдээлэлд гамшиг, осол, аваари, саатлын нөхцөл байдал, хамарсан хүрээ, байрлал, цаг хугацаа, авч байгаа арга хэмжээний талаар товч, тодорхой тусгах ба шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас авах арга хэмжээний саналыг тусгана.

4.4. Энэхүү журмын хавсралтад заасан схемийн дагуу дараах мэдээллийг дор дурдсан албан тушаалтанд хүргэнэ. Үүнд:

4.4.1.Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны холбогдох албан тушаалтанд:

- Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учирсан гамшиг;

- Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд технологийн зөрчил гарснаас хэрэглэгчдийн нийт чадлын 50 ба түүнээс дээш хувиар хязгаарласан.

4.4.2.Тагнуулын Ерөнхий газрын оператив албаны жижүүрт:

- Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учирсан гамшиг.

4.4.3.Онцгой байдлын ерөнхий газрын болон аймаг, орон нутгийн онцгой байдлын шуурхай албаны жижүүрт:

- Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учирсан гамшиг;

- Албан үүргээ гүйцэтгэхээр явсан ажилтан аюулт үзэгдэлд өртсөн байж болзошгүй талаарх мэдээлэл.

4.4.4.Эрчим хүчний сайд, Эрчим хүчний дэд сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт:

- Аваари, осол;

- 18 МВт ба түүнээс дээш чадалтай дулааны цахилгаан станц ачаалал бүрэн хаях;

- Халаалтын улиралд дулааны эх үүсвэр, дулааны төв шугам, түүний хэсэг 2 ба түүнээс дээш цагаар зогсох нөхцөл байдал үүссэн;

- Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг нийт чадлын 10 ба түүнээс дээш хувиар хязгаарласан;

- Нэг ба түүнээс дээш аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хязгаарласан;

- Нэгдүгээр зэргийн онцгой хэрэглэгчийг эрчим хүчээр хязгаарласан буюу хязгаарлах нөхцөл байдал үүссэн;

- Нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбоотой ноцтой мэдээлэл.

4.4.5.Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нарт:

- Эрчим хүчний сайд, Эрчим хүчний дэд сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт өгөх дээр дурдсан мэдээлэл;

- Нoцтой гэж үзсэн саатал.

4.4.6.Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Түлшний хэлтсийн дарга нарт:

- Нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл.

4.4.7.Эрчим хүчний яамны холбогдох мэргэжилтэн нарт:

- Эрчим хүчний сайд, Эрчим хүчний дэд сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Газрын дарга нарт өгөх дээр дурьдсан мэдээлэл;

- Албан үүргээ гүйцэтгэхээр явсан ажилтан аюулт үзэгдэлд өртсөн байж болзошгүй талаарх мэдээлэл;

- Мэдээлэх шаардлагатай гэж үзсэн саатал, тасралт.

4.5. Дээрх нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзсэн тохиолдолд мэдээллийг тухай бүр холбогдох албан тушаалтанд хүргэнэ.

4.6. Нэг ба түүнээс дээш аймгийн төв, төвийн бүсийн олон хэрэглэгч, нэгдүгээр зэргийн онцгой хэрэглэгчийг таслах захиалгат таслалтын талаар Эрчим хүчний сайд, Эрчим хүчний дэд сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарт үүрэн холбооны “мессеж” үйлчилгээ ашиглан урьдчилан мэдэгдэнэ.

4.7. Мэдээллийг схемийн дагуу шат дараалан өгөх ба үүрэн холбооны “мессеж” үйлчилгээ ашиглан нэгэн зэрэг өгч болно.

4.8. Энэхүү журмаар мэдээлэл хүргүүлэх албан тушаалтны нэр, утасны дугаарын жагсаалтыг “Диспетчерийн үндэсний төвХХК-аас тухай бүр шинэчилж байна.

Тав. Түлш, Эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш болон тоног төхөөрөмж, сэлбэгийн аюулгүйн (аваарийн) нөөцийн бүрдүүлэх

5.1 Түлш, эрчим хүчний салбарын компаниуд байгалийн гамшиг, болзошгүй аваари, саатлын үед компанийнхаа онцлогт тохирсон түлш /нүүрс, мазут, дизелийн түлш/, тоног төхөөрөмж, сэлбэг материалын аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн байх. Үүнд:

5.1.1.Цахилгаан станцууд өвлийн их ачааллын үед нэг хоногт зарцуулах хэмжээгээр тооцсон нүүрсний 14-өөс доошгүй хоногийн, горимын зохицуулалтаар хамгийн их зарцуулах мазутын 10 хоногийн мазут, дизелийн түлшний нөөцтэй байх, мөн үндсэн болон туслах тоноглолын сэлбэг материалын нөөцийг бий болгосон байна.

5.1.2.Дулааны станцууд өвлийн их ачааллын үед нэг хоногт зарцуулах хэмжээгээр тооцсон нүүрсний 10-аас доошгүй хоногийн нөөцтэй байх, мөн үндсэн болон туслах тоноглолын сэлбэг материалын нөөцийг бий болгосон байна.

5.1.3.Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээ компаниуд нь үндсэн болон туслах тоноглолын сэлбэг материалын нөөцтэй байх.

5.2 Нүүрсний уурхайнууд олборлох, тээвэрлэх үндсэн болон туслах тоноглолын сэлбэг материалын байнгын нөөцтэй байна.

5.3. Аюулгүйн нөөцийн жагсаалтыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн гүйцэтгэх захирал батална.

5.4 Түлш, эрчим хүчний салбарын компаниуд нь өөрийн компанийн үндсэн хөрөнгийн үнийн дүнгийн 4 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээнд аюулгүйн нөөц бүрдүүлнэ.

5.5 Аюулгүйн нөөцийн жагсаалт нь тухайн компанийн эргэлтийн хөрөнгийн бүртгэлд  “Аюулгүйн нөөц” гэсэн ангиллаар тусгайлан бүртгэгдсэн байна.

5.6 Аюулгүйн нөөцийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, худалдан авах асуудлыг зохион байгуулахыг компаниудын гүйцэтгэх захирал хариуцна.

5.7 Аюулгүй нөөцийн бүрдүүлэлт, нөхөн хангалтын үйл ажиллагааг тухайн компанийн жил бүрийн хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээнд төлөвлөн хэрэгжүүлж ажиллана.

Зургаа. Аюулгүйн нөөцийн тайлан гаргах,  хяналт тавих

6.1 Компаниудын гүйцэтгэх захирал нь аюулгүйн нөөцийг стандартын дагуу хадгалах, зарцуулах, нөхөн хангах зааврыг баталж мөрдүүлнэ.

6.2 Түлш, эрчим хүчний салбарын компаниуд нь аюулгүйн нөөцийн зарцуулалт, нөхөн хангалт, хадгалалт, тооллого хийсэн ажлын тайланг жил бүр 07 дугаар сарын 25, дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.3 Аюулгүйн нөөцийн хадгалалт, зарцуулалт, нөхөн хангалтад эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

6.4 Аюулгүйн нөөцийн хадгалалт, зарцуулалт, нөхөн хангалтад хариуцлагагүй хандсан, сэлбэг материал, тоног төхөөрөмжийг техникийн шаардлага хангахгүй болгосон, зориулалтын бусаар зарцуулсан, аюулгүйн нөөцийн зарцуулалт,  нөхөн хангалт, хадгалалт, тооллого хийсэн ажлын тайланг гаргаагүй  ажилтанд  хууль, журмын дагуу  хариуцлага хүлээлгэнэ.

 

Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

            7.1 Энэхүү журмыг зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---