Хэвлэх DOC Татаж авах

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны
А-236 дугаар тушаалын хавсралт

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ

НЭГ.Нийтлэг зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ олгох, олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монголбанк нь тусгай зөвшөөрөл авах тухай хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг энэ журмын дагуу хүлээн авч, хянан шийдвэрлэнэ.

1.3.Монголбанк тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгохдоо хууль, журамд заасан шаардлагыг ижил тэгш баримтлана.

ХОЁР.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг

2.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.

2.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах ажил үйлчилгээний шимтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно.

2.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид тавигдах шаардлага:

2.3.1.Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүү, үйл ажиллагааны тайлан мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;

2.3.2.Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол санхүүгийн тайлан мэдээг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;

2.3.3.Хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;

2.3.4.Дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

2.3.5.Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлигын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй байх;

2.3.6.Санхүүгийн чадавхитай, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх;

2.3.7.Тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон хангалттай баримт ирүүлсэн байх.

2.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь дараах шалгуурыг хангасан байна:

2.4.1.Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь харшлахгүй байх;

2.4.2.Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээлэл технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;

2.4.3.Зээл батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

2.4.4.Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;

2.4.5.Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;

2.4.6.Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй байх;

2.4.7.Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байгаагүй байх;

2.4.8.Гүйцэтгэх удирдлага нь бусад хуулийн этгээдэд давхар албан тушаал эрхлэхгүй байх.

2.5.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/ гаргагч нь хүсэлт гаргахдаа ажил, үйлчилгээний шимтгэлийг Монголбанкинд төлнө. Монголбанк үйлчилгээ үзүүлэн зөвшөөрөл олгосон эсэхээс үл хамааран ажил, үйлчилгээний шимтгэлийг хүсэлт гаргагчид буцаан олгохгүй.

2.6.Монголбанк хүсэлтийг эх хувиар хүлээн авах ба гадаадын иргэн, хуулийн этгээдийн хувьд монгол, англи хэлээр тус бүр 2 хувь үйлдэж орчуулсан байна.

2.7.Хүсэлт гаргагч нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23.2-т заасан баримт бичгээс гадна дараах баримт, бичгийг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ:

2.7.1.Үүсгэн байгуулагчдын болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр (нэг үүсгэн байгуулагчийн хувьд түүний гаргасан шийдвэрийг үүсгэн байгуулах шийдвэр гэж үзнэ);

2.7.2.Компанийн дүрэм;

2.7.3.Оноосон нэрийн зөвшөөрлийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тодорхойлолт;

2.7.4.Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, зохистой засаглал;

2.7.5.Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, удирдах арга хэрэгсэл болон мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах, дотоод хяналтын зохистой тогтолцоог хэрхэн бүрдүүлэхийг тодорхойлсон баримт бичиг;

2.7.6.Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцоогүй болохыг нотолсон гарын үсэг бүхий тодорхойлолт;

2.7.7.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт;

2.7.8.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээд татан буугдах үндэслэл, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн удирдлагын буруутай үйл ажиллагаанаас иргэд, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулах арга, хэлбэр, хариуцлага хүлээх зарчим, Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах хороо, тэдгээрийн гишүүдийг томилох, чөлөөлөх журам, эрх, үүрэг, хариуцлага, Дотоод аудит хариуцсан нэгжийн бүрэн эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгасан журам;

2.7.9.Энэ журмын 2.4-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт;

2.7.10.Ажлын байрны техник тоног төхөөрөмж, програм хангамж, ажлын байрны найдвартай, аюулгүй ажиллагаа, нууцлал, харуул, хамгаалалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой бичиж ирүүлэх, холбогдох баримтыг хавсаргах;

2.7.11.Тухайн хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тавин (50) хувиас доошгүй дүнтэй тэнцэхүйц мөнгөн хөрөнгийг Монголбанкны түр дансанд байршуулсан дансны хуулга;

2.7.12.Шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.

2.8.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23.2.4-т заасан бизнес төлөвлөгөө нь тухайн байгууллагын үйл ажиллагаа эхлүүлсний дараах 3 жилийн үйл ажиллагааг хамрах бөгөөд уг төлөвлөгөөнд доорх зүйлсийг тусгасан байна:

2.8.1.Зах зээлийн шинжилгээ, хэрэглэгчийн талаарх судалгаа;

2.8.2.Хэрэглэгчдэд бэлтгэн нийлүүлэх зээлийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөвлөгөө;

2.8.3.Зээлдэгч Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22.1.1-т заасан эрхээ эдлэх боломжийг бүрдүүлснийг нотлох баримт;

2.8.4.Үйл ажиллагааны дундаж зардал, үйлчилгээний хөлс зэргийг тусгасан санхүүгийн төлөвлөгөө байх бөгөөд уг төлөвлөгөөний дагуу тухайн байгууллага ашигтай ажиллаж байх шаардлагатай.

2.9.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23.2.1, 23.2.2-т заасан эрх бүхий этгээдүүдийн тухай мэдээллийг энэ журмын 1 дүгээр хавсралтад тусгасны дагуу Монголбанкинд ирүүлэх бөгөөд өөрчлөлт орохоор бол шинэчилсэн мэдээллийг ажлын 10 хоногийн дотор Монголбанкинд ирүүлнэ.

2.10.Нэгээс дээш этгээд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд үүсгэн байгуулах тохиолдолд Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах зарчим, үүсгэн байгуулагч тус бүрийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага болон өөрийн хөрөнгийн хэмжээ, бүтэц, хэлбэр, бүрдүүлэх хугацаа, түүний бүтцэд өөрчлөлт оруулах нөхцөл зэргийг тусгасан хамтран ажиллах гэрээг байгуулна.

ГУРАВ.Зээлийн мэдээллийн сан байгуулахад бүрдүүлэх баримт бичгийг хянах, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох, татгалзах

3.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт болон шаардлагатай баримт бичгийн бүрдлийг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан жагсаалтын дагуу хүлээн авах бөгөөд баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлсэн өдрийг хүсэлт хүлээн авсан өдөрт тооцно. Хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ талаар хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

3.2.Монголбанк дор дурдсан зүйлийг шалгаж тогтоосны үндсэн дээр дүгнэлтээ гаргана:

3.2.1.Баримт бичгийг бүрэн, гүйцэд ирүүлсэн эсэх, тэдгээр нь Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж болон энэ журамд тавьсан заасан шаардлагад нийцэж байгаа эсэх;

3.2.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тухай бодлого, үйл ажиллагааг тусгасан эрх зүйн баримт бичиг нь хууль тогтоомжид нийцсэн эсэх;

3.2.3.Мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч нарыг Зээлийн мэдээллийн тухай хуулинд заасан эрхээр хангах нөхцлийг бүрдүүлсэн эсэх;

3.2.4.Байгууллагын зохистой засаглал, зохион байгуулалт, байгууллагад учирсан болон учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, тодорхойлох, үнэлэх, дүгнэх чадвартай эсэх, хяналтын удирдлагын шат бүрт хэрэгжүүлэх давхар хяналтын системийг бүрдүүлж, хүлээх үүрэг, хариуцлагыг хууль тогтоомжид заасны дагуу тодорхой тусгаж чадсан эсэх;

3.2.5.Хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдаж буй хууль, ёс зүйн шаардлага болон мэдлэг мэргэжил, ажлын ур чадварын шалгуурыг хангаж байгаа эсэх;

3.2.6.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн бизнес төлөвлөгөө нь журмын 2.8-т заасан шаардлагыг хангаж, тухайн байгууллагын гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан үзэж, үйл ажиллагаа явуулах цар хүрээг оновчтой тодорхойлсон эсэх;

3.2.7.Үйлчилгээний хөлсийн хэмжээ нь бүтээгдэхүүний зардал, зах зээлийн эрэлттэй уялдсан эсэх;

3.2.8.Зээлийн мэдээллийн үйлчилгээ явуулах техник, тоног төхөөрөмж, програм хангамж, ажлын байрны аюулгүй, найдвартай ажиллагааг хангасан эсэх.

3.3.Ирүүлсэн баримт бичиг тэдгээрт холбогдох мэдээллийг энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгана.

3.4.Монголбанк нь шаардлагатай гэж үзсэн асуудлаар дотоод, гадаадын эрх бүхий байгууллага, тухайлбал шүүх, цагдаа, татвар, тусгай зөвшөөрөл олгодог байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба болон түүнтэй адилтгах байгууллага, аудит, банк болон бусад байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан, мэргэжлийн байгууллага, газруудтай хамтран хяналт шалгалтыг хийж болно.

3.5.Энэхүү журамд заасан мэдээлэл технологи, програм хангамж, үйл ажиллагаа, нууцлал, аюулгүй байдал, эрх зүйн баримт бичигтэй холбоотой шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх дүгнэлтийг Мэдээлэл технологийн газар болон Хууль эрх зүйн газар нь ажлын 5 (тав) хоногийн дотор гаргаж Зээлийн мэдээллийн албанд ирүүлнэ.

3.6.Зээлийн мэдээллийн алба нь тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянаж, шаардлагатай тохиолдолд газар дээрх шалгалтыг хийнэ. Зээлийн мэдээллийн тухай хууль болон энэхүү журмын 2 дугаар бүлэгт заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах асуудлын талаар санал боловсруулж, Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр оруулна.

3.7.Тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах асуудлыг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.

3.8.Зээлийн мэдээллийн алба нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд байгуулах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийг үндэслэн тухайн байгууллагыг бүртгэж, хувийн хэрэг нээн хөтөлнө.

3.9.Монголбанк нь дараах нөхцөлд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

3.9.1.Тусгай зөвшөөрөл хүссэн бичиг баримтын бүрдэл дутуу мөн бүрдэл дутуу материалыг энэхүү журмын 3.1-т заасан үндэслэлээр буцааснаас хойш 30 (гуч) хоногийн дотор холбогдох материалыг ирүүлээгүй;

3.9.2.Ирүүлсэн баримт материал нь Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж, журамд заасан шаардлагыг хангаагүй;

3.9.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд байгуулахаар бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч, удирдлагад ажиллах хүмүүс нь журамд заасан шалгуурыг хангаагүй, өөрийн хөрөнгийг хууль ёсны үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэн эсэх нь нотлогдоогүй;

3.9.4.Монголбанкнаас шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй;

3.9.5.Монголбанк нь зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагчийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ;

3.9.6.Хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийн баримт бичгийг тавигдах шаардлагын дагуу ирүүлээгүй, бүрдүүлсэн баримт, бичиг хуурамч, хувьцааны эх үүсвэрийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн гэж Монголбанк үзсэн бөгөөд хүсэлт гаргагч үүнийг эсрэгээр нотолж чадаагүй.

3.10.Тусгай зөвшөөрлийг 3 /гурван/ жил хүртэлх хугацаатайгаар олгоно. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нөхцөлд Монголбанкнаас Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хийгдсэн шалгалтын дүн, тухайн этгээдийн үйл ажиллагаа явуулсан байдал зэргийг нягтлан хянаад, цаашид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шаардлагатай гэж үзвэл, хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг 3 /гурван/ жил хүртэлх хугацаагаар сунгаж болох ба сунгалт хийх тоонд хязгаарлалт тавихгүй.

3.11.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “Зээлийн мэдээллийн сан” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ЗМС” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.

3.12.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх байгууллага нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14.1.5-д заасан зээлийн мэдээлэлтэй холбоотой бусад үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл хүсэхдээ үйл ажиллагааны нэр төрөл, шаардлага, хөрөнгийн эх үүсвэр, тухайн үйл ажиллагааг явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, програм хангамж, ажлын байр, удирдлага, хүний нөөц, санхүү, төлбөрийн чадварын талаар тодорхой тусгасан баримт бичгийг Монголбанкинд ирүүлнэ.

3.13.Зээлийн мэдээллийн алба нь зээлийн мэдээлэлтэй холбоотой бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг хүлээн авч уг үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх санал, дүгнэлтийг боловсруулж, Монголбанкны Захирлуудын зөвлөлд танилцуулна.

3.14.Зээлийн мэдээллийн албаны санал, дүгнэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн зээлийн мэдээллийн сангийн бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч гарган, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

ДӨРӨВ.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн үйл ажиллагаанд тавих шаардлага, мөрдөх стандарт

4.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь журмын 3 дугаар хавсралтад заасан мэдээллийн технологийн стандартыг мөрдөж ажиллана.

4.2.Энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан стандартыг хэрхэн хангаж байгаа талаар тайлан мэдээг Монголбанкинд ирүүлнэ.

4.3.Хүсэлт гаргагч хуулийн этгээд нь компанийн нэгдэл, толгой компани болон бусад хамаарал бүхий этгээдээс хараат бус байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхэлнэ.

4.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нууцлалыг хадгалах, зүй бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх болон гадны халдлагаас хамгаалах тогтолцоог өөрийн үйл ажиллагаандаа бүрдүүлнэ:

4.4.1.Мэдээллийн болон мэдээллийн системийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, системийн хандалтад тавих хяналт, системд хор учруулах програмтай тэмцэх арга хэмжээ зэргийг тусгасан нэгдсэн аюулгүй байдлын бодлогыг баталж, хэрэгжүүлэх;

4.4.2.Мэдээллийг солилцох, боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, шилжүүлэх үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн дүрэм, журмыг баталж хэрэгжүүлэх;

4.4.3.Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, зээлжих оноо тооцох аргачлал, эрх зүйн зохицуулалтын талаарх танилцуулга, сургалтыг өөрийн ажилтнууд, харилцагч байгууллага болон олон нийтэд бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол зохион байгуулах;

4.4.4.Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, илэрсэн зөрчил, дутагдлын мөрөөр зохих арга хэмжээг авах;

4.4.5.Байгууллагын дотоод дүрэм, журамд шаардлагатай өөрчлөлтийг тухай бүр оруулах;

4.4.6.Байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах нөөц төлөвлөгөөг боловсруулж мөрдөх, жилд нэгээс доошгүй удаа туршиж шаардлагатай өөрчлөлтийг хийдэг байх;

4.4.7.Давагдашгүй хүчин зүйлсээс хамгаалах Зээлийн мэдээллийн сангийн нөөц төвтэй байх;

4.4.8.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22.1.1-т заасан зээлдэгчийн эрхийг хангах боломжийг бүрдүүлэх;

4.4.9.Зээлдэгчийн талаар лавлагаа авах тухай бүр уг лавлагааг авсан огноо, авсан этгээд зэрэг мэдээллийг тусгасан лавлагааны түүх хөтлөх ба дараачийн лавлагаанд эдгээр мэдээлэл тусгагдаж байх.

4.5.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь Монголбанкнаас хүлээн зөвшөөрсөн хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүү болон мэдээллийн технологийн үйл ажиллагаанд аудит хийлгэсэн тайланг дараа жилийн эхний улиралд Монголбанкинд ирүүлсэн байх.

4.6.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь мэдээллийг хамтран ажиллах гэрээ бүхий байгууллагаар дамжуулан түгээж болох бөгөөд энэ харилцааг гэрээгээр зохицуулна.

4.7.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд зээлийн мэдээллийн талаарх аливаа гомдол, хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу түргэн шуурхай шийдвэрлэх бөгөөд гомдол, хүсэлтийг шийдвэрлэх ажлыг хариуцсан ажилтантай байна.

ТАВ.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналт

5.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг Монголбанкны хянан шалгагч хэрэгжүүлнэ.

5.2.Монголбанкны хянан шалгагч Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн ажилтан, эрх бүхий албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ мэдээллийг үнэн зөвөөр гаргуулан авах, газар дээрхи шалгалт хийх нөхцлөөр хангагдсан байна.

5.3.Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1.Иргэн, хуулийн этгээд болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийх;

5.3.2.Монголбанкнаас тавих хяналтын хүрээнд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн зээлийн мэдээллийн санд нэвтрэх байнгын эрхтэй байх;

5.3.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, програм хангамж, өгөгдлийн санд нэвтрэх, тэдгээрээс шаардлагатай мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авах;

5.3.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн байр, тасалгаа, бусад холбогдох газарт нэвтрэн орох;

5.3.5.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн програм хангамж, данс бүртгэл, тайлан, тэнцэл, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;

5.3.6.Шаардлагатай магадлагаа, баримтын хуулбарыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний харилцагч иргэн, хуулийн этгээд банк, санхүүгийн болон бусад байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

5.3.7.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх;

5.3.8.Хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

5.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагаанд хийх хяналт нь газар дээрх шалгалт болон зайнаас тавих хяналт гэсэн үндсэн 2 хэлбэртэй байна.

5.5.Энэхүү журмын 5.7-д тусгасан тайлан, мэдээлэл болон холбогдох бусад баримт, материалд тулгуурлан холбогдох хууль тогтоомж, Монголбанкны дүрэм, журам, заавраар тогтоосон шалгуур, стандартыг ханган ажиллаж байгаад зайнаас хяналт тавина.

5.6.Зээлийн мэдээллийн албаны хянан шалгагч нь улирал бүр Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагааны талаарх дүгнэлт, уг дүгнэлтийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг боловсруулж Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид удирдлагад танилцуулна.

5.7.Дараах тайлан мэдээг улирал бүрийн эцсийн байдлаар дараа сарын 15-ны өдрийн дотор Монголбанкинд цаасаар болон цахим хувилбараар ирүүлнэ:

5.7.1.Тайлант хугацаанд гарсан зөрчил, дутагдал, гомдол, санал тэдгээрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан;

5.7.2.Зээлийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд учирсан зөрчил, дутагдал тэдгээрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан;

5.7.3.Мэдээлэл нийлүүлэгчдийн жагсаалт, өмнөх тайлант хугацаанаас хойш шинээр нэмэгдсэн мэдээлэл нийлүүлэгч;

5.7.4.Бүтээгдээхүүн үйлчилгээ, тэдгээрийн борлуулалтын талаарх дэлгэрэнгүй тайлан;

5.7.5.Тайлант хугацаанд хийгдсэн дотоод аудитын ажлын дэлгэрэнгүй тайлан;

5.7.6.Санхүүгийн тайлан;

5.7.7.Шаардлагатай гэж үзсэн бусад тайлан, мэдээлэл.

5.8.Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны хянан шалгагч нь Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс ирүүлсэн тайлан, мэдээлэл дээр тулгуурлан дараах дүн шинжилгээг хийнэ:

5.8.1.Холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх;

5.8.2.Тайлант хугацаанд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн сул тал болон буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил, дутагдал гарсан эсэх;

5.8.3.Хэрэглэгчдийн зүгээс ирүүлсэн гомдол, саналыг хууль, журмын дагуу шийдвэрлэсэн эсэх;

5.8.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хууль тогтоомж, журамд нийцэж байгаа эсэх;

5.8.5.Санхүүгийн тайлангийн дүн шинжилгээ;

5.8.6.Бусад шаардлагатай дүн шинжилгээ.

5.9.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс ирүүлсэн тайлан мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд хянан шалгагч нь хууль, журмын дагуу холбогдох арга хэмжээг авч, уг зөрчил дутагдлыг арилгуулах талаар хугацаатай үүрэг даалгаврыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгч, биелэлтэд хяналт тавина.

5.10.Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагаанд хийгдэж буй хяналт шалгалтын дүнд үндэслэн зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, энэ талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлж байна.

5.11.Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд газар дээрх шалгалтыг иж бүрэн болон хэсэгчилсэн гэсэн 2 хэлбэртэй хийх бөгөөд газар дээрх иж бүрэн шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа хийж гүйцэтгэнэ.

5.12.Монголбанкнаас газар дээрх иж бүрэн шалгалтыг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэдээллийн технологийн мэргэжилтэн байх бөгөөд уг мэргэжилтэн нь мэдээллийн нууцлалыг хангах гэрээ бүхий гуравдагч байгууллагын ажилтан байж болно.

5.13.Монголбанкнаас газар дээрх иж бүрэн шалгалтыг энэ журмын 4 дүгээр хавсралтад тусгасан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт асуудал тусгаж болно.

5.14.Энэ журмын 4 дүгээр хавсралтад тусгасан удирдамжийн дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хийгдэх газар дээрх шалгалтын үнэлгээний аргачлалыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.

5.15.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг шалгасан газар дээрх шалгалтын мөрөөр Зээлийн мэдээллийн албаны хянан шалгагч нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах ба шаардлагатай нөхцөлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.

5.16.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь өөрийн үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулахдаа Монголбанкнаас зөвшөөрөл авна. Ингэхдээ үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага, эдийн засгийн үндэслэлийг тусгасан танилцуулга бүхий хүсэлтийг Монголбанкинд ирүүлнэ.

5.17.Монголбанкнаас энэхүү журмын 5.16-д заасан хүсэлттэй танилцаж үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэлийг бодитой гэж үзвэл үйлчилгээний хөлсийг өөрчлөх зөвшөөрлийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд олгоно.

5.18.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь Монголбанкнаас мэдээлэл солилцох, хяналт тавих, шалгалт хийх нөхцөлөөр хангагдсан бүтэц зохион байгуулалттай байна.

ЗУРГАА.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

6.1.Монголбанк дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргана:

6.1.1.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 26.1-т заасан үндэслэлээр;

6.1.2.Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэхийг түдгэлзүүлсэн шалтгааныг арилгалгүйгээр тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлсэн, эсхүл 6 сарын хугацаанд түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг цуцлах хангалттай нөхцөл бүрэлдээгүй бол;

6.1.3.Энэ журмын 5.15-д заасан үндэслэлээр;

6.1.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь компанийн нэгдэл, толгой компани болон бусад хамаарал бүхий этгээдээс хараат бус байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлээгүй, ашиг сонирхлын аливаа зөрчил гаргасан бол;

6.1.5.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тухайн хуулийн этгээдийг татан буулгах, тухай шийдвэр гарсан.

6.2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээд Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн гэрчилгээг 7 хоногийн дотор Зээлийн мэдээллийн албанд хүргүүлнэ. Зээлийн мэдээллийн алба гэрчилгээн дээр “Хүчингүй” гэсэн тэмдэг дарж, тухайн байгууллагын хувийн хэрэгт хийн, зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.

6.3.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр түдгэлзүүлэх буюу хүчингүй болгож болно:

6.3.1.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 25.1, 26.1-т заасан үндэслэлээр;

6.3.2.Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн;

6.3.3.энэ журмын 5.15-д заасан үндэслэлээр;

6.3.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээд өөрөө хүсэлт гаргасан;

6.3.5.Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

6.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ журмын 6.3-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг Монголбанкинд ирүүлэх ба тухайн зөрчил дутагдлыг арилгасан байдал, энэ талаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлт зэргийг газар дээрх хэсэгчилсэн буюу иж бүрэн шалгалтаар тогтоож, уг шалгалтын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээх эсэхийг шийдвэрлэнэ.

6.5.Монголбанк нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай нийтэд мэдээлнэ.

ДОЛОО.Хяналт, хариуцлага

7.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах явц, түүний нягтлан бодох бүртгэлийн ажиллагаанд тухайн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл, Дотоод аудит хариуцсан нэгж хяналт тавьж ажиллана.

7.2.Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зээлийн мэдээллийн сан үүсгэсэн бол зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлсэн этгээдэд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 29.1-т заасан захиргааны арга хэмжээ авна.

7.3.Монголбанк нь энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж, Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж, журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.