Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1996 оны 48 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН АВТОМАТЖУУЛСАН ТӨВ РЕГИСТРИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ БАЯЖУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ
 
 
Нэг.Ерөнхий зүйл
1.Хүн амын автоматжуулсан төв регистр /цаашид "ХААТР" гэх/ нь иргэн бүрт олгосон регистрийн дугаарыг ашиглан Монгол Улсын хүн амыг бүртгэл, мэюээллийн үндсэн үзүүлэлтэд хамруулах, бүртгэл мэдээллийг боловсруулах технологийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйн үндсэн дээр орчин үеийн тооцоолох  техник хэрэгсэл, эдийн засаг, математик, хүн ам зүйн арга хэрэглэн гүйцэтгэж, хэрэглэгчдэд үйлчлэх мэдээллийн автоматжуулсан систем мөн.
2.ХААТР-ийн мэдээллийн санг баяжуулах, ашиглах, түүний байнгын ажиллагааг хангах асуудлыг энэхүү журмаар зохицуулна.
3.ХААТР-ийн мэдээллийн санг хөтлөх, мэдээллийг боловсруулах, хэрэглэгчдэд үйлчлэх, ХААТР-ийн мэдээллийн албыг  улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, мэдээллийн төв гүйцэтгэнэ.
4.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, тусгай газар, төрийн бусад байгууллагууд өөрсдийн чиг үүрэгтэй холбоотой мэдээллийн сантай байж  болох  бөгөөд түүнийг ХААТР-ийн мэдээллийн сантай холбон ашиглаж болно.
5.ХААТР-ийн мэдээллийн санг хариуцан хөтөлж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр сангийн мэдээллийг байгууллага, иргэнд хуулбарлан өгөх, засварлах, устгахыг хориглоно.
 
Хоёр.Аймаг, дүүргээс ХААТР-ийн мэдээ, тайланг гаргах, ирүүлэх
6.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл /төрөлт, нас баралт, гэрлэлт, гэр бүл цуцлалт, гэрлэлтийг сэргээх, овог нэр өөрчлөх, эцэг тогтоох, үрчлэлт/-ийг хөтлөх ажлыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
7.Иргэдийн шилжих хөдөлгөөний /сум, дүүрэг, аймаг, нийслэл дотор болон тэдгээрийн хооронд шилжих / бүртгэлийг хөтлөх, иргэний паспортад хаягийн хөдөлгөөний тэмдэглэл хийх ажлыг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
8.Сум тухайн сарынхаа мэдээг дараа сарын 5-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт, аймгийн Засаг даргын Тамгын газар түүнийг аймгийн иргэний баримт бичгийн архивт тусган, мөн сарын 15-ны дотор Иргэний бүртгэл мэдээллийн төвд ирүүлнэ.
9.Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар иргэний гэр бүлийн байдлын сарын мэдээг дараа сарын 10-ны дотор Иргэний бүртгэл, мэдээллийн төвд ирүүлнэ.
10.Аймаг, дүүрэг, сумдын нэр, нутгийн хилийн цэс өөрчлөгдөх, мөн гудамж, хороодын нэр солих, шинээр байгуулах зэрэг хаягийн хөдөлгөөнтэй холбогдсон мэдээлэлд өөрчлөлт гарсан тухай бүр аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар Иргэний бүртгэл, мэдээллийн төвд мэдээлнэ.
11.Иргэний гэр бүлийн байдал, шилжих хөдөлгөөний бүртгэлийн мэдээ, тайланг гаргах ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар удирдан зохион байгуулж, хяналт тавина.
12.ХААТР-ийн анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх зааврыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв болорвсруулж мөрдүүлнэ.
 
Гурав.ХААТР-ийн мэдээллийн санг баяжуулах, мэдээлэл боловсруулах
13.Аймаг, сум, дүүргийн Засаг даргынТамгын газраас гаргаж ирүүлсэн иргэний гэр бүлийн байдлын болон шилжих хөдөлгөөний мэдээг тогтоосон хугацаанд ХААТР-ийн мэдээллийн санд тусгаж, санг баяжуулах ажлыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв хариуцна.
14. ХААТР-ийн мэдээ баримтын эх хувийг иргэний баримтын төв архивт зохих журмын дагуу хадгална.
15.ХААТР-ийн мэдээллийн сангаас иргэний гэр бүлийн байдлын болон шилжих хөдөлгөөний мэдээг хагас, бүтэн жилээр, хүн амын тоо, бүтэц, байршлын тухай мэдээг бүтэн жилээр боловсруулан гаргаж Улсын статистикийн газарт мэдээлж  байна.
16.ХААТР-ийн мэдээллийн сангаас гаргасан мэдээ, тайланд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж  баталгаажуулсан байна.
 
Дөрөв.ХААТР-ийн мэдээллийн  санг ашиглах
17.ХААТР-ийн мэдээллийн санг байгууллага, иргэдэд хүн амын холбогдолтой тоо, мэдээ гаргаж өгөх, судалгаа хийх мэдээллийн эх үүсвэр болгон ашиглаж болно.
18.Эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтээр мэдээллийн сангаас тоо, материал гаргаж өгөх, судалгаа, шинжилгээ хийх ажлыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв зохих төлбөртэйгээр гүйцэтгэж болно.
19.Байгууллага, иргэдэд албан бичиг, иргэний паспортыг үндэслэн мэдээллийн сангаас лавлагаа гаргаж өгнө. Нийслэлийн иргэдэд улсын иргэний бичиг баримтын төв архиваас холбогдох лавлагааг гаргаж өгнө. Лавлагааг телефон утсаар өгөхийг хориглоно.
 
Тав.Бусад зүйл
20. Байгууллага, иргэдээс ХААТР-ийн мэдээллийн сангаас хийлгэсэн судалгаа, шинжилгээний ажлын хөлсний хэмжээг Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яамтай хамтарч тогтооно.
21. ХААТР-ийн мэдээ, тайланг алдаатай гаргасан, хугацаа хожимдуулсан албан хаагчдад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----оОо--------