Хэвлэх DOC Татаж авах

 

Санхүүгийн зохицуулах хорооны

2019 оны 370 дугаар тогтоолын хавсралт

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭРСДЭЛД СУУРИЛСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1Энэхүү журмын зорилго нь Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хяналт шалгалт хийж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын хэрэгжилт, ББСБ-ын санхүү, төлбөрийн чадвар, үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийн түвшинг тодорхойлон үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээ авахад оршино. 1.2.Хорооны хянан шалгагч нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж гарсан зөрчилд арга хэмжээ авахдаа энэхүү журам болон холбогдох хуулийг мөрдлөг болгоно.

Хоёр.Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төрөл, ангилал

2.1.Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хийх эрсдэлд суурилсан хяналт шалгалт нь зайны, газар дээрх хяналт шалгалт гэсэн төрөлтэй байна.

2.2.Газар дээрх шалгалтыг үйл ажиллагааны хамрах цар хүрээгээр нь иж бүрэн, хэсэгчилсэн гэж ангилна.

2.3.Иж бүрэн шалгалт нь Хорооноос батлагдсан хуваарь, удирдамжийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, зээл болон бусад гэрээний хэрэгжилт, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас баталсан болон дотоодын дүрэм, журам, заавар, шийдвэрүүдэд тулгуурлан үйл ажиллагааг бүхэлд нь хамруулж нарийвчлан шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

2.4.Хэсэгчилсэн шалгалт нь харилцагчдаас болон холбогдох бусад байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шүүмжлэлийн мөрөөр, эсхүл Хорооноос шалгах шаардлагатай гэж үзсэн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тодорхой хэсгийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө.

Гурав.Эрсдэлийн үнэлгээ хийх

3.1.Хянан шалгагч нь улирал бүрийн санхүүгийн тайлангийн дараах үзүүлэлтүүдээр ББСБ-уудын эрсдэлийг тогтооно:

 3.1.1.үр ашигтай санхүүгийн бүтэц;

 3.1.2.активын чанар;

 3.1.3.өгөөж зардлын түвшин;

 3.1.4.төлбөр түргэн гүйцэтгэх чадвар;

 3.1.5.өсөлтийн дохио;

3.2.ББСБ-уудыг нийт активаар нь 4 ангилж, бүлэг тус бүрээс эрсдэл өндөртэй байгууллагуудыг тогтооно.

3.2.1.таван тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгөтэй

3.2.2.хоёр тэрбум таван зуун саяас таван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй

3.2.3.зургаан зуун саяас хоёр тэрбум таван зуун сая төгрөгийн хөрөнгөтэй

3.2.4.зургаан зуун сая төгрөг хүртэл хөрөнгөтэй

3.3.ББСБ-уудын санхүүгийн үзүүлэлтүүдийг энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу бүлэг тус бүрийн дундажтай нь харьцуулан тайлант оны дараа сарын 25-ны өдрийн дотор эрсдэлийн түвшинг тооцно.

3.4.ББСБ-уудын санхүүгийн үзүүлэлтүүд нь хамаарах бүлгийн дунджаас бага бол 1 оноо, бүлгийн дундажтай ойролцоо бол 2 оноо, дундажтай тэнцүү буюу түүнээс дээш бол 3 оноо өгч эрсдэлийг нь үнэлнэ.

3.5.Эрсдэлийн оноо нь эрсдэлийн түвшинг дараах байдлаар илэрхийлэх бөгөөд үнэлгээний дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.5.1.бага - байгууллагын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон ашигт ажиллагаанд эрсдэл учрах магадлал бага, учирч болох эрсдэл байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй;

3.5.2.дундаж - байгууллагад тодорхой хэмжээний алдагдал учирч болзошгүй боловч хэвийн үйл ажиллагаагаар тус нөхцөл байдлыг засах боломжтой;

3.5.3.өндөр - алдагдалд өртөх магадлал өндөр, учирч болох эрсдэл нь байгууллагын үйл ажиллагаанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй.

Дөрөв.Зайны хяналт, шалгалт

4.1.Зайны хяналт, шалгалт хийх үйл ажиллагаа нь дараах дараалалтай байна:

4.1.1.Тухайн ББСБ-ын ирүүлсэн сар, улирлын тайлан, мэдээг хянаж, үйл ажиллагааны болон цаашид үүсч болзошгүй эрсдэлийн түвшинг тогтоох, санхүү, төлбөрийн чадвар, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.1.2.Тайлан, мэдээллийг ирүүлээгүй, ирүүлсэн тайлан, мэдээлэл нь шаардлага хангаагүй бол тухайн ББСБ-ын эрх бүхий албан тушаалтанд шаардлага хангасан тайлан мэдээг нэн даруй ирүүлэхийг шаардах;

4.1.3.Тухайн ББСБ-ын үйл ажиллагаа, санхүү төлбөрийн чадварыг нь сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгөх;

4.1.4.Тухайн ББСБ-ыг хариуцсан хянан шалгагч нь шаардлагатай гэж үзвэл дараалсан хяналтыг хэрэгжүүлэх үүднээс ББСБ-ын үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх саналыг удирдлагад танилцуулах;

4.1.5.Тухайн ББСБ-ыг хариуцсан хянан шалгагч нь газар дээрх шалгалтын ажлын хэсгийг тайлан, мэдээллээр хангах, зайлшгүй шалгах шаардлагатай асуудлын жагсаалтыг гаргаж өгөх, газар дээрх хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлд хяналт тавих.

4.2.Хянан шалгагч нь тухайн ББСБ-аас ирүүлсэн улирлын санхүүгийн болон зохистой харьцааны тайланд холбогдох тохируулгыг хийж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, шалгуур үзүүлэлтийг хангаагүй, эрсдэл өндөртэй гэж дүгнэсэн ББСБ-уудад журмын 2 дугаар хавсралтын дагуу тухайн улирлын дараа сарын 25-ны өдрийн дотор цахимаар болон бичгээр, жилийн эцсийн тайлангийн хариуг дараа оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор зөвхөн бичгээр хүргүүлсэн байна.

4.3.Хянан шалгагч нь хариуцсан ББСБ-ын санхүүгийн болон зохистой харьцааны тайланг тухайн улирлын дараа сарын 20-ны өдрийн дотор хянаж, нэгдсэн тоог гаргах хянан шалгагчид цахим хэлбэрээр өгнө.

4.4.Салбарын нэгдсэн тоо, мэдээллийг хариуцсан хянан шалгагч тухайн улирлын дараа сарын 25-ны өдрийн дотор ББСБ-ын салбарын санхүүгийн тайлангийн нэгдсэн танилцуулга хариуцсан ажилтанд хүргүүлж, салбарын нэгдсэн танилцуулгыг тухайн тайлант хугацааны дараа сарын 30-ны өдрийн дотор боловсруулна.

Тав.Газар дээрх хяналт шалгалт

5.1.Хорооны хянан шалгагч, улсын байцаагч нь ББСБ-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар дээрх шалгалтын дүнгээр тохируулга хийсэн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн дараах үзүүлэлтүүдийг тооцож үнэлгээ, дүгнэлт өгнө.

5.1.1.өөрийн хөрөнгийн хүрэлцээ;

5.1.2.активын чанар;

5.1.3.удирдлагын чадвар;

5.1.4.ашигт ажиллагаа;

5.1.5.төлбөр түргэн гүйцэтгэх чадвар;

5.1.6.зах зээлийн эрсдэлийн мэдрэмж;

5.2.Дээрх үзүүлэлтүүдийг тооцож үнэлгээ, дүгнэлт өгөхдөө үзүүлэлт бүрийн хавсралтад заасан үндсэн /чанарын/ болон харгалзах хүчин зүйлийг тооцох ба үзүүлэлт бүрийн хүчин зүйл тус бүрт 1 буюу сайн, 2 буюу хангалттай, 3 буюу дунд, 4 буюу хангалтгүй, 5 буюу муу гэсэн үнэлгээг өгч, тухайн хүчин зүйлийн холбогдох хувиар жигнэж, нийлбэрийг нь олох замаар үзүүлэлт бүрийн нэгдсэн үнэлгээг гаргана.

5.3.Газар дээрх шалгалтын талаарх дүгнэлт, санхүүгийн үзүүлэлтийг үндэслэн ББСБ-ын үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадварын байдалд өгөх нэгдсэн үнэлгээг энэ журмын 5.14-т заасны дагуу холбогдох хувиар жигнэж, дараах байдлаар газар дээрх шалгалтын нэгдсэн үнэлэлтийг өгнө:

САЙН буюу 1;

ХАНГАЛТТАЙ буюу 2;

ДУНД буюу 3;

ХАНГАЛТГҮЙ буюу 4;

МУУ буюу 5;

5.4.Тухайн ББСБ-д газар дээрх шалгалт хийх хугацаандаа хянан шалгагч нь санхүүгийн үзүүлэлтийн өсөлт бууралт, ирээдүйн чиг хандлага, гарсан өөрчлөлтийн шалтгаан, өмнөх шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний дүнг авч үзэн нэгдсэн үнэлгээ өгөх ба цаашид баримтлах чиг хандлагыг тодорхойлно.

5.5.Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, итгэлцэлийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд нь эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд болон үйл ажиллагаа нь эрсдэл өндөр гэж үнэлгээ авсан ББСБ-уудад жилд 1-ээс доошгүй удаа газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

5.6.Хянан шалгагч нь дараах хүчин зүйлсийг үндэслэн энэ журмын 3 дугаар хавсралтaд заасны дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээнд үнэлгээ, дүгнэлт өгнө:

5.6.1.Үндсэн буюу чанарын хүчин зүйлсийг үнэлэхдээ тухайн ББСБ-ын эрсдэлийн хүрээ болон түүний чанар, хэлбэр, эдгээр эрсдэлийг удирдах удирдлагын чадавхад үндэслэн өөрийн хөрөнгө, нийт актив болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа Хорооноос тогтоосон шаардлагыг хангаж байгаа эсэх;

5.6.2.Харгалзах хүчин зүйлийг үнэлэхдээ дараах үзүүлэлтийг тооцно:

5.6.2.а.өөрийн хөрөнгөтэй холбогдон гарсан хууль, журмыг мөрдөн ажиллаж байгаа эсэх;

5.6.2.б.хувь нийлүүлсэн хөрөнгө нь Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан эсэх, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн болон хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт орсон тухай бүр Хороонд мэдэгдэж зөвшөөрөл авч байсан эсэх;

5.6.2.в.хоёрдогч өглөгөөр эх үүсвэр татахдаа Хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авсан эсэх, холбогдох журмын шаардлагыг хангаж байгаа эсэх

5.7.Хянан шалгагч нь дараах хүчин зүйлийг үндэслэн энэ журмын 4 дүгээр хавсралтaд заасны дагуу ББСБ-ын активын чанарт үнэлгээ, дүгнэлт өгнө:

5.7.1.активын чанарын үндсэн буюу чанарын хүчин зүйлд үнэлгээ, дүгнэлт өгөхдөө тэнцлийн болон тэнцлийн гадуурх хүндрэлтэй, чанаргүйд ангилагдсан, хугацаандаа төлөгдөөгүй, хуримтлуулж тооцоогүй, нөхцөл нь өөрчлөгдөж шинэчлэгдсэн актив хөрөнгийн түвшин, активын эрсдэлийн сангийн хүрэлцээ, чанаргүй активыг тодорхойлох, удирдах болон эргэн төлүүлэх чадвар, зээл болон бусад хөрөнгө оруулалтын багцын чанар болон тараан байршуулалт, зээл болон хөрөнгө оруулалтын бодлого, заавар журмын зохистой байдал, тэнцлийн гадуурх дансдаас үүсч болзошгүй зээлийн эрсдэл, актив хөрөнгийн төвлөрөл, активын удирдлагын үр дүнтэй байдал, эрсдэлийг тодорхойлох заавар журам, хяналт болон мэдээллийн систем зэргийг үндэслэнэ:

5.7.1.а.нийт активт эзлэх нийт чанаргүй актив хөрөнгийн хэмжээ;

5.7.1.б.өөрийн хөрөнгөд эзлэх нийт чанаргүй актив хөрөнгийн хэмжээ;

5.7.1.в.өөрийн хөрөнгөд эзлэх актив хөрөнгийн эрсдэлийн сангийн хэмжээ;

5.7.1.г.өөрийн хөрөнгөд эзлэх активын төвлөрлийн эрсдэлийн хувь хэмжээ;

5.7.1.д.нийт активт эзлэх үндсэн хөрөнгийн хэмжээ.

5.7.2.Активын чанарын харгалзах хүчин зүйлсийг үнэлэхдээ дараах үзүүлэлтийг тооцно:

5.7.2.а.нийт активт орлого авчирдаггүй активын эзлэх хувь, хэмжээг тооцох;

5.7.2.б.зээлийн бодлогын хэрэгжилт, Зээлийн хорооны үйл ажиллагаа, зээлийн эргэн төлөлт, зээлийн барьцаа хөрөнгийн хэмжээ, чанар, холбогдох зээлдэгчдийн нийт зээлийн эрсдэл, шалгалт хамрах хугацаанд олгосон, төлөгдсөн зээлийн харьцаа;

5.7.2.в.чанаргүй активын нийт активт эзлэх хувь, түүний өсөлт, бууралтын шалтгааныг тодруулах, чанаргүй активыг барагдуулах талаар авсан арга хэмжээ, өр барагдуулж буй үйл ажиллагаа.

5.8.Хянан шалгагч нь дараах хүчин зүйлийг үндэслэн энэ журмын 5 дугаар хавсралтaд заасны дагуу ББСБ-ын удирдлагын чадварт үнэлгээ, дүгнэлт өгнө:

5.8.1.удирдлагын чадварын үндсэн буюу чанарын хүчин зүйлийн үнэлгээг өгөхдөө ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой бүх үзүүлэлтүүд хангагдаж байгаа эсэх, удирдлага нь үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, хэмжих, хянах чадвартай эсэхийг харгалзана:

 5.8.1.а.энэ журмын бусад таван үзүүлэлтийн дундаж үнэлгээ /өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын чанар, ашигт ажиллагаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зах зээлийн эрсдэлийн мэдрэмж/;

5.8.1.б.үйл ажиллагааны орлогод үйл ажиллагааны зардлын байвал зохих хувь хэмжээ.

5.8.2.удирдлагын чадварын харгалзах хүчин зүйлийг үнэлэхдээ дараах үзүүлэлтийг тооцно:

5.8.2.а.Хорооноос өмнө хийсэн газар дээрх шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шалгалтын үр дүнгээр авсан арга хэмжээний чанар, үр дүнгийн байдал;

5.8.2.б.хуульд заасан эрх, үүргийн хүрээнд улс орны эдийн засаг, санхүүгийн салбарт гарч байгаа өөрчлөлтөд зохицуулан ББСБ-ын үйл ажиллагааг удирдах чадвартай эсэх, ББСБ-ын санхүүгийн байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, ББСБ-ын стратегийг зөв тодорхойлж зохистой шийдвэр гаргадаг эсэх, гүйцэтгэх удирдлага нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх;

5.8.2.в.дотоод хяналтын албаны үйл ажиллагааг эрсдэлийг илрүүлэн тогтоох, бууруулахад чиглүүлэн ажиллаж дүгнэлт гаргадаг эсэх, тус албыг байгуулсан болон удирдлагад тайлагнах зарчим нь хуульд заасан шалгуурыг хангаж байгаа болон тухайн ББСБ-ын дүрэм, журамд нийцэж байгаа эсэх;

5.8.2.г.удирдлагын мэдээллийн систем бүрэлдэн бий болсон эсэх, ББСБ-ын үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг хэрхэн цуглуулдаг, шаардлагатай бүх мэдээллийг хамардаг, мэдээллийн үнэн зөв эсэхэд хэрхэн хяналт тавьдаг, Монголбанкны зээлийн мэдээллийн санд холбогдсон эсэх;

5.8.2.д.холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн дотоод дүрэм, заавар журмыг боловсруулж, тэдгээрийг мөрдөж байгаа эсэх;

5.8.2.е.ББСБ нь удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан ажилтнууд нь албан тушаалаа урвуулан ашиглаж байсан эсэх;

5.8.2.ё.нягтлан бодох бүртгэлийн програм хангамжтай эсэх, санхүүгийн тайлан, мэдээг зохих журмын дагуу зөв зохистой гаргадаг эсэх, нягтлан бодох бүртгэлийг Олон Улсын стандартын дагуу гаргахад хяналт тавьдаг эсэх;

5.8.2.ж.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэх.

5.9.Хянан шалгагч нь дараах хүчин зүйлийг үндэслэн энэ журмын 6 дугаар хавсралтaд заасны дагуу ББСБ-ын ашигт ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгнө:

5.9.1.ашигт ажиллагааны үндсэн буюу чанарын хүчин зүйлийг үнэлэхдээ ашигт ажиллагааны түвшин, хандлага болон тогтвортой байдал, ашигт ажиллагааны зах зээлийн эрсдэлээс хамаарах хэлбэлзэл, эрсдэлийн сангуудын зохистой түвшин, гэнэтийн орлого, зарлагаас хамаарах ашигт ажиллагааны хамаарал зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэнэ:

5.9.1.а.актив хөрөнгийн өгөөж (тайлант хугацааны татварын дараах цэвэр ашгийг ББСБ-ын шалгалт хамрах хугацааны нийт актив хөрөнгөд харьцуулсан харьцаа);

5.9.1.б.өөрийн хөрөнгийн өгөөжийг (тайлант үеийн татварын дараах цэвэр ашгийг өөрийн хөрөнгийн дундаж /өмнө оны мөн үеийн өөрийн хөрөнгө дээр тайлант үеийн өөрийн хөрөнгийг нэмж дундчилсан дүн/-тай харьцуулах замаар тус тус тооцно);

5.9.1.в.шалгалт хамрах хугацаан дахь активын өгөөжийн өсөлт, бууралт (ББСБ-ын ашгийн түвшинг өмнөх он, улирлуудтай харьцуулсан өсөлт бууралт, түүний чиг хандлага, өөрчлөлтийн шалтгааныг тодруулах);

5.9.1.г.цэвэр хүүгийн зөрүүний харьцаа (нийт хүүгийн орлого, хүүгийн зардлын зөрүүг ББСБ-ын шалгалт хамрах хугацааны дундаж актив хөрөнгөтэй харьцуулсан харьцаа).

5.10.Ашигт ажиллагааны харгалзах хүчин зүйлийг үнэлэхдээ пассив хөрөнгөд эзлэх хүүд мэдрэмж багатай эх үүсвэрийн хэмжээг тооцно.

5.11.Хянан шалгагч нь дараах хүчин зүйлийг үндэслэн энэ журмын 7 дугаар хавсралтaд заасны дагуу ББСБ-ын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт үнэлгээ, дүгнэлт өгнө:

5.11.1.төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үндсэн буюу чанарын хүчин зүйл чанарыг үнэлж дүгнэхдээ бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлт, бууралтын хандлага, тогтвортой байдал; богино хугацаат, хэлбэлзэл өндөртэй эх үүсвэрээс хамаарах хамаарал, энэхүү богино хугацаат эх үүсвэрээр урт хугацаат активыг санхүүжүүлсэн байдал, актив хөрөнгөд эзлэх хөрвөх чадвар сайтай активын хэмжээ, активыг борлуулах боломж; мөнгөний зах зээлд оролцох болон бусад эх үүсвэр татах чадвар, төлбөрийн чадварын хэрэгцээг хангах чадвар, төлбөрийн чадвартай холбоотой бодлого, заавар журмын зохистой байдал, түүний хэрэгжилт, эх үүсвэрийн удирдлагын стратеги, удирдлагын мэдээллийн систем болон эх үүсвэр татах нөөц төлөвлөгөө, төлбөрийн чадварын эрсдэлийг тодорхойлох, хэмжих, хянах болон ажиглах удирдлагын чадвар, тэнцлийн болон тэнцлийн гадуурх данснууд дахь эх үүсвэрийн хэмжээ зэрэг үзүүлэлтийг харгалзана:

5.11.1.а.Хорооноос тогтоосон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа байдал.

5.12.төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харгалзах хүчин зүйлийг үнэлэхдээ дараах үзүүлэлтийг тооцно.

5.12.1.төлбөрийн чадварын хүндрэл учирч болзошгүй эсэх;

5.12.1.а.актив, пассивын удирдлага, тэдгээрийн төлөгдөх хугацааны уялдаа, гадаад актив, пассивын эрсдэлийн харьцаа, зээл, татан төвлөрүүлсэн хөрөнгийн харьцаа;

5.12.1.б.нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөд эзлэх богино хугацаат хөрөнгийн хэмжээ;

5.12.1.в.итгэлцлийн үйлчилгээ, хоёрдогч өглөг болон хаалттай өрийн бичиг гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нь Хорооноос баталсан журам, зааварт заасан шаардлагыг хангасан эсэх;

5.12.1.г.төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлийн удирдлага.

5.12.2.Банк, бусад санхүүгийн байгууллага, төслийн санхүүжилтээр авсан зээл нь хугацаандаа төлөгдсөн эсэх;

5.12.3.Төлбөр тооцоо саатуулсан эсэх, саатуулж байсан бол хэмжээ, шалтгаан, шийдвэрлэсэн байдал, бусад пассив буюу бусдад төлөх өглөгийн үлдэгдэл.

5.13.Хянан шалгагч нь ББСБ-ын өөрийн үйл ажиллагаанд үүсч буй зах зээлийн эрсдэл буюу хүүгийн, ханшийн болон үнийн эрсдэлийг хэрхэн хянаж байгаад дараах хүчин зүйлийг үндэслэн энэ журмын 8 дугаар хавсралтaд заасны дагуу зах зээлийн эрсдэлийн мэдрэмжид үнэлгээ, дүгнэлт өгнө:

5.13.1.үндсэн буюу чанарын хүчин зүйлийг дараах байдлаар үнэлнэ:

5.13.1.а. гадаад валютын позицийн үзүүлэлтийг нийт болон нэгж валютын хувьд ханган биелүүлж байгаа байдал;

5.13.1.б. гадаад валютын эрсдэлийн үзүүлэлтийг ханган биелүүлж байгаа эсэх, тайланд гадаад валютын ханшийн тэгшитгэлийг үнэн зөв тусгадаг эсэх;

5.13.1.в. ханшийн тэгшитгэлийн орлогын эрсдэлээр жигнэсэн нийт активт эзлэх хувь;

5.13.1.г. санхүүгийн хэрэгсэл, деривативийн үйл ажиллагааны орлогын нийт орлогод эзлэх хувь.

5.13.2.харгалзах хүчин зүйлийг дараах байдлаар үнэлнэ:

5.13.2.а.удирдлага нь зах зээлийн эрсдэлийг тодорхойлон эрсдэлээс хамгаалах талаар арга хэмжээний талаар урьдчилсан төлөвлөгөө, бодлого явуулдаг эсэх;

5.13.2.б.зах зээлийн үнийн өөрчлөлт, ханшийн хэлбэлзэлтэй уялдуулан цаашдын бодлого, үйл ажиллагааг удирдан явуулж байгаа эсэх;

5.13.2.в.эрсдэл хүлээж буй нөхцөлд удирдлага эрсдэлийг даван гарах арга, бололцоо, учирсан хохирлыг нөхөх, арилгах чадвартай эсэхээ хэрхэн тооцож үнэлдэг;

5.13.2.г.удирдлага нь эрсдэлээ хэрхэн үнэлдэг, эрсдэлийг үнэлэх арга нь боловсронгуй эсэх, ББСБ-ын үйл ажиллагаанд тохирсон эсэх;

5.14.ББСБ-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд газар дээрх шалгалтын нэгдсэн үнэлгээ, дүгнэлтийг өгөхдөө энэ журмын 9 дүгээр хавсралтад заасны дагуу дараах зарчмыг баримтална:

5.14.1.шалгалтын ажлын хэсгийн гишүүд нь энэ журмын 5.1-д заасан үзүүлэлт бүрээр ажлын хэсгийн ахлагчтай хамтран үнэлгээ өгнө;

5.14.2.шалгалтын хэсгийн ахлагч нь гишүүдийн хэсэг тус бүрт өгсөн үнэлгээний нийлбэрийн арифметик дунджийг тооцоолон ББСБ-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд нэгдсэн үнэлгээ өгч, шалгалтын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурж, улсын байцаагчийн тэмдэг дарж баталгаажуулна;

5.14.3.Нэгдсэн үнэлгээний дүнгээс хамаарч ББСБ-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг дараах байдлаар үнэлнэ:

5.14.3.а.нэгдсэн үнэлгээ 1-ээс 1.5 хүртэл байвал САЙН;

5.14.3.б.нэгдсэн үнэлгээ 1.6-аас 2.5 хүртэл байвал ХАНГАЛТТАЙ;

5.14.3.в.нэгдсэн үнэлгээ 2.6-аас 3.5 хүртэл байвал ДУНД буюу хяналт шалгалтын арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн;

5.14.3.г.нэгдсэн үнэлгээ 3.6-аас 4.5 хүртэл байвал ХАНГАЛТГҮЙ буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй;

5.14.3.д.нэгдсэн үнэлгээ 4.6-аас 5 хүртэл байвал МУУ буюу төлбөрийн чадваргүй.

5.15.Шалгалтын хэсэг тухайн ББСБ-ын үйл ажиллагаанд өгсөн нэгдсэн үнэлгээнд холбогдох үндэслэлийг тодорхой тусгана.

5.16.Энэ журмын 3-8 дугаар хавсралтаар тооцсон үнэлгээг арифметик дунджаар тооцоолох, мөн бусад харгалзах хүчин зүйлийг тусган ББСБ-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд нэгдсэн үнэлгээ өгч, шалгалтын хэсгийн бүх гишүүд, улсын байцаагч нар гарын үсэг зурж, улсын байцаагчийн тэмдэг дарж баталгаажуулна.

5.17.Шалгалтын ажлын хэсэг нь шалгалт хийсэн тухайн ББСБ-уудын удирдлагад тухайн ББСБ-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд өгсөн нэгдсэн үнэлгээ болон шалгалтын акт, материалыг удирдлагад танилцуулна.

5.18.Шалгалтаар өгсөн нэгдсэн үнэлгээг тухайн ББСБ хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсанаас хойш 10 хоногийн дотор Хорооны Улсын Ерөнхий байцаагчид бичгээр гомдол гаргаж болно.

5.19.Дунд ба түүнээс доош нэгдсэн үнэлгээ авсан ББСБ-д Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3 дахь заалтад заасан арга хэмжээг авна.

Зургаа.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

6.1.Хороо нь банк бус санхүүгийн тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Үүнд:

6.1.1.тухайн үйл ажиллагааны ирүүлбэл зохих санхүүгийн тайлан, мэдээг 2 улирал дараалан Хороонд ирүүлээгүй;

6.1.2.Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг 2 улирал дараалан хангаж ажиллаагүй бол тухайн тодорхой нэр төрлийн үйл ажиллагааг;

6.1.3.үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авснаас хойш 3 улирал дараалан үйл ажиллагаа эрхлээгүй;

6.1.4.хэсэгчилсэн шалгалтаар гарсан дүгнэлтийг үндэслэн;

6.1.5.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

6.2.Хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

6.2.1.Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй нь санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй болсон;

6.2.2.Хорооноос тогтоосон журмыг зөрчиж, санхүүгийн тайлан, мэдээг хугацаанд нь 2 улирал дараалан ирүүлээгүй, хяналт, шалгалт хийх боломжгүй болгосон;

6.2.3.Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллаагүй;

6.2.4.хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулсан;

6.2.5.Хорооноос хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар “хангалтгүй” болон “муу” үнэлгээ авсан;

6.2.6. хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

6.3.Энэ журмын 6.1, 6.2-т заасан үндэслэлээр банк бус санхүүгийн тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд түдгэлзүүлсэн үндэслэл болсон зөрчил дутагдлыг арилгаж хэвийн үйл ажиллагаагаа хангасан тохиолдолд тухайн банк бус санхүүгийн байгууллагын хүсэлтийг үндэслэн сэргээж болно.

6.4.Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан өдрөөс хойш дараах үйлдэл хийхийг хориглоно:

6.4.1.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлээр шинээр аливаа гэрээ, хэлцэл байгуулах;

6.4.2.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлээр тухайн өдрөөс өмнө байгуулсан аливаа гэрээ, хэлцэлд нэмэлт өөрчлөлт оруулах.

6.5.Тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлтэй банк бус санхүүгийн байгууллага нь энэхүү журмын 10 дугаар хавсралтад заасан баримт бичгийг хавсаргаж Хороонд хэвлэмэл болон цахимаар ирүүлнэ.

Долоо.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

7.1.Хороо нь банк бус санхүүгийн тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

7.1.1.хүсэлт гаргасан;

7.1.2.Хорооноос банк бус санхүүгийн тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй;

7.1.3.хэсэгчилсэн шалгалтаар гарсан дүгнэлтийг үндэслэн;

7.1.4.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

7.2.Хороо дараах үндэслэлээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

7.2.1.хүсэлт гаргасан;

7.2.2.Хорооноос баталж гаргасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн шаардлагыг удаа дараа хангаагүй, санхүү, төлбөрийн чадваргүй болсон;

7.2.3.дампуурсан эсхүл татан буугдсан тухай эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчдийн хурлаас зарласан;

7.2.4.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

7.2.5.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

7.2.6.Хорооноос хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар “хангалтгүй” болон “муу” үнэлгээ авсан зөрчил арилаагүй;

7.2.7.ирүүлбэл зохих санхүүгийн тайлан мэдээг 3 улирал дараалан ирүүлээгүй, хяналт, шалгалт хийх боломж олгоогүй;

7.2.8.Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй;

7.2.9.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

7.3.Тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлтэй банк бус санхүүгийн байгууллага нь энэ журмын 11 дүгээр хавсралтын дагуу өргөдөл гаргаж, 12 дугаар хавсралтад заасан баримт бичгийг хавсаргаж Хороонд хэвлэмэл болон цахимаар ирүүлнэ.

7.4.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд Хороо энэ тухай олон нийтэд мэдээлнэ.

7.5.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосноос учирсан аливаа хохирлыг Хороо хариуцахгүй.

7.6.Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гарснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь дуусгавар болно.

7.7.Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа эрхэлсэн бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Найм.Хариуцлага

8.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуул тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.