Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайдын 2019 оны 12 сарын 27-ны

өдрийн 295 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

Зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, зөвлөмжийг олон нийтэд мэдээлэх, хүчингүй болгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Татварын ерөнхий хуулийн 78.1.1, 78.1.2-д заасан татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж /цаашид “зөвлөмж” гэх/ авах хүсэлт гаргах, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Татварын алба нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөнө.

1.3.Зөвлөмжийг Татварын ерөнхий хууль, болон  холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргах бөгөөд зөвлөмжийн агуулга нь хууль тогтоомж тайлбарласан, захирамжилсан шинжийг агуулахгүй.

Хоёр. Зөвлөмж авах хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага

2.1.Татварын ерөнхий хуулийн 78.1.1-д заасны дагуу татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгч зөвлөмж авах хүсэлт гаргаж болно.

2.2.Энэ журмын 2.1-д заасан этгээд нь зөвлөмж авах хүсэлтээ энэ журмын 1 дүгээр хавсралтаар маягтын дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад албан бичгээр хүргүүлнэ.

2.3.Зөвлөмж авах хүсэлт нь дараах шаардлагыг хангасан байна:

2.3.1.өөрөө, эсхүл хуулийн дагуу төлөөлөх эрх бүхий этгээдээр гарын үсэг зурж баталгаажуулсан байх;

2.3.2.холбогдох хууль тогтоомж болон энэ журамд нийцсэн байх;

2.3.3.зөвлөмж хүссэн хууль тогтоомжийн зүйл, заалтыг тодорхой тусгасан байх;

2.3.4.энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтыг үнэн зөв, бүрэн бөглөсөн байх;

2.3.5.зөвлөмжийн хүсэлтэд тухайн зүйл, хэсэг, заалт, дэд заалтын хэрэгжилттэй холбоотой үүсэж буй асуудлыг холбогдох жишээг баримт, нотолгоотой тусгасан байх;

2.3.6.зөвлөмжийн хүсэлтэд татварын хууль тогтоомжийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, хуулийн үндэслэл, холбогдох жишээ, хүсэлт гаргагчийн байр суурийг тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэх;

2.3.7.өмнө нь хандаж байсан асуудлаар хүсэлт гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

2.3.8.Татварын ерөнхий хуулийн 78.3, 78.6-т заасан тохиолдолд хамаараагүй байх;

2.3.9.хүсэлт гаргасан зөвлөмжийн мэдээлэл нь нууцад хамаарах бол энэ тухай үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг хүсэлтэд ирүүлсэн байх.

Гурав. Зөвлөмж авах хүсэлтийг шийдвэрлэх      

3.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвлөмж авах хүсэлтийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий нэгж /цаашид “зөвлөмж хариуцсан нэгж” гэх/ зөвлөмж авах тухай хүсэлтийг хянан, зөвлөмжийн төслийг боловсруулна.

3.2.Зөвлөмж хариуцсан нэгж нь татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлт Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйл болон энэ журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж зөвлөмжийн төсөл, эсхүл хүсэлт хүлээн авахаас татгалзах эсэх тухай санал дүгнэлтийн аль нэгийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулна.

3.3.Зөвлөмж хариуцсан нэгж нь тухайн зөвлөмж авах хүсэлт ирүүлсэн этгээдээс хүсэлтийнх нь талаар амаар болон бичгээр тодруулга, тайлбар авч нэмэлт мэдээлэл гаргуулж болно.

3.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргасан зөвлөмж, эсхүл хүсэлт хүлээн авахаас татгалзах эсэх шийдвэрээ холбогдох үндэслэлийн хамт хүсэлт хүлээн авснаас 30 хоногийн дотор татвар төлөгчид албан бичгээр мэдэгдэнэ.

3.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ журмын 3.4-т заасан хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.6.Зөвлөмжийг энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж”-ийн маягтын дагуу гаргана.

3.7.Энэ журмын 2.3.9-д зааснаар зөвлөмж авахаар ирүүлсэн хүсэлтийн мэдээлэл нь нууцад хамаарах тухай үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт ирүүлсэн бол нууцлалыг татварын алба, зөвлөмж хариуцсан нэгж, татварын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хадгалах, хамгаалах арга хэмжээ авч ажиллана.

3.8.Татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх зорилгоор татварын албаны санаачилгаар, эсхүл Маргаан таслах зөвлөл, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор зөвлөмж гаргах асуудлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйл, энэ журмын дагуу шийдвэрлэнэ.

3.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргасан зөвлөмжтэй холбогдуулан зөвлөмж хүсэх тухай татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлт болон зөвлөмжийг холбогдох бусад материалын хамт танилцаж болно.

 

Дөрөв. Зөвлөмжийг хүчингүй болгох

4.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, татварын улсын ерөнхий байцаагч нь дараах тохиолдолд зөвлөмжийг бүрэн буюу хэсэгчлэн хүчингүй болгоно.

4.1.1.зөвлөмж нь хуульд нийцээгүй;

4.1.2.зөвлөмж нь хуульд заасан шаардлага хангаагүй;

4.1.3.Татварын ерөнхий хуулийн 78.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд.

4.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөмжийг хүчингүй болгох тохиолдолд энэ зөвлөмжийг хүчингүй болсонд тооцох тухай татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад албан бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээр зөвлөмж хүчингүй болно.

4.3.Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд тухайн хууль тогтоомжид орсон өөрчлөлтийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс эхлэн зөвлөмжийг хүчингүйд тооцно.

4.4.Зөвлөмжийг хүчингүй болсонд тооцсон тухай мэдээллийг энэ журмын 6.1-д заасан цахим санд нийтэлж, хүсэлт гаргасан татвар төлөгчид татварын улсын ерөнхий байцаагч бичгээр хүргүүлнэ.

 

   Тав. Олон нийтэд мэдээлэх

5.1.Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 78 дугаар 78.2-т заасан олон нийтэд нээлттэй зөвлөмжийн цахим сантай байна. 

5.2.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор татварын албаны зөвлөмжийн цахим санд нийтэлнэ.

5.3.Хууль тогтоомжийн дагуу нууцад хамаарах зөвлөмжийг тухайн нууцлал бүхий хэсгийг дарсан байдлаар цахим санд нийтэлнэ.

5.4.Хууль тогтоомжийн дагуу нууцад хамаарах үндэслэлээр татварын албаны зөвлөмжийн цахим санд нийтлээгүй зөвлөмжтэй холбогдох мэдээллийг татварын алба болон татварын улсын байцаагч нь хууль тогтоомжийн дагуу танилцаж болно.

5.5.Зөвлөмж хүчингүй болгосон тухай ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргасан татвар төлөгчид мэдэгдэх ба татварын албаны зөвлөмжийн цахим сангаар нийтэд мэдэгдэнэ. Ийнхүү олон нийтэд мэдэгдсэн өдрөөс эхлэн зөвлөмжийг хүчингүй болсонд тооцно.

 

---oo00oo---