Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний

өдрийн 307 дугаар тушаалын хавсралт

 

Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай

холбогдох харилцааг зохицуулах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Өртэй татвар төлөгчийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, авлага, банкан дахь харилцах данс, биет бус хөрөнгө /цаашид “хөрөнгө” гэх/-ийг битүүмжилж, уг хөрөнгөөс татварын өрийг гаргуулах харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

             1.2.Татварын улсын байцаагч өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.

 1.3.Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 55.1.1, 55.1.2, 55.1.3-т заасан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй, эсхүл татвар төлөгчид мөн хуулийн 55.1.4-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварын алба хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл болно.

 1.4.Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчид татварын өр төлөх хугацааг сунгаж хөнгөлөлт үзүүлсэн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хэрэгжүүлэхгүй.

 1.5.Татварын алба өртэй татвар төлөгчийн хөрөнгөөс татварын өрийг гаргуулах буюу хөрөнгө битүүмжлэхдээ Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийг баримтална.

 1.6.Хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд Татварын ерөнхий хуулийн 19.3-т заасан нөхцөл үүсэх тохиолдолд цагдаагийн байгууллагын дэмжлэг хүснэ.

 1.7.Хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалах ажиллагааг өртэй татвар төлөгчийг харьяалах татварын алба хэрэгжүүлэх бөгөөд битүүмжилсэн эсхүл битүүмжлэх хөрөнгө байршиж буй нутаг дэвсгэрийн татварын албанд битүүмжилсэн хөрөнгөөс татварын өрийг барагдуулах ажиллагааг шилжүүлж болно.

 

Хоёр. Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа

           2.1.Татварын алба өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлсэн байна:

                    2.1.1.татварын өрийг төлүүлэхээр өртэй татвар төлөгчид “Татварын нэхэмжлэх” хүргүүлсэн байх;

              2.1.2.Татварын ерөнхий хуулийн 54.1-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд өртэй татвар төлөгчид “Урьдчилан нэхэмжлэх хуудас” хүргүүлсэн байх.

2.2.Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг түүний өмчлөл, эзэмшилд хамаарах эсэхийг дараах байдлаар тодорхойлно:

2.2.1.өртэй татвар төлөгч нь хөдлөх эд хөрөнгө өмчилдөг байх, үнэт цаасны тухайд эзэмшигч, өмчлөгчөөр эрх бүхий байгууллагад бүртгэлтэй байх;

                         2.2.2.үл хөдлөх эд хөрөнгө, автомашин, агаарын хөлөг, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эсхүл эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий хөрөнгө, зохиогчийн эрх болон бусад биет бус хөрөнгийн тухайд холбогдох бүртгэлийн байгууллагад өртэй татвар төлөгчийн нэрээр бүртгүүлсэн байх;

                       2.2.3.бүртгэлгүй хөрөнгийн хувьд эзэмшиж буй бодит байдал, ашиглалтын байдал нь өртэй татвар төлөгчид хамаарах үндэслэлтэй байх;

 2.2.4.иргэн, хуулийн этгээдийн эзэмших хувьцаа нь хуулийн этгээдийн дүрэм, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлд болон бүртгэх эрх бүхий байгууллагад өртэй татвар төлөгчийн нэрээр бүртгэгдсэн байх;

                           2.2.5.авлагын тухайд зээлийн гэрээ, өрийн бичиг, хадгаламжийн дэвтэр, санхүүгийн тайлан, арбитрын болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол, магадал болон бусад бичиг баримтад өртэй татвар төлөгчид хамаарахаар тусгагдсан байх.

 2.3.Хөрөнгийн бүртгэл нь өртэй татвар төлөгчид шууд хамааралгүй байсан ч худалдах, худалдан авах, бэлэглэл, арилжаа, хөрөнгө оруулалт зэргээр гэрээний дагуу хөрөнгө нь өртэй татвар төлөгчид шилжих нь тодорхой болсон бол уг хөрөнгийг өртэй татвар төлөгчид хамаарах хөрөнгө гэж үзнэ.

 2.4.Татварын өр хураах зардал, хөрөнгийн хөрвөх чадвар зэргийг харгалзан битүүмжлэх хөрөнгийг татварын алба тогтоох ба татвар төлөгч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

 2.4.1.гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй байх;

2.4.2.мөнгөн хэлбэрт шилжүүлэхэд хялбар байх;

2.4.3.хадгалах эсхүл хураан авахад хялбар байх.

 2.5.Татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, эсхүл битүүмжилсэн хөрөнгөөс татварын өр гаргуулах ажиллагааг бусад татварын албанд шилжүүлэх бол тухайн татвар төлөгчийн харьяалах татварын албаны даргын тушаалаар хэрэгжүүлнэ.

 2.6.Хөрөнгийг битүүмжлэхэд татварын улсын байцаагч нь битүүмжлэх мэдэгдэх хуудас, тэмдэглэл, битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудас зэрэг баримт бичгийг үйлдэнэ.

 2.7.Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг татварын улсын байцаагч гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 2-5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг тухайн татварын албаны даргын тушаалаар томилно.

 2.8.Татварын алба битүүмжлэх ажиллагааг эхлэх талаар мэдэгдлийг өртэй татвар төлөгчид ажлын таван өдрийн өмнө биечлэн эсвэл шуудангаар, цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 2.9.Татварын алба өртэй татвар төлөгчийн банкан дахь данс /татварын өрийг үл маргах журмаар гаргуулах/-аас бусад хөрөнгийн битүүмжлэлийг дараах байдлаар гүйцэтгэнэ:

 2.9.1.хөрөнгө битүүмжлэхдээ өртэй татвар төлөгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулах;

 2.9.2.хөрөнгө битүүмжилсэн тухай битүүмжлэх акт үйлдэж, актад өртэй татвар төлөгчийн нэр, хаяг, байршил, татварын өрд хамаарах хугацаа, татварын төрөл, татвар төлөх хуулийн хугацаа болон хэмжээ, битүүмжилсэн хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, шинж чанар, акт үйлдсэн огноо зэргийг тусгах;

2.9.3.битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах, хадгалах, хамгаалах, ашиглах нөхцөлийг зааж, татварын албаны мэдэлд авах, шаардлагатай бол лацдах, ломбодох, түгжих зэргээр ашиглуулахгүй байх, эсхүл эзэмшигчид ашиглуулах нөхцөлтэйгөөр хариуцуулан өгөх;

2.9.4.энэ журмын 2.9.1-д заасан этгээд нь хөрөнгө битүүмжлэх үйл явцыг нотлох үүрэг хүлээж, битүүмжлэх актад гарын үсэг зурах, татгалзсан тохиолдолд шалтгаанаа дурдсан тайлбарыг актад хавсаргах.

 2.10.Битүүмжилсэн хөрөнгийг хариуцсан эзэмшигч нь уг хөрөнгийг үрэгдүүлэх, худалдах, бусдад шилжүүлэхгүй байх, бүрэн бүтэн байдлыг хангах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөхгүй байх үүрэг хүлээх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх талаар татварын улсын байцаагч түүнд танилцуулна.

 2.11.Татварын алба дор дурдсан хөрөнгийг битүүмжлэх тохиолдолд хөрөнгийг эзэмшигч эрх бүхий этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ:

 2.11.1.барьцааны эрхтэй ба гуравдагч этгээдийн эрхтэй хөрөнгийн битүүмжлэлийн эрх эзэмшигчид;

               2.11.2.Иргэний хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан тэмдэглэл хийгдсэн хөрөнгийн битүүмжлэлийг бүртгэлтэй эрх бүхий этгээдэд.

 2.12.Татварын алба өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйлдсэн баримт бичгийн мэдээллийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэснээс хойш ажлын гурван өдөрт багтаан холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

 2.13.Татварын алба өртэй татвар төлөгчийн өмчлөл, эзэмшилд байгаа Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд зааснаас бусад хөрөнгийг битүүмжилнэ.

 2.14.Хойшлуулшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд битүүмжлэх ажиллагааг ажлын цагт багтаан гүйцэтгэнэ.

 

Гурав. Хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаас битүүмжлэх, бэлэн мөнгө хураах

 3.1.Татварын алба хөдлөх эд хөрөнгө болон үнэт цаасыг битүүмжлэхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлсэн байна:

 3.1.1.хөрөнгийг татварын албаны мэдэлд авч, өртэй татвар төлөгчийн захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах арга хэмжээ авах;

 3.1.2.хөрөнгө битүүмжлэх акт үйлдэж, хувийг өртэй татвар төлөгчид хүргүүлэх;

 3.1.3.өртэй татвар төлөгчийн гэр бүлийн гишүүн, эсхүл харилцан хамааралтай этгээдээс бусад гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа хөрөнгийг битүүмжлэх бол уг хөрөнгийг татварын албанд шилжүүлэх тухай гуравдагч этгээдэд бичгээр мэдэгдэнэ;

 3.1.4.хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээн авсан гуравдагч этгээдийн өртэй татвар төлөгчтэй байгуулсан түрээсийн гэрээ, хөрөнгө ашиглах, эсхүл орлого олох гэрээг цуцлах, цуцлахгүйгээр гурван сараар хязгаарлан хөрөнгийг ашиглах, ашиг орлого олох нөхцөлийн аль нэгийг сонгон хэрэгжүүлж болно;

 3.1.5.татварын алба битүүмжилсэн хөрөнгийг өртэй татвар төлөгчид, эсхүл тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа гуравдагч этгээдэд ашиглах /орлого олох/ болон ашиглахыг зөвшөөрөхгүйгээр хадгалуулж болно;

 3.1.6.татварын алба битүүмжилсэн хөрөнгийг өртэй татвар төлөгчид эсхүл тухайн хөрөнгийг эзэмшигч гуравдагч этгээдэд хадгалуулахгүй тохиолдолд зөөн тээвэрлэж, энэ тухай хөрөнгө битүүмжлэх актад тэмдэглэн гарын үсэг зуруулж, хуулбарыг тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээдэд хүргүүлнэ.

 3.2.Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох үед бэлэн мөнгө илэрсэн үед тэмдэглэл үйлдэж, нэн даруй буюу 24 цагийн дотор тухайн этгээдийн төлөх татварын өрийн хэмжээгээр татварын орлогын дансанд тушааж, тушаасан тухай баримтыг өртэй татвар төлөгчид өгнө.

 3.3.Татварын алба үнэт цаасыг битүүмжлэх актыг тухайн үнэт цаасыг бүртгэх, хадгалах, арилжих, төлбөр тооцоог гүйцэтгэх үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд, эсхүл бусад холбогдох байгууллагад битүүмжлэх шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор хүргүүлнэ.

 

Дөрөв. Авлага битүүмжлэх

 4.1.Авлагад цалин хөлс, ногдол ашиг, гуравдагч этгээдээс авах авлага буюу мөнгөн хөрөнгөнд шилжүүлэх боломжтой хөрөнгийг нэхэмжлэх эрх, шаардах эрх, адилтгах бусад эх үүсвэр хамаарна.

 4.2.Татварын өрийн хэмжээнээс хамаарч авлагыг бүрэн эсхүл хэсэгчлэн битүүмжлэх бөгөөд авлагыг битүүмжлэхдээ дараах журмыг баримтална:

 4.2.1.авлага битүүмжлэх ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээдэд битүүмжлэх мэдэгдэх хуудас хүргүүлснээр эхэлсэнд тооцно;

4.2.2.битүүмжлэх хугацаа нь битүүмжлэх мэдэгдэх хуудас хүргүүлснээс эхлэн татварын өрийг бүрэн хураах хүртэл үргэлжилнэ;

4.2.3.цалин хөлсийг битүүмжлэхдээ Татварын ерөнхий хуулийн 64.6 дахь хэсгийг баримтална;

4.2.4.өртэй татвар төлөгч битүүмжлэлийн хугацаанд татварын өрийг бүрэн төлсөн бол татварын алба ажлын гурван өдрийн дотор гуравдагч этгээдэд авлагын битүүмжлэлийг цуцалсан тухай албан бичгээр болон цахимаар мэдэгдэнэ.

4.3.Суутгах үүрэг бүхий гуравдагч этгээд нь битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан төлбөрийн хуваарийн дагуу авлагын суутгал хийж, суутгал хийснээс хойш ажлын гурван өдрийн дотор татварын орлогын дансанд шилжүүлнэ.

 4.4.Өртэй татвар төлөгч ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан болон бусад шалтгаанаар татварын өрийг суутгах боломжгүй болсон бол энэ тухай ажлын долоон өдрийн дотор татварын албанд мэдэгдэнэ.

            4.5.Авлага битүүмжилсэн хугацаанд Татварын ерөнхий хуулийн 64.7-д заасан үйлдэл хийхийг хориглоно.

 

Тав.Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах

 5.1.Татварын алба татвар төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх замаар татварын өрийг гаргуулахдаа дараах журмыг баримтална:

                         5.1.1.банкан дахь данс гэдэгт татвар төлөгчийн арилжааны банканд нээлгэсэн хадгаламжийн болон харилцах данс хамаарна;

 5.1.2.татвар төлөгч татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 55.1-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төлөөгүй татварын дүнгээр хязгаарлан татвар төлөгчийн банкан дахь данснаас татварын өрийг гаргуулах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг банканд хүргүүлнэ;

                         5.1.3.битүүмжлэх мэдэгдэх хуудсыг батлагдсан загвар, агуулгын дагуу үйлдэж, татвар төлөгчийн банкан дахь харилцах дансны зарлагын гүйлгээг бүрэн эсхүл хэсэгчлэн зогсоох тухай тусгаж, энэ тухайгаа татвар төлөгчид мэдэгдэнэ;

 5.1.4.битүүмжлэх мэдэгдэх хуудсанд битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэж байгаа татварын албаны дарга гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна;

 5.1.5.битүүмжлэх мэдэгдэх хуудсыг цахим хэлбэрээр хүргүүлж болно.

 5.2.Битүүмжлэх хугацаа нь битүүмжлэх мэдэгдэх хуудас хүргүүлснээс эхлэн татварын өрийг бүрэн хураах хүртэл хугацаанд үргэлжилнэ.

 5.3.Битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан арилжааны банк нь Татварын ерөнхий хуулийн 63.1.3-т заасныг хэрэгжүүлэхдээ хоёр буюу түүнээс олон тооны данснаас татварын өр шилжүүлэх бол ийнхүү шилжүүлсний дараа татвар төлөгчид ногдох хүүгийн орлого хамгийн өндөр байх хувилбарыг сонгоно.

             5.4.Татвар төлөгчийн банкан дахь дансны үлдэгдэл нь битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан татварын өрийг бүрэн төлж хүрэлцэхгүй бол татвар төлөгчийн дансыг татварын өрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд битүүмжилж, битүүмжилсэн дансанд орлого орсон тухай бүр шилжүүлнэ.

5.5.Банк битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол татварын албанд мэдэгдэнэ.

 5.6.Татварын алба энэ журмын 5.5-д заасан банкны мэдэгдлийг үндэслэн ажлын гурван өдрийн дотор битүүмжлэх мэдэгдэх хуудсыг цуцалсан тухай банканд болон татвар төлөгчид мэдэгдэнэ.

 5.7.Татвар төлөгч битүүмжлэлийн хугацаанд татварын өрийг үл маргах журмаас бусад хэлбэрээр төлсөн бол татварын алба татварын өр төлсөн хугацаанаас хойш ажлын гурван өдрийн дотор банканд болон татвар төлөгчид мэдэгдэж, битүүмжлэлийг цуцална.

 

Зургаа. Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэх

 6.1.Үл хөдлөх эд хөрөнгө, агаарын хөлөг, автомашин, барилгын тоног төхөөрөмжийг битүүмжлэхдээ Татварын ерөнхий хуулийн 65 дугаар зүйл болон энэ журмын 2 дугаар зүйлд заасныг баримтлан хэрэгжүүлнэ.

 6.2.Татварын алба үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилснээс хойш ажлын гурван өдөрт багтаан бүртгэх байгууллагад мэдэгдэж, битүүмжлэлийг бүртгүүлнэ.

 

Долоо. Биет бус хөрөнгө битүүмжлэх

7.1.Биет бус хөрөнгөнд Иргэний хуулийн 84.5-д заасан хөрөнгө хамаарна.

7.2.Биет бус хөрөнгийг битүүмжлэхдээ Татварын ерөнхий хуулийн 66 дугаар зүйл болон энэ журмын 2 дугаар зүйлд заасныг баримтлан хэрэгжүүлнэ.

 7.3.Татварын алба биет бус хөрөнгийг битүүмжилснээс хойш ажлын гурван өдөрт багтаан холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, битүүмжлэлийг бүртгүүлнэ.

 7.4.Татварын алба гуравдагч этгээдийн ашиглаж байгаа биет бус хөрөнгийг битүүмжлэх тухай бүр гуравдагч этгээдэд битүүмжлэх хуудсыг хүргүүлж хэрэгжүүлнэ.

 

            Найм. Битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, хамгаалах

            8.1.Битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг өртэй татвар төлөгч, эсхүл тухайн хөрөнгийг эзэмшигч гуравдагч этгээдэд хадгалуулж болно.

 8.2.Татварын улсын байцаагчийн битүүмжилсэн, хураан авсан хөдлөх эд хөрөнгийг татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүн, гэрээ байгуулсан бусад этгээдэд, эсхүл татварын албаны тусгай зориулалтын байранд хадгалуулж болно.

 8.3.Энэ журмын 8.1, 8.2-т заасан этгээд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд татварын албаны зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно.

 8.4.Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийн шинж чанараас хамааран түүнийг ашиглах нь эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх, үрэгдүүлэх, гэмтээх эрсдэлтэй бол бусад этгээдэд ашиглуулахыг хориглоно.

 8.5.Битүүмжлэгдсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд түүнийг хөдөлгөх, зөөж тээвэрлэхэд татварын албанд мэдэгдэнэ.

 8.6.Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцагч этгээд /цаашид “Хадгалагч” гэх/ нь татвар төлөгчийн, эсхүл түүний гэр бүлийн гишүүн биш бөгөөд бусад гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах асуудлыг Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан Хадгалалтын гэрээгээр зохицуулна.

 8.7.Хадгалагч татварын албаны зөвшөөрөлгүйгээр хадгалуулсан эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, гэмтээсэн, устгасан, нуусан, эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилсөн бол учирсан хохирлыг бүрэн хариуцна.

 8.8.Үнэт цаасыг бүртгэх, хадгалах, арилжих, төлбөр төлөх, үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, үнэт цаасны арилжаанд оролцогч бусад этгээд нь битүүмжилсэн үнэт цаасыг татварын албаны зөвшөөрөлгүй худалдан борлуулахгүй. Битүүмжлэх тухай шийдвэрийг хүлээн авмагц хязгаарлагдсан эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйлгээг даруй зогсооно.

 

Ес. Битүүмжлэлийг цуцлах

 9.1.Татварын алба дараах тохиолдолд битүүмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн цуцална:

                         9.1.1.татвар төлөлт, суутган тооцох, татварын тайлан залруулснаар татварын дүнд өөрчлөлт орох зэргээс хамаарч, эсхүл бусад шалтгаанаар битүүмжлэлд хамаарах татварын өр бүрэн барагдсан;

 9.1.2.битүүмжилсэн хөрөнгийн үнэ цэнэ нь тухайн битүүмжлэлд хамаарах татварын өр хураах ажиллагааны зардал, битүүмжлэлд хамаарах татвараас давуу эрхтэй авлагын нийлбэр дүнд хүрэхгүй болсон;

                         9.1.3.битүүмжлэлд хамаарах татвар хэсэгчлэн төлөгдсөн, суутган тооцогдсон, залруулсан тайлангаар ногдол буурсан, битүүмжилсэн хөрөнгийн үнэ өссөн болон бусад шалтгаанаас тухайн үнэ нь битүүмжлэлд хамаарах татвар болон бусад авлагын нийлбэрээс 2 дахин их болох;

 9.1.4.өртэй татвар төлөгч битүүмжлэхэд тохиромжтой өөр хөрөнгөөр сольсон, түүнийг нь битүүмжилсэн.

 9.2.Битүүмжлэлийг цуцлахдаа өртэй татвар төлөгчид мэдэгдэнэ.

 9.3.Үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөрөнгийн битүүмжлэлийг цуцлахдаа энэ тухай холбогдох бүртгэх байгууллагад мэдэгдэж хэрэгжүүлнэ. 

9.4.Татварын алба битүүмжлэлийг цуцалсан тухай энэ журмын 2.11-д заасан этгээдэд мэдэгдэнэ.

 

 

--oo00oo--