Хэвлэх DOC Татаж авах

Татварын ерөнхий газрын даргын

2019 оны А/261 дүгээр тушаалын хавсралт

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫГ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ, АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан чөлөөлөлт, 23 дугаар зүйлд заасан хөнгөлөлт эдлүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлсөн хувь хүнд татварын чөлөөлөлт үзүүлж, хөнгөлөлт эдлүүлэхгүй.

1.3.Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацааг баримтална.

1.4.Албан татварын хөнгөлөлт эдлэх орлогын эх үүсвэр нь албан татвар ногдуулсан орлого байна.

1.5.Албан татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой нотлох баримтыг цаасаар эсхүл цахим хэлбэрээр ирүүлж болно. Цаасан хэлбэрээр шуудангаар ирүүлэх болон цахим хэлбэрээр илгээхдээ холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Хоёр. Албан татвараас орлого чөлөөлөх

2.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан орлогыг албан татвараас чөлөөлөхдөө албан татвар ногдох нийт орлогоос хасаж тооцно.

2.2.Суутган төлөгч нь хууль тогтоомжид тусгайлан заагаагүй “Хөдөлмөрийн дотоод журам” зэрэг зөвхөн тухайн байгууллагын баримт бичиг, шийдвэрийг үндэслэн олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхгүй.

2.3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хувь хүний орлогыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын алба албан татвараас чөлөөлнө.

2.4.Журмын 2.3 дахь хэсэг нь ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хүнд хамаарахгүй.

2.5.Шүүхийн шийдвэрээр олгохоор тогтоогдсон цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдох бөгөөд албан татвараас чөлөөлөгдөх нөхөх олговорт хамаарахгүй

2.6.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1.4-т заасан малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлогыг албан татвараас чөлөөлөх бөгөөд мал болон малын мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, бусад түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын орлого чөлөөлөлтөд хамаарахгүй.

2.7.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлогыг албан татвараас чөлөөлөхдөө бүртгэх эрх бүхий байгууллагын лавлагааг үндэслэнэ.

Гурав. Албан татварын хөнгөлөлт эдлүүлэх

3.1.Албан татвар төлөгч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эхэлж эдлэх ба суутган татвар төлөгч уг хөнгөлөлтийг сар бүр эдлүүлнэ.

3.2.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1.3-т заасны дагуу мөн хуулийн 23.1-т зааснаас бусад хөнгөлөлтийг төлсөн татварын хэмжээнд багтаан өөрөө сонгож эдэлнэ.

3.3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1, 23.9-д зааснаас бусад албан татварын хөнгөлөлтийг тооцож илүү төлсөн албан татварыг буцаан олгохгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 49.2, 49.3-т заасны дагуу төлбөл зохих бусад татварт болон дараагийн сар, улиралд төлөх албан татварт шилжүүлэн тооцно.

3.4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.14-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтийг хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн албан татварын дүнгээс хэтрүүлэн эдлүүлэхгүй.

3.5.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1.4, 28.1.5-д заасны дагуу албан татварын хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй бөгөөд мөн хуулийн 23.4-т зааснаас бусад хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй.

3.6.Энэ журмын 3.3-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтийг буцаан олгохдоо “Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ыг баримтална.

3.7.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.2-т заасан хөнгөлөлт нь үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүний үр, суулгац, тэжээлийн ургамал, модны суулгацыг импортоор оруулсан буюу худалдан авч дамжуулан борлуулсан хувь хүнд хамаарахгүй.

3.8.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3-д заасан хөнгөлөлтийг зөвхөн нэг удаа эдэлнэ.

3.9.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4-т заасан албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхдээ дараах бичиг баримтыг үндэслэнэ:

3.9.1.төрийн мэдээлэл, солилцооны системээс гаргасан лавлагаа

3.9.1.1.орон сууцны захиалгын, эсхүл худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт;

3.9.1.2.орон сууц худалдан авсан, банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт;

3.9.1.3.шинээр баригдсан орон сууц худалдан авсан тохиолдолд борлуулагч талаас олгосон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий цахим төлбөрийн баримт /цаашид “и-баримт” гэх/;

3.9.1.4.хувьдаа орон сууц барьсан бол материал худалдан авсан төлбөрийн баримт, эсхүл хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан;

3.9.1.5.үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт;

3.9.1.6.орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлого нь албан татвар ногдсон орлого болохыг нотолсон баримт.

3.10.Татвар төлөгч нь энэ журмын 3.10.1, 3.10.2-т заасан лавлагаа, бичиг баримтыг шуудангаар илгээж болох бөгөөд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний лавлагаанаас бусад бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна;

3.11.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасны дагуу 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ нь 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан буюу барьсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь энэ хугацаанаас хойш гарч баталгаажсан татвар төлөгчид хамаарна.

3.12.Хөнгөлөлт эдлэх хувь хүн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасан өөрийн албан татвар ногдсон орлого гэдгийг нотлох үүрэг хүлээх бөгөөд нотолж чадаагүй тохиолдолд уг орлогод албан татварыг ногдуулж төлүүлсний дараа хөнгөлөлтийг эдлүүлнэ.

3.13.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т заасан “анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан” гэдэгт 2020 оноос хойш хувьдаа орон сууцны барилга барьсан буюу худалдан авсан, 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуулиар энэ төрлийн чөлөөлөлт эдэлж буцаан олголт авч байгаагүй татвар төлөгчийг хамааруулан ойлгож хэрэгжүүлнэ.

3.14.Хувьдаа орон сууцны барилга барьсан буюу худалдан авсан, 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуулиар татварын чөлөөлөлтөө бүрэн эдэлж дуусаагүй татвар төлөгч 2020 онд үргэлжлүүлэн эдлэх бөгөөд татвар ногдох орлогоос хасаж чөлөөлөх орлогын нийт дүн 30 хүртэлх сая төгрөг байна.

3.15.Амьдран суух зориулалтаар барьсан буюу худалдан авсан орон сууцыг хамтран эзэмшигчээр 2 ба түүнээс дээш хувь хүн бүртгэгдсэн тохиолдолд тухайн орон сууцанд ногдох хөнгөлөлтийг зөвхөн нэг татвар төлөгчид эдлүүлнэ.

3.16.Хуульд заасны дагуу хөнгөлөлт эдэлж буй орон сууц эзэмших эрхийг худалдан борлуулах буюу бусад замаар бусдад шилжүүлсэн бол тухайн татварын жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн эдэлж дуусгана.

3.17.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.5, 23.6-д заасан хөнгөлөлтийг дараах шаардлага, нотлох баримтыг үндэслэн эдлүүлнэ:

3.17.1.асран хамгаалагчаар тогтоогдсон гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д зааснаар ойлгоно;

3.17.2.“тухайн татварын жилд төлсөн” гэдгийг Татварын ерөнхий хуулийн 6.1.28-д заасан хугацааг хамааруулах;

3.17.3.хуульд заасан анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмшигч гэдэгт бакалавр, дипломын мэргэжил эзэмших их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд өмнө нь суралцаж мэргэжил эзэмшээгүй анхлан суралцагчийг хамааруулна. Дахин мэргэжил эзэмших, мэргэшүүлэх сургалт, магистр, докторын сургалтад суралцаж буй хувь хүний сургалтын төлбөр энэ хөнгөлөлтөд хамаарахгүй;

3.17.4.гадаад улсад хэлний бэлтгэлд сурч байгаа тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.5, 23.6-д заасан сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамаарахгүй;

3.17.5.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.5, 23.6-д заасан албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхдээ дараах бичиг баримтыг үндэслэнэ:

3.17.5.1төрийн мэдээлэл солилцооны системээс гаргасан лавлагаа:

3.17.5.2.Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, шүүхийн шийдвэр, хүүхэд үрчилсэн тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, эцэг, эхийн гэрлэлтийн лавлагаа;

3.17.5.3.сургалтын төлбөр төлсөн төлбөрийн баримт;

3.17.5.4.сургалтын төлбөр төлсөн төлбөрийн и-баримт;

3.17.5.5.гадаад сургалтын төлбөр төлсөн баримтыг баталгаат орчуулгаар орчуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. Сургалтын төлбөрт гадаад улсад амьдрах байр, хоолны мөнгийг хамааруулахгүй;

3.17.5.6.зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт;

3.17.5.7.энэ журмын 3.18.3-т заасан анхлан суралцагчийг нотлох баримт.

3.18.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.7-д заасны дагуу Засгийн газрын тогтоолоор батлагдсан тоног төхөөрөмжид хамаарах татвар төлөгчийн ирүүлсэн төлбөрийн баримт, төлбөрийн и-баримт, импортоор оруулсан бол гаалийн мэдүүлэг, гаалийн байгууллагад төлсөн албан татвар, хураамжийн баримт, техник, тоног төхөөрөмжийн гэрчилгээ зэрэг нотлох баримт, шаардлагыг үндэслэн хөнгөлөлтийг эдлүүлнэ.

3.19.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.1-т зааснаар “...түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг” сэргээн засварлахад зориулж өгсөн хандивтай тэнцэх хэмжээний орлогод ногдох татварыг хөнгөлнө.

3.20.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.10-т заасан хөнгөлөлтийг дараах шалгуурыг хангасан албан татвар төлөгчийн тайлант хугацаанд төлж, тайлагнасан татварын дүнгээр холбогдох нотлох баримтыг үндэслэн эдлүүлнэ:

3.20.1.Монгол Улсын иргэн байх;

3.20.2.хөнгөлөлт эдлэх орлого нь хуулийн 6.3.2-т заасан үйл ажиллагааны орлого байх;

3.20.3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.10-д заасан Улаанбаатар хотоос хол алслагдсан аймаг, сум хүртэлх зай гэсэн шалгуурыг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон улсын болон орон нутгийн чанартай авто замуудын эхлэл, төгсгөлийн цэгийн тодорхойлолтыг үндэслэх;

3.20.4.тухайн аймаг, суманд байнга амьдран суудаг болох нь иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа, Засаг даргын тодорхойлолтоор батлагдсан;

3.20.5.тухайн орон нутагт бүртгэлтэй хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь Засаг даргын тодорхойлолтоор батлагдсан.

Дөрөв. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тайлагнах, холбогдох баримт бүрдүүлэх

4.1.Хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх албан татвар төлөгч нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын дагуу батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тайлан, хавсралт мэдээг нотлох баримтын хамт харьяалах татварын албанд ирүүлж татварын хөнгөлөлт эдэлнэ.

4.2.Суутгагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан орлогыг албан татвар төлөгчид олгосон бол албан татвараас чөлөөлж, батлагдсан маягт, зааврын дагуу бусдад олгосон татвар суутгаагүй орлогыг тайлагнана.

4.3.Суутгагч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлэхдээ албан татвар төлөгчид олгосон татвар ногдуулах орлого, хөнгөлөгдөх татварын хэмжээг хуулийн 27.1-д заасны дагуу улирал бүр өссөн дүнгээр тооцож, зөрүүг залруулж тайлагнана.

4.4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25.5-д заасны дагуу суутгагч нь мөн хуулийн 23.1-д заасан татвар ногдуулах орлого болон хөнгөлөлтийг 12 сард тэнцүү хувааж, тухайн ажилласан сард ногдох хөнгөлөлтийг эдлүүлнэ.

4.4.1.Тухайн тайлант жилийн 12 сард бүрэн тухайн байгууллагад харьяалагдаж ажилласан ажилтанд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөгдөх татварын хэмжээг мөн хуулийн 27.1-д заасны дагуу жилийн эцэст өссөн дүнгээр тооцож, зөрүүг залруулж тайлагнана.

4.4.2.Тайлант жилийн 12 сарын турш тухайн байгууллагад харьяалагдаж ажиллаагүй ажилтныг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөгдөх татварын хэмжээг суутгагч өссөн дүнгээр тооцох, зөрүүг залруулах үүрэг хүлээхгүй.

4.4.3.Тайлант жилийн 12 сард тухайлсан нэг байгууллагад харьяалагдах ажиллаагүй татвар төлөгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг бүрэн эдлэх зорилгоор тайлан гарган ирүүлж болох бөгөөд тайлангаар баталгаажсан илүү төлөлтийг дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих албан татвараас суутган тооцож болно.

4.5.Хувь хүний хүний орлогын албан татварын тухай хуулийн 26.5-д заасны дагуу албан татвар төлөгч нь мөн хуулийн 23.1-д заасан татвар ногдуулах орлого, хөнгөлөлтийн жилийн эцсийн тооцоог хийж, тайланг тушаана.

4.6.Харьяалах татварын алба нь татвар төлөгчийн тайлан болон хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нотлох баримтыг хүлээн авч хянан, цахим татварын системд оруулж цахим архив үүсгэнэ.

4.7.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын дагуу тайлан ирүүлээгүй, буцаасан тайланг засварлаагүй, эсхүл хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжгүй.

4.8.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хүлээн авсан татварын тайланд үндэслэн Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх татвар төлөгчийн жагсаалтыг тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.4.2-т заасан хугацаанд багтаан буцаан олгох албан татварын хэмжээг хянан тодорхойлж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлнэ.