Хэвлэх DOC Татаж авах

Татварын ерөнхий газрын даргын

2019 оны А/265 дугаар тушаалын хавсралт

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГААР ГАРСАН АЛДАГДЛЫГ

ИРЭЭДҮЙД ШИЛЖҮҮЛЭН ТООЦОХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан татварын тайлангаар гарсан алдагдал /цаашид “алдагдал” гэх/-ыг баталгаажуулах, ирээдүйд шилжүүлэн тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Татвар төлөгчийн хуулийн дагуу тайлагнасан татварын тайланг эрсдэлийн үнэлгээний системийн үр дүнг үндэслэн татварын алба баталгаажуулж, алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцоход энэ журмыг мөрдөнө.

1.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-т заасны дагуу татварын албаар баталгаажуулсан татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан 4 жилд шилжүүлэн тооцно.

1.4.Шилжүүлэн тооцох алдагдал нь тухайн жил бүрийн татвар ногдуулах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд дараалсан 4 жилд шилжээгүй үлдсэн алдагдлыг цаашид татвар ногдуулах орлогоос хасаж тооцохгүй.

1.5.Татварын тайлангаар гарсан алдагдлыг Татварын ерөнхий хуулийн 28.8-д заасны дагуу Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр баталгаажуулж, шилжүүлэн тооцно.

1.6.Ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын нийт дүн нь татварын албаны баталгаажуулсан алдагдлын нийт дүнгээс хэтрэхгүй байна.

Хоёр. Татварын тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулах

2.1.Тухайн тайлант жилд алдагдалтай ажилласан татвар төлөгч нь “Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоо” ТТ-02 маягтыг нөхөж, цахим тайлангийн системд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан” ТТ-02 маягтын хамт хуулийн хугацаанд татварын албанд илгээнэ.

2.2.Эрсдэлийн үнэлгээний системээр хүлээн зөвшөөрөх, бага, дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн татвар төлөгчийн алдагдлын дүнг татвар төлөгчтэй харилцах асуудал хариуцсан нэгж баталгаажуулна. Баталгаажуулсан алдагдлын дүн нь татварын хяналт шалгалтаар өөрчлөгдөхгүй байх үндэслэл болохгүй.

2.3.Энэ журмын 2.2-т зааснаас бусад эрсдэлтэй гэж үнэлэгдсэн татвар төлөгчийн алдагдлын дүнг хяналт шалгалт хариуцсан нэгж баталгаажуулна.

2.4.Хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлсэн тооцоо “маягт ХШ-11”-г жил бүрээр үйлдэж нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсанд хавсаргана.

2.5.Татварын хяналт шалгалтын үр дүнд алдагдлын хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд энэ журмын 2.4-т заасан маягтаар баталгаажсан алдагдлын дүнг Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

2.6.Хяналт шалгалтаар тухайн тайлант жилийн алдагдлыг нэмэгдүүлсэн тохиолдолд дараагийн онуудад шилжүүлэн тооцох алдагдлыг Маягт ХШ-11 маягтаар баталгаажуулж Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

2.7.Хяналт шалгалтад хамрагдсан хамгийн сүүлийн оны ХШ-11 маягтын шилжээгүй үлдсэн алдагдлыг дараагийн жилүүдэд шилжүүлэн тооцно.

2.8.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл тус бүрээр нь алдагдлыг баталгаажуулна.

2.9.Татварын ерөнхий хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үнэ шилжилтийн тохируулгыг Татварын тайлангаар гарсан алдагдлыг баталгаажуулахдаа ашиглана.

Гурав. Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох үйл ажиллагаа

3.1.Баталгаажуулсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохдоо эхэлж гарсан алдагдлыг эхэнд шилжүүлэх зарчим баримтална.

3.2.Өмнөх жилүүдийн алдагдал шилжиж дуусаагүй тохиолдолд дахин алдагдал үүссэн бол уг шилжээгүй үлдсэн алдагдлыг энэ журмын 1.3-т заасан хугацаанд шилжүүлэн тооцно.

3.3.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл тус бүрээр баталгаажуулсан алдагдлыг шилжүүлэн тооцохдоо энэ журмын 1.3, 1.4-т заасныг баримтална.

3.4.Алдагдлыг дараах тохиолдолд шилжүүлэн тооцохгүй:

3.4.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, цуцлагдсан, буцаан өгсөн тохиолдолд алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй.

3.4.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.8-д заасан аж ахуйн нэгж өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хасагдаагүй үлдсэн алдагдлыг шилжүүлэн тооцохгүй.

3.4.3.татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй.