Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны

даргын 2020 оны 6/10 дугаар хамтарсан тушаалын хавсралт

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН

ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Даатгалын тухай хуулийн 7.2, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль /цаашид “Хууль” гэх/-ийн 9.1-д заасан малын индексжүүлсэн даатгалын хураамж /цаашид “даатгалын хураамж” гэх/-ийн хэмжээг тооцоход энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр. Даатгалын үнэлгээний хэмжээ

2.1.Хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Хуулийн 21.2.6-д заасны дагуу баталсан даатгалын гэрээний хавсралтад нэгж малын үнэлгээний жишиг хэмжээг тусгасан байна.

2.2.Энэ журмын 2.1-д заасан малын үнэлгээний жишиг хэмжээг Хуулийн 4.1.7-д заасан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, Хуулийн 9.1-д заасан даатгалын хураамжийг тооцоход ашиглана.

Гурав. Даатгалын хураамжийн хэмжээ

3.1.Даатгалын хураамж гэж Хуулийн 9.1.1-д заасан даатгуулагчийн төлөх хураамж буюу Хуулийн 8.1.2-т заасан эрсдэлийн дунд түвшин дэх хураамжийг ойлгоно.

3.2.Даатгалын хураамж нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

3.2.1.даатгалын эрсдэлийн хураамж;

3.2.2.даатгалын нэмэлт хураамж;

3.3.Даатгалын эрсдэлийн хураамж нь давхар даатгалын хураамж болон Хуулийн 4.1.13-т заасан хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх хураамжийн нийлбэрээс бүрдэнэ.

3.4.Даатгалын нэмэлт хураамжид даатгалын үндсэн үйл ажиллагааны зардлууд болон даатгагчийн хариуцах даатгалын зуучлагч, төлөөлөгчийн шимтгэл, татвар хураамж, даатгагчийн ашиг хамаарна.

3.5.Хуулийн 9.1.2-т заасан Засгийн газрын төлөх хураамж буюу Хуулийн 8.1.3-т заасан эрсдэлийн дээд түвшин дэх давхар даатгалын хураамжийн хэмжээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Дөрөв. Даатгалын хураамжийн хэмжээг тооцох

4.1.Даатгалын хураамжийн хэмжээг малын төрөл тус бүрээр Хуулийн 7 дугаар зүйлд заасан босго үзүүлэлтэд үндэслэн Хуулийн 9.3-т заасны дагуу даатгагчид хамтран тогтооно.

4.2.Даатгалын хураамжийн хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ эсхүл гадаад улсын даатгалын зохицуулах байгууллага, мэргэжлийн холбоо, нийгэмлэгээс зөвшөөрөл олгосон эрх бүхий актуарч тооцно.

4.3.Даатгалын хураамжийн хэмжээг тогтооход дараах зарчмыг баримтална:

4.3.1.даатгалын хураамжийн хэмжээ нь даатгагч, даатгуулагчийн эрх, ашигт нийцсэн байх;

4.3.2.Хуулийн 8.1.2-т заасан эрсдэлийн дунд түвшин дэх даатгалын хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцээтэй байх;

4.3.3.даатгалын үйл ажиллагаа явуулахад даатгагчийн зардлыг нөхөхүйц байх;

4.3.4.даатгалын хураамжийн хэмжээ нь харьцангуй тогтвортой байх;

4.3.5.малын хорогдолд нөлөөлөх хүчин зүйлсийн нөлөөллийг бүрэн тусгасан байх;

4.4.Даатгалын хураамжийн хэмжээг дараах байдлаар тооцно:

4.4.1.даатгалын хураамжийн хэмжээг тооцохдоо малын индексжүүлсэн даатгалын 5 болон түүнээс дээш жилийн статистик мэдээлэлд үндэслэнэ;

4.4.2.даатгалын хураамжийн хэмжээг тооцоход ашиглах Хуулийн 4.1.6-д заасан даатгалын хамрах хугацаанд гарч байсан малын хорогдлын тухай тоон мэдээлэл нь үндэсний статистикийн төв байгууллагын албан ёсны мэдээлэл байна;

Тав. Даатгалын хураамжийн хэмжээг хянах

5.1.Даатгагчид хамтран тогтоосон хураамжийн хэмжээг албан бичгээр Хороо болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

5.2.Хороо даатгагчдын ирүүлсэн хураамжийн хэмжээг хянаж саналаа албан бичгээр хүргүүлнэ.

Зургаа. Бусад

6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Даатгалын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.