Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны

даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн

5/11 дугаар хамтарсан тушаалын хавсралт

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ХАМТЫН ЭРСДЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ,

ТҮҮНИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль /цаашид “Хууль” гэх/-ийн 26.2-т заасан хамтын эрсдэлийн сан /цаашид “хамтын эрсдэлийн сан” гэх/-г бүрдүүлэх, удирдах, хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх, нөхөн төлбөр төлөх, хөрөнгийг зарцуулах ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 13.1-д заасан шаардлага хангасан, хамтын эрсдэлийн санд оролцогч даатгалын компани /цаашид “даатгагч” гэх/-ууд хамтарч хууль болон энэ журмыг хэрэгжүүлэх, мөн хамтын эрсдэлийн санг удирдах, байршуулах, зарцуулахтай холбоотой шийдвэрийг гаргана.

1.3.Даатгагч нь малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээдтэй малын индексжүүлсэн даатгал /цаашид “даатгал” гэх/-ын гэрээ байгуулах боломжтой хугацааг борлуулалтын улирал гэж үзнэ.

Хоёр. Хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, удирдах, зарцуулахад баримтлах зарчим

2.1.Хамтын эрсдэлийн санд оролцогч даатгагчдын хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг даатгалын эрсдэлийн хураамжаас актуар тооцооллоор тооцож, жил бүр төвлөрүүлнэ.

2.2.Хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, удирдах, түүнийг зарцуулахдаа дараах үндсэн зарчмыг баримтална:

2.2.1.малын индексжүүлсэн даатгалын тохиолдол болсон үед Хуулийн 8.1.2-т заасан дунд түвшний эрсдэлийг хамтран хариуцаж, эрсдэлээ хуваах зорилгоор уг санг даатгагчид хамтран бүрдүүлэх;

2.2.2.хамтын эрсдэлийн санг бүрдүүлэх, удирдах, түүнийг зарцуулахад хамтын удирдлагыг хэрэгжүүлэх;

2.2.3.хамтын эрсдэлийн сангаас олгох нөхөн төлбөрийг хамтын эрсдэлийн санд оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваах замаар хамтран хариуцах;

2.2.4.хамтын эрсдэлийн санд төвлөрүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн өгөөж хүртэх;

ГУРАВ. Хамтын эрсдэлийн санг удирдах

3.1.Хамтын эрсдэлийн санг оролцогч даатгагчид хамтарч томилсон 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/ удирдах бөгөөд ажлын албанд Хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компани /цаашид “давхар даатгагч” гэх/-ийн төлөөлөл орсон байна.

3.2.Ажлын албыг Хуулийн 22.3.3-т заасны дагуу давхар даатгагчийн гүйцэтгэх захирал нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд тус ажлын албаны зардлыг хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтын орлогоос санхүүжүүлнэ.

3.3.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийг Хуулийн 26.1-д заасны дагуу тусгайлсан дансанд байршуулах бөгөөд тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах тухай даатгагчдын хамтарсан шийдвэрийг үндэслэн давхар даатгагчийн гүйцэтгэх захирал тусгайлсан данснаас зарцуулалт хийнэ.

Дөрөв. Хамтын эрсдэлийн санд хөрөнгө төвлөрүүлэх, түүнийг байршуулах

4.1.Даатгагчид энэ журмын 2.1-д заасны дагуу хамтын эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийг даатгалын борлуулалтын улирал дууссанаас хойш хуанлийн 60 хоногийн дотор тус санд бүрэн шилжүүлсэн байна.

4.2.Хамтын эрсдэлийн санд шинээр нэгдэн орох даатгагч нь өмнөх тайлант жилийн эцэст даатгагч бүрийн хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээсэн хөрөнгөтэй тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгалын борлуулалтын улирал эхлэхээс өмнө тус санд төвлөрүүлнэ.

4.3.Хамтын эрсдэлийн санд төвлөрүүлбэл зохих хөрөнгийн тооцооллыг ажлын алба гүйцэтгэх ба даатгагчид малын индексжүүлсэн даатгалын борлуулалтыг ажлын албанд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

4.4.Даатгагчид хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ баталсан даатгалын багц дүрэмд заасан ердийн даатгалын компанийн нөөц сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагыг мөрдөнө.

4.5.Даатгагчид хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ дараах ангилал, хувь хэмжээг баримтална. Үүнд:

Хөрөнгийн ангилал

Хөрөнгө оруулах дээд хязгаар /Хамтын сангийн нийт хөрөнгөнд эзлэх хувиар/

1.Засгийн газраас гаргасан өрийн хэрэгсэл

100%

2.Банкны хадгаламж

100%

3.Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаас

20%

4.Арилжааны банкнаас гаргасан нэрийн сертификат

10%

4.6.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийг банкны хадгаламж хэлбэрээр байршуулсан тохиолдолд нэг банкинд нийт мөнгөн хөрөнгийн 35-аас дээшгүй хувийг байршуулах зарчмаар даатгагчдын хамтарсан шийдвэрээр сонгосон 3-аас доошгүй банкинд тараан байршуулна.

4.7.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр худалдан авч болох өрийн хэрэгсэл нь хугацааны хувьд дараах нэмэлт шаардлагын аль нэгийг хангасан байна:

4.7.1.холбогдох хууль тогтоомж, үнэт цаас гаргах тухай шийдвэрт заасан хугацаа эсхүл үлдэгдэл хугацаа нь 6 сар ба түүнээс богино байх;

4.7.2.энэ журмын 4.7.1-д заасан шаардлагыг хангаагүй бол тухайн өрийн хэрэгслийг хүссэн цагтаа худалдах боломжтой идэвхитэй зах зээлтэй байх;

4.8.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр худалдан авах банкны хадгаламжийн сертификатын хугацаа нь 6 сараас доош байна.

4.9.Нэг банкинд хадгалуулсан хадгаламж болон тухайн банкны гаргасан хадгаламжийн сертификатын нийлбэр нь хамтын эрсдэлийн сангийн нийт хөрөнгийн 35 хувиас илүүгүй байна.

4.10.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан санхүүгийн хэрэгслийн багцад багтаж буй санхүүгийн хэрэгслийн нийт жигнэсэн дундаж хугацаа /ЖДХ/ нь 184 өдрөөс илүүгүй байна. ЖДХ гэж сангийн багцад байгаа өрийн хэрэгсэл тус бүрийн дуусах хугацаа эсхүл сангийн эзэмшилд байх хугацааг сангийн багцад байгаа тухайн хөрөнгийн хувийн жингээр жигнэж тооцсон дундаж хугацаа байна.

Тав. Хамтын эрсдэлийн сангаас нөхөн төлбөр олгох

5.1.Даатгагчид хамтын эрсдэлийн сангаас нөхөн төлбөр олгох асуудлыг дараах байдлаар хамтран шийдвэрлэнэ:

5.1.1.даатгалын тохиолдол болсон эсэхийг Хуулийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны мэдээлэлд үндэслэн тогтооно;

 5.1.2.хамтын эрсдэлийн сангаас нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг даатгагчид хамтран гаргах бөгөөд тус шийдвэрийг гаргахдаа сум бүрийн малын хорогдлын мэдээллийг гаргасан, шалган баталгаажуулсан эрх бүхий этгээдийн албан ёсны баталгаа, баримтыг үндэслэнэ;

5.1.3.Хуулийн 22.3.1-д заасан нэгдсэн бүртгэлийн мэдээллийг үндэслэнэ;

5.1.4.даатгагчдын борлуулсан даатгалын гэрээ, баталгааны мэдээллийг үндэслэнэ;

5.1.5.хамтын эрсдэлийн сангаас нөхөн төлбөр олгох тухай шийдвэрт даатгагч тус бүрийн даатгуулагчдад олгох нөхөн төлбөрийн хэмжээг заасан байна;

5.1.6.хамтын эрсдэлийн сангаас нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг давхар даатгагчийн гүйцэтгэх захирал, ажлын алба зохион байгуулна;

5.1.7.хамтын эрсдэлийн сангаас нөхөн төлбөр олгох шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор даатгагч тус бүрт ногдох нөхөн төлбөрийг тэдгээрийн арилжааны банкин дахь дансанд шилжүүлнэ;

5.1.8.даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор даатгуулагчдад олгоно.

5.2.Давхар даатгагчийн гүйцэтгэх захирал даатгалын нөхөн төлбөрийг олгож дууссанаас хойш ажлын 7 хоногийн дотор тайланг гаргаж, Хороо, даатгагч, давхар даатгагчийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-д хүргүүлнэ.

Зургаа. Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдэл, түүнийг хуваарилах

6.1.Давхар даатгагчийн гүйцэтгэх захирал хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдлийн тайланг сар бүр гаргана. Тухайн тайланг гаргахдаа түүний хөрөнгийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад заасны дагуу бодит үнэ цэнээр нь илэрхийлнэ.

6.2.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдлийг даатгагчдын тус санд оруулсан хөрөнгөд хувь тэнцүүлэн тооцох ба дараах зарчмыг баримтална:

6.2.1.хамтын эрсдэлийн сангийн хөрөнгө нь даатгагч бүрээс төвлөрүүлсэн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын орлогын нийлбэртэй тэнцүү байх бөгөөд хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдэл нь тус сангийн хөрөнгөөс олгосон болон олгохоор тооцсон нөхөн төлбөрийг хассан дүнтэй тэнцүү байна. Энд хөрөнгө оруулалтын орлогоос энэ журмын 3.3-т заасан зардлыг хасаж тооцно;

6.2.2.хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдэл, түүний хуваарилалтын тооцоог ажлын алба гүйцэтгэж, давхар даатгагчийн гүйцэтгэх захирал хянана. Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн үлдэгдлийн тайлан болон хуваарилалтын тооцоог даатгагчдад хүргүүлнэ;

6.2.3.даатгагчид хамтран энэ журмын 6.2.2-т заасан тайлан, тооцоог хянаж баталгаажуулна;

6.3.Тайлант жилийн эцэст хамтын эрсдэлийн сангаас хамгийн бага хөрөнгийн үлдэгдэл хуваарилагдсан даатгагчид ногдох хөрөнгийн 80 /наян/ хувьтай тэнцүү хэмжээний хөрөнгийг даатгагч бүр хамтын эрсдэлийн сангийн хуримтлалд үлдээх ба энэхүү хөрөнгийг даатгагчийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэнэ.

6.4.Даатгагчдад хуваарилагдсан хөрөнгийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэсэн хөрөнгөөс бусад хэсэг нь даатгагчийн ашиг байна.

6.5.Даатгагч нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг зогсоосон тохиолдолд тайлант жилийн эцэст хуваарилагдсан хөрөнгийн үлдэгдлийг хамтын эрсдэлийн сангаас буцаан татах эрхтэй. Даатгагчийн буцаан татсан хөрөнгийн учирч болзошгүй хохирлын нөөц санд бүртгэгдсэн хөрөнгийг Хорооноос баталсан даатгалын багц дүрэмд заасан ердийн даатгалын компанийн нөөц сангийн холбогдох журмын дагуу зарцуулна.

Долоо. Хамтын эрсдэлийн санд тавих хяналт

7.1.Хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад давхар даатгагчийн ТУЗ-өөс томилогдсон аудитор хяналт тавина.

7.2.Аудитор нь хамтын эрсдэлийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн шалгалтын дүгнэлтээ Хороо болон давхар даатгагчийн ТУЗ-д тухай бүр хүргүүлнэ.

7.3.Хамтын эрсдэлийн сангийн бүрдүүлэлт, байршуулалт, зарцуулалт болон оролцогч даатгагчид, ажлын алба, давхар даатгагчийн ТУЗ, гүйцэтгэх захирал, аудитын үйл ажиллагаанд Хороо хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэнэ.

Найм. Хариуцлага

8.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.