A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар/
Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дугаар А/219 Сайншанд сум

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "ж", 29.2 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" аймгийн дэд хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Долоо хоног бүрийн Баасан гаригт аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

3.Шинэчлэн тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Г.Эрдэнэбаатар/, Мэргэжпийн хяналтын газар /М.Мөнхбаяр/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Ч.Түвшинтөр/-т үүрэг болгосугай.

5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2009 оны А/454, 2015 оны А/450 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/282

Сайншанд сум

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны үр дүн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан саналыг үндэслэн аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хязгаарыг 1 дүгээр хавсралтаар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл, хяналт, шалгалтын ажлыг тогтмол хийж, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Б.Даваахүү), Мэргэжлийн хяналтын газар (М.Мөнхбаяр), нийт сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4.Архинаас үүдэлтэй асуудлыг цэглэж, архигүй ирээдүйн төлөө хамтран ажиллахыг бүх шатны байгууллага, иргэдэд уриалсугай.

5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/219 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ