Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн наймдугаар хавсралт

 

АКТУАРЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОХ,

АКТУАРЫН СТАНДАРТ, ҮНЭЛГЭЭ БОЛОН АКТУАРЧИЙН

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ, ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү журмын зорилго нь даатгалын актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх (цаашид “актуарчийн эрх” гэх) олгох  актуарын стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Даатгалын тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ноос баталсан даатгалын багц дүрмийг мөрдлөг болгоно.

Хоёр. Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох

2.1.Хороо нь Даатгалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтын дагуу дараах шаардлагыг хангасан Монгол Улсын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн (цаашид “этгээд” гэх)-ийг сонгон шалгаруулж актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгоно:

2.1.1.Эдийн засагч, статистикч, санхүүч, математикч, эдийн засгийн математик загварчлал зэрэг мэргэжлээр их дээд сургуулийн хөтөлбөрийг хангасан;

2.1.2.Олон улсын актуарчдын холбоо, түүний жинхэнэ гишүүн болон мэргэжлийн сургалтын байгууллагаас гадаад болон Монгол Улсад зохион байгуулсан актуарчийн мэргэжлийн дараах шалгалттай дүйцэхүйц шалгалтыг өгч тэнцсэн; Үүнд:

2.1.2.1.Урт хугацааны даатгалын актуарч (Санхүүгийн математик /Financial mathematics/, Магадлалын онол болон математикийн статистик /Probability and mathematical statistics/, Санамсаргүй тохиолдлын актуар математик /Contingencies/);

2.1.2.2.Eрдийн даатгалын актуарч (Санхүүгийн математик /Financial mathematics/, Магадлалын болон математикийн статистик /Probability and mathematical statistics/, Статистик загварчлал /Statistical models/);

2.2.Монгол Улсын даатгалын тухай хууль тогтоомжийн талаар Хорооноос зохион байгуулсан шалгалтад тэнцсэн олон улсын актуарчийн эрхтэй этгээдэд актуарчийн эрхийг олгоно.

2.3.Актуарчийн эрхийг нь энэхүү журмын 2.12.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгосноос хойш 6 сар, бусад үндэслэлээр хүчингүй болгосноос хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараагаар актуарчийн эрх шинээр авахыг хүсч өргөдлөө ирүүлсэн этгээдэд Хороо актуарчийн эрхийг сэргээж болно.

2.4.Хороо актуарчийн эрхийг Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан даатгалын ангиллын дагуу олгоно:

2.4.1. Урт хугацааны даатгалын;

2.4.2. Eрдийн даатгалын;

2.5.Актуарчийн эрх авахыг хүссэн этгээд өргөдлөө Хороонд энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийн нотариатаар баталгаажсан хуулбарын хамт ирүүлнэ.

2.6.Хороо актуарчийн эрх авахыг хүссэн этгээдийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулж, лавлагаа авч болно.

2.7.Шаардлагатай гэж үзвэл Хороо нэмэлт материалыг шаардаж болно.

2.8.Актуарчийн эрх авсан этгээд тухайн компанид тасралтгүй 9 сар актуарчаар ажиллаагүй тохиолдолд санхүүгийн жилийн эцэст даатгалын нөөц санг тооцоолох, хяналт шалгалт хийх, актуарын хяналт шалгалтын тайлан (цаашид “актуарын тайлан” гэх)-г боловсруулах бол энэ тухай Хороонд бичгээр мэдэгдэж, зөвшөөрөл авна.

2.9.Актуарчийн эрх авсан этгээд 2 жилд нэгээс доошгүй удаа актуарчийн мэргэжлийн түвшин дээшлүүлэх сургалтад хамрагдана.

2.10.Хороо актуарчийн эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:

2.10.1.Актуарчийн эрх авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;

2.10.2.Актуарч нь актуарын хяналт шалгалтын тайлан, дүгнэлт боловсруулахдаа зах зээлийн болон даатгагчийн үнэн зөв мэдээлэл, тоо баримтад тулгуурлаагүй, тоон мэдээллийн өгөгдөхүүнийг өөрчилж мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан болох нь тогтоогдсон;

2.10.3.Актуарын тайлан нь хангалттай мэдээлэл, дүгнэлт агуулаагүй, актуарын хяналт шалгалтын тайлангийн стандарт загварт нийцээгүй, ашигласан мэдээллийн эх үүсвэрийг үнэн зөв заагаагүй, актуарын стандарт, үнэлгээг бүрэн хэрэгжүүлээгүй, актуарчийн үүргээ хангалтгүй биелүүлж гаргасан алдаа, зөрчлийг арилгах талаар Хорооны улсын байцаагчаас тухайн актуарчид өгсөн үүрэг, даалгавар, албан шаардлагыг 2-3 удаа биелүүлээгүй;

2.10.4.Даатгалын компанийн актуарч нь эрх авснаас хойш мэргэжлээрээ тасралтгүй 9 сарын хугацаанд ажиллаагүй.

2.11.Актуарчийн эрхийг дараах хугацаагаар түдгэлзүүлнэ:

2.11.1.Хорооноос тогтоосон 6 сар хүртэл хугацаагаар;

2.11.2.Хорооноос өгсөн хугацаатай үүрэг, даалгавар, албан шаардлагыг биелүүлэх хүртэл.

2.12.Хороо актуарчийн эрхийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

2.12.1.Актуарчийн эрх авсан этгээд өөрөө хүсэлтээ гаргасан;

2.12.2.Актуарчийн үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлж, Даатгалын тухай хууль, даатгалын багц дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн;

2.12.3.Актуарчийн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд алдаа, зөрчлийг арилгах талаар Хорооноос өгсөн үүрэг, даалгавар, албан шаардлагыг биелүүлээгүй;

2.12.4.Энэхүү журмын 2.10.4-т заасан үндэслэлээр актуарчийн эрхийг нь түдгэлзүүлснээс хойш 6 сарын хугацаанд уг этгээд дотоодын аль нэг даатгалын компани эсхүл төрийн байгууллагад актуарчийн албан тушаалд томилогдоогүй.

2.13.Актуарчийн эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд Хорооноос өгсөн үүрэг, даалгавар, албан шаардлагыг бүрэн биелүүлж, гаргасан алдаа, зөрчлийг арилгасан талаар бичгээр тайлагнаж, актуарчийн эрхээ сэргээлгэх хүсэлтээ ирүүлсэн этгээдийн актуарчийн эрхийг Хороо хянаж, сэргээж болно.

Гурав. Актуарын үйл ажиллагааны стандарт, үнэлгээ

3.1.Актуарчийн эрх авсан этгээд нь актуарын дараах стандарт, үнэлгээг гүйцэтгэнэ:

3.1.1.Хороонд бүртгүүлсэн даатгалын бүтээгдэхүүн бүрээр зах зээлийн үнэлгээний өөрчлөлт, эрсдэлийн тооцоололд үндэслэн даатгалын хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тооцоолох;

3.1.2.Зах зээлд нийлүүлэх даатгалын шинэ бүтээгдэхүүний хураамжийн хувь хэмжээг тооцоолох;

3.1.3.Даатгагчийн даатгалын нөөц сан, төлбөрийн чадварын үзүүлэлтийг улирал бүрээр тооцож, үр дүнг зохих хугацаанд нь Хороонд ирүүлж хянуулах;

3.1.4.Санхүүгийн жилд тухай бүр даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үүссэн даатгагчийн хариуцлага, нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолох;

3.1.5.Даатгалын нөөц сан байгуулахтай холбоотой даатгагчийн хүлээсэн үүрэгт тухайн оны явцад гарсан өөрчлөлт болон холбогдох санхүүгийн үзүүлэлтийг тооцоолж үнэлэлт дүгнэлт өгөх;

3.1.6.Төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтэд үндэслэн даатгагчийн санхүүгийн тогтвортой байдалд дүгнэлт өгөх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, эдийн засаг, математикийн тооцоо, судалгаанд суурилсан дүн шинжилгээ хийх;

3.1.7.Даатгалын эрсдэлийг үнэлж, даатгагчийн өөрийн хөрөнгийн хүрэлцээг тооцоолсны үндсэн дээр давхар даатгагчид даатгуулах шаардлагатай эрсдэлийн хэмжээг тооцох;

3.1.8.Даатгагчийн хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлоход шаардлагатай актуарчийн үнэлгээ, зөвлөмж боловсруулах; (урт хугацаат даатгалын актуарчид хамаарна)

3.1.9.Даатгалын хураамж, нөөц сангийн тооцоололтой холбоотой статистик мэдээлэл бүрдүүлэх, мэдээллийн баазын баяжуулалтын үнэн зөв байдалд хяналт тавих;

Дөрөв. Актуарын хяналт шалгалт хийх, тайлан гаргах

4.1.Даатгагч нь энэхүү журмын 3.1.4-3.1.9-д заасан актуарын стандарт, үнэлгээ болон хяналт шалгалтыг Даатгалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалтын дагуу томилсон актуарчаар гүйцэтгүүлнэ.

4.2.Энэхүү журмын 4.1-д заасан актуарч нь актуарын хяналт шалгалтын тайланг тус журмын хавсралтаар батлагдсан “Актуарын тайлангийн стандарт загвар”-ын дагуу боловсруулна.

4.3.Даатгалын тухай хуулийн дагуу томилогдсон актуарч нь энэхүү журмын 4.1-д заасан актуарын хяналт шалгалтыг даатгагчийн жилийн эцсийн санхүүгийн тайлан гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор гүйцэтгэж, үр дүнг компанийн удирдлагад танилцуулах бөгөөд актуарын хяналт шалгалтын тайланг дараа оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ.

4.4.Хороо нь актуарчаас ирүүлсэн даатгагчийн актуарын хяналт шалгалтын тайлантай танилцаж, хариу өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд актуарчийн дүгнэлт, тооцооллын талаар тайлбар, тодруулга авна.

Тав. Бусад

5.1. Актуарчийн эрх авсан этгээд актуарчаар томилогдох, чөлөөлөгдөх, шилжин ажиллах болсон тохиолдол бүрт энэ тухай холбогдох эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулсан хуулбарыг ажлын 5 хоногийн дотор Хороонд ирүүлнэ.

5.2. Актуарч нь ажлаасаа чөлөөлөгдөж гадаад болон Монгол Улсад 1 сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах болсон тохиолдолд энэ тухай Хороонд бичгээр мэдэгдэнэ. Хороо актуарчийн эрхийг сургалтын хугацаанд хүчинтэйд тооцно.

5.3. Актуарчийн эрх авсан этгээд нь актуарын стандарт, үнэлгээ болон хяналт шалгалтыг гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл бий болсон тохиолдолд энэ тухай Хороонд даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ тохиолдолд Хороо тухайн актуарчийн оронд актуарын хяналт шалгалтыг өөрийн томилсон актуарчаар гүйцэтгүүлнэ.

Зургаа. Хүлээлгэх хариуцлага

6.1.Хороо энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Актуарч нь тухайн даатгалын компанид актуарчаар ажиллахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэнэ.

 

- - - o O o - - -

“Aктуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын

стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх,

тайлан гаргах журам“-ын хавсралт

 

АКТУАРЫН ТАЙЛАНГИЙН СТАНДАРТ ЗАГВАР

 

  1. Актуарч нь даатгагчийн актуарын хяналт шалгалтын тайланг энэхүү стандарт загварын дагуу боловсруулж, үр дүнг даатгалын компанийн удирдлагад танилцуулах бөгөөд актуарын тайланг Хороонд ирүүлнэ.
  2. Актуарын тайлан нь дараах агуулгатай байна.

Дугаар

Сэдвийн нэр

1

Тайлангийн зорилго, хамрах хүрээ

2

Тайлангийн агуулга

2.1

  • Хамралтын хугацаа

2.2

  • Актуарын тооцоололд нөлөөлсөн хууль эрх зүйн шаардлага

2.3

  • Актуарын тооцоололд нөлөөлсөн компанийн дотоод хүчин зүйл

3

Таамаглалууд

3.1

  • Актуарын таамаглал

3.2

  • Санхүүгийн таамаглал
    • Инфляци
    • Хүүгийн өөрчлөлт
    • Хөрөнгийн өөрчлөлт
    • Хүн ам, тээврийн хэрэгслийн болон нөлөө үзүүлэх бусад хүчин зүйлийн тоон үзүүлэлтийн таамаглал

4

Аргачлал болон үр дүн

4.1

  • Тооцооллын зорилго

4.2

  • Тооцоололд ашигласан аргачлал

4.3

  • Өмнөх тайлангаар өгсөн актуарчийн зөвлөмжийн биелэлт

4.4

  • Нөөц сангийн тооцооллын үр дүн

4.5

  • Үр дүн болон тооцооллын загварын баталгаажуулалт, тест

5

Эрсдэлийн үнэлгээ

5.1

  • Төсөөллийн мэдрэмтгий байдлын тест (Sensitivity test to assumptions)

5.2

  • Зах зээлийн өөрчлөлтийн мэдрэмтгий байдлын тест (Sensitivity test to market changes)

5.3

  • Холбогдох бусад эрсдэлүүд

5.4

  • Эрсдэлийн удирдлага

6

Холбогдох зүйлс

6.1

  • Зөвлөмж

6.2

  • Дүгнэлт

7

Тайлангийн найдвартай болон хязгаарлагдмал байдал

7.1

  • Найдвартай байдал

7.2

  • Хязгаарлагдмал байдал

8

Хавсралтууд

(Урт хугацааны даатгагчийн хувьд компанийн өөрийн үйл ажиллагаа болон даатгалын бүтээгдэхүүний онцлогт тохирсон холбогдох мэдээллийг тайлагнана.)

3.Актуарын тайлангийн загварт орсон нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:

3.1.Зорилго гэдэгт тухайн актуарын тайлангийн зорилгыг тодорхойлж, тайлангийн захиалагч, хяналт шалгалтыг гүйцэтгэж тайланг боловсруулсан актуарчдын нэр, туршлага зэрэг мэдээллийг оруулна;

3.2.Хамрах хүрээ гэдэгт актуарын тайланг хэрэглэх хүрээг дурдана;

3.3.Актуарын тооцоололд нөлөөлсөн хууль эрх зүйн шаардлага гэдэгт актуарын тайлангийн стандарт загвар болон даатгалын багц дүрэмд харшлаагүй заавар, зөвлөмжийг дагаж мөрдсөн тухай бичнэ;

3.4.Тооцоололд ашигласан тоон мэдээлэл гэдэгт актуарчийн авч ашигласан өгөгдөхүүнд итгэж болох байдал, хамрах хугацаа, мэдээллийн бодит эх сурвалж, мэдээллийн харьцуулалтын тухай бичнэ;

3.5.Таамаглал гэдэгт актуарын тооцооллын таамаглал болон тооцооллын үр дүнд нөлөөлөх, загварчлалд ашигласан хүчин зүйлсийн үнэлгээ, өөрчлөлтийн талаарх таамаглалыг ойлгоно;

3.6.Тооцоололд ашигласан аргачлал гэдэгт гинжин шатны арга (Chain ladder method), Борнхуеттер-Фергюсоны арга (Bornhuetter-Ferguson method) болон актуар тооцооллын бусад аддитив аргаас тодорхой 2-3 аргыг сонгож тооцоолол хийхийн хамт өмнөх онуудын өгөгдлөөр нөхөн төлбөрийн хөгжлийн гурвалжинг байгуулж дүн шинжилгээ хийхийг ойлгоно;

3.7.Нөөц сангийн тооцооллын үр дүн гэдэгт даатгалын нөөц сангийн улирлын тооцоолол болон актуарын хяналт шалгалтаар даатгагчийн даатгалын нөөц сангийн тооцоололд өгөх үнэлэлт бие даасан хараат бус шинжтэй байхыг ойлгоно;

3.8.Үр дүн болон тооцооллын загварын баталгаажуулалт, тест гэдэгт өмнө нь ашигласан тооцооллын загварын болон бодит нөхцөл байдлын тоон үзүүлэлтийг харьцуулсан шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд загвар болон аргачлал дээр тохируулга оруулахыг ойлгоно;

3.9.Эрсдэлийн үнэлгээ гэдэгт тухайн тооцооллын загвар, актуарын төсөөлөл нь зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмтгий байгаа байдал, холбогдох бусад эрсдэл, тэдгээрийг удирдах арга замын талаарх зөвлөмжийг ойлгоно;

3.10.Зөвлөмж гэдэгт хяналт шалгалтаар цаашид анхаарах, авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн талаар актуарчаас өгсөн зөвлөмжийг ойлгоно;

3.11.Тайлангийн найдвартай болон хязгаарлалтын байдал гэдэгт актуарчийн хийсэн дүгнэлт, тооцооллын үр дүнд итгэж болох найдвартай байдлыг баталгаажуулах бөгөөд тухайн тооцооны үр дүнг гаргахад дутагдалтай, хязгаарлагдмал мэдээлэл, нөхцөл болон бусад зүйлсийг тусгахыг ойлгоно;

3.12.Хавсралтууд гэдэгт санхүүгийн тайланд тусгагдаагүй үр дүн, актуарын тооцоололд ашигласан түүхчилсэн мэдээлэл, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн талаарх мэдээллийн эх сурвалж, холбогдох бусад мэдээ, мэдээллийг тайлбар, дугаарлалт бүхий цахим файлаар Хороонд ирүүлэхийг ойлгоно.