Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн аравдугаар хавсралт

МОНГОЛ УЛСАД САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭХ, ТҮҮГЭЭР

ДАМЖУУЛАН ДААТГАЛЫН БОЛОН ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН

ОРОЛЦОГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ГАДААДЫН ДААТГАГЧ,

 ГАДААДЫН ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь гадаадын даатгалын компани /цаашид “гадаадын даатгагч” гэх/ болон гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч компани /цаашид “гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч” гэх/ Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага, түүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Гадаадын даатгагч, гадаадын мэргэжлийн оролцогч салбар, төлөөлөгчийн газраа нээхэд тавигдах шаардлага

2.1. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч нь Хорооноос зөвшөөрсний үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт салбар, төлөөлөгчийн газраа нээн, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн  үйл ажиллагаа явуулна.

2.2. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын  мэргэжлийн оролцогч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт салбар, төлөөлөгчийн газраа нээхэд дараах шаардлага тавигдана:

2.2.1. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасны дагуу бүртгүүлсэн байх;

2.2.2. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоодог байгууллагаас тогтоосон зэрэглэлтэй байх;

2.2.3. Монгол Улсын аль нэг банкны дансанд даатгалын баталгаа хөрөнгө байршуулсан байх ба энэхүү хөрөнгийн доод хэмжээ нь гадаадын даатгагчийн хувьд 1 тэрбум төгрөг, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн хувьд 500.0 сая төгрөг байх шаардлагыг хангасан байх;

2.2.4. Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохицуулсан, хууль тогтоомжид нийцсэн журамтай байх;

2.2.5. Өөрийн харьяалагдах болон Монгол улсаас бусад улс оронд даатгалын салбар, төлөөлөгчийн газар  байгуулж, уг салбар, төлөөлөгчийн газар  тухайн нутаг дэвсгэртээ 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

2.2.6. Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх хүсэлт гаргагч гадаадын даатгагчийн өөрийн хөрөнгө нь 10 тэрбум төгрөгөөс багагүй, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн өөрийн хөрөнгө нь 1 тэрбум төгрөгөөс багагүй байх;

2.2.7. Харьяалагдах орны болон бусад улс орны Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомж,  түүнтэй холбоотой бусад хууль, журмыг сүүлийн 2 жилийн хугацаанд зөрчөөгүй, уг зөрчлөөс үүдэн нэгжийн зөвшөөрөл хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй;

2.2.8. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаагүй байх;

2.2.9. Монгол Улсын хууль тогтоомж, Хорооноос баталсан дүрэм, журам, зааврын хүрээнд үйл ажиллагаа явуулах чадвартай байх;

2.2.10. Даатгалын үйл ажиллагааны 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөөтэй байх. Гадаадын даатгагчийн хувьд даатгалын зах зээлд нийлүүлэх 1-ээс дээш бүтээгдэхүүнтэй байх;

2.2.11. Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах ажлын байртай байх;

2.2.12. Гадаадын даатгагч, гадаадын  даатгалын  мэргэжлийн оролцогчийн салбар нь 4-өөс доошгүй,  гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн төлөөлөгчийн газар нь 2-оос доошгүй орон тооны ажилтантай байх;

2.2.13. Энэ журмын 2.2.12-т заасан ажилтнуудын 50-аас доошгүй хувийг Монгол Улсын иргэдээс бүрдүүлсэн байх;

2.2.14. Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10  дахь хэсгийг үндэслэн Хорооноос баталсан зааварт заасан тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан удирдах ажилтантай байх;

2.2.15. Гүйцэтгэх удирдлага нь гадаадын иргэн байх тохиолдолд монгол хэлээр ярьж, бичдэг байх, эсхүл орон тооны орчуулагчтай байх;

2.2.16. Гадаадын даатгагчийн салбар нь ердийн даатгал, урт хугацааны даатгалын алийг эрхлэх, гадаадын даатгалын зуучлагчийн салбар нь давхар даатгал, ердийн даатгал, урт хугацааны даатгалын гэрээний алинд зуучлах талаар чиглэлээ тус тус тодорхойлсон байх;

2.2.17. Хороо гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар, төлөөлөгчийн газрын эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэрээс хамааран шаардлагатай гэж үзсэн нэмэлт нөхцөл, шаардлага тавьж болно.

2.2.18. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар нь гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн оноосон нэрийн ард “........даатгалын салбар” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулна.

2.2.19. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн төлөөлөгчийн газар  нь гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн оноосон нэрийн ард “........даатгалын төлөөлөгчийн газар” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулна.

2.3. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч Монгол Улсын нутаг дэвсгэрт салбар, төлөөлөгчийн газар  нээх зөвшөөрөл хүсэхдээ дор дурдсан баримт бичгийг монгол, англи хэлээр орчуулан Хороонд ирүүлнэ. Үүнд:

2.3.1. Салбар, төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл хүссэн гадаадын даатгагч, гадаадын мэргэжлийн оролцогчийн хүсэлт;

2.3.2. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах эрх бүхий удирдлагаас Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газар нээх тухай шийдвэр;

2.3.3. Харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн шийдвэр, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

2.3.4. Тухайн салбар, төлөөлөгчийн газрыг нээх гэж буй гадаадын даатгагч болон гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн хувь нийлүүлсэн хөрөнгө /дүрмийн сан/-ийн хэмжээ, бүтэц болон үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий нотлох баримт бичиг;

2.3.5. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн нээн ажиллуулах гэж буй салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулсан журам;

2.3.6. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч Монгол Улсын аль нэг банкны дансанд энэ журмын 2.2.3-т заасан даатгалын баталгаа хөрөнгө байршуулсныг нотлох баримт бичиг;

2.3.7. Өөрийн харьяалагдах улсаас бусад улс оронд даатгалын салбар, төлөөлөгчийн газар байгуулж, үйл ажиллагаагаа 2-оос доошгүй жил тогтвортой явуулсныг нотлох баримт бичиг;

2.3.8. Энэ журмын 2.2.6-д заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг;

2.3.9. “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 7 дугаар хавсралтад дурдсан зөвлөмжийн дагуу боловсруулсан салбарын үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө;

2.3.10. “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 1 дүгээр хавсралт (Е)-д заасан СЗХ04006 маягтын дагуу гаргасан гүйцэтгэх удирдлага болон бусад боловсон хүчний тодорхойлолт;

2.3.11. Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд ашиглах техник тоног төхөөрөмж, программ хангамжийн жагсаалт, ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар;

2.3.12. Зөвшөөрөл хүсч буй гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлангийн хуулбар;

2.3.13. Гадаадын даатгагчийн хувьд зөвшөөрөл олгохыг хүссэн даатгалын бүтээгдэхүүн тус бүрээр боловсруулсан журам, даатгалын гэрээ, гэрээний баталгааны загвар (даатгалын гэрээ болон гэрээний баталгаанд Иргэний хуулийн 431 дүгээр зүйл болон даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл, түүнийг шийдвэрлэх хугацааг нэмж тусгасан байх);

2.3.14. Гадаадын даатгагчийн хувьд Даатгалын тухай хуулийн 14.2.5, Хорооноос баталсан даатгалын хэмжээ, даатгалын хураамжийн хэмжээг тооцох аргачлалд заасны дагуу тооцоолол хийсэн хураамжийн хувь хэмжээний тооцоолол, танилцуулга;

2.3.15. Гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

2.3.16. Бусад баримт бичиг (Хороо шаардлагатай гэж үзвэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон эсэх тухай болон компанийн эрх бүхий албан тушаалтны ял шийтгэлтэй эсэх талаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт, хэрэв гадаадын иргэн бол уг иргэний харьяалалтай улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг шаардаж болно).

2.3.17. Хороо шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэхийг шаардаж болно.

             2.4. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч нь  энэ журмын 2.2.3-т заасан даатгалын баталгаа хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт буй аль нэг банкинд байршуулах, эсхүл Монгол Улсын засгийн газар, Монголбанкны  бонд хэлбэрээр байршуулна.

Гурав. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид салбар, төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрөх, зөвшөөрөхөөс татгалзах

3.1. Зөвшөөрөл хүсч гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг үндэслэн хянаж, шаардлагатай баримт бичгийг шалгаж баталгаажуулсны үндсэн дээр зөвшөөрөх тухай асуудлыг нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд хохирол учруулахгүй гэж үзвэл Хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ.

3.2. Хороо гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид салбар, төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрөх эсэхийг хуанлийн 45 хоногийн дотор шийдвэрлэнэ. Энэ хугацааг салбар, төлөөлөгчийн газар нээх хүсэлт, холбогдох баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлж  Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

3.3. Хороо салбар, төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн тохиолдолд энэ журмын 2.2.3-т заасан даатгалын баталгаа хөрөнгийг гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч нь Хорооны хяналтад байх дансанд түр байршуулах ба энэ тухай мэдэгдлийг Хороо албан бичгээр өгнө.

3.4. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч нь уг албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор даатгалын баталгаа хөрөнгийг Хорооны хяналтын дансанд төвлөрүүлж, хуанлийн 10 хоногийн хугацаатай байршуулах ба энэхүү мөнгөн хөрөнгөнд Хороо хүү төлөхгүй.

3.5. Салбараа нээхийг зөвшөөрсөн Хорооны шийдвэрт гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн тухайн салбар, төлөөлөгчийн газарт даатгалын ямар ангилал, төрөл, хэлбэрээр зөвшөөрөл олгосныг тусгана.

3.6. Салбар, төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрсөн Хорооны шийдвэр болон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар, төлөөлөгчийн газарт салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ олгоно.

3.7. Хороо нь гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг бүртгэн авч, зохих журмын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

3.8. Хороо гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөл олгосон тухайгаа олон нийтэд мэдээлнэ.

3.9. Зөвшөөрөл авсан гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч нь энэ журмын 3.4-т заасан хугацаа өнгөрсөний дараа Хорооны хяналтын дансанд түр байршуулсан мөнгөн хөрөнгийг өөрийн харилцах дансанд шилжүүлэх тухай хүсэлтээ албан бичгээр гаргана.

3.10. Хорооноос зөвшөөрөл авсан гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар, төлөөлөгчийн газрын компанийн дүрэм, бусад баримт бичигт орсон өөрчлөлтийг Хороо болон бусад холбогдох байгууллагад бүртгүүлнэ.

3.11. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч нь Хорооноос авсан зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд зөвшөөрөл хүсч Хороонд ирүүлсэн баримт бичигт өөрчлөлт орсон тухай бүрт уг өөрчлөлтийн талаарх мэдээллийг ажлын 10 өдрийн дотор Хороонд ирүүлнэ.

3.12. Хороо дараах үндэслэлээр гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид салбар, төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрөхөөс татгалзана:

3.12.1. Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон энэ журамд заасан шаардлагыг хангаагүй;

3.12.2. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь нотлогдсон;

3.12.3. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч нь олон улсын санхүүгийн зах зээлд гарсан гэмт хэрэгтэй холбогдож шийтгэгдсэн нь тогтоогдсон тухай мэдээлэл ирсэн;

3.12.4. Хорооноос гадаадын даатгагч, гадаадын даатгагчийн мэргэжлийн оролцогчийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон байж болохыг тогтоосон;

3.12.5.  Бусад хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй.

3.13. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид салбар, төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд Хороо энэ талаарх үндэслэл бүхий тайлбарыг өргөдөл гаргасан гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид албан бичгээр мэдэгдэнэ.

3.14. Хороо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд 3 жилийн дотор тухайн гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогч, түүний хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, ерөнхий нягтлан бодогч, эсхүл тэдгээртэй адилтгах албан тушаал)-д ажиллах этгээдээс зөвшөөрөл хүссэн хүсэлтийг дахин хүлээж авахгүй.

Дөрөв. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

4.1. Хороо дараах үндэслэлээр гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг түдгэлзүүлнэ:

4.1.1. Гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн салбар, төлөөлөгчийн газар нь Даатгалын тухай хууль тогтоомж болон энэ журмаар заасан шаардлагыг хангахгүй байгаа нь Хорооны хяналт шалгалтаар тогтоогдсон;

4.1.2. Зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлээгүй;

4.1.3. Хорооноос баталсан журамд заасан зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөөгүй.

4.2. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх хугацааг Хорооны шийдвэрээр тухай бүр тогтоох ба энэ хугацаа нь 6 сараас хэтрэхгүй байна.

4.3. Хороо дараах үндэслэлээр гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид олгосон салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгоно:

4.3.1. Зөвшөөрөл бүхий компани хүсэлт гаргасан;

4.3.2. Зөвшөөрөл бүхий компани татан буугдсан, дампуурсан;

4.3.3. Хүсэлт гаргахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

4.3.4. Зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

4.3.5. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан Хорооны шаардлагыг биелүүлээгүй.