Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 
09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан 

“Даатгалын багц дүрэм”-ийн арванхоёрдугаар хавсралт

 

 

 

 

ДААТГАГЧААС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ТОДОРХОЙХЭСГИЙГ БУСДАД

ШИЛЖҮҮЛЭХ БОЛОН НЭГТГЭХ ҮЕДГАРГАХ ӨРГӨДЛИЙГ

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Санхүүгийн зохицуулах хороо (цаашид Хороо гэх)-оос тусгай зөвшөөрөл авсан даатгалын компани (цаашид Даатгагч гэх) даатгалын үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх болон нэгтгэх үед гаргах өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

Хоёр. Өргөдлийг хянан шийдвэрлэхүйл ажиллагаа

 

2.1. Даатгагч даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлэх болон нэгтгэх тухай хүсэлт гаргахдаа дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж Хороонд  ирүүлнэ.

 

2.1.1. Дараах мэдээллийг тусгасан өргөдөл:

а/ шилжүүлэх болон нэгтгэх болсон үндэслэл;

б/ шилжүүлж буй болон нэгтгэж байгаа даатгалын компанийн бүртгэлийн нэр, хаяг;

в/ шилжүүлж буй болон нэгтгэж байгаа даатгалын гэрээний тоо, түүний нэр төрөл, хэлбэр;

г/ шилжүүлэг болон нэгтгэлийн тухай дүгнэлт.

 

2.1.2. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлж байгаа болон нэгтгэн авч байгаа талууд дараах асуудлуудаар хоорондоо тохиролцож байгуулсан гэрээ:

а/ шилжүүлж буй болон нэгтгэж байгаа даатгалын үйл ажиллагааны тухай нарийвчилсан мэдээлэл;

б/ даатгалын үйл ажиллагааг шилжүүлэгч болон нэгтгэн авагч талуудын эрх, үүрэг, даатгуулагчийн өмнө хүлээсэн хариуцлага;

в/ даатгалын үйл ажиллагааг нэгтгэн авч байгаа талын хүлээн зөвшөөрсөн нөхцөл шаардлага, тохиролцоо;

г/ даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэсний дараа шилжүүлэгч болон нэгтгэн авагч талуудын хооронд үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, маргааныг шийдвэрлэх арга зам.

 

2.1.3. Энэхүү журмын 2.1.2-т дурдсан гэрээний хавсралтууд:

а/ шилжүүлж буюу нэгтгэж байгаа даатгалын гэрээнүүдтэй холбоотой даатгалын нэхэмжлэл болон нөөц сангуудын үлдэгдлийг тооцсон аргачлал;

б/ шилжүүлж буюу нэгтгэж байгаа үйл ажиллагаанд хамаарах  даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах тухай шилжүүлэгч талын санал;

в/ шилжүүлэх болон нэгтгэх үйл ажиллагааны эхлэх, дуусах хугацаа бүхий төлөвлөгөө;

г/ шилжүүлж буюу нэгтгэж байгаа даатгалын гэрээнүүдийн жагсаалт, үүнд хамаарах давхар даатгалын гэрээнүүд.

2.1.4. Шилжүүлж байгаа даатгалын үйл ажиллагаатай холбоотой актуарын тайлан.

2.1.5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр.

2.2. Хороо шаардлагатай гэж үзвэл энэ журмын 2.1-т дурдсан бичиг баримтуудаас гадна нэмэлт материал шаардаж болно.

2.3. Хороо энэ журмын 2.1, 2.2-т заасан бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэр гаргана.

2.4. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай даатгагчийн хүсэлтийг Хороо зөвшөөрөөгүй тохиолдолд энэ тухай үндэслэл тайлбараа шийдвэр гарснаас хойш  ажлын 5 хоногийн дотор даатгагчид бичгээр хүргүүлнэ.

2.5. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай даатгагчийн хүсэлтийг Хороо зөвшөөрсөн  тохиолдол даатгагч ажлын 10 хоногийн дотор дор дурдсан зар мэдээллийг үндэсний өдөр тутмын сонин болон цахим хаягаар дамжуулан олон нийтэд хүргүүлнэ:

2.5.1. даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлж байгаа даатгагчийн нэр, хаяг;

2.5.2. даатгалын үйл ажиллагааг нэгтгэн авч байгаа даатгалын компанийн нэр, хаяг;

2.5.3. шилжүүлж байгаа даатгалын гэрээний тоо, даатгалын төрөл ангилал;

2.5.4. даатгалын үйл ажиллагааг шилжүүлж байгаа он, сар, өдөр;

2.5.5. шилжүүлж байгаа даатгалын гэрээнүүдтэй холбогдон гарах нэхэмжлэлийг хүлээн авч барагдуулах арга хэлбэр.

2.6. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай даатгагчийн хүсэлтийг зөвшөөрсөн Хорооны шийдвэрийг даатгалын үйл ажиллагаагаа шилжүүлж байгаа даатгалын компани хүлээн авсан даруй энэ тухай мэдээллийг шилжүүлэгт хамрагдаж буй даатгуулагчдад ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.

2.7. Даатгуулагч энэ журмын 2.6-д заасан мэдээллийг хүлээн авсны дараа даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэхийг зөвшөөрөхгүй байгаа бол энэ тухай хариугаа ажлын 5 хоногийн дотор даатгагч компанид мэдэгдэнэ.

2.8. Даатгуулагч даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай мэдээллийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор даатгагчтай байгуулсан даатгалын анхны гэрээгээ дуусгавар болгож болно.

2.9. Даатгуулагч даатгалын гэрээгээ дуусгавар болгохыг хүсвэл даатгагч дараах зарчмыг баримтлан даатгуулагчид буцаан олголт хийнэ. Үүнд:

2.9.1. ердийн даатгалын гэрээний хувьд гэрээний дагуу даатгуулагчаас төлсөн даатгалын хураамжийн орлогоос даатгалд хамаарагдсан хугацааны зардлыг тооцон хасч, үлдэгдлийг даатгуулагчид буцаан олгоно;

2.9.2. урт хугацаат даатгалын гэрээний хувьд даатгуулагчаас төлсөн хураамжийн орлогыг даатгуулагчид буцаан олгоно.

2.10. Даатгалын үйл ажиллагаагаа нэгтгэж байгаа даатгалын компаниуд даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэж болох тухай Хорооны шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор дор дурдсан бичиг баримтыг хоорондоо шилжүүлж  дуусгана. Үүнд:

2.10.1. энэ журмын 2.1.3-ын “г”-д заасан даатгалын гэрээнүүд;

2.10.2. энэхүү журмын 2.1.3-т дурдсан баримт бичгүүдтэй холбоотой бүх файлууд;  

2.10.3. шилжүүлж байгаа болон нэгтгэж буй даатгалын үйл ажиллагаатай холбоотой нөхөн олговор хийвэл зохих нэхэмжлэлийн холбогдох баримт бичиг, файлууд;          

2.10.4. шилжүүлж байгаа даатгалын гэрээнүүдтэй холбоотой даатгалын нөөц сангийн үлдэгдэл.

2.11. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн болон нэгтгэж авсан даатгалын компаниуд тухайн үйл ажиллагааг бүрэн дууссан талаар хамтарсан тэмдэглэл үйлдэж Хороонд ирүүлнэ.

 

Гурав. Бусад зүйл

3.1. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэх тухай даатгагчийн хүсэлтийг зөвшөөрсөн Хорооны шийдвэр гарсан өдрөөс эхлэн тухайн төрлийн даатгалын үйл ажиллагааг шилжүүлж байгаа даатгалын компани энэ төрлийн даатгалын гэрээг дахин шинээр байгуулахгүй.

3.2. Даатгалын үйл ажиллагааг шилжүүлэх болон нэгтгэхүед даатгагчаас даатгуулагчидтай байгуулсан гэрээнүүдэд ямар нэг нэмэлт өөрчлөлт оруулахгүй.

3.3. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.