Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 
09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан 
“Даатгалын багц дүрэм”-ийн арвандөрөвдүгээр хавсралт

 

ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИАС ГАДУУР

ДААТГАГЧИЙГ ТАТАН БУУЛГАХ, ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ

 ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ний зөвшөөрлөөр хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах болон даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг зохицуулахтай  холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Даатгагчийг татан буулгах

2.1. Даатгалын тухай хуулийн 78.2-т заасны дагуу даатгагчийг татан буулгана.

Гурав. Хорооны зөвшөөрлөөр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгах

3.1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагч татан буулгах тухай хүсэлтээ гаргаж байгаа тохиолдолд даатгагч дараах баримт бичгийг эх хувиар  нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Хороонд ирүүлнэ:

3.1.1. Даатгагчийг татан буулгах зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг;

3.1.2. Даатгагчийг татан буулгахыг зөвшөөрсөн тухай хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхоор баталсан шийдвэр;

3.1.3. Компанийн хувьцаа эзэмшигчдийнхурлаас даатгагчийг татан буулгах комиссыг томилсон тухай шийдвэр болон комиссын гишүүнээр томилуулахаар санал болгож буй этгээдийн нэрсийн жагсаалт, тэднийг шаардлагатай ур чадвар, дадлага туршлагатай болохыг нотлох баримт бичиг;

3.1.4. Даатгагчийг татан буулгах болсон үндэслэл, шалтгааны талаарх тайлбар;

3.1.5. Хууль болон гэрээгээр тогтоосон хугацаа нь дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр гэрээг хэрхэн шийдвэрлэсэн тухай санхүүгийн болон бусад нотлох баримт бичиг;

3.1.6. Даатгагч татан буулгах зөвшөөрөл хүссэн тухай шийдвэрийг даатгуулагчдад мэдэгдсэн талаар нотлох баримт бичиг;

3.1.7.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

3.1.8. Татан буулгах төлөвлөгөө;

3.1.9. Шаардлагатай тохиолдолд Хороо даатгагчаас нэмэлт мэдээ мэдээлэл, баримт  шаардаж болно.

3.2. Энэ журмын 3.1.8-д заасан татан буулгах төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгасан байна:

3.2.1. Даатгуулагч нараас ирүүлсэн нөхөн олговор болон нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн барагдуулах, түүний хугацаа, дараалал. Нэхэмжлэл гаргах хугацаа нь 3 сараас доошгүй, 6 сараас дээшгүй хугацаа өнгөрсөн байх;

3.2.2. Даатгуулагч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс даатгагч гэрээний дагуу даатгуулагчдад олгох ёстой нөхөн олговор, хууль болон гэрээгээр тогтоосон хугацаа нь дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр гэрээг бүхэлд нь буюу хэсэгчлэн бусад даатгалын компанид хэрхэн шилжүүлэх талаар:

3.2.2.1. Даатгагч хууль болон гэрээгээр тогтоосон хугацаа нь дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр гэрээг шилжүүлэхдээ “Даатгалын багц дүрэм”-ийн 12 дугаар хавсралт “Даатгагчаас үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх болон нэгтгэх үед гаргах өргөдлийг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу шилжүүлэх ба гэрээг шилжүүлэн авч буй даатгагч Хорооны зөвшөөрөл авсан байна.

3.3. Гэрээний үлдэгдлийг шилжүүлэн авах даатгагч байхгүй тохиолдолд даатгуулагч нэг бүртэй харилцан тохирч, гэрээг байгуулах үеийн төгрөгийн ханшийг бууруулахгүйгээр даатгалын хураамжийг даатгуулагчид буцаан олгож, гэрээний үлдэгдлийг эцэслэн шийдвэрлэсэн байх шаардлагатай.

3.4. Татан буулгах төлөвлөгөөний хэрэгжилтэд Хорооны Ажлын алба хяналт тавина.

3.5. Татан буулгах төлөвлөгөөг хэрэгжүүлж дууссан тухай тайланг Даатгалын тухай хуулийн 79 дугаар зүйлийн 79.3-т заасан татан буулгах комисс гаргаж, Хороонд танилцуулна.

3.6. Даатгагчийг татан буулгах тухай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор энэ журмын 3.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэн Хороонд хандана.

3.7. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Хороонд хандаж татан буулгах тухай хүсэлт гаргасан даатгагчийг шийдвэр гарсан өдрөөс хойш шинээр даатгалын гэрээ байгуулж болохгүй.

3.8. Даатгагчаас Хороонд ирүүлсэн татан буулгах тухай хүсэлт, баримт бичгийн үнэн зөвийг тэдгээрт гарын үсэг зурсан албан тушаалтан  хариуцна.

3.9. Энэ журмын 3.1-д заасны дагуу Даатгагчаас Хороонд хандаж гаргасан хүсэлтийг Хороо ажлын 21 өдрийн дотор хянаж  шийдвэрлэнэ.

3.10. Энэ журмын 3.1-д заасан баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхэлж шийдвэрлэх хугацааг тооцно.

3.11. Хороо дараах тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр даатгагчийг татан буулгахаас татгалзана:

3.11.1. Даатгагчийг татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, даатгуулагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол;

3.11.2. Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт нь Хорооноос баталсан даатгалын компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан холбогдох журамд заасан шаардлагыг хангаагүй;

3.11.3. Даатгуулагчтай байгуулсан гэрээний үлдэгдлийг шийдвэрлэж дуусаагүй бол;

3.11.4. Татан буулгах комиссын гишүүнээр томилуулахаар санал болгож буй этгээд нь ийнхүү ажиллахад шаардлагатай ур чадвар, дадлага туршлагагүй.  

Дөрөв. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх

4.1. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай төлөвлөгөөг Дампуурлын тухай хуулийн 23.1-т заасан этгээд гаргаж болно.

4.2. Энэ журмын 4.1-т заасан  даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаж буй этгээд дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Хороонд ирүүлнэ:

4.2.1. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх гэж буй этгээдийн хөрөнгөжүүлэх тухай хүсэлт, дэлгэрэнгүй анкет;   

4.2.2. Даатгагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө;

4.2.3. Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр  хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг, гарал үүслийн тодорхойлолт;

4.2.4. Хүсэлт гаргасан этгээдийн өр төлбөртэй эсэхийг тодорхойлсон татварын албаны болон банкны өр барагдуулах албаны тодорхойлолт;

4.2.5. Хөрөнгөжүүлэх гэж буй этгээдийн арилжааны банканд өр төлбөртэй эсэхийг тодорхойлсон Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт;

4.3. Энэ журмын 4.2.2-т заасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөнд Дампуурлын тухай хуулийн 24.2-т заасан үйл ажиллагааг тодорхой тусгана.

4.4. Шаардлагатай тохиолдолд Хороо хүсэлт гаргагчаас нэмэлт мэдээ мэдээлэл, баримт  шаардаж болно.

4.5. Хороо дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргагчаас ирүүлсэн дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг зөвшөөрөх эсэх асуудлыг Хороо30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.

4.6. Хороо дараах үндэслэлээр дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөнд зөвшөөрөл өгөхөөс татгалзана:

4.6.1. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь даатгуулагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол;

4.6.2. Ирүүлсэн баримт бичиг нь холбогдох хууль, журамд заасан шаардлага хангаагүй.

Долоо. Хяналт, хариуцлага

7.1. Хороо нь энэ журмын биелэлтэд хяналт тавих бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.