Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 
09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан 

“Даатгалын багц дүрэм”-ийн арвантавдугаар хавсралт

ДААТГАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГТҮР ЗОГСООХ НӨХЦӨЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ноос Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-д заасан даатгагчийн даатгалын тодорхой ангилал, төрөл, хэлбэрийн үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Даатгагчийн үйл ажиллагааг түр зогсоох нөхцөл

 

2.1. Хороо дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд даатгагчийн үйл ажиллагааг түр зогсоох даалгавар өгнө.

2.1.1.Даатгуулагчдын болон олон нийтийн эрх ашиг, сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл байдал бий болсон;

2.1.2.Хорооноос даатгагчийг төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болж болзошгүй гэж дүгнэсэн;

2.1.3.Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Хорооноос өгсөн даалгаврыг даатгагч биелүүлээгүй, эсхүл биелүүлэх хугацаа хэтэрсэн;

2.1.4.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлж авсан байж болзошгүй гэдгийг шалгах шаардлагатай болсон;

2.1.5.Даатгалын компанийн хөрөнгө оруулагч, даатгагчийн эрх бүхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээдийг тус тус тохиромжтой бус этгээд гэж үзсэн;

2.1.6.Даатгагч нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүйгээс болж Хороонд хуурамч мэдээлэл өгсөн;

2.1.7.Холбогдох этгээдийн үйл ажиллагааг шалгах явцад Хороотой хамтран ажиллахаас татгалзсан;

2.1.8.Даатгалын эрсдэлээ хязгаарлах зорилгоор давхар даатгалын төлөвлөгөө хийгээгүй, эсхүл давхар даатгалын төлөвлөгөө нь даатгалын багц дүрэмд заасан шаардлага хангаагүй;

2.1.9.Бизнес төлөвлөгөөг дагаж мөрдөөгүй буюу хамгийн сүүлд баталсан бизнесийн болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг ноцтойгоор зөрчсөн;

2.1.10.Даатгалын тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу Хорооноос томилогдсон шалгагч даатгагчийн үйл ажиллагааг түр зогсоох тухай дүгнэлт гаргасан;

2.1.11.Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Гурав. Даатгагчийн үйл ажиллагааг түр зогсоох хугацаа

3.1.Даатгагчийн үйл ажиллагааг дараах хугацаагаар түр зогсоох даалгавар өгнө.

3.1.1. Хорооноос тогтоосон хугацаагаар;

3.1.2. Хорооноос өгсөн хугацаатай үүрэг даалгавар болон Хорооноос томилогдсон шалгагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл.

3.2.Даатгагчийн үйл ажиллагааг түр зогсоох хугацаа нь 6 сар хүртэл байна.

Дөрөв. Хяналт, хариуцлага

4.1.Энэ журмын биелэлтэд Хорооны Ажлын алба хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн этгээдэд Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.