Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 
09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан

 “Даатгалын багц дүрэм”-ийн арванзургаадугаар хавсралт

ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ

 ТОДОРХОЙЛОХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ.

Хоёр.  Даатгалтай холбоотой үйл ажиллагаа

2.1. "Даатгалын үйл ажиллагаа" гэж Даатгалын тухай хуулийн 4.1.1-д заасан үйл ажиллагааг ойлгоно. Даатгалын гэрээний хугацаа даатгуулагчидтай харилцан тохиролцсон хугацаагаар үргэлжилнэ.

2.2. Ердийн даатгагч нь зөвхөн ердийн даатгалын хэлбэрээр, урт хугацааны даатгагч нь зөвхөн урт хугацааны даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлнэ.

2.3. Даатгалтай холбоотой үйл ажиллагаанд дараах үйл ажиллагааг хамааруулна:

2.3.1. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр олгогдсон даатгагч даатгалын хэлбэрт хамаарагдах даатгалын бүтээгдэхүүний гэрээ, даатгалын баталгаа боловсруулж гаргах;

2.3.2. Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасны дагуу даатгалын гэрээ байгуулах, гэрээг сунгах, өөрчлөх;

2.3.3. Даатгалын гэрээг бусдад шилжүүлэх, цуцлах;

2.3.4. Даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр төлөх;

2.3.5. Даатгалын эрсдэлийн болон хохирлын судалгаа, шинжилгээ, тойм үнэлгээ хийх;

2.3.6. Хорооноос баталсан журмын дагуу даатгалын нөөц сан байгуулах, хуваарилах;

2.3.7. Даатгалын хураамжийн тооцоолол түүнтэй холбоотой аливаа судалгаа хийх;

2.3.8. Даатгалын бүтээгдэхүүн, эрсдэл тус бүрээр актуарын тооцоололд шаардлагатай нарийвчилсан даатгалын мэдээллийн сан үүсгэж, баяжуулах;

2.3.9. Даатгалын үйл ажиллагааны  журам, заавар боловсруулах;

2.3.10. Даатгагчийн  үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан мэдээ гаргах зэрэгтэй холбоотой  даатгалын үйл ажиллагаа явуулах;

2.3.11.  Даатгалын салбар, төлөөлөгчийн газар нээж, ажиллуулах;  

2.3.12. Хорооноос баталсан журамд заасан хөрөнгө оруулалтын  үйл ажиллагааявуулах;

2.3.13. Даатгалын эрсдэлээ давхар даатгуулах, түүнтэй холбоотой үүсч болох бусад үйл ажиллагаа явуулах;

2.3.14. Даатгалын зөвлөгөө, сургалт явуулах;

2.3.15. Даатгагч хоорондын даатгалын  гэрээ шилжүүлэх  үйл ажиллагаа;

2.3.16. Даатгалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой даатгалын мэргэжлийн оролцогчид болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх;

2.3.17. Холбогдох хууль, тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаа эрхлэх.

2.3.18. Нийгмийн даатгалын болон иргэний эрүүл мэндийн албан журмын даатгалын үйл ажиллагаа, даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа, даатгалын аудитын үйл ажиллагаа нь даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарахгүй.

2.4. Хороо Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагааны талаарх мэдээлэл, баримт бичгийг даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, даатгагч даатгалын мэргэжлийн оролцогчийн холбогдох этгээд болон түүнтэй холбоотой этгээдээс гаргаж өгөхийг шаардаж болно.

Гурав. Даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн холбогдох этгээдтэй холбоотой этгээдийг тодорхойлох

3.1. Даатгалын тухай хуулийн 65.3, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 34.3-т тус тус заасан “холбоотой этгээд” гэж Даатгалын тухай хуулийн 61.1 болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 30.1-д тус тус заасан даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн холбогдох этгээдтэй холбоотой дараах этгээдийг хэлнэ. Үүнд:

3.1.1.Хувь нийлүүлэгч болон хувьцаа эзэмшигч;

3.1.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга;

3.1.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;

3.1.4.Гүйцэтгэх удирдлага;

3.1.5.Хорооноос холбоотой этгээд гэж үзсэн бусад этгээд.

3.2.Энэ зааврын 3.1.1-д заасан этгээдэд даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, эсхүл даатгагч байсан болон даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, эсхүл тэдгээрийн хараат болон охин компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцааны хяналтын багцыг эзэмшиж буй этгээд, эсхүл эдгээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон хувьцааны хяналтын багцыг эзэмшиж байсан этгээд хамаарна.

3.3.Энэ зааврын 3.1.2, 3.1.3-т заасан этгээдэд даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, эсхүл даатгагч байсан болон даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, эсхүл тэдгээрийн хараат болон охин компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа, эсхүл үүнээс өмнө эдгээр компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр сонгогдож байсан этгээд хамаарна.

3.4.Энэ зааврын 3.1.4-д заасан этгээдэд даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, эсхүл даатгагч байсан болон даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, эсхүл тэдгээрийн хараат болон охин компанийн гүйцэтгэх захирал, дэд захирал, ерөнхий менежер, ерөнхий нягтлан бодогч зэрэг удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байгаа, эсхүл үүнээс өмнө эдгээр компанийн гүйцэтгэх захирал, дэд захирал, ерөнхий менежер, ерөнхий нягтлан бодогч зэрэг удирдах албан тушаалд томилогдон ажиллаж байсан этгээд хамаарна.

Дөрөв. Хяналт, хариуцлага

4.1. Энэхүү журмыг зөрчсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.