Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 
09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан 

“Даатгалын багц дүрэм”-ийн арвандолоодугаар хавсралт

 

ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ноос Даатгалын тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан мэдээллийг нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Хуульд заасан мэдээллийг нийтэд мэдээлэх

            2.1. Хороо нь Даатгалын тухай хуулийн 20.9, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11.7-д тус тус заасны дагуу даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдийн талаар бүртгэл хөтөлж, түүнд гарсан өөрчлөлтийн тухай мэдээллийг Хорооны шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор олон нийтэд мэдээлнэ.

            2.2. Хороо нь Даатгалын тухай хуулийн 71.3, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 38.8, 39.5-д тус тус заасны дагуу даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тухай мэдээллийг Хорооны шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор олон нийтэд мэдээлнэ.

            2.3. Хороо нь Даатгалын тухай хуулийн 33.3-д заасны дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн санхүүгийн тайланг баталгаажуулах эрх бүхий аудиторын бүртгэл хийж, түүнд гарсан өөрчлөлтийн талаар мэдээллийг Хорооны шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор олон нийтэд мэдээлнэ.

            2.4. Хороо нь Даатгалын тухай хуулийн 39.3-д заасны дагуу актуарчийн эрх авсан этгээдийн бүртгэл хийж, түүнд гарсан өөрчлөлтийн талаар Хорооны шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор олон нийтэд мэдээлнэ.

Гурав. Бусад

            3.1. Энэ журмын 2.1-2.4-т заасан мэдээллийг Хорооны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

            3.2. Хорооноос даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон талаар нийтэд мэдээлснийхээ төлөө тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнө хариуцлага хүлээхгүй.