A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАЙНЫ СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Монгол Улсын Их Хурлын 2000 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зайны сургалтын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Зайны сургалтын үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Зайны сургалтын үндэсний хөтөлбөр"-т дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж байхын хамт зарим төслийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын техникийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт үүрэг болгосугай.

3. Зайны сургалтын үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалтай нягт уялдуулан зохицуулах арга хэмжээ авч байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

4. Монголын радио, телевизийн нэвтрүүлгийн программд зайнаас сургалт зохион байгуулах цаг гаргаж байх арга хэмжээ авахыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод үүрэг болгосугай.

5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Албан бус боловсролын төвийн материаллаг баазын ашиглалтыг сайжруулах зорилгоор тус төвийг Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв болгон өргөтгөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

6. Эрхэлсэн ажлынхаа хүрээнд боловсон хүчнийг давтан бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэхдээ зайны сургалтын арга, хэлбэрийг өргөнөөр нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сайд нарт үүрэг болгосугай.

7. Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн ажлын хүрээ, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж, гүйцэтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд жил бүрийн 1 дүгээр сард тайлагнаж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД