Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны

2020 оны 181 дүгээр тогтоолын хавсралт

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ,

ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-оос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага /цаашид “Зуучлалын байгууллага” гэх/-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хяналт, шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилт, учирч болзошгүй эрсдэлийн түвшинг тодорхойлон үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээ авахад оршино.

1.2.Хяналт, шалгалт нь зайны болон газар дээрх хяналт, шалгалт гэсэн төрөлтэй байна.

1.3.Холбогдох төрийн байгууллагуудтай хамтран нэгдсэн хяналт, шалгалтыг хийхэд энэ журмыг баримталж болно. 

ХОЁР. ЗАЙНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

2.1.Зайны хяналт, шалгалтаар салбарын болон зуучлалын байгууллагын болзошгүй эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 

2.2.Зайны хяналт, шалгалт хийх үйл ажиллагаа нь дараах үе шаттай байна:

2.2.1.Зуучлалын байгууллагаас ирүүлбэл зохих тайлан, мэдээг хянаж, үндсэн үйл ажиллагааны болон цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, санхүү, төлбөрийн чадварт үнэлэлт, дүгнэлт өгөх;

2.2.2.тайлан, мэдээг ирүүлээгүй, ирүүлсэн тайлан, мэдээ нь шаардлага хангаагүй бол тухайн зуучлалын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд шаардлага хангасан тайлан мэдээг нэн даруй ирүүлэхийг шаардах;

2.2.3.үндсэн үйл ажиллагаа, санхүү төлбөрийн чадварыг нь сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгөх;

2.2.4.шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар, мэдээлэл, холбогдох баримт бичгийг шаардах;

2.2.5.шаардлагатай гэж үзвэл зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх хяналт, шалгалт хийх саналыг Хорооны холбогдох удирдлагад танилцуулна.

2.3.Зуучлалын байгууллагаас ирүүлсэн тайлан мэдээг хянаж, эрсдэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд тайлангийн хариуг цахимаар болон албан бичгээр хүргүүлнэ.

ГУРАВ. ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

3.1.Газар дээрх хяналт, шалгалтаар зуучлалын байгууллагын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, журам зааварт нийцэж байгаа эсэхийг газар дээр нь баримтаар тогтоож, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээг авна.

3.2.Газар дээрх хяналт, шалгалтын төлөвлөгөө, газар дээрх хяналт, шалгалтын удирдамж /цаашид “Удирдамж” гэх/-ийг Хорооны дарга батална.

3.3.Удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтын төрөл, хүрээ, шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагын нэр, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгалт эхлэх болон дуусах хугацааг тусгана.

3.4.Газар дээрх хяналт, шалгалтыг үйл ажиллагааны хамрах цар хүрээгээр нь иж бүрэн, хэсэгчилсэн гэж ангилна.

3.4.1.иж бүрэн хяналт, шалгалтаар баталсан удирдамжийн хүрээнд холбогдох баримт бичигт тулгуурлан зуучлалын байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хамруулж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

3.4.2.хэсэгчилсэн хяналт, шалгалт нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс болон холбогдох бусад байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, эсхүл Хорооноос шалгах шаардлагатай гэж үзсэн зуучлалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө.

3.5.Удирдамжийг шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагад танилцуулснаар шалгалтыг эхлүүлнэ.

3.6.Иж бүрэн хяналт, шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагаас дараах тайлан мэдээ, холбогдох баримт бичгүүдийг шаардана: 

3.6.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, компанийн дүрэм; 

3.6.2.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зохицуулсан дотоод дүрэм, журмууд;

3.6.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, холбогдох баримт бичиг, удирдлага зохион байгуулалтын талаарх мэдээлэл;

3.6.4.зайны болон газар дээрх хяналт, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, холбогдох баримт бичиг;

3.6.5.санхүүгийн болон холбогдох тайлан мэдээ;

3.6.6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтан томилсон шийдвэр; 

3.6.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан дотоод хяналтын хөтөлбөр, эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийн хэрэгжилт;

3.6.8.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээ, сэжигтэй гүйлгээний тухай мэдээллийг хуульд заасан хугацаанд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн талаарх баримт;

3.6.9.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд харилцагчийг таньж мэдэх үүргээ биелүүлсэн талаарх тайлан мэдээ, холбогдох баримт бичиг;

3.6.10.Хорооноос шаардлагатай гэж үзсэн холбогдох бусад баримт бичиг. 

3.7.Хэсэгчилсэн хяналт, шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагаас удирдамжид заасан баримт бичгийг шаардана.

3.8.Газар дээрх хяналт, шалгалтын тайлан /цаашид “Тайлан” гэх/-г шалгалтад хамрагдсан зуучлалын байгууллагад удирдамжид заасан хугацаанд танилцуулна.

3.9.Тайлантай холбогдуулан хариу шаардсан бол зуучлалын байгууллага тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.

3.10.Тайланг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тайлантай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Хорооны Улсын Ерөнхий байцаагчид бичгээр гомдол гаргаж болно.

3.11.Газар дээрх хяналт, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалтын ажлын хэсэг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч Хорооны холбогдох удирдлагад танилцуулна. 

ДӨРӨВ. МЭДЭЭ, ТАЙЛАН

4.1.Зуучлалын байгууллага нь эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар болон албан бичгээр ирүүлнэ. Үүнд дараах тайлангууд хамаарна:  

4.1.1.Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалаар баталсан аж ахуйн нэгжид мөрдөгдөх “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”, “Санхүүгийн тайлангийн А маягт”, “Санхүүгийн тайлангийн Б маягт”-ын дагуу гаргасан санхүүгийн тайлан;

4.1.2.комплаенсийн эрсдэлийн үнэлгээний тайлан /Хавсралт 1/.

4.2.Зуучлалын байгууллага нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бизнесийн болон бүтцийн эрсдэлийн үнэлгээний тайланг улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлнэ. /Хавсралт 2/

4.3.Зуучлалын байгууллага нь дараах мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар ирүүлнэ:

4.3.1.Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг худалдах, худалдан авах, шилжүүлэх үйл ажиллагааны зуучлалын мэдээ /Хавсралт 3/;

4.3.2.Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг түрээслүүлэх, түрээслэх, хөлслүүлэх, хөлслөх үйл ажиллагааны зуучлалын мэдээ /Хавсралт 4/;

4.3.3.Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, засварлан борлуулах үйлчилгээний мэдээ /Хавсралт 5/;

4.3.4.Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээний мэдээ /Хавсралт 6/;

4.3.5.Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаанд хамаарах бусад үйлчилгээний мэдээ /Хавсралт 7/;

4.3.6.Мэдээлбэл зохих гүйлгээ, харилцагчийн бүртгэлийн мэдээ /Хавсралт 8/.

4.4.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад тайлан мэдээ.

4.5.Хянан шалгагч нь хариуцсан зуучлалын байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээг хянаж, нэгтгэлийн системд сарын мэдээг дараа сарын сүүлийн өдөр, эхний хагас жилийн мэдээллийг тухайн оны 8 дугаар сарын 30-ны өдөр, жилийн мэдээллийг дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор баталгаажуулалт хийж, зайны болон газар дээрх хяналт, шалгалтын нэгтгэл тайланг гаргана.

ТАВ. ХАРИУЦЛАГА

5.1.Хороо энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.