A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 11 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 2 дүгээр сарын 1-ны өдрийг хүртэл түр зогсоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 8 дугаар тогтоолоор  өөрчлөлт орсон)

2. Хилийн Цагааннуур авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун тээвэрлэх авто машиныг улсын хилээр нэвтрүүлсүгэй. 

(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 121 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосугай.

(Энэ заалтын зарим хэсгийг Засгийн газрын 2021 оны 38 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Мөн Засгийн газрын 2021 оны 77, 121, 155, 177 , 260, 386 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон).

4. Хилийн боомтыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нарт даалгасугай.

5. Алтанбулаг чөлөөт бүсэд олон улсын ачааг шилжүүлэн ачих талбай, хязгаарлалтын бүс байгуулах, хилийн Цагааннуур, Боршоо авто замын боомтод тусгаарлах хашаа барих болон Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Улсын нөөцөөс олгох УАЗ-220695 маркийн автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг хавсралт ёсоор баталж, хавсралтад заасан 1,765,024,000 (нэг тэрбум долоон зуун жаран таван сая хорин дөрвөн мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

6. Улсын нөөцөөс олгосон автомашиныг 2021 оны I улиралд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР