Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2021 оны 67 дугаар
    тогтоолын хавсралт

 

ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ
КОМИССЫН ДҮРЭМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг солих асуудлыг магадлан шийдвэрлэх, оролцогч талуудын үйл ажиллагаа, эрх, үүргийг тодорхойлох, урамшуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг энэ дүрмээр зохицуулна.

1.2.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс (цаашид “төв комисс” гэх) Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс (цаашид “орон нутгийн комисс” гэх) аймаг,дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд тус тус ажиллана.

1.3.Төв комиссын дэргэд орон тооны бус Сэтгэцийн өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс, Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс (цаашид “салбар комисс” гэх) тус тус ажиллана.

1.4.Төв болон салбар, орон нутгийн комисс нь үйл ажиллагаандаа Нийгмийн даатгалын багц хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдөнө.

1.5.Сэтгэцийн өвчний салбар комисс Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн төв байгууллага, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв байгууллагыг түшиглэн ажиллана.  

1.6.Орон нутгийн комисс нь зөвхөн тухайн орон нутгийн харьяалалтай, оршин суугаа даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлан шийдвэрлэнэ.

1.7.Төв болон салбар, орон нутгийн комисс хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

1.8.Төв болон салбар, орон нутгийн комисс эрх, үүргийн хүрээнд шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь акт, албан шаардлага, дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байна.

1.9.Төв болон салбар, орон нутгийн комиссын үйл ажиллагааны зардлыг нийгмийн даатгалын сангийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.\


Хоёр.Төв болон салбар, орон нутгийн комиссын бүрэлдэхүүн,
эмчид тавигдах шаардлага

2.1.Төв комисс нь дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч 6, шинжээч эмч 5, даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл тус бүр 1, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч нь орон тооны байна.

2.2.Төв комиссын дараахь гишүүдийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дор дурдсан байдлаар томилж, чөлөөлнө:

2.2.1.дарга, нарийн бичгийн даргыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн;

2.2.2.орон тооны бус шинжээч эмчийг энэ дүрмийн 2.16-д заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн;

2.2.3.даатгуулагч болон ажил олгогчийн төлөөллийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны нээлттэй санал асуулгаар нэр дэвшүүлсэн саналыг үндэслэн.

2.3.Төв комиссын магадлагч эмчийг төв комиссын даргатай зөвшилцөн нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

2.4.Салбар болон орон нутгийн комиссын гишүүдийг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

2.5.Сэтгэцийн өвчний салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, төрөлжсөн мэргэжлийн эмч 4, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл тус бүр 1, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.6.Сэтгэцийн өвчний салбар комиссын дарга нь Сэтгэцийн эрүүл мэндийн төв байгууллагын ерөнхий захирал, орлогч дарга нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга, эсхүл магадлагч эмч, нарийн бичгийн дарга нь Сэтгэцийн эрүүл мэндийн төв байгууллагын дүн бүртгэлийн эмч, нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөл нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн тус тус байна.

2.7.Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, төрөлжсөн мэргэжлийн эмч 4, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл тус бүр 1, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.8.Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комиссын дарга нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга, орлогч дарга нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга, эсхүл магадлагч эмч, нарийн бичгийн дарга нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дүн бүртгэлийн эмч тус тус байна.
2.9.Салбар комиссын гишүүдийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга дор дурдсан байдлаар томилж, чөлөөлнө:

       2.9.1.нийгмийн халамжийн байгууллагын төлөөллийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн;

       2.9.2.ажил олгогчийн төлөөллийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны саналыг үндэслэн;

       2.9.3.үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны саналыг үндэслэн;

       2.9.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн;

       2.9.5.төрөлжсөн мэргэжлийн эмч нарыг энэ дүрмийн 2.16-д заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн.

2.10.Орон нутгийн комисс нь орон тооны бус байх бөгөөд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч 1, төрөлжсөн мэргэжлийн эмч 3, нийгмийн халамжийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн холбооны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл тус бүр 1, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.11.Орон нутгийн комиссын дарга нь аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, орлогч дарга нь аймгийн хувьд нэгдсэн эмнэлэг (бүсийн оношилгоо эмчилгээний төв), дүүргийн хувьд эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байна.

2.12.Орон нутгийн комиссын нарийн бичгийн дарга нь аймгийн хувьд нэгдсэн эмнэлэг (бүсийн оношилгоо эмчилгээний төв), дүүргийн хувьд эрүүл мэндийн төвийн дүн бүртгэлийн эмч, магадлагч эмч нь аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч, нийгмийн халамжийн байгууллагын     төлөөлөл нь аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар     (хэлтэс)-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн тус тус байна.

2.13.Орон нутгийн комиссын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны нээлттэй санал асуулгаар нэр дэвшүүлсэн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

2.14.Орон нутгийн комиссын хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг аймаг, дүүргийн Засаг дарга тухайн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдмэл эрх ашгийг хангуулах зорилгоор тэдний харьяалагдах төрийн бус байгууллагын саналыг авч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр сонгож саналаа нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад  хүргүүлнэ.

2.15.Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс орон нутгийн комиссын бүрэлдэхүүний талаарх саналыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

2.16.Төв комиссын шинжээч эмч, салбар, орон нутгийн комиссын төрөлжсөн эмч нарыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан зохих журмын дагуу сонгон шалгаруулж, томилох эрх бүхий этгээдэд санал хүргүүлнэ.

2.17.Төв комиссын шинжээч эмчийг нийгмийн даатгалын төв байгууллага сонгон шалгаруулж саналаа нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, орон нутгийн комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран сонгон шалгаруулж, саналаа нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

2.18.Шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг 3 жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүн, туршлагыг нь харгалзан үзэж хугацааг 1 удаа сунгаж болно.

2.19.Шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмч нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна:

         2.19.1.мэргэжил (мэргэшил)-ээрээ 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй их эмч;

         2.19.2.ял шийтгүүлж байгаагүй;

         2.19.3.мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;

         2.19.4.ашиг сонирхлын зөрчилгүй, багаар ажиллах чадвартай;

         2.19.5.нийтийн эрх ашиг, шударга ёсыг дээдэлдэг, ажлын хамт олондоо нэр хүндтэй байх.

2.20. Төв, салбар, орон нутгийн комиссын гишүүд нь эрх бүхий байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч (иргэн), хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн онцлог хэрэгцээ, эрхийн чиглэлээр зохих сургалтад хамрагдсан байна.

2.21. Төв, салбар, орон нутгийн комиссын дарга, орлогч дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нь нийтийн эрх ашиг, шударга ёсыг дээдэлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, харилцан бие биеэ хүндэтгэж, үндэслэл бүхий шийдвэр гаргана.

Гурав.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл
           ажиллагааны төрөл, хэлбэр, дэг


3.1.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа нь хурал хэлбэртэй байх ба хурлыг дараахь хэлбэрээр зохион байгуулна:

3.1.1.даатгуулагч (иргэн)-ийг байлцуулан хуралдах; 

3.1.2.даатгуулагч (иргэн)-ийг байлцуулахгүйгээр зохих бичиг баримтад үндэслэн хуралдах;

3.1.3.цахим хэлбэрээр хуралдах;

3.1.4.нүүдлийн хэлбэрээр хуралдах.

3.2.Энэ дүрмийн 3.1.1-д заасан хэлбэрээр хуралдах тохиолдолд шинжээч, төрөлжсөн мэргэжлийн эмч нар даатгуулагч (иргэн)-д бодит үзлэг хийж, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүн болон холбогдох эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс (цаашид “эмнэлэг хяналтын комисс” гэх)-ын саналд үндэслэн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг магадлан хэлэлцэнэ.

3.3.Энэ дүрмийн 3.1.2-т заасан хэлбэрээр хуралдах тохиолдолд даатгуулагч (иргэн)-ийг биечлэн ирүүлэхгүйгээр оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүн болон эмнэлэг хяналтын комиссын саналд үндэслэн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг магадлан хэлэлцэнэ.

3.4.Энэ дүрмийн 3.1.3-т заасан хэлбэрээр хуралдах тохиолдолд даатгуулагч (иргэн)-ийг биечлэн ирүүлэхгүйгээр салбар болон орон нутгийн комиссын хурлыг мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулж, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүн болон эмнэлэг хяналтын комиссын саналд үндэслэн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг магадлан хэлэлцэнэ.

3.5.Даатгуулагч (иргэн)-д эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор алслагдсан сум, хороонд салбар болон орон нутгийн комиссын хурлыг энэ дүрмийн 3.1.4-т заасан хэлбэрээр зохион байгуулна.

3.6.Энэ дүрмийн 3.1.4-т заасан хэлбэрээр хуралдах тохиолдолд шинжээч, төрөлжсөн мэргэжлийн эмч нар даатгуулагч (иргэн)-д бодит үзлэг хийн, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүн болон эмнэлэг хяналтын комиссын саналд үндэслэн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг магадлан хэлэлцэнэ.

3.7.Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталсан өвчний жагсаалтыг баримтлан тогтооно.

3.8.Салбар, орон нутгийн комисс нь 7 хоногт 1 удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнээс олон удаа хуралдаж шийдвэрийг олонхын саналаар гаргана. 

3.9.Эмнэлэг хяналтын комисс даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг хэлэлцсэнээс хойш 1 хоногт багтаан саналаа салбар болон орон нутгийн комисст цахимаар хүргүүлнэ.

3.10.Салбар болон орон нутгийн комисс даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг ажлын 5 хүртэл хоногт багтаан шийдвэрлэнэ.

3.11.Дараахь тохиолдолд хурлын үйл ажиллагааг хойшлуулж, хүчингүйд тооцно:

         3.11.1.төв, салбар, орон нутгийн комиссын нийт гишүүдийн ирц гуравны хоёрт хүрээгүй тохиолдолд;

         3.11.2.салбар комиссын хуралд дарга, орлогч дарга нь нэгэн зэрэг оролцоогүй, эсхүл оролцох боломжгүй болсон тохиолдолд;

         3.11.3.орон нутгийн комиссын хуралд дарга, магадлагч эмч нэгэн зэрэг оролцоогүй эсхүл оролцох боломжгүй болсон тохиолдолд.

3.12.Төв, салбар, орон нутгийн комиссын дарга, орлогч дарга, гишүүд тус бүр саналын эрхтэй байх бөгөөд төв болон Сэтгэцийн өвчний салбар комиссын нарийн бичгийн дарга саналын эрхтэй байна.

3.13.Салбар, орон нутгийн комисс даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг хэлэлцэн шийдвэрлэхэд тухайн комиссын нарийн бичгийн даргын гаргасан хурлын дарааллыг баримтална.

3.14.Төв болон салбар, орон нутгийн комиссоос даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн актыг эмнэлэг хөдөлмөрийн магадлалын тусгай программаар үйлдэх бөгөөд актыг хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

Дөрөв.Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг
шийдвэрлэх үйл ажиллагаа

4.1.Даатгуулагч (иргэн) нь ердийн өвчин болон ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд 90-180 хоног хүртэлх хугацаатай эмнэлгийн хуудсыг авч, эмчийн хяналтад орж, эмчлүүлэх бөгөөд эмчилгээний үр дүн, өвчний явц, үе шат, хүндрэлийн талаарх баталгаажсан оношилгоо, шинжилгээний үр дүнд үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох хүсэлтийг шийдвэрлүүлнэ.

4.2.Даатгуулагч (иргэн)-ийн эрхтэн, бие махбодийн тогтоц, үйл        ажиллагаа нь хүндээр гэмтсэний улмаас өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, бусдын асаргаа сувилгаа шаардлагатай болсон, байнгын хэвтэрт байгаа тохиолдолд энэ дүрмийн 4.1-д заасан хугацааг болон эмнэлгийн хуудас авсан, эмчийн хяналтад орсон, эмчлүүлсэн эсэхийг нь үл харгалзан хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоож болно.

4.3.Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн осол болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас гэж тус тус ангилна.

4.4.Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг дор дурдсанаар ангилна:

         4.4.1.бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан;

         4.4.2.хагас (хэсэгчлэн) буюу 70 хүртэл хувиар алдсан.

4.5.Салбар, орон нутгийн комисс даатгуулагч (иргэн)-ийн эмнэлэг хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих хүсэлтийг даатгуулагч (иргэн)-ийн иргэний үнэмлэх, өвчтөний түүх (амбулаторийн карт), холбогдох оношилгоо, шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэнэ.

4.6.Сум нь орон нутгийн комисстой тохиолдолд даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сумын эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч хариуцан шийдвэрлүүлнэ.

4.7.Гадаад улсад хорт хавдар, сүрьеэ, эрхтэн шилжүүлэх болон бусад өвчний шалтгаанаар удаан хугацаагаар эмчлүүлж байгаа даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг шийдвэрлэхдээ үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан, эмчлүүлж байгаа талаарх тухайн улсын эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, биеийн эрүүл мэндийн байдлын талаарх дүгнэлтийн эх хувь болон тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, эсхүл консулын газрын тодорхойлолт, иргэний хувийн хүсэлтэд үндэслэн салбар болон орон нутгийн комисс шийдвэрлэнэ.

4.8 Энэ дүрмийн 4.7-д заасан даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг мөн дүрмийн 3.1.2, 3.1.3-т заасан хэлбэрээр хуралдан шийдвэрлэж болно.

4.9.Шүүхээр ял эдэлж буй ялтанд хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг зөвхөн хорихын нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн хорих байгууллагын харьяалах орон нутгийн комисс, эсхүл салбар комисс шийдвэрлэнэ.

4.10.Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох үйл ажиллагааг дараахь байдлаар зохион байгуулна:

4.10.1.эмнэлэг хяналтын комисс энэ дүрмийн 3.9-д заасны дагуу даатгуулагч (иргэн)-ийн  хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах талаарх саналыг салбар, орон нутгийн комисст цахимаар илгээсэн байна;

4.10.2.даатгуулагч (иргэн)-ийн өвчний түүх, оношилгоо, шинжилгээний өөрчлөлт, дүгнэлт, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэсэн үндсэн болон хавсарсан өвчний онош, өвчний үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа зэргийг тусгасан үечилсэн дүгнэлтийг эмнэлэг хяналтын комиссын дүгнэлтийн хамт өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг (бүсийн оношилгоо эмчилгээний төв), дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтын болон төрөлжсөн мэргэжлийн эмч нь орон нутгийн комиссын хуралд танилцуулна;
   
4.10.3.сэтгэцийн өвчин болон хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг Сэтгэцийн эрүүл мэндийн төв байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв байгууллагын эмнэлэг хяналтын комиссын дүгнэлтийг даатгуулагч (иргэн)-ийн хяналтын эсхүл эмчлэгч эмч нь салбар комиссын хуралд танилцуулна;

4.10.4.салбар, орон нутгийн комисс нь эмнэлэг хяналтын комиссоос илгээсэн даатгуулагч (иргэн)-ийн биеийн эрүүл мэндийн байдал, шинжилгээ, оношилгоо, онош, өвчний үе шатыг тодорхойлсон дүгнэлт, холбогдох бичиг, баримтад үндэслэн бодит үзлэг хийж, эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг магадлах бөгөөд даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг ирүүлсэн саналаар, эсхүл өөрчлөн тогтооно;

4.10.5.салбар, орон нутгийн комисс нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох асуудлыг дахин магадлах шаардлагатай гэж үзвэл холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлж, үзлэг оношилгоог давтан хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ;

4.10.6.салбар, орон нутгийн комисс нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох үндэслэлгүй гэж үзвэл шийдвэр гаргахгүйгээр үндэслэл бүхий хариу өгнө;

4.10.7.эмнэлэг хяналтын комиссын хурлын санал, шийдвэр гаргуулаагүй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг салбар болон орон нутгийн комиссын хурлаар шийдвэрлэхгүй;

4.10.8.эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хүнд зэргийн дутагдалтай, зөөх, тээвэрлэх боломжгүй даатгуулагч (иргэн)-ийн хүсэлт, эмчлэгч эмчийн үзлэг дүгнэлт, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох асуудлыг энэ дүрмийн       3.1.2, 3.1.3-т заасан хэлбэрээр хуралдаж шийдвэрлэнэ;

4.10.9.хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг шинээр тогтооход салбар, орон нутгийн комиссын хурлын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд энэ хугацаа хамаарахгүй;

4.10.10.хоёр буюу түүнээс дээш тооны өвчнөөр өвчилсөн даатгуулагч (иргэн)-ийн үндсэн өвчнийг сонгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоож, хавсарсан өвчний үе шат, явц, биеийн ерөнхий байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн чадвар алдалтыг тав хүртэл хувиар нэмж тогтоож болох бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тооцоход ердийн өвчний хувийг нэмж тооцохгүй;

4.10.11.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтооход энэ дүрмийн 4.10.2-т заасныг баримтлах бөгөөд эрх бүхий улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг үндэслэнэ;

4.10.12.мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтооход энэ дүрмийн 4.10.2-т заасныг баримтлах бөгөөд ажил олгогчоос ирүүлсэн хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолтыг үндэслэнэ.

4.11.Салбар, орон нутгийн комисс нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг сунгах, цуцлах үйл ажиллагааг дараахь байдлаар зохион байгуулна:

       4.11.1.даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа сунгах асуудлыг өмнөх шийдвэрийн хугацаа дуусахаас өмнө, эсхүл уг хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ;

       4.11.2.даатгуулагч (иргэн) хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ дүрмийн 4.11.1-д заасан хугацаанаас хойш 6 сарын дотор сунгуулах хүсэлт гаргасан бол хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтад үндэслэн салбар болон орон нутгийн комиссын хурлаар орсон өдрөөс эхлэн тооцож, ердийн өвчин бол     2 сараас, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин бол 6 сараас илүүгүй хугацаагаар тус тус нөхөн сунгаж болно;

       4.11.3.хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хувь хэмжээ, хугацаа хүчинтэй үед өвчний хүндрэл, үе шатыг харгалзан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг дахин магадлан өөрчилж болно;

       4.11.4.даатгуулагч (иргэн) нь хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоосон хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор магадлуулаагүй тохиолдолд даатгуулагч (иргэн), эсхүл түүний асран хамгаалагчид мэдэгдэж, хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцлах шийдвэр гаргана.

4.12.Салбар болон орон нутгийн комисс хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүй тогтоолгосон даатгуулагч (иргэн)-ийн эрүүл мэндийн байдал, түүнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний талаарх судалгааг хагас, бүтэн жилээр харьяалагдах өрх болон сумын эмчээс авч, хяналт тавьж ажиллана.

4.13.Даатгуулагч (иргэн)-ийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хөдөлмөрийн чадвар алдалт, бууралт нь цаашид даамжрах төлөвтэй, дадаж мэргэшсэн ажлаа хөдөлмөрийн тогтоосон цагт тоо, чанарын хувьд бүрэн хийж чадахгүйд хүрсэн бол тухайн даатгуулагч (иргэн)-ийг сувилуулах, эмчлүүлэхэд зориулж ажлын цагийг тодорхой хугацаагаар богиносгох шийдвэрийг салбар болон орон нутгийн комисс даатгуулагч (иргэн)-ийн хүсэлтийг үндэслэн гаргана.

4.14.Хөдөлмөрийн нөхцөл нь биеийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж, өвчин эмгэг нь цаашид даамжран хүндрэх төлөвтэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн нөхцөлийг энэ дүрмийн 3.7-д заасан эрх бүхий байгууллагаас баталсан өвчний жагсаалтыг үндэслэн солих шийдвэрийг салбар, орон нутгийн комисс гаргана.

Тав.Хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэх үйл ажиллагаанд
        оролцогч талуудын хүлээх нийтлэг эрх, үүрэг

5.1.Хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч талууд болох төв, салбар, орон нутгийн комисс болон эрүүл мэндийн    байгууллага нь дараахь нийтлэг эрхтэй байна:

       5.1.1.төв болон салбар, орон нутгийн комиссын шийдвэрийг алдаагүй, үндэслэлтэй гаргах зорилгоор төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнийг татан оролцуулах;

       5.1.2.эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаанд алдаа, дутагдал гаргасан, төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төв болон салбар, орон нутгийн комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, албан хаагчдад хариуцлага хүлээлгэх талаар холбогдох байгууллагад санал хүргүүлж, шийдвэрлүүлэх;

       5.1.3.аливаа алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн санг эрсдэлээс хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажилласан ажилтныг урамшуулах;

       5.1.4.даатгуулагч (иргэн)-ийг нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд хамруулах санал хүргүүлэх.

5.2. Хөдөлмөрийн чадвар алдалтыг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч талууд болох төв, салбар, орон нутгийн комисс болон эрүүл мэндийн    байгууллага нь дараахь нийтлэг үүрэгтэй байна:

       5.2.1.эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

       5.2.2.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг даатгуулагч (иргэн)-д шударга, чанартай, түргэн шуурхай, чирэгдэлгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах;

       5.2.3.даатгуулагч (иргэн)-ийг хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах үйл ажиллагааг дэмжих, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

       5.2.4.даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох шийдвэр гаргах;

       5.2.5.даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд судалгаа, шинжилгээ, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах;

       5.2.6.төрийн албаны болон нийгмийн даатгалын байгууллагын ажилтан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах;

       5.2.7.эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээг сайжруулах талаар арга хэмжээ авах, санал боловсруулж шийдвэрлүүлэх;

       5.2.8.албан үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн болон үүсч болзошгүй тохиолдолд зохих журмын дагуу мэдэгдэл, тайлбар гаргах бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллах.   

Зургаа.Төв комиссын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

6.1.Төв комисс нь салбар, орон нутгийн комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, эмнэлэг хөдөлмөр магадлалын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд дараахь арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана:

6.1.1.эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой маргааныг шинжээч эмчийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын үзлэг, оношилгоо, шинжилгээний дүнг үндэслэн гомдол гаргагч даатгуулагч (иргэн)-ийг байлцуулан шийдвэрлэх;

6.1.2. төв болон салбар, орон нутгийн комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, давтан сургах, сургалтад хамруулах талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

6.1.3.салбар, орон нутгийн комиссын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, гаргасан шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрчлөх, цуцлах арга хэмжээ авч,  илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх саналыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон бусад холбогдох байгууллагад хүргүүлэх;

6.1.4.орон нутгийн комиссын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалтын талаар тооцоо, судалгаа, шинжилгээ хийх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, тогтмол сайжруулах, ашиглах, хууль тогтоомжийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох чиглэлээр зохих арга хэмжээ авах;

6.1.5.эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлын төсвийн төслийг нарийвчилсан хуваарийн саналын хамт хуульд заасан хугацаанд боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх;

6.1.6.мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын үйл ажиллагаа, үр дүн, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилт, төсвийн зарцуулалтад хяналт тавих;

6.1.7.энэ дүрмийн 7.1.8-д заасны дагуу салбар, орон нутгийн комиссоос ирүүлсэн тайлан, мэдээг улсын хэмжээнд хагас, бүтэн жилээр нэгтгэн дүгнэж, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийх;

6.1.8.энэ дүрмийн 6.1.7-д заасан тайланд хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг улсын хэмжээнд, аймаг, дүүрэг, сум, хороо, тосгоноор ангилан өвчний оношоор бүлэглэж, хүн амд харьцуулсан  судалгааг боловсруулан тусгаж, дүгнэлт гаргах.

6.2.Төв комисс шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын байр, багаж хэрэгсэл, лаборатори, эм урвалжийг оношилгоо, магадлагаа хийх зорилгоор үнэ төлбөргүй ашиглаж болно.

6.3.Төв комисс эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын талаар болон комиссын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулан ажиллана.

Долоо.Салбар болон орон нутгийн комиссын
           хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7.1.Салбар болон орон нутгийн комисс дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана:

7.1.1.даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх асуудлыг эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн тогтоох;

7.1.2.эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын үзлэг, оношилгоо, шинжилгээний дүнг үндэслэн эмнэлэг хөдөлмөрийн магадлал хийх;

7.1.3.хөдөлмөрийн нөхцөл нь биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, өвчин эмгэг нь даамжран, цаашид хүндрэх төлөвтэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн нөхцөлийг эхний удаа 6 сар хүртэл хугацаагаар өөрчлөх, шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн нөхцөлийг хугацаагүйгээр өөрчлөх шийдвэр гаргах;

7.1.4.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хөдөлмөрийн чадварын бууралт нь цаашид даамжрах төлөвтэй, тогтоосон хөдөлмөрийн цагт бүрэн хөдөлмөрлөх боломжгүй болсон даатгуулагч (иргэн)-ийн ажлын цагийг богиносгох шийдвэр гаргах;

7.1.5.тухайн орон нутгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын мэдээллийн цахим санг тогтмол хөтөлж, бүрдүүлэх, шинэчлэх арга хэмжээ авч мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангаж ажиллах, хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд судалгаа, дүгнэлт хийх;

7.1.6.тухайн орон нутгийн иргэний бүртгэлийн байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн шилжилт хөдөлгөөн, нас баралтын мэдээллийг сар бүр тулгах, нягтлах, холбогдох өөрчлөлтийг  мэдээллийн санд тогтмол оруулах;

7.1.7.салбар болон орон нутгийн комиссын гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

7.1.8.үйл ажиллагааны хагас жилийн тайлан, мэдээг жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлан, мэдээг дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны өдөр дотор багтаан төв комисст хүргүүлж, тайлан, мэдээний үнэн зөвийг хариуцах;

7.1.9.үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын төсвийг хуульд заасан хугацаанд боловсруулан төв комисст хүргүүлэх;

7.1.10.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч (иргэн)-д үзүүлж буй мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилах, сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих;

7.1.11.даатгуулагч (иргэн)-ийн гаргасан өргөдөл гомдлыг холбогдох хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгч ажиллах;

7.1.12.төв комиссоос өгсөн хууль тогтоомжид нийцсэн үүрэг, даалгаврыг шуурхай биелүүлэх;
 
7.1.13.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд хуурамч баримт бичиг бүрдүүлэн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон шийдвэрийг цуцалж, буруутай этгээдээр хохирлыг барагдуулах арга хэмжээ авах;

7.1.14.хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч (иргэн), түүний гэр бүлд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллах.

7.2.Салбар болон орон нутгийн комиссын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл нь энэ дүрмийн 7.1-д зааснаас гадна хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч (иргэн)-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус зөвлөлд мэдээлэх, тайлагнах, төрийн байгууллагын болон иргэдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр идэвх санаачлага гарган ажиллах, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7.3.Салбар болон орон нутгийн комиссын нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөл нь энэ дүрмийн 7.1-д зааснаас гадна даатгуулагч    (иргэн)-д нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хамруулах талаар зөвлөлгөө өгөх, сургалт сурталчилгаа хийх, ажилд зуучлах, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7.4.Салбар болон орон нутгийн комисс нь эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, мэдээлэл хүргэх явуулын цахим зарын самбар (узель, микрофон, электрон урсдаг дэлгэц, зурагт, бусад) ашиглаж эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг нийтэд сурталчлах, мэдээллийг нээлттэй, ил тод хүргэх арга хэмжээг зохион байгуулан ажиллана.

7.5.Салбар болон орон нутгийн комиссын гишүүд нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагаа харилцан солилцож, орчны болон мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг хангах, бусад асуудлаар хамтарч ажиллана.

7.6.Салбар болон орон нутгийн комиссын гишүүн 30 хоногоос дээш хугацаагаар хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авах тохиолдолд энэ тухайгаа      1 сарын өмнө тухайн комиссын дарга, төв комисст урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авч ажиллана.

7.7.Салбар болон орон нутгийн комисс эмнэлэг хөдөлмөрийн магадлал хийх үед эргэлзээтэй, мэргэжил, арга зүйн зөвлөгөө шаардлагатай асуудал гарсан тохиолдолд төв комисст хандан мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч болно.

7.8.Салбар болон орон нутгийн комисс холбогдох хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биечлэн оролцоогүй, тухайн комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмчийн хяналтад ороогүй даатгуулагч     (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргана.

7.9.Энэ дүрмийн 7.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт даатгуулагч (иргэн) хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон, өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй эсхүл байнга хэвтэрт байдгийн улмаас биечлэн ирж чадахгүй болсныг ойлгоно.

Найм.Аймаг, дүүргийн Засаг даргын чиг үүрэг

8.1.Эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбогдсон үйл ажиллагаанд аймаг, дүүргийн Засаг дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.даатгуулагч (иргэн)-ийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж, энэ чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

8.1.2.орон нутгийн комиссыг үйл ажиллагаа явуулах байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, салбар болон орон нутгийн комиссын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах талаар шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

8.1.3.эрүүл мэндийн байгууллагын менежерийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтэд хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч (иргэн)-ийг тогтмол хянах, эмчилгээний үр дүнг тооцох, орон нутгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, эмчлэн эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудлыг тусгах, дүгнэхэд харгалзан үзэх.

8.2.Аймаг, дүүргийн Засаг дарга орон нутгийн комиссын тайланг жил бүр хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллана.

Ес.Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг

9.1.Эрүүл мэндийн байгууллага эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбогдсон үйл ажиллагаанд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.салбар болон орон нутгийн комиссын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

9.1.2.хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгох даатгуулагч (иргэн)-ийн  тав тухтай үйлчлүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

9.1.3.харьяа эмнэлэг хяналтын комиссын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллан, гарсан зөрчлийг арилгуулах;

9.1.4.салбар болон орон нутгийн комиссын хурлыг зохион байгуулах, үйл ажиллагаа явуулахад шаардагдах байр, тоног төхөөрөмжөөр хангах, бусад шаардлагатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

9.1.5.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амын хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, нөхцөлийг судлах, даатгуулагч (иргэн)-ийг хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх судалгаа, шинжилгээний ажилд оролцох, дэмжих;

9.1.6.салбар болон орон нутгийн комисстой хамтран хяналт шалгалт хийх;

9.1.7.орон нутгийн комиссын магадлагч эмчийг эмчилгээ, оношилгооны удирдамжаар хангаж, холбогдох сургалтад хамруулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх;

9.1.8.харьяа эмнэлэг хяналтын комиссын үйл ажиллагааны тайланг улирал тутам орон нутгийн комисст хүргүүлэх;
 
9.1.9.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон иргэний эдгэрэлтийн байдалд хяналт тавих, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулах асуудлыг эмчийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд тусгах, хяналт тавих.

9.2. Даатгуулагч (иргэн) нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмчлэгч эмчийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд түүний хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг бууруулах, цуцлах саналыг эрүүл мэндийн байгууллагаас салбар болон орон нутгийн комисст гаргаж болно.

Арав.Урамшуулал

10.1.Төв болон салбар, орон нутгийн комиссын дарга, орлогч дарга, гишүүн, нарийн бичгийн даргад хуралд оролцсон цагаар нь тооцож, сар бүр урамшуулал олгох бөгөөд нэг цагийн урамшууллын хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан хөдөлмөрийн хөлсний нэг цагийн доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. 

10.2.Орон нутгийн комисс нь хөдөлмөрийн чадварыг сэргээн засах тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоог бууруулахад идэвх санаачлага гарган ажиллаж, гарч болзошгүй ноцтой алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, магадлагч эмч нарт шагнал, урамшуулал олгох тухай саналыг холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлнэ.

10.3.Төв болон орон нутгийн комиссын бүрэлдэхүүнд гурваас дээш жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан магадлагч эмч, төв комиссын дарга, нарийн бичгийн даргад 3 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас 3 жил тутамд олгоно.

10.4.Төв болон салбар, орон нутгийн комиссын бүрэлдэхүүнд тогтвортой ажиллаж байгаа магадлагч эмчийг үндсэн мэргэжлээр нь мэргэжил дээшлүүлэх сургалтад нийгмийн даатгалын байгууллагын зардлаар хамруулж болно.

10.5.Энэ дүрмийн 10.1-10.4-т заасан зардлыг харьяа нийгмийн даатгалын байгууллагын төсөвт тусган хэрэгжүүлнэ.

Арваннэг.Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын
         мэдээллийн сан

11.1.Төв болон салбар, орон нутгийн комисс нь эмнэлэг хөдөлмөрийн магадлалын мэдээллийн нэгдсэн сан (цаашид “мэдээллийн нэгдсэн сан” гэх)-тай байна.

11.2.Мэдээллийн нэгдсэн сан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг ил тод болгох, судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан, мэдээ гаргах, хяналт шалгалт хийх, төрийн байгууллага хооронд мэдээлэл харилцан солилцох, бусад цахим үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

11.3.Мэдээллийн нэгдсэн санд төв болон салбар, орон нутгийн комиссоос гаргасан бүх шийдвэрийг бүртгэж, хөтөлнө.

11.4.Мэдээллийн нэгдсэн санд даатгуулагч (иргэн)-ийн дор дурдсан мэдээллийг тусгана:

11.4.1.овог нэр, регистрийн дугаар, нас, хүйс, хаяг, харьяалал (аймаг, дүүрэг, сум, баг, хороо, тосгон), холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, шаардлагатай үед холбоо барих хүний мэдээлэл;

11.4.2.хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацаа (онош)-г тогтоосон, сунгасан, цуцалсан, ажлын цаг богиносгосон, хөдөлмөрийн нөхцөл сольсон тухай бүх мэдээлэл;

11.4.3.хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоосон, сунгасан, цуцалсан, ажлын цаг богиносгосон, хөдөлмөрийн нөхцөл сольсон тухай шийдвэрийг гаргасан салбар болон орон нутгийн комиссын гишүүдийн овог нэр, холбоо барих утасны дугаар;

11.4.4.хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих тухай шийдвэрийг салбар болон орон нутгийн комиссын хурлаар шийдвэрлүүлсэн хяналтын болон эмчлэгч эмчийн овог нэр,  албан тушаал, холбоо барих утасны дугаар;

11.4.5. өвчтөний түүх, амбулаторийн карт, оношилгоо, багажийн болон лабораторийн шинжилгээний дүгнэлт;

11.4.6. хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоосон, сунгасан, ажлын цаг богиносгосон, хөдөлмөрийн нөхцөл сольсон хугацаанд ажилласан байдал, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал, тусламж, үйлчилгээ, бусад зардал авсан мэдээлэл;

11.4.7.эмчилгээ, сувилгаа хийлгэсэн талаарх мэдээлэл; 

11.4.8.эмнэлэг хяналтын комиссын цахимаар ирүүлсэн шийдвэрийн мэдээлэл;

11.4.9. шаардлагатай бусад мэдээлэл.

11.5.Даатгуулагч (иргэн) мэдээллийн сангаас өөрийн хамаарал бүхий мэдээллийг авч болно.

11.6.Төв болон салбар, орон нутгийн комиссын нарийн бичиг дарга тухайн комиссын шийдвэр бүрийг цаг тухай бүрт мэдээллийн нэгдсэн санд оруулж, үнэн зөв байдлыг нь хариуцах бөгөөд бусад шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас авч тусгаж болно.

11.7.Төв болон салбар, орон нутгийн комисс энэ дүрмийн 11.4-т заасан мэдээллийн нууцлалыг хангах, хамгаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллана.

Арванхоёр.Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын
      үйл ажиллагааны хяналт шалгалт

12.1.Төв комисс нь салбар болон орон нутгийн комиссын үйл ажиллагаа, цахим болон цаасан бичиг баримт, мэдээллийн санд тогтмол хяналт тавьж ажиллана.

12.2.Төв комисс мэдээллийн санг ашиглан үнэлгээ, дүгнэлт хийсний үндсэн дээр улсын дунджаас дээш эрсдэлтэй нөхцөл бүхий салбар болон орон нутгийн комиссын үйл ажиллагаанд жилд 3-аас доошгүй удаа дахин магадлал хийж шалгана.

12.3.Төв комисс мэдээллийн санг ашиглан үнэлгээ, дүгнэлт хийсний үндсэн дээр өндөр эрсдэлтэй нөхцөл бүхий салбар болон орон нутгийн комиссын үйл ажиллагаанд төв комиссын шинжээч эмч болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтарсан магадлалыг жилд 2-оос доошгүй удаа хийж шалгана.

12.4.Мэргэжлийн хяналтын байгууллага нь төв болон салбар, орон нутгийн комиссын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийнэ.

12.5.Энэ дүрмийн 12.2, 12.3-т заасан шалгалтыг хийхэд хараат бус хөндлөнгийн шинжээч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хангах орон тооны бус үндэсний болон салбар зөвлөлийн төлөөллийг оролцуулж болно.

12.6.Орон нутгийн комисс нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн байгууллагын холбогдох цахим мэдээллийн санг ашиглан даатгуулагч (иргэн)-ийн ажилласан байдал, биеийн байдал, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сувилгаа хийлгэсэн байдалд хяналт тавина.

Арвангурав.Хариуцлага

13.1.Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаанд алдаа, зөрчил гаргасны улмаас даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг үндэслэлгүйгээр тогтоосон, сунгасан комиссын дарга, орлогч дарга, гишүүд, нарийн бичгийн даргад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Даатгуулагч (иргэн) хуурамч баримт бичиг үйлдэж хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаагаа тогтоолгохыг завдсан, тогтоолгосон, сунгуулсан бол хохирлыг нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.3.Хяналтын болон эмчлэгч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нь хуурамч баримт бичиг үйлдэж хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг даатгуулагч (иргэн)-д тогтоолгохыг завдсан, тогтоолгосон, сунгуулсан бол хохирлыг нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.4.Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох, сунгуулах зорилгоор багажийн болон лабораторийн шинжилгээг хуурамчаар үйлдсэн эрүүл мэндийн байгууллагын ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.5.Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгох, сунгуулах зорилгоор комиссын гишүүдэд хууль бусаар нөлөөлсөн албан тушаалтан, аливаа этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Арвандөрөв.Бусад зүйл

14.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон хувь, хугацаанаас үл хамааран өөрийн өвчний байдал, үе шатанд нөлөөлөхгүй ажил, хөдөлмөр эрхэлж болно.

14.2.Энэ дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдсон эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааны заавар, аргачлал, маягтыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж болно.

 

---о0о---