A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд салбар дундын оролцоог ханган, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, /1-хавсралт 2005-66 тогтоолоор хүчингүй болсон/ зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Хүн амын эрүүл мэндийн боловсрол үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Үндэсний хороог шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 187 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА