Хэвлэх DOC Татаж авах
Засгийн Газрын 2002 оны 133 дугаар тогтоолын хавсралт
"НИЙСЛЭЛД МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО" ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийслэлд мал аж ахуй эрхлэх нөхцөл, боломж
1. Бэлчээрийн нөөц, түүний ашиглалт, хамгаалалт. Нийслэл 470.4 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд түүний дотор 327.8 мянган га бэлчээр, 110.7 мянган га ойн сан, 5.9 мянган га усан сан бүхий газартай. Бэлчээрийн даац 144.7 мянган хонин толгой малд хүрэлцээтэй байхад 2001 оны малын тооллогын дүнгээс үзвэл энэхүү үзүүлэлт нь 4.7 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн 15.3 хувь нь хүчтэй талхлагдсан, 17.9 хувь нь дунд зэрэг талхлагдсан байна. Нийслэл нь 5453 га хадлангийн газартай байсан боловч үүний 50 гаруй хувийг сүүлийн жилүүдэд бэлчээрт ашигласан байна. Хадлангийн талбайгаас 4117.1 тн өвс бэлтгэх боломжтой байгаа нь хотын өнөөгийн хэрэгцээний 10 хүрэхгүй хувийг хангах юм. 2001 онд нийслэлийн хэмжээнд 35.9 мянган тн байгалийн хадлан, 423.2 тн таримал ногоон тэжээл, 68.7 тн хужир бэлтгэсэн байна.
2. Мал аж ахуйн өнөөгийн байдал. 2001 оны эцсийн байдлаар 221.4 мянган толгой мал тоологдсоны 53.9 хувь нь төвийн 6 дүүрэгт, үлдэх хэсэг нь хөдөөний 3 дүүрэгт байна. Хотын барилгажсан хэсэгт 20.5 мянган толгой мал байрлаж байна. Нийслэлийн хэмжээнд малтай өрх 7496 байгаагийн 3901 нь төвийн 6 дүүрэгт, 3595 нь Налайх, Багахангай, Багануур дүүрэг, Жаргалант, Гачуурт тосгонд байна. Малтай өрхийн 3976 нь 10-аас цөөн, 1606 нь 30 хүртэл, 1422 нь 100 хүртэл, 481 нь 100-500 хүртэл, 11 нь 1000 хүртэл малтай байна. Малын бүтцийг авч үзвэл хотын суурьшсан хэсэгт үхэр, хот орчимд хонь давамгайлж байна. Түүнчлэн нийслэлд 1134 гахай, 38573 шувуу үржүүлж байна.  
Мал эмнэлгийн байгууллагын судалгаанаас үзвэл бруцеллёз, боом, цусан халдвар, дуут, сохор догол, балцруу зэрэг халдварт өвчний голомт байгаа бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 2001 онд малын гоц халдварт шүлхий өвчин, 2002 онд боом өвчин гарснаар эдийн засаг, нийгмийн ихээхэн хохирол учирч аюултай байдал үүсч байсан юм. Шүлхий өвчин гарсан үед зөвхөн 1 сарын хорио цээр тогтооход 2.5 тэрбум төгрөгийн шууд зардал гарчээ. Ийнхүү нийслэлд хорио цээрийн дэглэм тогтоох нь улсын гадаад, дотоод харилцаанд ч бэрхшээл учруулж болзошгүй бодит нөхцөлийг бий болгож байна.
3. Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл, борлуулалтын өнөөгийн байдал. Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад жилд наад зах нь 59 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 147.8 мянган тонн сүү, цагаан идээ, 5.1 мянган тонн цөцгийн тос, 70.9 сая ширхэг өндөг шаардлагатай бөгөөд энэ хэмжээ 2005 оны түвшинд 1.2 дахин, 2010 оны түвшинд 1.5 дахин нэмэгдэх тооцоотой байна.
Хөдөөгийн иргэд, байгууллага үйлдвэрлэсэн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн ихэнхийг нийслэлд борлуулан үйлдвэр, хүн амын эрэлт хэрэгцээг хангаж байна. Малын гаралтай бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаагүй орчинд худалдаж байгаа нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатар хотод 95 аж ахуйн нэгж мал, амьтны гаралтай түүхий эд цуглуулах, боловсруулах үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд гудамж талбайд түүхий эдийн худалдаа хийх, малыг хашаандаа нядлах явдал ч ихэсч байна.
 
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
4. Мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллага зах зээлийн ойр дөт, зам харилцаа, дэд бүтэц сайтайг нь түшиглэн Улаанбаатар хотын ойр орчимд мал аж ахуй эрхлэх болсон нь бэлчээрийн хомсдол бий болгож, газрын төрх байдал ихээхэн өөрчлөгдөж экологийн хямралт байдал үүсээд байгааг үндэслэн; хот орчимд өндөр үр ашигтай эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатайг харгалзан; хүн ам төвлөрсөн хот, суурин газарт мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага хангаагүй, боловсруулалт хийгдээгүй мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд заасан хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрх зөрчигдөхөд хүрч байгааг үндэслэн; мал, амьтны өвчлөлт нэмэгдэн гоц халдварт өвчин гарч нийслэл төдийгүй улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг харгалзан; хотын хэмжээнд мал, амьтны өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээг сайжруулах, мал эмнэлэг, хорио цээрийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зэргийг харгалзан энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
 
Гурав. Нийслэлд мал аж ахуй эрхлэх бодлого
5. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг нийгэм, эдийн засаг, экологийн талаас нь иж бүрэн харгалзан үзэж, тодорхой хязгаарлалттайгаар бүсчилэн хөгжүүлэх зорилтыг энэхүү хөтөлбөрт дэвшүүлж байна. 
6. Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс. Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоохдоо дараахь үндсэн зарчмыг баримтална:
   а/хотын ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын барилгажсан хэсэг, Салхитын амнаас цааш Шадивлан, Яргайт, Жигжид, Шаргаморьт, Мухар, Баянбулаг, Майхан толгой, Санзай, Баян, Бэлх, Сэлхи болон Гачууртын гол, Улиастайн голын адаг хэсэг, тэдгээрийн хажуугийн ам хөндийд байрлах амралт, сувиллын цогцолбор бүхий газрууд, тохилог сууц бүхий жижиг суурин, тэдгээрийн хоорондын байгалийн тэнцлийг хадгалахуйц ногоон бүсэд мал аж ахуй эрхлэхгүй байх;
   б/аялал жуулчлал, амралт, сувиллын газруудын байгаль–экологийн нөхцөл, гоо үзэсгэлэнг алдагдуулахгүй байх;
 
   в/Улаанбаатар хотын экологийн тэнцлийг хадгалан хотыг тойрсон хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас зааглах экологийн хязгаарлалтын бүсчилэл тогтоох;
   г/Улаанбаатар хотын ундны усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилтыг шийдэх үүднээс хотын төвлөрсөн усан хангамжийн гүний усны эх булаг Туул голын сав, түүнийг дагалдах тодорхой хэсгийн ашиглалтыг горимлох;
   д/тодорхой хуваарь, сэлгээ, зохион байгуулалтгүй ашиглаж доройтсон бэлчээр болон бусад зориулалтын газрыг нөхөн сэргээх;
   е/хотын байгаль экологийн онцгой ач холбогдол бүхий ойн ландшафтыг хамгаалах, нөхөн сэргээх;
   ж/техникийн аюулгүй ажиллагааг хангах хамгаалалтын зурвас газар бий болгох.
Эдгээр зарчмыг баримтлан нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хилийн зурвасыг Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно.
7. Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүс. Нийслэлийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг мал аж ахуйд ашиглах үүднээс тухайн нутгийн бэлчээрийн хүрэлцээ, даацад тохирсон үйл ажиллагааг тодорхой хязгаарлалттай явуулна. Энэхүү хязгаарлалт тогтоох үндэслэл нь тухайн газрын бэлчээрийн нөөц, бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал, хотын хөгжлийн чиг хандлагаар тодорхойлогдоно. Хязгаарлалтыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэл, малын тоо толгойг зохицуулах замаар тогтооно. Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүсэд хотын баруун болон баруун өмнөд талд Сонгинохайрхан дүүргийн 20, 21 дүгээр хороо бүхэлдээ, Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн тодорхой хэсгүүд, зүүн болон зүүн өмнөд талд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны зарим хэсэг, Налайх орчмын газрууд хамрагдах бөгөөд мал аж ахуй эрхлэх бүсийг үйлдвэрлэлийн чиглэлээр нь эрчимжсэн мал аж ахуйн болон өрхийн мал аж ахуй эрхлэх гэсэн 2 дэд бүсэд хуваан хөгжүүлнэ.  
8. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүс нь Сонгинохайрхан дүүргийн Жаргалант, Баянзүрх дүүргийн Гачуурт-Улиастайн сав газрууд хамрагдана. Энэ бүсэд сүү, махны чиглэлийн ашиг шим өндөртэй хязгаарлагдмал тооны малыг байлгахаас гадна малын тэжээл бэлтгэх, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны чиглэлээр газар тариаланг хөгжүүлнэ.
9. Өрхийн мал аж ахуйг эрхлэх бүс нь баруун талдаа Сонгинохайрхан, Баянцогт уулын арын ухаа гүвээт толгод, Бөхөг-Түргэний голын сав, Өлзийт, Туул хорооны орчмын нутаг, зүүн талдаа Хонхороос цаашхи Хөлийн голын дээд хэсэг, Бууралын давааны ар, Налайх орчмын газрууд хамрагдана.
10. Нийслэлийн мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд хот орчмын хөдөө аж ахуйн газрыг бүрэн дүүрэн зөв зохистой ашиглах бодлого баримтална.
       
Дөрөв. Нийслэлд мал болон амьтны гаралтай түүхий эдийн худалдааны талаар баримтлах бодлого
11. Мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах төвүүдийг тээврийн сүлжээ, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл бололцоо, дэд бүтцийн хангамжийг харгалзан, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотын баруун, зүүн захад төвлөрүүлэн байршуулж хөгжүүлнэ.
 
Тав. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
12. Мал аж ахуйг тодорхой бүс нутагт өсгөн үржүүлэх, малын гаралтай түүхий эдийг тусгайлсан газар хүлээн авах замаар нийслэлийн нийгэм-эдийн засагт үлэмж хохирол учруулж болзошгүй мал, амьтны гоц халдварт болон халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлж хүн амын эрүүл орчинд амьдрах баталгааг хангах, байгаль-экологийн тэнцвэрийг хадгалахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
13. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж байна:
   а/нийслэлийн нутаг дэвсгэрийн нөөц боломжид нийцүүлэн хүн амын эрүүл мэнд, хот тохижилт, ариун цэвэрт хохирол учруулахгүйгээр мал аж ахуй эрхлэх боломжийг бүрдүүлэх;
   б/мал, амьтны гаралтай түүхий эдийг тусгайлан тогтоосон газарт хүлээн авах, түүхий эдэд тавих мал эмнэлэг, хорио цээрийн хяналтыг сайжруулах;
   в/мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч мал, амьтны халдварт өвчин гарах нөхцөлийг хязгаарлах;
   г/хот орчмын бүсэд эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн аж ахуй эрхлэх, түүнд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэх;
   д/бэлчээр ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээх.
 
 Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, арга хэмжээ
14. "Нийслэлд мал аж ахуйн талаар баримтлах бодлого" хөтөлбөр нь 2002-2010 оныг хамрах бөгөөд дараахь үе шаттай байна:
 
I үе шат - 2002-2003 он;
П үе шат - 2004-2005 он;
Ш үе шат - 2006-2010 он.
 
15. Хөтөлбөр хэрэгжүүлэх I үе шатанд хотын хүн ам төвлөрсөн төвийн суурьшсан хэсгээс малтай өрхийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг ханган улмаар зөвшөөрсөн бүсэд суурьшуулах, мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах, арилжих, мал нядлах үйл ажиллагааг хотын захад төвлөрүүлэх бэлтгэлийг ханган эхлүүлэх, мал эмнэлэг, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авна.
16. Хөтөлбөр хэрэгжүүлэх П үе шатанд хот орчмын ногоон бүсээс мал бүхий өрхийг нүүлгэн шилжүүлж зөвшөөрсөн бүсэд суурьшуулах болон мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах цэгийг хотоос гарган байршуулж дуусгах, нийслэлийн малыг эрүүлжүүлэх иж бүрэн арга хэмжээ авч гэрчилгээжүүлэх, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийн хяналтын лаборатори байгуулах, түүхий эдийн захыг тохижуулах зэрэг ажлыг хийнэ.
17. Хөтөлбөр хэрэгжүүлэх Ш үе шатанд хөтөлбөрийн I, П үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээг баталгаажуулан, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Мал аж ахуй эрхлэгчдийг нарийн хуваарьт эдлэнтэй болгон, эрчимжсэн аж ахуйд бэлчээр, хадлан, тариалангийн газрыг эзэмшүүлж, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгоно. Талхлагдсан бэлчээр, хадлангийн талбайг нөхөн сэргээх, таримал бэлчээр, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг хөгжүүлнэ. Түүхий эдийг хадгалах, худалдах, боловсруулах технологийг боловсронгуй болгоно.
 
Долоо. Хөтөлбөрийн санхүүжилт
18. Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нүүн шилжихгүй иргэдийн малыг худалдан борлуулах, дэд бүтэц бий болгох, бэлчээр усжуулах, тэжээл бэлтгэх, хашаа саравч барих, малын үүлдэр угсааг сайжруулахад нь туслах, зарим газарт зам засах, шинээр тавих, хүн, мал эмнэлгийн үйлчилгээг өргөтгөх, түүхий эдийн захыг хотоос гаргах, чөлөөлөгдсөн газрыг нөхөн сэргээх зэрэг ажилд эхний 3 жилд 3 тэрбум 969.6 сая төгрөгийн зардлыг төсвөөс зарцуулна.
 
Найм. Гарах үр дүн, шалгуур, үзүүлэлт
19. Байгаль орчин, экологийн үр ашиг:
   а/нийслэлийн бэлчээрийн газрын зохион байгуулалтыг боловсронгуй болгон малыг оновчтой байршуулснаар бэлчээрийн талхлагдлыг багасгаж, байгаль орчныг хамгаалах боломж бүрдэнэ;
   б/байгаль-экологийн тэнцлийг хангаснаар нийслэлийн нутаг дэвсгэрт тогтвортой хөгжлийг баталгаажуулна.
20. Эдийн засгийн үр ашиг:
   а/малыг ус, бэлчээрийн таатай нутагт шилжүүлснээр ашиг шим нь нэмэгдэж, мал эмнэлэг, үржлийн албаны ажил, үйлчилгээ сайжирч өвчний гаралт багасна;
   б/бэлчээр ашиглалтыг эдийн засгийн аргаар зохицуулах боломж бүрдэж, хотын төсөвт хуримтлалын эх үүсвэр бий болно;
   в/эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ.
21. Нийгмийн үр ашиг:
   а/хотын иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл, боломж баталгаажина;
   б/хүнсний аюулгүй байдал хангагдана;
   в/мал, амьтнаас хүнд халдварлах өвчнөөс ард иргэдээ хамгаалж, Улаанбаатар хот мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр ажил, үйлчилгээ явуулдаг цэг, салбарын хог хаягдлаас цэвэршихээс гадна хотын суурьшлын хэсгийн хэт ачааллыг багасгана;
   г/мал эмнэлгийн болон үржлийн ажил, үйлчилгээ тогтворжин малын хөдөлгөөнд хяналт тавих боломж бүрдэнэ.
22. Технологийн үр ашиг. Хот орчимд уламжлалт мал аж ахуйг хязгаарлан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр малын ашиг шимийг бүрэн ашиглах хаягдалгүй дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
23. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх шалгуур. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуураар үнэлнэ:
1. Мал бүхий өрх болон мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах, арилжих цэгийг хотоос нүүлгэн шилжүүлсэн байх.
2. Мал аж ахуй, мал, амьтны гаралтай түүхий эдийг хүлээн авах цэгийг зөвшөөрсөн бүс нутагт байршуулж иргэдийн ажиллах, амьдрах нийгмийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.
3. Бэлчээрийн ашиглалт сайжирч бэлчээр, тэжээлийн талбайг нөхөн сэргээх арга хэмжээ авсан байх.
4. Мал, амьтны халдварт, паразит өвчний гаралтыг тогтвортой бууруулсан байх.
24. Хөтөлбөрийн шалгуурыг хэмжих үзүүлэлт. Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуурыг дараахь үзүүлэлтээр хэмжинэ:
   а/1 дүгээр шалгуурыг-нүүлгэн шилжүүлсэн өрх, мал, түүхий эд хүлээн авах цэгийн тоо, түүний одоогийн байдалтай харьцуулсан хувь, хотын зөвшөөрөөгүй нутаг дэвсгэрт мал аж аж ахуй эрхэлж байгаа эсэх, мөн зөвшөөрөөгүй газарт мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх, эдгээр үйл ажиллагааг зохицуулахаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн заалт нэг бүрээр хэмжинэ;
   б/2 дугаар шалгуурыг-мал аж ахуй эрхлэх болон мал, амьтны гаралтай түүхий эд хүлээн авах бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт, бууралт, хөрөнгө оруулалтын нийгмийн үр ашиг болон иргэдийн санал, гомдлын байдлаар хэмжинэ;
 
    в/3 дугаар шалгуурыг-бэлчээрийг эзэмшүүлсэн байдал, нөхөн сэргээсэн болон тарималжуулсан талбай, талхлагдсан газрын багасалт, газрыг нөхөн сэргээх, сайжруулахад оруулсан хөрөнгө оруулалтын үр ашиг, газрын төлөв байдлын чанарын үзүүлэлтээр хэмжинэ;
    г/4 дүгээр шалгуурыг-малын халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээнд зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтын үр ашиг, эпидемиологийн холбогдлын хувьд халдварт өвчний гаралт, өвчлөл, хорогдлын бууралт, гоц халдварт болон халдварт өвчний улмаас эдийн засаг, нийгэмд учирсан хохирлын хэмжээ зэрэг үзүүлэлтээр хэмжинэ.
 
 
 
-------оОо-------