Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

УЛС, ОРОН НУТАГ, БАЙГУУЛЛАГЫН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ
 
 Нэг. Нийтлэг үндэслэл
     1. Улс, орон нутаг, байгууллагын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад орж, түүх соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
     2. Журмын зорилго нь түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалахтай холбогдсон үйл аижллагааг уялдуулан зохицуулж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах нөхцөлийг хангах, гэмтээх, үрэгдүүлэх, төрх байдлыг нь өөрчлөхөөс сэргийлэхэд оршино.
      3. Энэхүү журмыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргийг Соёлын яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахад тавих шаардлага 
   4. Түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай Монгол Улсын хууль"-д зааснаас гадна дараахь нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
     а/ түүх, соёлын дурсгалт зүйлийг төрх байдал, чанар, өнгө үзэмжийг нь хадгалж чадахуйц байр, үзмэрийн танхим, сан хөмрөгт байрлуулах, хадгалалтын зохих нөхцөл /агаар, чийг, дулаан, гэрэл гэх мэт/-ийг хангах;
     б/түүх, соёлын дурсгалт зүйлийг тавьсан үзмэрийн танхим, сан хөмрөгийн байрны цонх, хаалга, тагт, шат зэргийг гадны аливаа нөлөөлөлд өртүүлэхгүй байх, гал түймэр, усны аюулаас хамгаалах нөхцөл шаардлагыг хангахуйцаар тоноглосон байх;
     в/өөрийн өмч, эзэмшилд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг зохих хууль тогтоомжид заасны дагуу сэргээн засварлах арга хэмжээг байнга авч байх.
     5. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 6, 7-д заасны дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор эргэн тойронд нь хамгаалалтын бүс тогтоох, хашаа барих, пайз, самбар, шон, таних тэмдэг хийж тавих ажлыг сум дүүрэг, багийн Засаг дарга, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага хариуцан гүйцэтгэхийн зэрэгцээ түүх, соёлын дурсгалт зүйлийг нутгийн иргэдэд гэрээгээр хариуцуулан өгөх замаар тэдгээрийг эвдэж сүйтгэх, төрх байдлыг нь өөрчлөхөөс сэргийлэх, төрх байдлынх нь талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, тэдний заавар, зөвлөмж, аргачлалын дагуу сэргээх арга хэмжээ авч байна.
     6. Хамгаалалтын бүсэд газар шорооны ажил хийх, цахилгаан шугам, яндан хоолой тавих зэргээр газрыг нь хөндөх үйл ажиллагаа явуулах тохиолдолд хариуцсан байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авна.
     7. Хамгаалалтын бүсэд энэ журамд зааснаас бусад барилга, байгууламж барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
     8. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг хамгаалах талаар тухайн шатны Засаг дарга дараахь ажлыг зохион байгуулна:
     а/тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, байнгын хяналт тавих ажлыг тодорхой байгууллага, албан тушаалтанд хариуцуулах, шаардлагатай бол харуул хамгаалалттай болгох;
     б/түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахтай холбогдсон хөрөнгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгуулан гаргаж байх;
     в/түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах талаар олон нийтийн идэвх санаачилгыг өрнүүлэх, судалж сурталчлах ажлыг зохион байгуулах;
     г/түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалалт, хамгаалалтын талаар дээд шатны Засаг дарга, Соёлын яаманд зохих журмын дагуу тайлагнах.
      9. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 4 дүгээр зүйлд дурдсанаас гадна дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
     а/түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг тусгай зориулалтын сав, байранд байлгаж хариуцагч, харуул хамгаалалтын хүмүүсээр өдөр тутам хүлээлцүүлж, бүртгэл хөтлүүлж байх;
     б/түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн өнгө үзэмжийн талаар лабораторийн дүгнэлтийг 3 жил тутам гаргуулж байх.
      10. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, болзошгүй нөлөөллөөс сэргийлэх зорилгоор Соёлын яам, эсвэл аймаг, нийслэлийн Засаг дарга санаачлан уг зүйлийн өмчлөгч, эзэмшигчид нь заавар, зөвлөмж өгч болно.
     11. Түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах асуудлаар тухайн шатны Засаг дарга уг дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь заавар, зөвлөмж өгч болно.
     12. Энэ журмын 10, 11 дүгээр зүйлүүдэд заасны дагуу өгсөн заавар, зөвлөмжийг өмчлөгч, эзэмшигч биелүүлээгүй, эсвэл хэрэгжүүлэх чадваргүй бол Соёлын сайд буюу тухайн шатны Засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг /ажилтан/-ийг томилж, уг дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авахуулж өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэнэ.
 Шаардлагатай гэж тухайн дурсгалт зүйлийг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмын дагуу шилжүүлэн өгч хадгалуулж болно.
     13. Энэ журмын 12 дугаар зүйлийн дагуу томилогдсон ажлын хэсэг /ажилтан/ нь түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авах, түүнийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэхдээ тухайн түүх,соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн санал, хүсэлтийг хүндэтгэн үзэх үүрэгтэй.
     14. Энэ журмын 10-12 дугаар зүйлд заасан заавар, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авахтай холбогдож гарах зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцсан байгууллага хариуцан шийдвэрлүүлнэ.
     15. Бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлийг эвдэх, гэмтээх зэргээр хайр гамгүй хандсан байвал Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл, журмын дагуу түүнийг төрийн өмчид шилжүүлэн авна.
     16. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлээ төрийн хамгаалалтад авахуулахыг хүссэн өмчлөгч, эзэмшигч нь уг дурсгалт зүйлийг улсад худалдах, бэлэглэх, эсвэл эрдэнэсийн сан, улсын музейд хадгалуулах саналаа хамгаалалт хариуцсан байгууллага, албан тушаалтанд тавьж болох бөгөөд уг саналыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
     17. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлд хортой нөлөө үзүүлэх нөхцөл бүрэлдсэн болон хохирол учирсан тохиолдолд хамгаалалтыг хариуцсан байгууллага, албан тушаалтан зохих арга хэмжээ авна.
     18. Түүх, соёлын дурсгалт зүйл устах, эвдрэх аюулд орсон болон онцгой бусад тохиолдолд Шинжлэх ухаан, боловсрол, Соёлын яамны хамтарсан шийдвэрээр түүний байршлыг өөрчилж болно. Ингэхдээ "Түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх журам"-ыг дагаж мөрдөнө.
     19. Түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь түүнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гэрээгээр ашиглуулж болно.
     20. Хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдлыг шаардлагатай үед эрх зүйн хамгаалалтыг хариуцаж буй байгууллага, албан тушаалтан шалгаж болох ба Соёлын яамнаас жилд нэг удаа газар дээр нь шалгалт хийнэ.
     21. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл дээр зар сурталчилгаа, таних тэмдэг байрлуулах, элдэв бичээс бичих болон анхны төрх байдлыг өөрчлөх аливаа үйлдэл хийхийг хориглоно.
 
------оОо-----