Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 2005 оны 77 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ  АЛБАН  ТУШААЛ  ЭРХЭЛДЭГ  АЛБАН ХААГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН  ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
                1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл (цаашид "тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл" гэх)-ийг олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
 
                2. Тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
 
Төрийн алба хаасан хугацаа
(жилээр)
Төрийн тусгай алба хаасан
хугацааны нэмэгдлийн хэмжээ
(хувиар)
5-7
5
8-10
8
11-14
12
15-19
15
20-24
20
25-30
25
31 ба түүнээс дээш
30
 
                З. Тусгай алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:
      а/төрийн жинхэнэ албанд ажилласан хугацаа;
      б/төрийн албанд ажиллах хугацаандаа байгууллагын бодлогоор дотоод, гадаадад мэргэжил дээшлүүлэх болон магистрантур, докторантурын сургалтад суралцсан хугацаа;
      в/төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа;
г/хугацаат цэргийн алба хаасан хугацаа.
 
4. Тусгай албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь албан хаагчийн хувийн хэрэг, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна.
 
                5. Тусгай алба хаасан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, ажилтан тодорхойлж, нэмэгдлийг тухайн байгууллагын даргын шийдвэрээр олгоно.
 
                6. Тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгаж байна.
 
 
-----оОо-----