A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 256

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр"-т тусгагдсан үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар зайлуулах үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. "Хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар зайлуулах үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний хэрэгжилтийн явцад хяналт тавьж, тухайн жилийн үр дүнгийн талаар дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод үүрэг болгосугай.

3. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ялган ангилах, дахин ашиглах үйл ажиллагааг Улаанбаатар хотын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид үр ашигтай эрхлүүлэх ажлыг туршилтын журмаар зохион байгуулж, дүнг 2002 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт даалгасугай.

4. Хог хаягдлыг төрөлжүүлэн ялгах, тээвэрлэн зайлуулах, заагдсан цэгт хаях, цэвэр орчинд амьдрах ач холбогдол, эрүүл ахуйн шаардлагыг нийтэд ойлгуулах сургалт, сурталчилгааг байнга явуулан, хүн амын насны онцлогт тохирсон сурталчилгааны материал, гарын авлага болон шаардагдах арга зүйгээр хангах арга хэмжээ авч байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор цаас, яс, металл эдлэл, шил, нийлэг материалыг дахин боловсруулах жижиг үйлдвэр байгуулах асуудлыг судлан үзэж 2003 онд багтаан шийдвэрлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Байгаль орчны сайд У.Барсболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/хог хаягдлын зайлуулалт болон хог хаягдлын бохирдолтод хяналт тавих эрүүл ахуйн хяналтын байцаагчдыг хот, суурин газарт байнга ажиллуулж, орчны бохирдолтыг бууруулж, цэвэр орчныг хэрхэн бүрдүүлсэн байдлаар тэдний үйл ажиллагааг дүгнэж байсугай;

б/хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааны техник, технологийг 3-4 жилд багтаан шинэчлэх, дэвшилтэт менежментийг буй болгох арга хэмжээ авсугай;

в/хог хаягдлын хураамжийн зарцуулалтын тогтолцоог зах зээлийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгох, нэгдсэн хяналтад оруулах арга хэмжээ авсугай;

г/аж ахуйн нэгж, байгууллагыг хог хаягдлаа зөвшөөрөгдсөн цэг дээр зориулалтын машинаар тээвэрлэн зайлуулдаг болгож хэвшүүлсүгэй;

д/нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын орчинд хог хаягдлын савыг хүрэлцэхүйц хэмжээгээр байрлуулсугай;

е/айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр орчноо хог хаягдалгүй, цэвэр байлгахын төлөө хөдөлгөөн өрнүүлж түүнийг хэвшил болгон мөрдүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД