Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 2006 оны 310 дугаар
                         тогтоолын хавсралт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1 дүгээр зүйл. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
эрхэм зорилго
 
1.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго нь  мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэхэд оршино.
 
2 дугаар зүйл. Засгийн  газрын  Хэрэг  эрхлэх  газрын
эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж,
эрх зүйн бусад акт
 
2.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрх зүйн байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, холбогдох бусад хууль болон энэхүү дүрмээр тодорхойлогдоно.
 
3 дугаар зүйл. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,
түүний чиг үүрэг
 
3.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид "Хэрэг эрхлэх газар" гэх) нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага болохын хувьд Засгийн газрын удирдлагын зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээх бөгөөд Засгийн газрын ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
 
3.2. Засгийн газрын тухай хууль болон энэ дүрмийн 3.1-д заасны дагуу Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах нийтлэг асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ.
 
3.3. Хэрэг эрхлэх газрыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга төлөөлнө.
 
4 дүгээр зүйл. Хэрэг эрхлэх газрын үйл
ажиллагааны зарчим
 
4.1. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.
 
4.2. Хэрэг эрхлэх газар нь улс төрийн хувьд төвийг сахисан, итгэл хүлээхүйц мэргэшсэн байх, үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх, бүтцийн хувьд энгийн байх, хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчмыг баримтлан ажиллана.
 
5 дугаар зүйл. Хэрэг эрхлэх газрын тамга,
тэмдэг, бэлгэдэл
 
5.1. Хэрэг эрхлэх газар тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.
 
5.2. Хэрэг эрхлэх газар эрхэлсэн ажлын онцлог, түүхэн уламжлалыг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.
 
5.3. Хэрэг эрхлэх газрын бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга батална.
 
Хоёр. Хэрэг эрхлэх газрын удирдлага, зохион    
байгуулалтын бүтэц
 
6 дугаар зүйл. Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх
газрын дарга
 
6.1. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга (цаашид "Хэрэг эрхлэх газрын дарга"гэх) тэргүүлнэ.
 
6.2. Хэрэг эрхлэх газрын дарга хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хэрэг эрхлэх газарт түшиглэн эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг авч яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
 
6.3. Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газраас томилж, чөлөөлөх албан тушаалтны асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
 
6.4. Хэрэг эрхлэх газрын дарга нь төрийн албан хаагчийн хувьд Хэрэг эрхлэх газарт харьяалагдах улс төрийн албан тушаалтныг  зохих журмын дагуу  томилж, чөлөөлнө.
 
7 дугаар зүйл. Хэрэг эрхлэх газрын
тэргүүн дэд дарга, дэд дарга
 
7.1. Хэрэг эрхлэх газар тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргатай байна. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг Засгийн газар зохих журмын дагуу томилж, чөлөөлнө. /Энэ заалтыг ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 11-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
 
7.2. Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, үүрэг, даалгаврыг удирдлага болгоно.
 
7.3. Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга дараахь үндсэн эрх, үүрэгтэй:
           
7.3.1. Хэрэг эрхлэх газрын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, шуурхай удирдах;
 
7.3.2. батлагдсан төсвийг хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулах;
 
7.3.3. хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах;
 
7.3.4. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, энэ дүрмээр олгосон болон Хэрэг эрхлэх газрын даргаас шилжүүлсэн бусад эрх, үүрэг.
 
7.4. Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга энэ дүрмийн 7.3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.
 
7.5. Хэрэг эрхлэх газрын дэд дарга нар нь Хэрэг эрхлэх газрын дарга, тэргүүн дэд даргаас хариуцуулсан тодорхой ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 11-р тогтоолоор өөрчлөлт орсон/
 
8 дугаар зүйл. Хэрэг эрхлэх газрын зохион
байгуулалтын бүтэц
 
8.1. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг Хэрэг эрхлэх газрын даргын саналыг харгалзан Засгийн газар батална.
 
8.2. Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны тодорхойлолтыг Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга батална.
 
9 дүгээр зүйл. Хэрэг эрхлэх газрын ажлын
зохион байгуулалт
 
9.1. Хэрэг эрхлэх газар нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.
 
9.2. Хэрэг эрхлэх газрын аппаратын зөвлөлгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа Хэрэг эрхлэх газрын дарга зарлан хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд Хэрэг эрхлэх газрын удирдлагын хэмжээнд шуурхай зөвлөлгөөнийг хийнэ.
 
9.3. Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга болон урьдчилан зөвшөөрсөн тохиолдолд Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга эрхлэх асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газрын бодлого,  Хэрэг эрхлэх газрын даргын байр суурийг баримтална.
 
9.4. Хэрэг эрхлэх газар нь монгол, англи хэлээр өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай мэдээллийг харуулсан вэб хуудастай байна.
 
Гурав. Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалт,
үйл ажиллагааны баталгаа
 
10 дугаар зүйл. Хэрэг эрхлэх газрын ажиллах
нөхцөл, баталгаа
 
10.1. Хэрэг эрхлэх газрын ажилтан нь Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана.
 
10.2. Хэрэг эрхлэх газар нь ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан баталж, түүнд тусгасан арга хэмжээг үйл ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
 
10.3. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох нь Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь өөрчлөх үндэслэл болохгүй.
 
11 дүгээр зүйл. Хэрэг эрхлэх газрын төсөв
 
11.1. Хэрэг эрхлэх газар нь төсөвтэй байна.
 
11.2. Хэрэг эрхлэх газрын төсвийн төслийг боловсруулах, батлах, захиран зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг төсвийн хууль тогтоомжоор зохицуулна.
 
12 дугаар зүйл. Хэрэг эрхлэх газрын гадаад
харилцаа
           
12.1. Хэрэг эрхлэх газар нь өөрийн эрх хэмжээний асуудлаар гадаад улсын ижил төрлийн болон бусад байгууллага, олон улсын байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллана.
 
12.2. Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд даргын гадаад улсын ижил төрлийн болон бусад байгууллага, олон улсын байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалт, хурал, зөвлөлгөөнд оролцох асуудлыг Хэрэг эрхлэх газрын дарга шийдвэрлэнэ.
 
12.3. Төрийн албан хаагчийн хувьд Хэрэг эрхлэх газарт харьяалагдах улс төрийн албан тушаалтны дотоод, гадаад албан томилолтын асуудлыг Хэрэг эрхлэх газрын дарга шийдвэрлэнэ.
 
12.4. Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга болон ажилтны дотоод, гадаад албан томилолтын асуудлыг Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга шийдвэрлэнэ.
 
12.5. Гадаад улсын болон олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочин, төлөөлөгч урих асуудлыг Хэрэг эрхлэх газрын дарга шийдвэрлэнэ.
 
13 дугаар зүйл. Хэрэг эрхлэх газарт хориглох зүйл
 
13.1. Хэрэг эрхлэх газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
 
            13.1.1. жагсаал, цуглаан хийх, ажил хаялт, өлсгөлөн, суулт зарлах зэрэг улс төрийн үйл ажиллагаа явуулах;
 
            13.1.2. хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр орлого олох;
 
            13.1.3. Монгол Улсын олон улсын гэрээ, хууль, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Хэрэг эрхлэх газрын байранд бусад байгууллагыг байрлуулах;
 
            13.1.4. хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.
 
14 дүгээр зүйл. Хэрэг эрхлэх газрын шагнал
 
14.1. Хэрэг эрхлэх газрын шагнал нь “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Хүндэт жуух бичиг” мөн бөгөөд уг шагналыг Ерөнхий сайдын захирамжаар бий болгоно. Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчийг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулна./Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-25-ны өдрийн 530-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
 
14.2. Хэрэг эрхлэх газраас олгох шагналын нийтлэг загвар, дагалдах мөнгөн шагналын хэмжээг Хэрэг эрхлэх газрын дарга тогтооно.
 
14.3. Хэрэг эрхлэх газрын шагнал олгох, шагналын сан бүрдүүлэх, зарцуулах журмыг Хэрэг эрхлэх газрын дарга тогтооно.
 
 
 
 
 
-----оОо-----