Хэвлэх DOC Татаж авах

                                                                                                                  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 141 дүгээр 
                                                                                                                  тогтоолын 1 дүгээр хавсралт


                                                  МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
                                                                     ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл

Мэдээлэл, харилцаа холбооны технологи манай орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэвтэрч, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаа нь мэдээлэл, харилцаа холбооны технологитой салшгүй холбогдон, цахим засаг, цахим боловсрол, цахим эрүүл мэнд зэрэг мэдээлэлжсэн нийгмийн бүрдэл хэсгүүд үүсэн хөгжиж байгаатай уялдуулан мэдээллийн аюулгүй байдлыг хангах явдал нь өнөөгийн тулгамдсан асуудал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болж байна.

Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлс, заналхийлж байгаа аюулыг судлан дүгнэсний үндсэн дээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, бодлогыг тодорхой болгох, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зах зээлийг бий болгож, хүний нөөцийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, аюул бодитой оршихын зэрэгцээ энэ нь хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Иймд олон улс, бүс нутгийн болон улс орнуудын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий болгох, төрөл бүрийн кибер довтолгоон, халдлагаас хамгаалах, сөрөн зогсох талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтын орчин бий болгох, стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

                                        Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх зарчим, зорилт

2.1 Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн (цаашид "Хөтөлбөр" гэх) зорилго нь Монгол Улсын төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын цахим мэдээллийн сан, мэдээлэл түүнийг дэмжих дэд бүтцийн цахим аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад оршино.

2.2. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
2.2.1. үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх;

2.2.2. мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын чиг хандлага, стандартыг баримтлах;
2.2.3. төр-хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн оролцоог хангаж, тэдгээрийн уялдаа холбоог бэхжүүлэх;
2.2.4. онц чухал дэд бүтцийг хамгаалах арга хэмжээг төр анхааралдаа авахын зэрэгцээ төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг хослуулж хэрэгжүүлэх;
2.2.5. хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хэрэгжүүлэх;
2.2.6. мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлыг олон улсын хэмжээнд ил тод хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх;
2.2.7. бизнесийн болон хувь хүний нууц, хүний эрхийг хүндэтгэх.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:

Зорилт 1. мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Зорилт 2. мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг бууруулах, хариу үйлдэл хийх тогтолцоог бүрдүүлэх;

Зорилт 3. мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээний соёл бий болгон төлөвшүүлэх, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн таатай орчин бүрдүүлэх;

Зорилт 4. төрийн мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бүрдүүлэх.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

2.3.1. холбогдох хуулийг шинээр боловсруулж батлуулах, даган мөрдөж байгаа хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

2.3.2. мэдээллийн аюулгүй байдлын стандарт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр журам боловсруулж хэрэгжүүлэх;

2.3.3. мэдээллийн аюулгүй байдлыг хангах удирдлагын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох.

Мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг бууруулах, хариу үйлдэл хийх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

2.3.4. мэдээллийн аюулгүй байдалд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт өгч байх;

2.3.5. мэдээллийн аюулгүй байдлын будлиан /incident/, кибер гэмт хэрэг, кибер терроризмоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хариу үйлдэл хийх;

2.3.6. үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө бүхий онц чухал дэд бүтцийг хамгаалах;

2.3.7. интернэтийн аюулгүй байдлыг хангах;

2.3.8. мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн баталгаажуулалт, хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгож, эмзэг байдлыг бууруулах.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээний соёл бий болгон төлөвшүүлэх, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

2.3.9. мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн ажилтныг сургаж бэлтгэх, хүний нөөцийг хөгжүүлэх;

2.3.10. мэдээллийн аюулгүй байдлын талаар иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соёлтой хэрэглээг бий болгож төлөвшүүлэх сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2.3.11. мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төр-хувийн хэвшлийн түншлэлийг ашиглах;

2.3.12. мэдээллийн аюулгүй байдлын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх.

Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

2.3.13. төрийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн эмзэг, сул байдлыг илрүүлэх, үнэлгээ хийх;

2.3.14. төрийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах;

2.3.15. шифр болон криптографын технологийг хөгжүүлж, хэрэглээг нэвтрүүлэх;

2.3.16. кибер гэмт хэрэг, кибер терроризмтой тэмцэх чадавхийг хөгжүүлэх, тэдгээртэй тэмцэх.


                             Гурав. Хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа
3.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

3.1.1. төсвийн хөрөнгө;

3.1.2. хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө;

3.1.3. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт.

3.1.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 68.6 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарч байна:

 

Эх үүсвэр
Санхүүжилт ( сая.төг)
1
Төсвийн хөрөнгө
35.5
2
Хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө
21.000
3
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт
12.100
 
Нийт
68.6


3.2. Хөтөлбөрийг 2010-2015 онд хэрэгжүүлнэ.

                                                     Дөрөв. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

4.1. "Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр"-ийг "Монгол Улсын мянганы хөгжлийн зорилт", "Цахим монгол", "Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр" болон холбогдох бусад төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

4.2. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, салбарын байгууллагуудын уялдаа холбоог хангах, үндэсний болон орон нутгийн түвшинд нэгдмэл удирдлагыг бий болгох, хандивлагчид, олон улсын байгууллагын оролцоог уялдуулан зохицуулах асуудлыг харилцаа холбооны болон тагнуулын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулна.

4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилт тус бүрийн хүрэх үр дүнгийн болон шалгуур үзүүлэлтийн дагуу биелэлтийг гаргаж Засгийн газарт жил бүр танилцуулж байна.



                                                                                          ---оОо---