Хэвлэх DOC Татаж авах
                                                                                                                  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 277 дугаар 
                                                                                                                  тогтоолын хавсралт


                                           МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН
                                                 ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЗОРИЛГООР 
                                                     МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОН ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ 


                                                                               Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон тоног төхөөрөмжийн экспорт, импорт, үйлдвэрлэл, зарцуулалтад хяналт тавих зорилгоор мэдээлэл солилцон хамтран ажиллахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих зорилгоор мэдээлэл солилцон хамтран ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гүйцэтгэх ажлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Гаалийн тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Байгалийн ургамлын тухай, Хилийн тухай, Тагнуулын байгууллагын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон холбогдох бусад хууль, энэ журмыг удирдлага болгоно.

1.3. Энэ журмыг хэрэгжүүлэгч нь гадаад харилцаа, эрүүл мэнд, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон тагнуул, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, хил хамгаалах байгууллага байна.

                                                              Хоёр. Байгууллагын үйл ажиллагаа

Энэ журмыг хэрэгжүүлэгч байгууллагууд нь мэдээлэл солилцон хамтран ажиллахдаа дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:

2.1.1. хөрш зэргэлдээ улс болон олон улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаархи мэдээ, мэдээллээр цагдаа, тагнуулын байгууллагыг тухай бүрт хангаж ажиллах;

2.1.2. гадаад улсад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн талаар цагдаа, тагнуулын байгууллагатай харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллах.

2.2. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:

2.2.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12.1, 15.12.4-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон талаархи мэдээллийг гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад хүргүүлж, тухайн байгууллага, аж ахуйн нэгж хаанаас, хэзээ, ямар зориулалтаар, ямар хэмжээний бүтээгдэхүүнийг, ямар боомтоор улсын хил нэвтрүүлэх тухай мэдээлэл болон холбогдох бусад баримтыг эдгээр байгууллагад урьдчилан мэдэгдэх;

2.2.2. шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдолтой эсэх, зөвшөөрөл хүссэн эм, бодисыг ашиглах тоо хэмжээ нь захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэх талаар цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас лавлагаа, мэдээлэл авах;

2.2.3. мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг эмчилгээний зорилгоор хэрэглэгч, мансуурах донтой этгээдийн нэгдсэн судалгааг улсын хэмжээнд гарган дүгнэлт хийж, хяналтад авсан тухай мэдээллийг цагдаа, мэргэжлийн хяналтын болон холбогдох бусад байгууллагад улирал тутам хүргүүлэх;

2.2.4. мансуурах донтой этгээдийг цагдаагийн байгууллагатай хамтран албадан эмчлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх;

2.2.5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад шинээр нэмж оруулах мансууруулах эм, бодисын талаар тагнуул болон цагдаагийн байгууллагаас санал авч, судалгаа хийсний үндсэн дээр Эмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх.

2.3. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:

2.3.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны НҮБ-ын конвенцийн 1, 2 дугаар хавсралтад заасан мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодисууд /цаашид мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодис гэх/-ыг ашиглах тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгжийн талаархи мэдээлэл, холбогдох баримтыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад хагас жил тутам хүргүүлэх;

2.3.2. тусгай зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл тагнуул, цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээлэл авах;

2.3.3. мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлын судалгааг улсын хэмжээнд хийж, жагсаалт гарган, тархацыг тогтоож, энэ талаархи мэдээллийг цагдаа болон тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх.

2.4. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:

2.4.1. тухайн жилд мал эмнэлгийн зориулалтаар импортлохоор төлөвлөсөн болон импортолж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаархи мэдээллийг холбогдох баримтын хуулбарын хамт мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад тухай бүрт хүргүүлэх;

2.4.2. мал эмнэлгийн зориулалтаар импортоор оруулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зарцуулалт, борлуулалтад цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийх.

2.5. Тагнуулын байгууллага:

2.5.1. мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлын тархац, хүн болон мал эмнэлгийн зориулалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг импортоор оруулах тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгжийн талаар байгаль орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох гэрээ, баримт бичиг, мэдээллийг хүлээн авч, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах;

2.5.2. хөрш зэргэлдээ болон бүс нутаг, олон улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын тухай мэдээ, мэдээллээр холбогдох бусад байгууллагыг хангах.

2.6. Цагдаагийн байгууллага:

2.6.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан улсуудын холбогдох байгууллагатай мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодисыг импортоор оруулах хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн талаархи мэдээллийг солилцон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлэх;

2.6.2. эрүүл мэндийн болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн гэрээ, баримт бичиг, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах;

2.6.3. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд, мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодисын импорт, тээвэрлэлтийн талаар гааль, мэргэжлийн хяналтын байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах;

2.6.4. мансуурах донтой этгээд болон өвчний улмаас хараат болсон иргэдийн талаархи мэдээллийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн авч, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах.

2.7. Гаалийн байгууллага:

2.7.1. ямар байгууллага, аж ахуйн нэгж хаанаас, хэзээ, ямар хэмжээтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд, мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодисыг ямар хилийн боомтоор нэвтрүүлсэн талаархи мэдээллийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6.5-д заасан хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэх;

2.7.2. шаардлагатай бол хүн, мал эмнэлгийн зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд сэжигтэй байдал илэрсэн тохиолдолд мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын холбогдох ажилтныг оролцуулах.

2.8. Хил хамгаалах байгууллага:

2.8.1. байгаль орчин болон мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн хилийн бүс нутаг дахь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлын тархацын талаархи мэдээллийг хилийн тагнуулын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, түүнд хяналт тавих;

2.8.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлж, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах;

2.8.3. хил орчмын нутаг дэвсгэр дэх энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагад тухай бүрт хүргүүлж, мэдээлэл солилцон хамтран ажиллах.

2.9. Мэргэжлийн хяналтын байгууллага:

2.9.1. шаардлагатай тохиолдолд гаалийн байгууллагаас ирүүлсэн баримт материалыг үндэслэн ямар байгууллага, аж ахуйн нэгж хаанаас, хэзээ, ямар тоо хэмжээтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон мансууруулах бодисын үйлдвэрлэлд ашиглагддаг бодисыг ямар хилийн боомтоор нэвтрүүлсэн талаархи мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллагад хүргүүлж, хамтран ажиллах;

2.9.2. хүн болон мал эмнэлгийн зориулалтаар улсын хилээр нэвтрүүлсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийн импорт, экспорт, тээвэрлэлт, үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, олголт, зарцуулалт, хэрэглээнд хяналт тавьж, цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах. 



                                                                                          ---оОо---