Хэвлэх DOC Татаж авах

                                                                                              Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 347 дугаар
                                                                                             тогтоолын хавсралт


                                                       МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ

                                                                                        Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэн (цаашид "иргэн" гэх) Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй (хоёрдмол харьяалалгүй) иргэн Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртэнэ.

                                                                                   Хоёр. Иргэнийг шинэчилсэн бүртгэлд бүртгэх

2.1. Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртэх Монгол Улсын иргэнийг шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн бүртгэлийн хэлтэс, газар болон сум, хорооны бүртгэлийн ажилтан тус тус гүйцэтгэнэ.

2.2. Шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.3.1, 5.3.9, 5.3.11-5.3.13-т заасан дараахь төрлийн иргэний улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ:

-төрсний;
-иргэний үнэмлэхийн (дижитал зураг);
-биеийн давхцахгүй өгөгдлийн (гарын хурууны хээ);
-иргэний байнгын оршин суугаа газрын;
-шилжилт хөдөлгөөний.

2.3. Шинэчилсэн бүртгэлийг уг бүртгэлд хамрагдах иргэнээс холбогдох мэдээлэл (гарын хурууны хээ, дижитал зураг гэх мэт)-ийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хийнэ.

2.4. Иргэний бүртгэлийн зөрчилтэй иргэнийг шинэчилсэн бүртгэлд хамруулахгүй. Иргэн уг зөрчлөө улсын бүртгэлийн байгууллагад хандан арилгуулах үүрэгтэй.

2.5. Шинэчилсэн бүртгэл явуулах журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

                                                         Гурав. Хишиг, хувь хүртэх иргэний хүсэлтийг 
                                                                          хүлээн авах, хянан шийдвэрлэх

3.1. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, иргэний үнэмлэхийн бүртгэлийн код нь идэвхжсэн иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтан болон халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн (цаашид "ажилтан" гэх)-д гаргана.

3.2. Сум, хорооны ажилтан нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ дээр бичигдсэн регистрийн дугаар, иргэний бүртгэлийн кодыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулган шалгана. Бүртгэлийн зөрчилгүй иргэнд хишиг, хувь хүртэх "Хүний хөгжил сан" дэвтэр олгоно. Дэвтэрт хишиг, хувь авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн код, хишиг, хувь авах хэлбэрийг бичнэ.

3.3. Иргэн нь хишиг, хувиа Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.1, 17.1.2, 17.1.4-т заасан хэлбэрээр хүртэх хүсэлт гаргасан тохиолдолд үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэр, дансны дугаарыг дэвтэрт бичнэ. Иргэн сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр болон сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх, эсхүл тухайн жилд хуваарилагдсан хишиг, хувиа ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор бөөн дүнгээр авах бол энэхүү журмын дөрөв, тав, зургаа дахь бүлэгт заасны дагуу авна.

3.4. Иргэний бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх хишиг, хувийг тухайн иргэнд "Хүний хөгжил сан" дэвтэр өгсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор арилжааны банкаар дамжуулан олгож байна.

3.5. Иргэний бүртгэлийн зөрчлийн улмаас иргэний бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нь ороогүй иргэний хишиг, хувь хүртэх хүсэлтийг уг зөрчлөө арилгасны дараа хүлээж авна.

3.6. 16-гаас доош насны хүүхдийн хишиг, хувийг түүний эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д олгоно. Гэр бүлийн тухай хуулийн 63.1.4, 64.1.4, 64.1.5-д заасан иргэний хишиг, хувийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

3.7. Бүтэн өнчин, эцэг эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт болон нийгмийн халамжийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу өрх, иргэний асрамжид байгаа, эсхүл оршин суух тодорхой хаяггүй (тэнэмэл амьдралтай) 16 хүртэлх насны хүүхдэд хүртээх хишиг, хувийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хүүхдийг асарч байгаа асрамжийн газар болон аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хадгалж, хүүхдийг 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

3.8. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүртэх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүний хүртэх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ.

3.9. Монгол Улсын иргэн тус улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон тохиолдолд сүүлийн жилд түүний хүртэх хишиг, хувийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж нэг удаа олгоно. Монгол Улсын харьяат болсон иргэнд хишиг, хувийг дараагийн жилээс нь эхлэн олгоно.

3.10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа этгээдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүүгээр дамжуулан хишиг, хувийг тухайн этгээдийн нэрийн дансанд шилжүүлнэ.

3.11. Шинээр төрсөн хүүхдэд болон нас барсан иргэнд тухайн онд хуваарилагдсан хишиг, хувийг бүрэн олгоно. /ЗГ-ын 2012-03-28-ны 96-р нэмсэн/

                                            Дөрөв. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, 
                                                                    тооцоо хийх, баталгаажуулах

4.1. Дор дурдсан иргэн Хүний хөгжил сангаас 2011 онд бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх хишиг, хувиас гадна эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэж болно:

4.1.1. малчин;

4.1.2. их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч;

4.1.3. хөдөлмөр эрхлээгүй иргэн.

4.2. Энэхүү журмын 4.1-д заасан иргэн нь Хүний хөгжил сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх хүсэлтээ суманд нийгмийн даатгалын байцаагч, аймаг, дүүрэгт нийгмийн даатгалын хэлтэст гаргана.

4.3. Сумын нийгмийн даатгалын байцаагч, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хүсэлт гаргасан иргэний эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэлийн төлбөрийг хийсэн тухай тэмдэглэл хийж баталгаажуулна.

4.4. Сумын нийгмийн даатгалын байцаагч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрөө хийлгэсэн иргэний нэрсийн жагсаалт, төлбөл зохих шимтгэлийн хэмжээг батлагдсан маягтын дагуу 2 хувь үйлдэж аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн ажилтанд сар бүрийн 20-ны өдрөөр тасалбар болгон хүргүүлнэ.

4.5. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрөө хийлгэсэн иргэний нэрсийн жагсаалт, төлбөл зохих шимтгэлийн хэмжээг батлагдсан маягтын дагуу 2 хувь үйлдэж, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нэхэмжлэлийн хамт сар бүрийн 25-ны дотор хүргүүлнэ.

4.6. Сум, хорооны ажилтан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрөө хийлгэсэн иргэний "Хүний хөгжил сан" дэвтэрт хишиг, хувь хүртсэн тухай бичилт хийхдээ аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн жагсаалтыг үндэслэнэ.

4.7. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нэрсийн жагсаалт, төлбөл зохих шимтгэлийн хэмжээг тусгасан жагсаалтыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүрийн 28-ны дотор хүргүүлнэ.

4.8. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрөө хийлгэсэн иргэдийн нэрсийн жагсаалт, даатгалын байгууллагын нэхэмжлэлийг батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийн дүнд багтаан аймаг, дүүргээр нэгтгэн гаргаж Сангийн яамны Төрийн сангийн газарт сар бүрийн 30-ны дотор хүргүүлнэ.

4.9. Сангийн яамны Төрийн сангийн газар нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийн нэгтгэлийг үндэслэн санхүүжилтийг сар бүрийн 5-ны дотор аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

4.10. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр нэхэмжлэлийн дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд орох хүртэлх хугацаанд сумын нийгмийн даатгалын байцаагч, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн дүнг нийгмийн даатгалын сангийн "авлагын дансанд" Хүний хөгжил сангаас төлөхөөр бүртгэж, тайлагнана.

4.11. Хүний хөгжил сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр олгох хишиг, хувьтай холбоотой өглөг, авлагын тооцоог холбогдох байгууллагууд сар бүр нийлж, актаар баталгаажуулж байна.

4.12. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь өөрийн харьяа нутаг дэвсгэрт байрлах их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс өдрийн ангийн суралцагчдын бүртгэлийн жагсаалтыг гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хүсэлтэй суралцагчдыг бүртгэх, хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулна.

                                          Тав. Сургалтын төлбөр төлөх, тооцоо хийх, баталгаажуулах

5.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалд 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа иргэн (цаашид "суралцагч" гэнэ) Хүний хөгжил сангаас 2011 онд бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх хишиг, хувиас гадна сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэж болно.

5.2. Суралцагч сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно.

5.3. Хүсэлтэд суралцагчийн овог нэр, регистрийн дугаар, нас, хүйс, суралцаж байгаа сургууль, мэргэжил, дамжаа зэргийг тодорхой дурдсан байна.

5.4. Сум, хорооны ажилтан, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх хүсэлт гаргасан суралцагчийн хувийн хэрэгт нь бичилт хийж, тухайн иргэний нэр, хаяг, суралцаж байгаа сургуулийн талаархи мэдээллийг багтаасан жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.5. Их, дээд сургууль, коллеж нь 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа суралцагчийн нэрсийн жагсаалтыг аймаг, сум, дүүрэг, хороогоор (иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягийн дагуу) батлагдсан маягтын дагуу үнэн зөв дэлгэрэнгүй гаргаж баталгаажуулан, Сургалтын төрийн санд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.

5.6. Сургалтын төрийн сан нь их, дээд сургууль, коллежоос ирүүлсэн суралцагчдын нэрсийн жагсаалтыг сургалтын төрийн сангийн мэдээллийн сантай тулган шалгаж, аймаг, сум, дүүрэг, хороогоор нэгтгэн баталгаажуулж, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр болон албан бичгээр ирүүлнэ.

5.7. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Сургалтын төрийн сангаас ирүүлсэн суралцагчдын нэрсийн жагсаалтыг энэхүү журмын 5.4-т заасан жагсаалттай тулган шалгасны үндсэн дээр их, дээд сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийн хэмжээг батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийн дүнд багтаан сургууль тус бүрээр гаргаж, Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлнэ.

5.8. Сангийн яамны Төрийн сангийн газар нь Хүний хөгжил сангаас энэхүү журмын 5.7-д заасан хөрөнгийг Сургалтын төрийн санд шилжүүлнэ.

5.9. Сургалтын төрийн сан нь суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийг их, дээд сургууль, коллежийн харилцах дансанд шилжүүлнэ.

5.10. Хүний хөгжил сангаас суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийг шилжүүлснээр суралцагчийн төлсөн төлбөр нь тухайн жилийн төлбөл зохих хэмжээнээс илүү гарч байгаа тохиолдолд их, дээд сургууль, коллеж нь ийнхүү илүү төлөгдсөн хэсгийг дараа оны сургалтын төлбөрт шилжүүлэн тооцно. Хэрэв суралцагч нь төгсөх дамжааны оюутан бол түүнд их, дээд сургууль, коллеж нь төлбөрийн зөрүүг буцаан олгоно.

5.11. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Хүний хөгжил сангаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн суралцагчийн тухай мэдээллийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, сум, хорооны ажилтанд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.

5.12. Сум, хорооны ажилтан, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь цахим мэдээлэл болон албан бичгийг үндэслэн сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн суралцагчийн "Хүний хөгжил сан" дэвтэрт нь бичилт хийнэ.

                                       Зургаа. Ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор
                                                     хишиг, хувийг нэг удаа бөөн дүнгээр бэлэн бусаар хүртэх
                                                           иргэдийн хүсэлтийг хүлээн авах, хянан шийдвэрлэх

6.1. Улсын Их Хурлын 2010 оны 67 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд заасны дагуу энэ журмын 1.2-т заасан иргэд өөрсдийн санаачилгаар нэгдэж, 10 сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хөрөнгө оруулж ажлын байр бий болгох зорилгоор Хүний хөгжил сангаас сар бүр бэлэн мөнгөөр хүртэх хишиг, хувийг нэг удаа бөөн дүнгээр нь бэлэн бусаар хүртэж болно.

6.2. Энэ журмын 6.1-д заасны дагуу хишиг, хувиа нэг удаа бөөн дүнгээр нь бэлэн бусаар хүртэх иргэд нь энэ тухай гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан хүсэлт, Иргэний хуулийн 190.2-т заасны дагуу байгуулж нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, шинээр хоршоо, нөхөрлөл, жижиг, дунд үйлдвэр байгуулсан тухай албан ёсны шийдвэр, материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн зориулалт бүхий эд зүйлс худалдан авах тохиолдолд үнийн нэхэмжлэл зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ. Хишиг, хувиа нэг удаа бөөн дүнгээр нь бэлэн бусаар хүртэх тухай хүсэлтэд 16 нас хүрсэн иргэн бүр гарын үсэг зурна.

6.3. Энэхүү журмын 6.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн хишиг, хувиа нэг удаа бөөн дүнгээр нь бэлэн бусаар хүртэх хүсэлтээ иргэд сум, хорооны Засаг даргаар баталгаажуулан сум, хорооны ажилтанд өгнө.

6.4. Сум, хорооны ажилтан нь хишиг, хувиа нэг удаа бөөн дүнгээр бэлэн бусаар хүртэхээр нэгдсэн иргэдийн судалгааг гаргаж, шаардагдах хөрөнгийн тооцоог хянан, сар бүрийн 20-ны дотор аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүлнэ.

6.5. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь сум, хорооноос ирүүлсэн тооцоо, судалгааг хянан үзэж, нэгтгэн сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгож нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

6.6. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дээрх судалгаа, тооцоог хянан үзэж, батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийн дүнд багтаан Хүний хөгжлийн сангаас нэг удаа бөөн дүнгээр бэлэн бусаар хишиг, хувь хүртэх иргэдэд олгох хөрөнгийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлнэ.

6.7. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн нэг удаа бөөн дүнгээр бэлэн бусаар хишиг, хувь хүртэх иргэдэд олгох хөрөнгийг харьяа арилжааны банкаар дамжуулан шилжүүлж, энэ тухай иргэн бүрийн "Хүний хөгжил сан" дэвтэрт бичилт хийнэ.

6.8. Арилжааны банк нь хүсэлт гаргасан иргэдээс санал болгосон аж ахуйн нэгж, байгууллагын харилцах дансанд хишиг, хувийн мөнгийг шилжүүлнэ.

6.9. Энэхүү журмын 6.1-д заасан иргэд нь аж ахуй эрхлэх туршлагагүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу тэдгээрийг аж ахуй эрхлэх сургалтад хамруулж болно.

                                           Долоо. Сургалтын болон эрүүл мэндийн даатгалын
                                                                   шимтгэлийн төлбөрийн хэмжээ

7.1. Хүний хөгжил сангаас 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр болон оюутны сургалтын төлбөрийн хэлбэрээр хүртэх хишиг, хувь дор дурдсан хэмжээтэй байна:

7.1.1. энэхүү журмын 4.1-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээ Засгийн газраас тогтоосноор 670 (зургаан зуун далан) төгрөг;

7.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалд 2010-2011 оны хичээлийн жилд суралцагчийн сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн хэмжээ нь 500000 (таван зуун мянган) төгрөг .

7.8. Орон сууцны санхүүжилтийн корпораци нь орон сууцны төлбөр хэлбэрээр хишиг, хувийг олгоход шаардагдах хөрөнгийг захиалга авсан байгууллага, иргэн, зээл олгосон банк, төлбөрөө бүрэн төлж орон сууцаа авсан иргэн тус бүрээр харьяаллын дагуу гаргаж, төлбөрийн дансны бүртгэлийг нэгтгэн, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.

7.9. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт багтаан захиалга авсан байгууллага, иргэн болон зээл олгосон банк, төлбөрөө бүрэн төлж орон сууц авсан иргэнд Хүний хөгжил сангаас олгох хөрөнгийг аймаг, дүүрэг тус бүрээр гаргаж Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлнэ.

7.10. Сангийн яамны Төрийн сангийн газар нь төлбөрөө бүрэн төлж орон сууц худалдан авсан иргэнд олгох хөрөнгө,  орон сууцны захиалга авсан байгууллага, иргэн, зээл олгосон банкинд олгох хөрөнгийг Хүний хөгжил сангийн сар, улирлын хуваарийн дагуу аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд шилжүүлнэ.

7.11.  Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь  төлбөрөө бүрэн төлж орон сууц худалдаж авсан иргэнд төлбөрийн баримт, орон сууц өмчлөх гэрчилгээг үндэслэн  хишиг, хувийг нь банкаар дамжуулан олгоно. Харин орон сууцны захиалга авсан байгууллага, иргэн, зээл олгосон банкинд Хүний хөгжил сангаас олгох хөрөнгийг тухайн байгууллага, иргэн, зээл олгосон банк тус бүрийн дансанд шилжүүлнэ.

/ЗГ-ын 2012-03-28-ны 96-р тогтоолоор 7.8, 7.9, 7.10, 7.11 дахь заалтыг нэмсэн/

                                                            Найм. Хишиг, хувь хүртэх хугацаа

8.1. Монгол Улсын иргэнд хишиг, хувийг Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу Улсын Их Хурлаас тухайн жилд тогтоосон хэмжээгээр олгоно. Иргэн энэхүү хишиг, хувийг тухайн жилд хүртэж чадаагүй бол дараагийн жилүүдэд нөхөн авч болно.

8.2. Энэхүү журмын 6 дугаар бүлэгт зааснаас бусад тохиолдолд иргэнд хишиг, хувийг урьдчилж олгохгүй.

Ес. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  бэлэн мөнгө

хэлбэрээр хишиг, хувь хүртээх

9.1. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар тогтоолд заасны дагуу дараахь иргэн Хүний хөгжил сангаас 1.0 (нэг) сая хүртэлх төгрөгийн хишиг, хувийг бэлнээр хүртэж болно:

 

       9.1.1.  2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй иргэн;

      9.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссоор хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон 16 хүртэл насны хүүхэд, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоогдсон 16 насанд хүрсэн иргэн.

      9.2. Энэ журмын 9.1-д заасан иргэн өмнө нь бэлэн бусаар хишиг хувь хүртсэн бол ийнхүү бэлэн бусаар хүртсэн хишиг, хувийг 1.0 (нэг) сая төгрөгөөс суутган тооцож, үлдэх хэсгийг 2012 оны II улирлын сар бүрийн сүүлийн хагаст хувааж олгоно.

      9.3. Энэ журмын 9.1-д заасан иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт  гаргах боломжгүй бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл эхнэр, нөхөр нь түүний  өмнөөс хүсэлт гаргаж болно.

      9.4. Энэ журмын 9.3-т заасан хүсэлтэд иргэний овог нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, иргэний үнэмлэхийн дугаар, нас, хүйс, оршин суугаа хаяг, өмнө нь бэлэн бусаар хүртсэн хишиг, хувийн талаархи мэдээллийг 1.0 (нэг) сая төгрөгийг бэлэн мөнгөөр хүртээх хишиг, хувиас суутган тооцохыг зөвшөөрсөн мэдэгдлийг заавал тусгана.

      9.5. Энэ журмын 9.1.2-т заасан иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотлох холбогдох бичиг баримтыг энэ журмын 9.3-т заасан хүсэлтэд хавсаргасан байна. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг бол тухайн иргэнээс нэмэлт баримт бичиг шаардахгүйгээр холбогдох байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж авдаг тухай тодорхойлолтыг хавсаргаж болно.

      9.6. Сум, хорооны нийгмийн ажилтан нь бэлэн мөнгө хүртэх хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг өмнө нь хишиг, хувь хүртсэн мэдээлэлтэй тулган шалгаж, энэ журмын Гурав болон Аравдугаар бүлэгт заасны дагуу хянаж, сар бүрийн 15-ны өдрөөр тасалбар болгон хүсэлт гаргасан он, сар, өдрөөр эрэмблэн нэгтгээд, нэгтгэсэн мэдээллийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тухайн сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.

     9.7. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь ирүүлсэн мэдээллийг нэгтгэн хянаж, бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртэх иргэдийн нэрсийн жагсаалтыг баталж тухайн сарын 25-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

    9.8. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ирүүлсэн нэрсийн жагсаалтыг улсын хэмжээнд нэгтгэн өмнө хишиг, хувь хүртсэн мэдээлэлтэй тулган шалгасны үндсэн дээр бэлэн мөнгөөр хүртээх хишиг, хувийн санхүүжилтийн хэмжээг батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийн дүнд багтаан аймаг, дүүрэг тус бүрээр гаргаж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамаар дамжуулан Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлнэ.

     9.9. Сангийн яамны Төрийн сангийн газар нь энэ журмын 9.8-д заасан хөрөнгийг  Хүний хөгжил сангийн сар, улирлын хуваарийн дагуу аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд шилжүүлнэ.

      9.10. Аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь цахим мэдээлэл болон албан бичгийг үндэслэн иргэдийн хишиг, хувийг холбогдох арилжааны банкаар дамжуулан шилжүүлж, энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.

      9.11. Сум, хорооны нийгмийн ажилтан; аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртсэн иргэний “Хүний хөгжил сан” дэвтэрт зохих бичилт хийнэ. /ЗГ-ын 2012-03-28-ны 96-р тогтоолоор нэмсэн/

 

                                            Арав. Бэлэн мөнгөний хэлбэрээр сар бүр хишиг, хувь хүртэхэд
                                                                              бүрдүүлэх бичиг баримт

9.1. Хишиг, хувь хүртэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

9.1.1. иргэний үнэмлэх;

9.1.2. 16-гаас доош насны хүүхдийн хувьд төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх;

9.1.3. хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;
9.1.4. Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар;

9.1.5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2-т заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар;

9.1.6. гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл.

                                                                                  Арван нэг. Бусад

10.1. Иргэн хишиг, хувь хүртэх асуудлаар сум, хорооны ажилтны тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлоо сум, хорооны Засаг дарга, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргаж болно. Гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Иргэн сум, хорооны Засаг дарга болон аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол маргаанаа нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар шийдвэрлүүлнэ.

10.2. Хишиг, хувь хүртэж байгаа иргэн шилжих тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага оршин суугаа хаягийн өөрчлөлтийг хийж, тухайн орон нутгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шилжих хүртэлх хугацаанд уг иргэний хүртсэн хишиг, хувийн хэмжээний талаар тодорхойлолтыг олгоно.

10.3. Энэхүү журмын 10.2-т заасан тодорхойлолтыг үндэслэн иргэнд шилжин ирсэн газрын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, сум, хорооны ажилтан хишиг, хувийг үргэлжлүүлэн олгоно.

10.4. Сургалтын төлбөр олгохтой холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шилжин суралцахтай холбогдон гарах сургалтын төлбөрийн тооцооны асуудлыг тухайн сургуульд хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм, журмыг баримтлан зохицуулна.

10.5. Энэхүү журмын 4.4, 5.4, 5.5-д заасан маягтын загварыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.6. Энэхүү журамд заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хишиг, хувь хүртэх нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

10.7. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.1-д заасан тохиолдолд сум, хорооны ажилтан нь тухайн иргэний хишиг, хувь хүртэх эрх дуусгавар болсон тухай "Хүний хөгжил сан" дэвтэрт тэмдэглэл хийнэ.


                                                                                             ---оОо--