Хэвлэх DOC Татаж авах

                                                                                   Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 32 дугаар
                                                                                   тогтоолын хавсралт

                                      БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР

                                                                         Нэг. Нийтлэг үндэслэл

Хүн төрөлхтний амьдралын хэв маягийн өөрчлөлт, мэдээлэл, техник технологийн хөгжлөөс шалтгаалан хөдөлгөөний хомсдол нэмэгдэн хүний бие бялдрын хөгжлийн үзүүлэлт буурч, спортоор хичээллэгч хүүхэд, залуучуудын тоо цөөрч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага, Олон улсын олимпийн хороо хүлээн зөвшөөрч, төр, засгийн удирдлагуудад хүн ам биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцөлийг бүрдүүлж, хувь хүн, гэр бүл, хамт олонд эрүүл аж төрөх арга барил, зан үйлийг төлөвшүүлэх замаар хүний хөгжлийг сайжруулахад анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Монгол Улсын төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч нийтийн биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгох талаар арга хэмжээ авч байгаа боловч хүн амын бие бялдрын соёл, эрүүл аж төрөх хэв маягийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Хүн амын дунд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нэмэгдэж байна.

2009 онд хийсэн судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 69.8 хувь нь бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн хувьд тухайн насныхаа бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн дундаж түвшинд хүрэхгүй, хүн амын 39.8 хувь нь илүүдэл жинтэй, хүн амын дөнгөж гуравны нэг нь өдөр тутам дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг, цэргийн албанд татагдаж байгаа залуучуудын 44.8 хувь нь эрүүл мэндийн байдлын улмаас цэргийн албанд тэнцэхгүй дүн гарсан болно. Мөн хүн амын нас баралт, өвчлөлийн шалтгаанд хүний амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотой халдварт бус өвчин давамгайлж хүн амын амьдралын чанар, дундаж наслалтад сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн жилүүдэд хүн ам, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир, спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж, биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн талаар хамт олон, албан байгууллагаас тодорхой санаачилга өрнүүлж байгаа зэрэг ахиц байгаа боловч биеийн тамир, спортын салбарт тулгамдсан олон асуудал байна.

Биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний зардлын дөнгөж 4.5 хувийг нийтийн биеийн тамирын арга хэмжээнд зарцуулдаг, 10000 хүн амд спортын 3 заал буюу 800-1000 м2, нэг хүнд 22 см2 талбай оногдож байгаа зэрэг нь хангалтгүй үзүүлэлт юм.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, "Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг тусган хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад чиглэсэн "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр" /цаашид "хөтөлбөр" гэх/-ийг боловсруулав.

                                      Хоёр: Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа, санхүүжилт

2.1. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох замаар хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлж, биеийн тамир, спортын хөгжлийн түвшинг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг тодорхойлж байна:

2.2.1. биеийн тамирыг хүн амын өдөр тутмын хэрэглээ болгох, дундаж наслалтыг нэмэгдүүлэх;

2.2.2. тамирчдын спортын амжилтыг дэлхийн түвшинд хүргэх, залгамж халааг бэлтгэх;

2.2.3. биеийн тамир, спортын салбарт төрийн болон төрийн бус байгууллагын зохистой түншлэл, хүний нөөцийн удирдлага, салбар хоорондын уялдаа холбоо, төлөвлөлтийг сайжруулах;

2.2.4. биеийн тамир, спортын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх.

2.3. Хөтөлбөрийг 2020 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

I үе шат 2011-2015 он;
II үе шат 2016-2020 он.

2.4. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

2.4.1. улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

2.4.2. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;

2.4.3. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж
ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

2.4.4. олон улсын байгууллага, хандивлагч орны хөнгөлөлттэй зээл,
тусламж;

2.4.5. бусад эх үүсвэр.

                                       Гурав: Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх
                                                         үйл ажиллагаа, хүрэх үр дүн

3.1. Биеийн тамирыг хүн амын өдөр тутмын хэрэглээ болгох, дундаж наслалтыг нэмэгдүүлэх 1 дүгээр зорилтын хүрээнд:

1. иргэд, байгууллага, хамт олон амралт, чөлөөт цагаараа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, биеийн тамир, спортын арга хэмжээ зохиох, сумын цэнгэлдэх хүрээлэн, соёл-спортын төв, аймаг, дүүргийн спортын ордонг өргөтгөн шинэчлэх;

2. аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын газар, ногоон байгууламж бүхий гүйлт, алхалтын зам, талбай, спорт заал, байгалийн болон хиймэл цас, мөсөн талбай байгуулж ашиглалтыг сайжруулах;

3. өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, аж ахуйн нэгж болон байгууллагын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд төсвийн тодорхой хувийг зарцуулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх;

4. биеийн тамир, спортын арга хэмжээ, үйлчилгээг архи, тамхи, мансууруулах бодис, сэргээш /допинг/-тэй тэмцэх, сэргийлэх сургалт, сурталчилгааны гол хэрэгсэл болгох;

5. нийтийн биеийн тамирын орон тооны арга зүйч, биеийн тамирын багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, давтан сургах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

6. биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн ажил үйлчилгээ явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллагын үйл ажиллагааны түвшин, чанарт магадлан итгэмжлэл явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

7. ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөр, арга зүйг хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэх, хичээлийн болон хичээлээс гадуурхи сургалтын хүрээнд сурагч, оюутан биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг өргөжүүлэх;

8. их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчид спортоор хичээллэх орчин нөхцөлийг хангах, спорт-клубийн тогтолцоог нэвтрүүлэх;

9. орон сууц болон гэр хороолол, амралт, сувиллын газар, хүүхдийн зуслан зэрэг хүн ам төвлөрсөн газарт хүүхэд, залуучуудын дунд зохиох нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн ажлыг өргөжүүлэх;

10. биеийн тамир, спортын талаархи хүн амын ойлголт, хандлагыг дээшлүүлэх, сонирхлыг төрүүлж, спортоор хичээллэх сонголт хийх, авъяасаа хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бус байгууллагын ажлыг дэмжин урамшуулах;

11. монгол хүний бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд чөлөөтэй ашиглах, мэдээлэл авах боломж бий болгох;

12. хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлог зэрэгт нийцсэн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ талаархи мэдээлэл, сургалт, сурталчилгааны чанар, хүртээмжийг сайжруулах;

13. багаасаа бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэндээ дээдлэх талаар аргачлал, хэм хэмжээ боловсруулан монгол хүүхэд бүрт тарааж нийтийн хүртээл болгох;

14. биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг сайн зохион байгуулсан, биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах, алдаршуулах;

15. биеийн тамир, спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх;

16. бүсийн төв, аймаг, хотын хүн амд зориулсан спортын амралт, аяллын бүсийг орон нутгийн онцлог, дэд бүтцэд нийцүүлэн шинээр байгуулан тохижуулах, спортын төрөл бүрийн аялал, жуулчлалыг дэмжих;

17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа анги, байгууллагад ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бий болгох.

Хүрэх үр дүн:

Биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдэж, спортоор хичээллэгч, эрүүл мэндээ бэхжүүлэгч иргэдийн тоо өсөж, халдварт бус өвчний өвчлөл бууран хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ.

Биеийн тамир, спортын салбарт магадлан итгэмжлэл нэвтэрч, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйлчилгээг иргэдэд стандартын дагуу үзүүлдэг болно.

3.2. Тамирчдын спортын амжилтыг дэлхийн түвшинд хүргэх, залгамж халааг бэлтгэх 2 дугаар зорилтын хүрээнд:

1. тив, дэлхийн хэмжээнд медалийн төлөө өрсөлдөх тамирчдын залгамж халааг бэлтгэх, спортын сургалт-дасгалжуулалтын тогтолцоог орчин үеийн шинжлэх ухаан, спортын анагаах ухаан, технологийн ололтод тулгуурлан хөгжүүлэх;

2. "Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны үндэсний төв" байгуулах;

3. тамирчдын бэлтгэлийн түвшинг олон улсын жишигт хүргэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор гадаадын өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх ажлыг өргөжүүлэх;

4. тамирчид, дасгалжуулагчдын ёс зүйн асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусган мөрдүүлэх;

5. аймаг, нийслэлд спортын мэргэжлийн, гүнзгийрүүлсэн сургууль байгуулах ажлыг өргөжүүлэх;

6. олимп, тивийн наадамд оролцох спортын төрлийг нэмэгдүүлэх;

7. өсвөрийн, оюутны, залуучуудын, насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчдыг төгсөлтийн дараахь сургалтад ээлж дараалалтай хамруулах.

Хүрэх үр дүн:

Тив, дэлхийн чанартай тэмцээнд оролцсон тамирчдын амжилт өсөж, тив, олимпийн наадамд эрх авсан спортын төрөл нэмэгдэнэ.

Тамирчдын спортын амжилтыг ахиулахад эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны ололт, судалгаа, техник технологийг нэвтрүүлсэн байна.

3.3. Биеийн тамир, спортын салбарт төрийн болон төрийн бус байгууллагын зохистой түншлэл, хүний нөөцийн удирдлага, салбар хоорондын уялдаа холбоо, төлөвлөлтийг сайжруулах 3 дугаар зорилтын хүрээнд:

1. Засгийн газрын чиг үүрэгт хамаарах зарим ажил, үйлчилгээг биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагаар захиалга болон гэрээгээр гүйцэтгүүлэх, тэдний үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

2. эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн тодорхой хувийг биеийн тамир, спортын арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах талаар санал боловсруулах;

3. биеийн тамир, спортыг дэмжигч бизнесийн байгууллагуудын дэмжлэгийг авах замаар салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг судлах;

4. биеийн тамир, спортын тоног төхөөрөмж, хэрэглэл, материалыг импортоор оруулах, дотоодод үйлдвэрлэх асуудлыг татварын бодлогоор дэмжих механизмыг судлах;

5. биеийн тамир, спортын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх;

6. биеийн тамирын багш, дасгалжуулагч, спортын эмч, илээч нарыг Сургалтын төрийн сан, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах;

7. биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, багш, арга зүйчийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах нөхцөл бүрдүүлэх;

8. биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн бус байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжих, тэдгээрийн ажил, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах;

9. биеийн тамир, спортын байгууллагын заал, талбай, хэрэглэл, материалын стандартыг шинэчлэх;

10. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заал, гадна талбайн тохижилт, түүний стандартыг шинэчлэн орчин үеийн шаардлагад нийцүүлэх, ашиглалтыг сайжруулах.

Хүрэх үр дүн:

Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэж, салбарын боловсон хүчний сургалт тасралтгүй явагдана.

3.4. Биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэх 4 дүгээр зорилтын хүрээнд:

1. спортын шинэ ордны орчимд үндэсний шигшээ багийн болон бусад тамирчид байрлах, бэлтгэл хийх Тамирчдын хотхон, Өвлийн спортын ордон, "Үндэсний цэнгэлдэх хүрээлэн" цогцолбор барьж байгуулах;

2. тив, дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, иргэд биеийн тамираар хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрийг спортын ордон, усан бассейнтай болгох;

3. биеийн тамирын заалгүй бүх шатны сургуулийг стандартад нийцсэн биеийн тамирын заалтай болгох, холбогдох тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, ерөнхий боловсролын сургууль бүрийг биеийн тамирын зориулалтын ил талбайтай болгох;

4. орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, барилга байгууламж шинээр барих зөвшөөрөл олгох, зураг төсөл батлахдаа нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбай, спортын танхимыг заавал оруулдаг болох, түүнд тавих хяналтыг сайжруулах;
5. үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлд хэрэглэх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах;

6. спортын заал, талбай, чийрэгжүүлэлтийн танхим, зориулалтын зам, талбай барьж байгуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг өрнүүлэх, дэмжих;

7. нийтийн биеийн тамир, спортын заал, танхим, гадна талбайн зориулалтыг өөрчлөх, шилжүүлэх, худалдахыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлэх.

Хүрэх үр дүн:

Биеийн тамир, спортын салбар нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн ордон, цэнгэлдэх хүрээлэнтэй болж, эх орондоо тив, дэлхий, олон улсын хэмжээний спортын арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэнэ.

                                                  Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх үйл ажиллагааг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
4.2. Орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах асуудлыг бүх шатны Засаг дарга нар аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн болон Биеийн тамир, спортын газар бусад мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

  Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үр дүн,  шалгуур үзүүлэлт

 
                               Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
 

 
 
Шалгуур үзүүлэлт
Суурь түвшин, 2010 оны байдлаар (%, тоо)
Хүрэх үр дүнгийн үзүүлэлт
2015 он
2020 он
1.     
хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилд хамрагдагсдын хувь
23.0
28.0
33.0
2.     
долоо хоногт 2-3 удаа 30 минутаас доошгүй хугацаагаар дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийдэг хүний эзлэх хувь
18.6
23.6
28.6
3.     
илүүдэл жинтэй хүний эзлэх хувийн жин /биеийн жингийн индекс-БЖИ≥25кг/м2/        
39.8
30.8
25.0
4.     
биеийн тамираар тогтмол хичээллэгчдийн хувь
17.4
30.0
46.0
5.     
спортоор хичээллэгчдийн хувь
5.0
30.0
45.0
6.     
биеийн тамир, спортын арга хэмжээнд зориулан улсын төсвөөс зарцуулж байгаа нийт хөрөнгийн хэмжээнд нийтийн биеийн тамирт зарцуулж буй хөрөнгийн эзлэх хувь
4.5
10
20
7.     
биеийн тамир, чийрэгжүүлэлтийн орон тооны арга зүйч
62
90
120
8.     
биеийн тамир, чийрэгжүүлэлтийн  байгууллага
85
110
130
9.     
байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх биеийн тамир, спортын хамтлаг
650
700
800
10.  
магадлан итгэмжлэлд хамрагдсан  биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллага
0
20
40
11.  
спортын дунд сургууль
6
15
24
12.  
биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр батлагдсан стандарт
3
10
15
13.  
спортын цогцолбор
1
8
10
14.  
спортын ордон
33
43
53
15.  
цэнгэлдэх хүрээлэн
311
320
335
16.  
биеийн тамир, спортын заал, талбай
655
670
690
17.  
усан бассейн
6
12
29

 
 
 
 
-----оОо-----