Хэвлэх DOC Татаж авах
                                                                                                         Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 277 дугаар
                                                                                                        тогтоолын хавсралт

                                                                        НЭН ХОВОР, ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛАХ
                                                                                            ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

                                                                                              Нэг. Нийтлэг үндэслэл

Манай улсын амьтны аймаг 138 зүйлийн хөхтөн, 75 зүйлийн загас, 22 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёр нутагтан, 472 зүйлийн шувуу, 13000 гаруй зүйлийн шавьж, 516 зүйлийн зөөлөн биетэн, эгэл биетнээс бүрддэг.

Сүүлийн жилийн судалгаагаар 20 гаруй толгой мазаалай, 6.0 мянга гаруй толгой хүдэр, 350 орчим толгой хавтгай, 1000-1200 толгой цоохор ирвэс, 300 гаруй толгой төв азийн минж, 17.9 мянган толгой аргаль хонь, 24.4 мянган толгой янгир ямаа, 16.0 мянга гаруй толгой халиун буга, 7.0 мянга гаруй толгой шивэр хандгай, 12.0 мянга гаруй толгой хар сүүлтий, 8.0 мянга орчим толгой монгол бөхөн, 250 орчим толгой хүрэн баавгай, 6.0 мянга орчим идлэг шонхор шувуу байна. Шивэр хандгай, хар мөрний хандгай, хүдэр, зэгсний гахай, голын халиу, цоохондой мий, цаа буга, хар сүүлтий, алтайн хойлог зэрэг ихэнх нэн ховор, ховор амьтдын нөөц, тархацын сүүлийн үеийн судалгааны нэгдсэн мэдээ баримт байхгүй байна.

Нэн ховор, ховор амьтдын байршил нутгийг хамгаалахад түлхүү анхаарч ажилласны үр дүнд үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийд нэн ховордсон хавтгай, мазаалай, монгол бөхөн, шивэр хандгай, шилүүс мий, зэгсний гахай, тахь зэрэг амьтдын тархац нутгийг бүрэн хэмжээгээр, цоохор ирвэс, хулан, хүдэр, аргаль хонь, янгир ямаа, голын халиу зэрэг амьтдын тархац нутгийн 70 орчим хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулаад байна. Үүний зэрэгцээ халиун буга, хүдэр, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий зэрэг амьтдыг зориудаар өсгөн үржүүлэх туршилт, судалгааны ажил хийж, уугуул нутагтаа устаж үгүй болсон тахийг байгальд нь сэргээн нутагшуулсны үр дүнд тэдгээрийн тоо толгой 400 орчим болжээ.

Хулан, монгол бөхөн, цоохор ирвэс зэрэг нэн ховор амьтдын хууль бус агналт саарч, тэдгээрийн тоо толгой нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны уур амьсгал дулаарах, хур тунадасны хэмжээ багасах, жигд бус хуваарилагдах, ой хээрийн түймэр, түүний учруулах хохирлын хэмжээ ихсэх, цөлжилт эрчимжих, булаг, шанд, гол, горхи, нуур, цөөрөм ширгэх, ган, зуд, хүчтэй цасан ба шороон шуурганы тоо нэмэгдэх зэрэг байгалийн хүчин зүйлээс амьтдад үзүүлэх сөрөг нөлөөлөл эрчимжиж байна.

Амьтдыг хамгаалах менежмент боловсронгуй бус, санхүүжилтийн тогтвортой механизм бүрдээгүй, боловсон хүчний хангамж дутагдалтай, байгаль орчны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, уул уурхай, газрын тос, дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхдээ амьтны байршил нутгийг эзэгнэх, орчныг бохирдуулан доройтуулах, гар аргаар ашигт малтмал олзворлох зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлсийн нөлөөгөөр ховор амьтны нөөц хомсдож, тархац нутаг нь хумигдаж байна. Тухайлбал, соргог бөхөн, цөөвөр чоно бүрэн устсан байх магадлал өндөр байна.

                              Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, хамрах хүрээ

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

2.1.1. нэн ховор, ховор амьтдын тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад хамруулж, уугуул нутагт нь хамгаалах, сэргээн нутагшуулах;

2.1.2. мазаалай, хавтгай, монгол бөхөн зэрэг устаж болзошгүй нэн ховор зүйл амьтдын удмын санг хадгалах;

2.1.3. ан амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн холбоод болон төрийн бус мэргэжлийн байгууллага, иргэний нөхөрлөлд тодорхой нөхцөл болзолтой гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;

2.1.4. ан амьтдыг ашиглагч нь хамгаалдаг байх, төлбөр төлдөг байх.

2.2. Хөтөлбөрийн хамрах хүрээнд Амьтны аймгийн тухай хуулийн 7.1-д заасан нэн ховор амьтан болон мөн хуулийн 7.6-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон ховор амьтдаас гадна Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай (CMS) болон Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенцуудын I, II хавсралтад бүртгэгдсэн амьтад тус тус багтана.

                                 Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Хөтөлбөрийн зорилго нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцүүлэн нэн ховор, ховор амьтдын тоо толгой цөөрөх, амьдрах орчин доройтохоос сэргийлж, байгалийн жамаар хэвийн өсөж үржих нөхцөлийг нь хангах, зориудаар үржүүлж, цөм сүргийг хамгаалах замаар тэдгээрийн тоо толгой, тархац нутгийг нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд оршино.

3.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх дараахь зорилтыг дэвшүүлж байна:

Нэгдүгээр зорилт. Нэн ховор, ховор амьтдын тоо толгой цөөрөх, амьдрах орчин доройтохоос сэргийлэх, тэдгээрийн хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон эрх зүй, эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын түвшинд хүргэх;

Хоёрдугаар зорилт. Нэн ховор, ховор амьтдыг уугуул нутагт нь хамгаалж, байгалийн жамаар өсөж үржих тааламжтай нөхцөлийг хангах зорилгоор тэдгээрийн тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, хамгаалалтын менежментийг төгөлдөржүүлэх;

Гуравдугаар зорилт. Дэлхийн болон үндэсний хэмжээнд устах аюулд орсон амьтдыг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах, зориудын орчинд өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах замаар тэдгээрийн тоо толгойн тогтвортой өсөлтийг хангах дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлж, тогтвортой ашиглах;

Дөрөвдүгээр зорилт. Уур амьсгалын дулааралт, байгалийн нөөцийн хомсдол, орчны бохирдлоос нэн ховор, ховор амьтны удмын санг хамгаалах салбар хоорондын зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх;

Тавдугаар зорилт. Нэн ховор, ховор амьтдын талаархи иж бүрэн судалгаа шинжилгээний ажлыг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчимжүүлж, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, технологийг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, устаж болзошгүй амьтдын талаархи мэдлэг хүмүүжлийг иргэдэд олгох сургалт сурталчилгааг тогтмолжуулах.

3.3. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.3.1. Нэгдүгээр зорилтын хүрээнд:

3.3.1.1. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх эрх зүй, эдийн засгийн орчныг боловсронгуй болгоно;

3.3.1.2. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах зохион байгуулалтын оновчтой бүтцийг бүрдүүлж, орон нутгийн захиргааны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана;

3.3.1.3. нэн ховор, ховор амьтдын зүйл бүрийг хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн урт, богино хугацааны зорилтыг тодорхойлсон ан амьтны менежментийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ;

3.3.1.4. ан амьтны менежментийн төлөвлөгөөг үндэслэн нэн ховор, ховор амьтны байршил нутгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн орон нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагад хариуцуулан хамгаалах эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлж, хэрэгжүүлнэ;

3.3.1.5. орчин үеийн шаардлага, эрэлт хэрэгцээг тодорхойлох замаар боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах сургалтын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, тогтмол жигд явуулах нөхцөлийг бүрдүүлнэ;

3.3.1.6. нэн ховор, ховор амьтны хууль бус агнуур, худалдааг таслан зогсоох хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, материаллаг бааз, боловсон хүчнээр хангана.

3.3.2. Хоёрдугаар зорилтын хүрээнд:

3.3.2.1. нэн ховор, ховор амьтдын үндсэн тархац нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд бүрэн хамруулж, хамгаалалтыг өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайжруулна;

3.3.2.2. тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд нэн ховор, ховор амьтны зүйл бүрийг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг үе шаттайгаар тусган хэрэгжүүлнэ;

3.3.2.3. нэн ховор, ховор амьтны тархац нутгийг олон улсын шим мандлын нөөц газрын, дэлхийн өвийн сүлжээ болон олон улсын гэрээнд хамруулж, тэдгээрийг хамгаалах төсөл, хөтөлбөрийг хандивлагч орон, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх ажлын цар хүрээг өргөтгөн, үр дүнг сайжруулна;

3.3.2.4. ОХУ, БНХАУ зэрэг орнуудтай хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хил орчмын нэн ховор, ховор амьтдыг хамгаалан хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөж, хамгаалалтын менежментийг сайжруулна;

3.3.2.5. нэн ховор, ховор шувуу, загас, мэлхий, эрвээхэй, хавч, хясааны тархац нутгийг олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн хавсралт болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулан хамгаална.

3.3.3. Гуравдугаар зорилтын хүрээнд:

3.3.3.1. халиун буга, цаа буга, хүдэр, мазаалай, хавтгай, монгол бөхөн зэрэг нэн ховор, ховор амьтдыг уугуул нутагт нь зориудын орчинд өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлнэ;

3.3.3.2. аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий, зэгсний гахай, монгол бөхөн, халиун буга, хүдэр, хулан, тахь, голын халиу болон тул, шивэр хилим, хар мөрний хилим зэрэг нэн ховор, ховор амьтдыг уугуул нутагт нь сэргээн нутагшуулна;

3.3.3.3. устах аюулд орсон мазаалай, хавтгай, монгол бөхөн, голын халиу, зэгсний гахай, шивэр хандгай, хар мөрний хандгай, цаа буга зэрэг амьтдын удмын санг хадгалж, биотехнологийн орчин үеийн дэвшилтэт аргаар өсгөн үржүүлнэ;

3.3.3.4. ховор амьтдын агнуур зохион байгуулалт явуулах, агнуурын амьтдын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, баталгаажуулна;

3.3.3.5. агнуурын ач холбогдол бүхий халиун буга, хүдэр, монгол бөхөн, зэгсний гахай зэрэг амьтдын үржүүлгийн төв байгуулж, тэдгээрийн тоо толгойг нэмэгдүүлэх замаар бугын эвэр, хүдрийн заарыг олзворлож, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн гаргана;

3.3.3.6. аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий, халиун буга зэрэг ховор амьтдыг сэргээн нутагшуулах, тогтвортой өсгөн үржүүлэх замаар агнуурын бүс нутаг байгуулж, тусгай зориулалтаар тогтвортой ашиглах агнуурын нөөцийг нэмэгдүүлнэ;

3.3.3.7. нэн ховор, ховор зарим амьтдын экологи-эдийн засгийн үнэ цэнийг тогтоож, тэдгээрийн идээшил нутгийг түшиглэсэн амьтны хүрээлэнг хангай, цөлийн бүсэд байгуулах угтвар нөхцөлийг бүрдүүлж, гадаадын жуулчид, амьтан судлаачдын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

3.3.3.8. идлэг шонхор шувууг хууль бусаар ашиглахыг зогсоох зорилгоор хамгаалалтыг сайжруулсны үндсэн дээр тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.3.4. Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

3.3.4.1. нэн ховор, ховор амьтдын байршил нутгийн булаг шанд, гол, горхи, нуур, цөөрөм уур амьсгалын дулааралтаас үүдэн ширгэхээс урьдчилан сэргийлж, ширгэсэн уст цэгийг нөхөн сэргээж, цас, борооны усыг хуримтлуулан усан сан, цөөрөм байгуулна;

3.3.4.2. нэн ховор, ховор амьтдын үндсэн тархац нутгийн түймэрт шатсан ой, ургамлыг нөхөн сэргээж, түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд шуурхай унтраах, амьтан, ургамал, ойн санд учирсан хохирлыг үе шаттайгаар арилгана;

3.3.4.3. ган, зудын гамшиг тохиолдсон үед нэн ховор, ховор амьтдыг авран хамгаалах, тэдгээрт өвс тэжээл, хужир шүү тавих зэрэг биотехникийн арга хэмжээний зардлыг орон нутгийн төсөвт тусгаж, тэдгээрийн тоо толгойг хомсдохоос сэргийлнэ;

3.3.4.4. томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад нэн ховор, ховор амьтдын тархац нутаг хумигдах, нүүдлийн зам хаагдах, тоо толгой цөөрөх, амьдрах орчин доройтохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын эрхэлсэн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ;

3.3.4.5. нэн ховор, ховор амьтдын байршил нутагт хүн, мал, амьтны халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд өвчний голомтыг арилгах, түүний хор хөнөөлийг бууруулах арга хэмжээг мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, өвчний оношилгоо, тархалтын судалгаа явуулах шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орнуудаас дэмжлэг туслалцаа авна;

3.3.4.6. нэн ховор, ховор амьтдын байршил нутгийн ус, бэлчээрийн талхагдлыг хязгаарлан зогсоож, нөхөн сэргээж, амьтны нөөц бэлчээр бий болгоно;

3.3.4.7. нэн ховор, ховор амьтны биоаюулгүй байдлыг хангана.

3.3.5. Тавдугаар зорилтын хүрээнд:

3.3.5.1. нэн ховор, ховор амьтдын зүйл бүрийн нөөц, тархац, экологи, биологи, генетикийн иж бүрэн судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулж, тэдгээрийг хамгаалах, өсгөн үржүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлнэ;

3.3.5.2. тахь, хавтгай, мазаалай, монгол бөхөн, цоохор ирвэс зэрэг нэн ховор амьтдыг олон улсын байгууллага, гадаадын зарим орны хэрэгжүүлсэн төслийн хүрээнд "загвар" хэмжээнд судалж, тэдгээрийн ажлын ололт, туршлагыг устах аюулд ороод байгаа бусад зүйл амьтдад туршин нэвтрүүлнэ;

3.3.5.3. нэн ховор, ховор амьтдын үндсэн байршил нутгийн байгаль, цаг уурын хувьсал өөрчлөлт, байгалийн нөөцийн төлөв байдал, орчны бохирдлыг тандан судлах ажлыг ус, цаг уур, орчны шинжилгээний хяналт, шинжилгээний нэгдсэн сүлжээнд хамруулна;

3.3.5.4. мазаалай, хавтгай, хар мөрний хандгай, шивэр хандгай, голын халиу, монгол бөхөн, зэгсний гахай, минж, хүдэр, цаа буга зэрэг устаж болзошгүй нэн ховор амьтдын удмын сангийн лабораторийг байгуулж, биотехнологийн дэвшилтэт аргаар өсгөн үржүүлэх туршилт, судалгаа явуулах ажлын бэлтгэлийг хангана;

3.3.5.5. бүх шатны экологийн сургалтын хөтөлбөрт нэн ховор, ховор амьтдын талаархи мэдлэг боловсролыг иргэдэд олгох асуудлыг тусган, байгаль хамгаалах талын мэдлэг олгох сүлжээ бий болгон ажиллуулна;

3.3.5.6. нэн ховор, ховор амьтдын бүх түвшний менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нутгийн иргэдийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ;

3.3.5.7. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэд, тэдгээрийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин урамшуулж олон нийтэд сурталчилна;

3.3.5.8. иргэдэд орон нутгийнхаа амьтдыг хамгаалах, нөөцийг тогтоох уламжлалт арга мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулж, нэн ховор, ховор амьтдын талаар кино, гарын авлага, зурагт хуудсыг гаргаж, нийтийн хүртээл болгохын зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах ажлыг зохион байгуулна;

3.3.5.9. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах чиглэлээр үндэсний, бүс нутгийн болон олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг өргөжүүлнэ;

3.3.5.10. Монгол орны "Улаан ном"-д орж байгаа амьтдын ангиллыг Олон улсын байгаль хамгаалах холбооноос (IUСN) гаргасан улаан дансны ангилалтай уялдуулж, мэдээллийг тогтмол шинэчилж байна.

                                                Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион
                                                                  байгуулалт, санхүүжилт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороо холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хэрэгжилтийг 2 жил тутам Засгийн газарт тайлагнана.

4.2. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

4.2.1. улсын болон орон нутгийн төсөв;

4.2.2. байгаль хамгаалах сан;

4.2.3. олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;

4.2.4. бусад эх үүсвэр.


                                                             Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа

5.1. Хөтөлбөр 2011-2021 оны хооронд дараахь үе шаттайгаар хэрэгжинэ:

5.1.1. Нэгдүгээр үе шат 2011-2016 он;

5.1.2. Хоёрдугаар үе шат 2017-2021 он.

                                                Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн,
                                                                              шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Хөтөлбөрийн нэгдүгээр үе шат: 2011-2016 он

Нэгдүгээр зорилтын хүрээнд:

6.1. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ;

6.2. нэн ховор, ховор амьтдын менежментийг эрхлэх удирдлага, зохион байгуулалтын бүтэц шинээр бий болно;

6.3. нэн ховор, ховор амьтдын тархац нутгийг нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн төрийн бус байгууллагад хариуцуулан хамгаалж эзэмшүүлснээр амьтны нөөцийг өсгөн арвижуулах сонирхлын механизм бүрдэнэ;

6.4. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах тогтолцоо боловсронгуй болно;

6.5. нэн ховор, ховор амьтдын хууль бус агналт, худалдааг хязгаарлан зогсооно;

6.6. гадаад хамтын ажиллагаа өргөжиж, төсөл, хөтөлбөрүүд шинээр хэрэгжинэ.

Хоёрдугаар зорилтын хүрээнд:

6.7. устаж болзошгүй нэн ховор, ховор амьтдын зүйл бүрийн үндсэн тархац нутгийг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад бүрэн хамруулж, хамгаалалтын менежментийг шинэчилснээр тэдгээрийн хамгаалалт сайжирч, байгалийн жамаар хэвийн өсөж үржих нөхцөл бүрдэнэ.

Гуравдугаар зорилтын хүрээнд:

6.8. хүдэр, мазаалай, хавтгай, монгол бөхөн, халиун буга, цаа буга, зэгсний гахай зэрэг нэн ховор амьтдыг зориудаар өсгөн үржүүлж, аргаль, янгир, хар сүүлтий, зэгсний гахай, хүдэр, монгол бөхөн, тахь, голын халиу, шивэр хилим, хар мөрний хилим зэрэг амьтдыг уугуул нутагт нь сэргээн нутагшуулснаар тэдгээрийн тархац нутаг өргөжиж, тоо толгой нэмэгдэнэ.

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

6.9. нэн ховор, ховор амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээ баталгаажиж, халиун буга, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий, идлэг шонхор зэрэг ховор амьтдыг тусгай зориулалтаар тогтвортой ашиглах нөхцөл бүрдэнэ;

6.10. иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллага нь агнуурын ач холбогдол бүхий халиун буга, хүдэр, монгол бөхөн зэрэг амьтдыг уугуул нутагт нь зориудын орчинд өсгөн үржүүлэх ажлын эхлэл тавигдана;

6.11. агнуурын нөөц газар бий болж, говь, цөлийн бүсэд нэн ховор, ховор амьтдын амьтны хүрээлэн байгуулах ажлын эхлэл тавигдаж, байгалийн аялал жуулчлалын цар хүрээ өргөжинө;

6.12. уур амьсгалын дулааралт, байгалийн гамшиг, халдварт өвчин, орчны бохирдол, доройтол, бэлчээрийн талхагдлаас нэн ховор, ховор амьтдыг хамгаалах ажилд бодитой ахиц гарна.

Тавдугаар зорилтын хүрээнд:

6.13. нэн ховор, ховор амьтдын зүйл бүрийн нөөц, тархац, биологи, экологи, генетикийн судалгаа хийгдэж, тэдгээрийг хамгаалах, өсгөн үржүүлэх шинжлэх ухааны үндэслэл тодорхойлогдоно;

6.14. нэн ховор, ховор зарим амьтдыг зориудын орчинд өсгөн үржүүлэх, уугуул нутагт нь сэргээн нутагшуулах арга технологи нэвтэрнэ;

6.15. нэн ховор, ховор амьтдын байршил нутгийн байгаль орчны төлөв байдлыг судлах хяналт, шинжилгээний төв, амьтны удмын сангийн лаборатори байгуулагдана;

6.16. нэн ховор, ховор амьтны талаархи мэдлэг боловсрол дээшилж, сурталчилгааны ажил тогтмолжиж, иргэдийн оролцоо, идэвх санаачилга сайжирна.

Хөтөлбөрийн хоёрдугаар үе шат: 2017-2021 он

Нэгдүгээр зорилтын хүрээнд:

6.17. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах эрх зүй, эдийн засгийн тааламжтай орчин бүрдэж, удирдлага, зохион байгуулалт дэлхийн жишигт хүрнэ;

6.18. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах хяналтын нэгдсэн тогтолцоо төлөвшиж, хууль бус агналт, худалдааг таслан зогсооно.

Хоёрдугаар зорилтын хүрээнд:

6.19. нэн ховор, ховор амьтдын үндсэн тархац нутаг тусгай хамгаалалтад бүрэн хамрагдаж, менежмент олон улсын жишигт хүрснээр тоо толгой нэмэгдэж, тархац нутгийн хэмжээ өргөжинө.

Гуравдугаар зорилтын хүрээнд:

6.20. халиун буга, аргаль хонь, янгир ямаа, монгол бөхөн, хар сүүлтий зэрэг амьтдын агнуурын тогтвортой нөөц бүрдэнэ.

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

6.21. халиун буга, хүдэр, монгол бөхөн, хавтгай, мазаалай, цаа буга, зэгсний гахай зэрэг амьтдын үржлийн туршилт үйлдвэрлэлийн төвүүд байгуулагдаж, ховор зүйл амьтдын ангийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөнө.

Тавдугаар зорилтын хүрээнд:

6.22. устаж болзошгүй амьтдын удмын сангийн лаборатори байгуулагдаж, тэдгээрийг орчин үеийн биотехнологийн аргаар өсгөн үржүүлэх нөхцөл бүрдэнэ;

6.23. нэн ховор, ховор амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлийн шинжлэх ухааны байгууллагуудын гадаад хамтын ажиллагаа өргөжиж, ажлын үр дүн сайжирна;

6.24. нэн ховор, ховор амьтдын талаархи бүх нийтийн мэдлэг боловсрол дээшилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо шинэ шатанд гарна.



                                                                                         ---oOo---