Хэвлэх DOC Татаж авах

                                                                                                           Монгол Засгийн газрын 2012 оны 188 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт


ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ, БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН
ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.1-д заасан биржийн зохицуулах зөвлөлийн зохион байгуулалт, чиг үүрэг, ажиллах зарчмыг тодорхойлоход оршино.

1.2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл (цаашид "зохицуулах зөвлөл" гэх) нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, бие даасан, нээлттэй, ил тод байх үндсэн зарчмыг баримтална.



Хоёр. Зохицуулах зөвлөлийн чиг үүрэг



2.1. Зохицуулах зөвлөл нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 5.2, 8.5-д зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж (цаашид "бирж" гэх)-ийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;

2.1.2. биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн санал, хүсэлтийг судалж шийдвэрлэх;

2.1.3. биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах асуудлаар санал боловсруулах;

2.1.4. биржийн арилжааны зах зээлд оролцогч этгээдийн үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлт тогтоох.


Гурав. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн,
тэдгээрийг томилох, чөлөөлөх



3.1. Зохицуулах зөвлөлийн гишүүдийг хөдөө аж ахуй, худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд улируулан томилж болно.

3.2. Зохицуулах зөвлөлийн даргаар төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бүхий зөвлөлийн гишүүнийг гишүүдийн олонхийн саналаар 3 жилийн хугацаагаар сонгоно.

3.3. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж болно:

3.3.1. биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зөвлөлийн гишүүний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

3.3.2. үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

3.3.3. төлөөллөө хэрэгжүүлэх чадамжгүй болсон;

3.3.4. гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон;

3.3.5. ашиг сонирхлын зөрчил үүссэн;

3.3.6. зохицуулах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байгууллага өөрчлөх, эгүүлэн татах хүсэлт гаргасан.


Дөрөв. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх



4.1. Зохицуулах зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхтэй:

4.1.1. зохицуулах зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэх, санал гаргах;

4.1.2. биржийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зөвлөмж, дүгнэлтийн төсөл боловсруулах;

4.1.3. зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт хамаарах тодорхой асуудлыг хариуцан ажиллаж, ажлын гүйцэтгэл, үр дүн болон холбогдох бусад асуудлын талаар зөвлөлийн хуралд мэдээлэх;

4.1.4. зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.5. зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, бирж, биржийн арилжаанд оролцогч, биржийн арилжааны зах зээлд оролцогчоос судалгаа, баримт материал гаргуулан авах. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4.2. Зохицуулах зөвлөлийн дарга энэхүү дүрмийн 4.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхтэй:

4.2.1. зохицуулах зөвлөлийн хурлыг товлох, удирдан явуулах, хурлын шийдвэрт гарын үсэг зурж албажуулах;

4.2.2. зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг зөвлөлийн гишүүдэд хувиарлан хариуцуулах, биелэлтэд хяналт тавих;

4.2.3. зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүрийн эцэст Засгийн газарт оруулах.



Тав. Ажлын алба

/Энэ бүлгийг ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор хассан/



5.1. Зохицуулах зөвлөлд чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хурлын бэлтгэлийг хангах, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох этгээдэд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг нэгтгэн дүгнэж зөвлөлийн хуралд оруулах асуудлыг ажлын алба эрхлэн гүйцэтгэнэ.

5.2. Ажлын алба нь тэмдэг, тогтоосон загвараар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Ажлын алба эрхлэх ажлынхаа онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.

5.3. Ажлын албаны даргыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, албаны үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батална.

5.4. Ажлын албаны дарга дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.4.1. ажлын албаны болон зохицуулах зөвлөлийн төсвийг захиран зарцуулах;

5.4.2. ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажилтнуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилох, чөлөөлөх, тэдгээрт цалин, урамшуулал олгох;

5.4.3. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах.

5.5. Ажлын алба нь бодлого зохицуулалтын, захиргааны гэсэн зохион байгуулалтын нэгжтэй байна.

5.6. Бодлого зохицуулалтын нэгж нь зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бирж, биржийн арилжааны зах зээлтэй холбогдсон баримт бичгийн төсөл, хяналт-шинжилгээ, үнэлгээтэй холбоотой асуудлыг боловсруулах, биржийн тухай хууль тогтоомж болон зохицуулах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих асуудлыг хариуцна.

5.7. Захиргааны нэгж нь зохицуулах зөвлөлийн хурал, биржийн тухай хууль тогтоомж болон зохицуулах зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, биржийн арилжааны зах зээлд оролцогчдод зориулсан сургалтыг төлөвлөн зохион байгуулах, байгууллагын хүний нөөц, дотоод мэдээлэл, хамтын ажиллагаа, бичиг хэрэг, архив, дотоод хяналт, нягтлан бодох бүртгэл, санхүүтэй холбоотой асуудлыг хариуцна.

5.8. Ажлын алба нь мэргэшсэн зөвлөх баг ажиллуулж болно.

5.9. Ажлын алба нь биржийн арилжааны зах зээлтэй холбоотой төрийн байгууллага, бирж, биржийн арилжаанд болон арилжааны зах зээлд оролцогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллана.



Зургаа. Зохицуулах зөвлөлөөс бирж болон бусад
байгууллагатай харилцах



6.1. Бирж нь арилжаа болон арилжааны төлбөр тооцооны үйл ажиллагааны мэдээллийг арилжаа явагдсан өдөр бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.2. Төрийн байгууллага биржийн арилжааны зах зээлийн харилцааг зохицуулах асуудлаар эрх зүйн баримт бичиг боловсруулахдаа зохицуулах зөвлөлийн саналыг албан ёсоор авсан байна.

6.3. Зохицуулах зөвлөл, түүний ажлын алба нь биржийн арилжаанд оролцогчийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллана. Санхүүгийн зохицуулах хороо биржийн арилжаанд оролцох тусгай зөвшөөрөл олгосон этгээдийн мэдээллийг улирал бүр, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан, эсхүл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдол бүрт холбогдох шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан зохицуулах зөвлөлд хүргүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.4. Бирж болон биржийн арилжааны зах зээлд оролцогч этгээд нь үндсэн үйл ажиллагааны тайлан мэдээг улирал бүр зохицуулах зөвлөлд хүргүүлж байна. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.5. Дараахь байгууллагууд дор дурдсан тайлан мэдээг хагас, бүтэн жилээр гарган зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргад тайлагнана. Нарийн бичгийн дарга нь тайлан мэдээг нэгтгэн зохицуулах зөвлөлд танилцуулна. Нарийн бичгийн дарга зохицуулах зөвлөлийн тогтоол, зөвлөмж, дүгнэлтийг биржийн арилжааны зах зээлд оролцогчдод хүргүүлж ажиллана: /ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.5.1. аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн байгууллага нь биржээр арилжих бараа, түүхий эдийн гарал үүслийг тодорхойлсон тухай баримт;

6.5.2. гаалийн төв байгууллага болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд заасан экспортын барааны гарал үүслийг гэрчлэх эрх бүхий байгууллага нь экспортод гаргасан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн тухай мэдээ;

6.5.3. аймаг, нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бараа, түүхий эдийг агуулахад хадгалсан, анхан шатны тордолт хийсэн тухай мэдээ;

6.5.4. аймаг, нийслэлийн тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь биржээр арилжих бараа, түүхий эдийг тээвэрлэсэн тухай мэдээ;

6.5.5. аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага нь биржээр арилжих бараа, түүхий эдэд мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргасан тухай мэдээ баримт;

6.5.6. стандартчилал, хэмжил зүйн байгууллага нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн шинээр тогтоосон болон шинэчилсэн стандарт, итгэмжлэгдсэн агуулах, лаборатори, түүний тоног төхөөрөмжийн тухай мэдээ;

6.5.7. улсын бүртгэлийн байгууллага нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоо, тэдгээрийг төлөөлсөн төрийн бус байгууллагын судалгаа;

6.5.8. биржийн арилжааны зах зээлд оролцогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллага нь гишүүдийн судалгаа.



Долоо. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнд хориглох зүйл



7.1. Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 152-р тогтоолоор өөрчлөлт орсон/

7.1.1. зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг бэлтгэх явцад биржийн арилжааны үнэ ханшид сөргөөр нөлөөлж болох мэдээллийг шийдвэр гарахаас өмнө олон нийтэд тараах;

7.1.2. биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад давуу байдал олгох зорилгоор задруулах;

7.1.3. биржийн арилжааны зуучлагч (брокер)-тай үгсэн хуйвалдаж биржийн арилжааг шударга бусаар явуулах.





 

------оОо------