Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2006 оны

98 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ОРОН НУТГИЙН
ХАМГААЛАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогын энэхүү баримт бичиг нь орон нутгийн хамгаалалтын үндэс, зарчим, үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлно.


1.2.Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогын эрхэм зорилго нь төрийн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хүрээнд улс орны, түүний дотор орон нутгийн тогтвортой хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.

1.3.Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах тухай хууль, Төрийн цэргийн бодлогын үндэс болон холбогдох бусад хууль тогтоомжид үндэслэнэ.

1.4.Энэхүү баримт бичгийн үзэл санааг улсын болон орон нутгийн аюулгүй байдлыг хангах бүсчилсэн хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлнэ.

1.5.Орон нутгийн хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын өөрийгөө хамгаалах чадавхийг бэхжүүлэх, батлан хамгаалах асуудлаар иргэн-цэргийн харилцааг төлөвшүүлэх боломж нэмэгдэнэ.

Хоёр. Орон нутгийн хамгаалалтын үндэс

2.1.Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс, өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой, бие даасан хөгжлийг дэмжих, учирч болзошгүй уламжлалт болон уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас авч хэрэгжүүлэх олон талт арга хэмжээний цогц мөн.

2.2.Орон нутгийн хамгаалалтын зорилго нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн орон нутгийн өөрийгөө хамгаалах нийгэм, эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх замаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдлыг хангахад оршино.

2.3.Орон нутгийн хамгаалалтын зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагаа нь урьдчилан сэргийлэх, бүтээн байгуулах чиг хандлагатай байна.

2.4.Үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, иргэний ардчилсан нийгмийн харилцааг төгөлдөржүүлэх, эх оронч үзэл, хүмүүжлийг иргэдэд төлөвшүүлэх, олон нийтийн зүгээс төрдөө дэмжлэг үзүүлэх нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх чухал нөхцөл болно.

2.5.Орон нутгийн хамгаалалт нь төрийн бүх шатны байгуулагын хамтын ажиллагаа, нийт иргэдийн дэмжлэг, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоо, орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлана.

Гурав. Орон нутгийн хамгаалалтын зарчим

3.1.Орон нутгийн хамгаалалтыг дараахь зарчмуудад тулгуурлан хэрэгжүүлнэ:

3.1.1.төрийн удирдлага, хяналтад байх;

3.1.2.үйл ажиллагаа нь харьцангуй бие даасан, уян хатан, шуурхай байх;

3.1.3. үндсэн зорилгоо биелүүлэхэд бэлэн байх;

3.1.4 бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдсан байх;

3.1.5 үйл ажиллагаа нь ил тод байх.

Дөрөв. Орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааны үндсэн чиглэл

4.1.Орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаа нь дараахь үндсэн чиглэлтэй байна:

4.1.1.орон нутгийн хамгаалалтын талаархи бодлогыг хэрэгжүүлэх;

4.1.2. аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сүлжээг орон нутагт бий болгож хөгжүүлэх;

4.1.3. иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх;

4.1.4. иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх.

4.2. Орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дараахь үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ :

4.2.1.нийгмийн тогтвортой байдал, иргэдийн амгалан тайван аж төрөх нөхцөлийг хангах;

4.2.2. терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх;

4.2.3. гамшгаас хамгаалах үйл ажиллагаа;

4.2.4. орон нутгийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх;
 

4.2.5.ерөнхий зориулалтын, хилийн ба дотоодын цэргийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

/2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.2.6.дайчилгааны бэлтгэл нөөцийн болон орон нутгийн хамгаалалтанд оролцох бүрэлдэхүүнийг сургах;

4.2.7.улсын дайчилгаа, зэвсэгт хүчний дэлгэн байгуулалтад дэмжлэг үзүүлэх;

4.2.8.улсын дайчилгааны даалгавартай материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Тав. Орон нутгийн хамгаалалтын удирдлага, зохион байгуулалт

5.1.Улс орны батлан хамгаалах асуудлаар орон нутгийн удирдлагын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн, үйл ажиллагааны бие даасан байдлыг зохих түвшинд хангах замаар орон нутгийн хамгаалалтыг батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс болгон хөгжүүлэхэд орон нутгийн хамгаалалтын талаархи төрийн бодлого, үйл ажиллагаа чиглэгдэнэ.

5.2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нь орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх талаархи улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн бодлогыг тус тусынхаа бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж, ерөнхий удирдлагаар хангана.

5.3. Орон нутгийн хамгаалалтын удирдлага зохион байгуулалтын үндэс, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэдийн хүлээх үүрэг, эрх хэмжээг хуулиар тогтооно.

5.4. Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

5.5. Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үйл явц, үр дүнтэй уялдуулах үүргийг Засгийн газар хариуцна.

5.6. Орон нутгийн хамгаалалтын зохион байгуулалтын үндсэн нэгж нь аймаг, нийслэл байна.

5.7. Дайны болон онц байдлын үеийн орон нутгийн хамгаалалтыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

5.8. Орон нутгийн хамгаалалтын бодлогын хэрэгжилтийн талаар жил бүр Засгийн газар Улсын Их Хуралд мэдээлнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1. Орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдох зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгана.

6.2. Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогод аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарч буй өөрчлөлттэй уялдуулан тодотгол хийнэ.









------оОо------