Хэвлэх DOC Татаж авах
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 196 дугаар тушаалын хавсралт
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ АГЕНТЛАГ, БУСАД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.                        Хууль  зүй,   дотоод  хэргийн  сайдын  эрхлэх   асуудлын   хүрээний агентлаг, байгууллага /цаашид "Агентлаг" гэх/-ын үйл ажиллагааны явц, бодлого, стратегийн зорилтын хэрэгжилтэд   хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх болон төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдмэл байдлыг хангахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.          Хяналт-шинжилгээ,     үнэлгээний    үндсэн    зорилго     нь     тухайн байгууллагын   үйл   ажиллагааны   үр   дүн,    өртөг,   зардал,   үр    нөлөөллийг бодитойгоор тогтоох,   гүйцэтгэлийн   хүрсэн   түвшинг   баталгаажуулах,   үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг багасгах, гүйцэтгэлийг сайжруулах боломж, нөөцийг илрүүлэх, амжилтыг ахиулах, удирдлагыг цаг үеэ олсон, үнэн зөв мэдээллээр хангах явдал юм.
1.3.                    Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаа нь байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн мэдээлэлд боловсруулалт хийж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг шинжлэн дүгнэж үнэлснээр цаашдын  бодлого, зорилтыг тодорхойлоход бодлогын   хувилбар,   шаардлагатай   мэдээлэл,   дүгнэлт,   санал, зөвлөмжөөр удирдлагыг  хангах,  төсөв, санхүү,  нөөц  хуваарилалтын  салбарт шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
1.4.                      Байгууллагын   үйл   ажиллагааны   хэтийн   төлөвлөлт   нь   төсвийн байгууллагын   төсөв   зохиох,   төсвөөс   санхүүжилт   авах   болон   хариуцлагын тайлагналтын гол баримт бичиг мөн.
1.5.                       Байгууллагын эрхэм    зорилго,  стратеги, зорилт,  гадаад, дотоод орчныг зөв тодорхойлж. санхүүгийн болон шаардагдах нөөц, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайтар боловсруулах нь тайлант хугацааны эцэст үйл ажиллагааны үр дүнг үнэн, бодитой дүгнэж үнэлэх, хариуцлага тооцох гол угтвар нөхцөл болно.
1.6.        Үйл ажиллагааны төлөвлөгөөнд байгууллагын тухайн жилийн зорилт, хүрэх    түвшин,    үйл    ажиллагааны    орц,    гарц    /нийлүүлэх    бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний өртөг, чанар, тоо хэмжээ,   нийлүүлэх хугацаа, эзэн/,   үр нөлөөг тодорхойлон, бодитой, хэмжигдэхүйц арга хэмжээг тусгасан байна.
1.7.        Хяналт-шинжилгээ, үнэлгээний санал, зөвлөмжид үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, тасалдал, доголдлын шалтгааныг илрүүлэн арилгах,    байгууллагын    үйл    ажиллагааны үр дүнг төсвийн санхүүжилттэй уялдуулах,  төсвийн  хөрөнгийг  үр  ашигтай  зарцуулах  болон  бусад  цаашид анхаарах асуудлыг тусгана.
Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ, тайлагнах явц, тавигдах шаардлага
2.1.               Хяналт-шинжилгээ, үнэлгээнд Хууль зүй, дотоод хэргийн  сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллага хамрагдана.
2.2.               Агентлаг,  байгууллагын  тухайн  жилийн  үйл  ажиллагаанд  хийсэн хяналт-шинжилгээ,   үнэлгээний   дүнг   Хууль,   зүй   дотоод   хэргийн   Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ.
2.3.              Агентлаг, байгууллага нь Сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэр болон хяналт-шинжилгээ, үнэлгээний санал, зөвлөмжийг    хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу   зохион байгуулан энэ талаар яамны Зохицуулалт, мэдээлэл, хяналт-шинжилгээний газарт мэдээлнэ.
2.4.              Агентлаг,   байгууллагын   хяналт-шинжилгээ,   үнэлгээний   нэгж   нь өөрийн харъяа нэгж байгууллагын үйл ажиллагааны    явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг агентлагийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллана.
2.5.              Агентлаг,   байгууллагын  хяналт-шинжилгээ, үнэлгээний  нэгж   нь байгууллагынхаа тухайн жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт албан бичгээр,   Зохицуулалт, мэдээлэл, хяналт-шинжилгээний газарт уян дискээр тус тус ирүүлнэ.
2.6.                     Агентлаг,   байгууллагын   хяналт-шинжилгээ,   үнэлгээний   тайланд дараахь асуудлыг тусгасан байна:
2.6.1.                        бодлогын  зорилтын  хэрэгжилтийг хангуулах,   хүний  болон  цаг хугацааны нөөцийг ашиглах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар авсан арга хэмжээ, үр дүн;
2.6.2.                     дээд   байгууллагын   шийдвэр  /хууль,  Улсын   Их  Хурлын   бусад шийдвэр, Засгийн газрын болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэр/-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн;
2.6.3. төрийн захиргааны манлайлал, үйл ажиллагааны төлөвлөлт, түүний хэрэгжилт, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, зохицуулах талаар авсан арга хэмжээ, үр дүн;
2.6.4.     байгууллагын нээлттэй байдлыг хангах чиглэлээр авсан арга хэмжээ, үр  дүн;
2.6.5.                     үйл ажиллагааны явц, үр дүнд хийгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон хөндлөнгийн хяналт шалгалтын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
2.7. Хяналт-шинжилгээ,  үнэлгээний    тайланд  дараахь мэдээллийг хавсаргана:
   2.7.1. засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийгхэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт /шууд холбогдох арга хэмжээ нэг бүрээр/;
               2.7.2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт /шууд холбогдох арга хэмжээ нэг бүрээр/;
2.7.3. Хууль   зүй,   дотоод   хэргийн   сайд   буюу   төсвийн   ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт /заалт бүрээр/;
2.7.4.                            байгууллагын     үйл     ажиллагааны     төлөвлөгөөний     биелэлт, төлөвлөгөөнөөс гадуур зохиосон ажил /арга хэмжээ нэг бүрээр/;
2.7.5.                            байгууллагын     төсөвлөсөн     санхүүгийн     тайлан     болон     үйл ажиллагааны статистик мэдээ;
2.7.6.                     байгууллагын  нийтлэг болон үндсэн чиг үүргийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний үзүүлэлт /энэ журмын 1,2 дугаар хавсралтаар/.
2.8.                     Агентлаг,  байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан  нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.8.1. агентлаг, байгууллагын дэвшүүлсэн зорилт бүрийн хэрэгжилтийг урьд оныхтой харьцуулсан өсөлт, бууралтын үзүүлэлт, хүрсэн түвшин, үйл ажиллагааны ахиц, амжилт, дутагдал, бэрхшээл, давуу сул тал, анхаарах асуудал, ирэх жилд хүрэх түвшин, цаашдын зорилтыг тодорхойлсон  тайланг боловсруулж байгууллагын дарга гарын үсэг зурж албажуулна;
 
               2.8.2.хяналт-шинжилгээ,  үнэлгээ хийхэд ашигласан  байгууллагын үйл ажиллагааны   мэдээ,   баримт   нь   үнэн   зөв   байх   бөгөөд   түүнд   агентлаг, байгууллагын удирдлага гарын үсэг зурж албажуулсан байна;
                2.8.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг,   нийгмийг   тухайн   онд   хөгжүүлэх   Үндсэн   чиглэл,    Засгийн   газрын хөтөлбөрүүд болон байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн үзүүлэлтийн тухайн онд хүрсэн түвшин нь тодорхой тоо, хувиар илэрхийлэгдсэн байна;
2.8.4.Байгууллагын нийтлэг болон чиг үүргийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний үзүүлэлтүүдийн гүйцэтгэл нь тайланд үнэн зөв, бодитой бичигдсэн байна.
Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал
3.1.                      Хяналт-шинжилгээг   гүйцэтгэлийн    бодит   үр   дүнг    төлөвлөсөн зорилттой   харьцуулан   өсөлт,   бууралтыг   тооцоолох   аргаар   хийж,   зорилт, гүйцэтгэлийн зөрүүгийн шалтгааныг илрүүлэх, тасалдлыг нөхөх, илүү өндөр түвшний зорилго дэвшүүлэх боломж, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр үр дүнгийн  үнэлгээг  гаргах  бөгөөд  ингэхдээ үнэлгээний  аргууд  болон  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж буй ажилтны оюуны дүгнэлтийг хослуулан хэрэглэнэ.
             3.2.Оюуны дүгнэлт нь ажилтан, мэргэжилтний мэдлэг чадварт тулгуурлах тул дүгнэлтийн үнэн зөвийг тухайн ажилтан, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг хариуцна.
            3.3.Үйл ажиллагааны үнэлгээг оноо болон хувиар илэрхийлж гаргахдаа Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан "Яам  болон  аймаг,  нийслэлийн  Засаг даргын Тамгын  газрын үйл ажиллагааны явцад  хяналт-шинжилгээ  хийх,  үр дүнг  үнэлэх  журам"   болон журмын 2 дугаар хавсралтад заасан аргачлалыг үндэслэл болгоно.
            3.4.Хяналт-шинжилгээ, үнэлгээг яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ
            3.5.Агентлаг, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний ерөнхий оноог энэ журмын 1, 2 дугаар хавсралтын үнэлгээний онооны нийлбэрийн дунджаар гаргана.
 
 
 
-----оОо------