Хэвлэх DOC Татаж авах

УДШЕШ, ХЗДХС-ын 2017.05.23-ны өдрийн 27, А-137 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хамтарсан 2003 оны

74/294 тоот тушаал, захирамжийн хавсралт

 

 

ШҮҮХИЙН ХУЯГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн хуягийн шүүх хуралдааны дэг журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүхийн дуудлагад ирэхгүй байгаа шүүгдэгч, гэрч, шинжээчийг албадан ирүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг Шүүхийн тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2.Шүүхийн хуяг нь аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/ -ын бие бүрэлдэхүүнд багтаж, тухайн шүүхийн тамгын хэлтсийн даргын өдөр тутмын удирдлагад ажиллана.

1 3.Шүүхийн хуяг тухайн шүүхийн дотоод журамд захирагдана.

Хоёр.Шүүхийн хуягийг томилох

2.1.Аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-ын дарга нь тухайн нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллах хуягийн тоог холбогдох шүүхийн тамгын хэлтсийн даргатай тохиролцож тогтоосны үндсэн дээр цагдаагийн алба хаагчийг шүүхийн хуягаар ажиллуулахаар нэг жилийн хугацаатай томилно.

2.2.Энэ журмын 3, 4, 5 дахь хэсэгт заасан үүргийг аймгийн төвөөс алслагдсан байрлалтай сум буюу сум дундын шүүхийн өгсөн захиалгын дагуу тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэс, тасгаас түр томилсон цагдаагийн алба хаагч хийж гүйцэтгэнэ.

Гурав.Шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагаа

3.1.Шүүхийн хуяг нь Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна.Үүнд:

3.1.1.цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг шүүх хуралдаанд хүргэж ирсэн хуяглан хүргэгчээс хүлээн авч тусгай өрөөнд хяналтдаа байлган, шүүх хуралдаанд харгалзан оруулах;

3.1.2.шүүх хуралдааны үед танхимд байж хуралдааны аюулгүй байдлыг сахин хамгаалах;

3.1.3.шүүх хуралдааны дэг зөрчсөн шүүгдэгч, зохигч, оролцогчийг шүүгчийн захирамжийн дагуу хуралдааны танхимаас гаргах, дуудсан үед оруулах;

3.1.4.танхимд байгаа бусад хүн шүүх хуралдааны дэг зөрчсөн бол даргалагчийн шийдвэрээр танхимаас гаргах;

3.1.5.шүүх хуралдааны явцад болон завсарлагаанаар шүүгдэгчийг өмгөөлөгчөөс бусад хүнтэй уулзуулахгүй байх, бусдаас юм авахыг хориглох;

3.1.6.шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр ялтныг хяналтдаа байлган гэр бүлийнхэнтэй нь уулзуулах;

3.1.7.хорих ял шийтгэгдсэн ялтныг харгалзан хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх.

3.2.Энэ журмын 3.1.6-д заасны дагуу уулзалт зохион байгуулахад уулзалтын өрөөнд нэг дор хоёроос илүү эргэлтийн хүн оруулахгүй байж, ялтны болон бусад аюулгүй байдлыг хангана.

3.3.Шүүхийн хуяг шүүх хуралдаанд саад учруулсан буюу шүүх бүрэлдэхүүн, хуралдаанд оролцогчдын амь бие, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдсан үед өөр аргаар зогсоох боломжгүй бол бие хамгаалах тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан дагуу хэрэглэж болно.

3.4.Шүүхийн хуяг нь шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчид захирагдана.

Дөрөв.Шүүгдэгч, гэрч, шинжээчийг албадан ирүүлэх ажиллагаа

4.1.Шүүхийн хуяг шүүгдэгч, гэрч, шинжээчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийг холбогдох этгээдэд танилцуулж, шүүхэд албадан ирүүлнэ.

4.3.Энэ журмын 4.1-т заасан этгээдийг албадан ирүүлэхэд хүч хүрэхгүй бол цагдаагийн нэмэлт хүч дуудаж болно.

4.4.Шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

Тав.Шүүгчийг хамгаалалтад авах

5.1.Шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулж шүүгч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд бодитой аюул тулгарсан тохиолдолд шүүх тухайн шүүгч, түүний гэр бүлийн гишүүд, эд хөрөнгийг хамгаалалтад авахуулах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргана.

5.2.Цагдаагийн байгууллага нь шүүгч, түүний гэр бүлийн гишүүн, эд хөрөнгийг хамгаалах үүргийг шүүхийн хуягт өгч, шаардлагатай гэж үзвэл цагдаагийн нэмэлт хүч гаргаж болно.

Зургаа. Бусад зүйл

6.1.Шүүхийн хуягийг цагдаагийн байгууллага мэргэжлийн удирдлагаар хангана.

6.2.Шүүхийн хуягийн үйл ажиллагаанд тухайн шүүхийн тамгын хэлтсийн дарга хяналт тавьж, түүнтэй холбогдох санал, хүсэлтээ харьяалах цагдаагийн байгууллагын удирдлагад гаргана.

6.3.Цагдаагийн байгууллага шүүхийн хуягт галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг албан хэрэгцээнд олгож, цагдаагийн алба хаагч галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журмын дагуу ашиглалтад нь хяналт тавина.

6.4.Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбараагүй байдал гарах магадлал байгаа бол цагдаагийн нэмэлт хүч татан ирүүлж хамгаалалт хийх бөгөөд уг ажлыг тухайн цагдаагийн байгууллагын дарга шүүхийн тамгын хэлтсийн даргатай хамтарч зохион байгуулна.