Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХС, ХХААХҮС, БХС-ын хамтарсан2018 оны А/82,А-78,А/132 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд,

Батлан хамгаалахын сайдын хамтарсан

2003 оны тушаалын нэгдүгээр хавсралт

 

УЛСЫН ХИЛ НЭВТЭРСЭН АЛДУУЛ МАЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ

ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын талаас хил нэвтрээд эргэж орж ирсэн эзэнгүй малыг саатуулах, хариуцан маллах, хяналтад байлгах, мал эмнэлэгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хорио цээрийн дэглэмд шилжүүлэх, эзэнд нь буцаан өгөх, хуульд заасны дагуу бусдын өмчлөлд шилжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Монгол Улсын талаас хил нэвтрээд иргэж орж ирсэн, эзэнгүй малыг алдуул малд тооцно.

1.3.Улсын хил нэвтэрсэн малыг саатуулах, хариуцан маллах, хяналтад байлгах, мал эмнэлэгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хорио цээрийн дэглэмд шилжүүлэх, эзэнд нь буцаан өгөх, хуульд заасны дагуу бусдын өмчлөлд шилжүүлэх асуудлыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, түүний орон нутаг дахь улсын байцаагчид болон орон нутгийн салбар комисс холбогдох хууль тогтоомж, энэ журмаар олгогдсон эрх, үүргийн хүрээнд зохицуулан шийдвэрлэнэ.

1.4.Зохих мэргэжлийн хяналтын албад болон орон нутгийн салбар комисс нь Монгол Улсын Иргэний хууль, Хилийн тухай хууль, Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны А/54 тоот тушаалаар батлагдсан “Мал эмнэлгийн хорио цээр, хязгаарлалт тогтоох журам” болон энэ журмыг мөрдөж ажиллана.

Хоёр. Улсын хил нэвтэрсэн малыг бүртгэх

2.1.Монгол Улсын талаас хил нэвтэрсэн малыг тухайн улстай байгуулсан 2 улсын хоорондох хэлэлцээрийн дагуу буцаан авахдаа салбар комисс нь хилийн манааны ахлагч эсвэл бүрэлдэхүүн, тухайн орон нутгийн мал эмнэлгийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагчийг байцуулан уг малын үүлдэр, омог, нас, хүйс, зүс, им, тэмдэг, тамгаар нь нэг бүрчлэн бүртгэж, мал эмнэлгийн үзлэгт хамруулна.

2.2.Мал буцаан авсан тухай нотломжийг 3 хувь үйлдэж тухайн орон нутгийн малын эмчийн эсвэл мал эмнэлгийн улсын байцаагчийн дүгнэлтийг хавсарган 1 хувийг орон нутгийн салбар комиссын саналын хамт Улсын мэргэжлийн хяналтын газар, Хил хамгаалах ерөнхий газарт тус тус ирүүлнэ.

2.3.Улсын хил нэвтэрсэн малтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийх шаардлагатай бол нотломж, бүртгэлийн 1 хувийг орон нутгийн хууль хяналтын зохих байгууллагад шилжүүлнэ.

Гурав. Улсын хил нэвтэрсэн малыг хорио цээрийн хугацаанд хариуцан маллах, хяналтад байлгах

3.1.Улсын хил нэвтэрсэн малыг бүртгэж нотломж үйлдсэний дараа тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас зөвшөөрөл олгосон газарт уг малыг саатуулсан хилийн застав, отрядаас малчин томилон 21-ээс 30 хүртэл хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд маллуулна. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд орон нутгаас тусгайлан томилогдсон малын эмч мал бүрт 7 хоног тутам биеийн халууныг хэмжин тэмдэглэл хөтөлж хяналтад байлгана. Ийм тэмдэглэл нь малыг энэ журмын 3.2-т заасны дагуу хорио цээрийн дэглэмээс шилжүүлэн өгөх үндэслэл болно.

3.2.Хорио цээрийн дэглэмийн хугацаанд хийсэн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй, лабораторийн шинжилгээгээр сөрөг урвалтай гарсан, биеийн халуун хэвийн малын энгийн хариулга, маллагаанд шилжүүлэх буюу эзэнд нь хүлээлгэн өгнө.

3.3.Малыг хорио цээрийн дэглэмд байлгах хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны А/54 тоот тушаалаар батлагдсан “Мал эмнэлгийн хязгаарлалт, хорио цээр тогтоох журам”-ыг мөрдөн ажиллана.

Дөрөв.Улсын хил нэвтэрсэн малыг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах

4.1.Энэ журмын 2.1-д заасны дагуу хил нэвтэрсэн малыг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулахдаа тухайн орон нутгийн мал эмнэлэгийн байгууллагад дуудлага өгч, анхны үзлэг хийлгэж, дээж авахуулна.

4.2.Анхны үзлэг хийж, дээж авсан малын эмч нь зохих журмын дагуу 3 хоногийн дотор дүгнэлт гаргаж өгөх ба шинжилгээний дээжийг мал эмнэлгийн лабораторид хүлээлгэн өгнө.

4.3.Лабораторийн шинжилгээгээр халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй нөхцөлд малын эмч өөрийн болон лабораторийн дүгнэлтийг орон нутгийн салбар комисст танилцуулж хүлээлгэн өгнө.

Тав.Улсын хил нэвтэрсэн малыг эзэнд нь буцаан олгох, бусдын өмчлөлд шилжүүлэх

5.1.Улсын хил нэвтэрсэн малын бүртгэлийг хил хамгаалах байгууллага, тухайн орон нутгийн засаг захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэн эзнийг нь тогтоолгох арга хэмжээ авахуулна.

5.2.Улсын хил нэвтэрсэн малын талаар нийтэд мэдээлснээс хойш 1 жилийн дотор эзэн нь тогтоогдоогүй нөхцөлд орон нутгийн салбар комиссын хурлаар хэлэлцэн олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлэх санал гаргана.

5.3.Орон нутгийн салбар комисс зохих төв байгууллагын шийдвэрийг үндэслэн улсын хил нэвтэрсэн малыг олсон этгээдийн эсвэл орон нутгийн өмчлөлд шилжүүлэхдээ тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлэх бөгөөд тухайн байгууллага холбогдох дүрэм, зааврын дагуу санхүүгийн бүртгэлдээ тусгана.

Зургаа.Бусад зүйл

6.1.Улсын хил нэвтэрсэн малыг тогтоосон хугацаанд маллах явцад хүнсэнд хэрэглэх, им тэмдэг, тамгыг нь өөрчлөх, бусдад худалдах, солих, хорио цээрийн нутаг дэвсгэрээс гадагш гаргахыг тус тус хориглоно.

6.2.Алдуул мал олсон этгээд Иргэний хуульд заасны дагуу холбогдох этгээдээс зохих шагнал авах, уг малыг саатуулах, хариуцан маллах, хяналтад байлгах, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулах, хорио цээрийн дэглэмд байлгах, эзнийг нь олохтой холбогдож гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

6.3.Эзэн нь тогтоогдохгүй байгаа болон маргаантай, улсын хил нэвтэрсэн малыг таних ажиллагаанд орон нутгийн иргэдийн төлөөлөгч, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг байлцуулах арга хэмжээ авна.