Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХС-ын 2018 оны А/130 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2002 оны 311 дүгээр тушаалын хавсралт

 

 

АЛБАДАН ЭМЧЛЭХ ЭМНЭЛГИЙН ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Цагдаагийн байгууллага, алба хаагчаас албадан эмчлэх эмнэлэгт хамгаалалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.

1.2.Хамгаалалтын үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Цагдаагийн байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомж, цагдаагийн эргүүл харуулын дүрэм, энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3.Албадан эмчлэх эмнэлгийг цагдаагийн харуулаар хамгаална.

1.4.Албадан эмчлэх эмнэлгийн хамгаалалт нь тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага /цаашид "цагдаагийн байгууллага" гэх/-ын бүтцэд багтаж, ЦЕГ-ын Хэв журмын албаны удирдлага дор ажиллана.

Хоёр. Хамгаалалтын нөхцөл, журам

2.1.Албадан эмчлэх эмнэлэг /цаашид "эмнэлэг" гэх/ нь өвчтөн хүлээн авах, эмчийн үзлэг хийх, өвчтөнг байрлуулах, тусгаарлах, өвчтөний эргэлт, уулзалтын болон хамгаалалтын цагдаа /цаашид "хамгаалалтын алба хаагч" гэх/-ийн жижүүрийн өрөөтөй байна.

2.2.Эмнэлгийн цонх нь төмөр сараалжин хамгаалалттай, хаалга нь онгойлгох хязгаарлагчтай, хянах шагайвартай, байр нь бүрэн гэрэлтүүлэгтэй, гадна орчноос тусгаарлагдсан хашаатай байх бөгөөд дохиоллын болон телекамерын хяналттай байж болно.

2.3.Цагдаагийн байгууллагын дарга хамгаалалтын алба хаагчийн жижүүрлэлтийн хугацааны тэмдэглэлтэй танилцаж, томилолт, ажлын ээлжийн хуваарийг батална.

2.4.Хамгаалалтын ажлыг цагдаагийн байгууллагын хэв журмын албаны дарга шуурхай болон мэргэжлийн, эмнэлгийн дарга өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана.

2.5. Хамгаалалтын алба хаагч дараах бүртгэл, бичиг баримтыг хөтөлнө.

2.5.1.жижүүлэлтийн хугацааны тэмдэглэл;

2.5.2.албадан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний бүртгэл;

2.5.3.өвчтөнийг шинээр хүлээн авсан, шилжүүлсэн тухай бүртгэл, тэмдэглэл;

2.5.4.хамгаалалтын ажилд хийгдсэн хяналт, шалгалтын тухай тэмдэглэл.

2.6. Хамгаалалтыг нэг ээлжинд /24 цагт/ 2-оос доошгүй хамгаалалтын алба хаагч үүрэг гүйцэтгэхээр зохион байгуулж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын жижүүртэй харилцах холбоо, дохионы хэрэгсэл, нэг бүрийн тусгай хэрэгслээр хангана.

2.7.Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу эмнэлэгт ирсэн өвчтөнийг хүлээн авах ажиллагаанд хамгаалалтын алба хаагч оролцож дараах үүрэг гүйцэтгэнэ:

2.7.1.шүүхийн шийтгэх тогтоол, бичиг баримт нь өвчтөний овог, нэр, фото зурагтай тохирч байгаа эсэхийг тулган шалгах;

2.7.2.өвчтөний биед үзлэг хийж, илэрсэн гэмтэл, шарх, сорви, онцлог содон тэмдэг /шивээс, мэнгэ гэх мэт/ зэргийг тэмдэглэж авах;

2.7.3.өмссөн хувцас, авч яваа бусад эд зүйлд үзлэг хийж, илэрсэн хориотой зүйлийг хураан авах, эсхүл ар гэрийн болон хүргэж ирсэн хүнд хүлээлгэн өгөх;

2.7.4.үзлэг шалгалт хийсэн тухай болон эд зүйл хурааж авсан, хүлээлгэн өгсөн тухай тодорхой тэмдэглэл үйлдэж, өвчтөнийг хүргэж ирсэн алба хаагч, хүлээн авсан эмнэлгийн ажилтан, байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах.

2.8.Эмнэлэгт галт зэвсэг, хутга мэс, амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч, мансууруулах болон хордуулагч бодис, их хэмжээний эм, хатуу ултай гутал, өвлийн гадуур хувцас, хүзүүний ороолт, өмдний тэлээ, гутлын үдээс зэрэг амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйлийг оруулахыг хориглоно.

2.9.Эмнэлгийн дотоод журам, цагийн хуваарийн дагуу эмчлүүлэгчийг гэр бүл, төрөл төрөгсөд, бусад хүнтэй уулзуулах, салхинд гаргах, ажил хийлгэх үед болон бусад шаардлагатай тохиолдолд хамгаалалтын алба хаагч хяналт тавина.

2.10. Эмнэлгийн байранд тухайн эмнэлгийн болон хамгаалалтын

алба хаагч, хяналт тавих үүрэг бүхий прокуророос бусад гадны хүнийг эмнэлгийн захиргааны зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг хориглоно.

Гурав. Бусад зүйл

3.1.Албадан эмчлэх эмнэлгийн хамгаалалтыг дараах хүч хэрэгслээр зохион байгуулна:

3.1.1. хамгаалалтын алба хаагч;

3.1.2. галт зэвсэг;

3.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх;

3.1.4. холбоо /телефон, радио станц/, дохионы хэрэгсэл.

3.2.Хамгаалалтын алба хаагч нь энэ журмын 3.1.2, 3.1.3-д заасан галт зэвсэг, тусгай хэрэгслийг Цагдаагийн байгууллагын тухай хууль болон цагдаагийн галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх зааварт заасны дагуу хэрэглэнэ.

3.3.Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргана.

3.4.Эмчлүүлэгч оргосон тохиолдолд эмнэлгийн захиргаа болон цагдаагийн байгууллагын жижүүрт нэн даруй мэдэгдэж, эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулна.