Хэвлэх DOC Татаж авах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2002 оны 380 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Эрдэм шинжилгээний ажилтнуудыг өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид "ШУТС" гэнэ)-гийн санхүүжилтээр суралцуулахад энэхүү журмыг баримтлана.
1.2 Жил бүрийн санхүүжилтийн нийт хэмжээг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс тогтоох бөгөөд тухайн жилд суралцуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог жил бүрийн 1 дүгээр сард багтаан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдыг зөвлөлөөр хэлэлцэж батлана. Суралцуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаааны хөтөлбөр, Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөртэй нягт уялдаатай байна.
 
Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага
2.1 Докторантурт суралцагч нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгууллагдсан эрдэм шинжилгээний байгууллага, их сургуульд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, тодорхой бүтээлтэй, 35 хүртэл насны Монгол Улсын иргэн байна.
2.2 Суралцах орныхоо хэлийг гадаадын докторант нар тавигдаж буй шаардлагын хэмжээнд эзэмшсэн байна.
2.3 Өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт өөрийн мэргэжлийн дагуу суралцах зөвшөөрөл авсан байна.
2.4 Эрүүл мэндийн шаардлага хангасан байна.
 
Гурав. Сонгон шалгаруулах явц
3.1 Сонгон шалгаруулалтыг 3 үе шаттай зохион байгуулна.
3.2 Суралцагчийг сонгон шалгаруулахдаа уг журмын 2.1-д заасан байгууллага нь өөрийн  эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж, жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг хүний дор дурдсан материалыг бүрдүүлэн харъяалагдах салбарын бага чуулганд ирүүлнэ.
Бүрдүүлэх материал:
·                       Нэр дэвшигчийн өргөдөл
·                       Намтар /CV/
·                       Иргэний үнэмлэхний хуулбар
·                       Үндсэн байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлын протокол, тогтоол
·                       Албан газрын тодорхойлолт
·                       Бакалавр, магистрын дипломын болон тэдгээрийн дүнгийн жагсаалтын баталгаажуулсан хуулбар
·                       Нэр дэвшигчийн судалгааны ажлын хураангуй /А4, 12-тын үсэг, 5-6 хуудас/
·                       Зөвхөн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажуулсан жагсаалт, голлох бүтээлүүдийн хуулбар
·                       Нэр дэвшигчийн судалгааны ажлын талаарх мэргэжлийн 2 эрдэмтний тодорхойлолт
·                       Гадаад хэлний мэдлэгийн төвшинг тогтоох баримт
·                       Докторантурт суралцах сургуулийн болзлыг хангасан тухай албан бичиг
·                       Эрүүл мэндийн тодорхойлолт
·                       Бүртгэлийн хураамж
3.3 Салбарын Бага чуулганаас байгуулсан ажлын хэсэг нэр дэвшигчийн материалд дүгнэлт гарган Бага чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, өөрийн салбарын 3 хүртэл нэр дэвшигчийг шалгаруулж, шийдвэрээ материалын хамт 3 дугаар сарын 15-ны дотор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.
3.4 Эцсийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулна. Шалгалтын комиссыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулна.
3.5 Нэр дэвшигчдээс мэргэжлийн шалгалтыг ярилцлага хэлбэрээр авна. Шалгалтын оноогоор байр эзэлүүлж шалгаруулна.
3.6 Шалгарагсдыг докторантурт суралцуулах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал гаргана.
 
Дөрөв. Санхүүжилт
4.1 Санхүүжилтийн эрх нь тухайн ондоо хүчинтэй байх бөгөөд хэмжээ нь өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах жишигтэй нийцсэн байна.
4.2  Санхүүжилтийг 3 хүртэл  жилийн хугацаагаар олгоно.
4.3 Суралцагч нь сургалтын зээл авах, чөлөөлөгдөх талаар үндсэн байгууллага, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сантай гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулна.
4.4 Суралцагч төгсөж ирээд үндсэн байгууллагадаа 8-аас доошгүй жил ажилласан нөхцөлд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.